Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 860

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо ******* тоотод оршин суух Э.М*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архивын ерөнхий газрын даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.М*******ыг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн  тогтоох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.М*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч У.М*******, гэрч Л.Б*******, Г.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.М******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.М******* би 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Архивын ерөнхий газрын даргын Б/53 дугаар тушаалаар Үндэсний төв архивын Цахим сангийн төвд Архивч-операторчноор томилогдон ажиллаж байгаад, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/45 дугаар “Орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай” тушаалаар Архивын ерөнхий газрын Тамгын газарт Дотоод ажил, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/40 дугаар “Албан тушаал шинэчлэн баталж, ажилтныг томилж, чөлөөлөх тухай” тушаалаар Захиргааны удирдлагын газарт Дотоод ажил, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба ажиллах хугацаандаа 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн. 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Архивын ерөнхий газрын дарга Б/23 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” тушаал гаргасан ба тушаалын 1 дэх хэсэгт миний ажиллаж байсан Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаал буюу төрийн захиргааны албан тушаалаас төрийн үйлчилгээний албан тушаалд бууруулан томилж, мөн тушаалын 2 дахь хэсэгт үүрэгт ажлаас чөлөөлж, лавлагаа, үйлчилгээний төвд архивчаар түр томилсон. Намайг томилсон Лавлагаа, үйлчилгээний төвд архивч гэсэн ажлын байр нь Архивын ерөнхий газрын үндсэн орон тоонд багтаагүй, илүү орон тоо болно. Архивын ерөнхий газрын даргын 2016 оны Б/23 дугаар тушаал нь миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн, хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Архивын ерөнхий газрын дарга 2016 оны Б/23 дугаар тушаал гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэж заасныг үндэслэн албан тушаал бууруулж, ажлаас чөлөөлж, түр ажлын байранд томилон ажиллуулахаар заасан нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “... шударга ёс, .., хууль дээдлэх ..”, 4.2.5 “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 23 дугаар зүйл “Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаалаас нь бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх”, 24 дүгээр зүйл “Төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас чөлөөлөгдөх”, 40 дүгээр зүйлийн 40.1 “..., чөлөөлөх, албан тушаалд дэвшүүлэх, албан тушаалаас бууруулах зэрэг асуудлаар хууль тогтоомж, стандартыг зөрчих, ...” зэргийг ноцтой зөрчсөн болно. Учир нь, Би удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг хугацаандаа биелүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэх зөрчил гаргаагүй юм. Цаг ашиглалтын талаар нүүлгэлтийн асуудалтай холбож тайлбарламаар байна. Манай байгууллагын ажилчид гэрчилнэ. 2011 онд Хууль зүйн Сайдын тушаалаар Архивын ерөнхий газар нүүлгэлтийг хийсэн. 1000 гаруй хүн оролцсон байдаг. Энэ асуудлаар 0119 дүгээр анги дээр сүлжээ тавиулсан яагаад гэвэл шинэ барилга учраас. Байгууллагын албан утас ашиглалт 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэглэсэн байгаа. Цаг ашиглалтын мэдээ яагаад гаргаагүй гэхээр дотоод журам дээр  байгаа. Ажлын цаг ашиглалтын мэдээг сар бүрийн эхний 7 хоногт гаргах ёстой байдаг. 3 дугаар сарын 28-ны өдөр би ажлаа хүлээлгэж өгсөн. 160 хүн бүртгэлийн машин ачаалал дийлэхгүй гацаж байсан учраас 03 дугаар сарын 08-ны өдөр удирдлагын зөвлөлөөс шинэ 2 машин авч ажлуулсан. Ашиглалт, ажлуулах бүх зүйлийг хийж бэлэн болгоод хүмүүсдээ тухай бүрт нь ID код өгөөд, зургийг оруулаад илүү цагийг бодож олгосон байдаг. Энэ үйл ажиллагаагаар сүлжээ хэзээ тавигдсан болох төрийн албан хаагч ажлаа саад бэрхшээлгүй хэвийн явуулахад өөрөөс биш гадны хүчин зүйл нөлөөлсөн байдаг талаар үүнд яригдана. Тиймээс цаг бүртгэлийн асуудал, 11-11 асуудлыг дарга нар мэддэг. Захиргаа удирдлагын газрын дарга Л.Б******* сүлжээ байхгүй учраас эхний 1, 2 сарын цаг бүртгэлийн мэдээг гаргах хэрэггүй гэж өрөөндөө дуудаж үүрэг өгсөн байдаг. Тэгэхээр цаг хугацаандаа мэдээг гаргаж өгөөгүй гэдэг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 11-11 мөн ялгаагүй интернетгүй, сүлжээ муутай  орчинд мэйл гаргах хүндрэлтэй нөхцөл байдлыг тухай бүрт нь танилцуулж байсан. Албан бичгүүд мөн адил 03 дугаар сарын 01-ний өдөр орсон байгаа. Энэ нь миний үйл ажиллагаатай холбоогүй гэж үзэж байна. 3 дугаар сарын 20-ны өдрөөр дарга өрөөндөө дуудаад цаашид ажиллахгүй учраас ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. н.Д******* гэдэг хүн томилогдож ажиллахаас 7 хоногийн өмнө өөр хүн тушаалаар ажилласан байдаг. Ажил хүлээн авч байгаа хүнд ажлаа 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэж өгсөн. Ажил хүлээлцсэн акт нь бас байгаа. Тушаал яагаад 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсаныг мэдэхгүй байна. Ажлаа хүлээлгэж өгөөд дараагийн ажлаа авах явцад тушаалыг 04 дүгээр сарын 05-ны өдөр гарсан гэж гардуулж өгсөн. Надад 2 янзын ажил хүлээлгэж өгсөн акт байгаа. Яагаад 2 янзын акт байгаа вэ гэхээр ажлаа 3 дугаар сарын 26-ны өдөр Б.Бд хүлээлгэж өгсөн тэгэхдээ цаасан дээр 3 дугаар сарын 28-ны өдөр эхний ажлаа хүлээлгэж өгсөн гэж байгаа. 04 дүгээр сарын 04-ний өдөр н.Д******* гэж гадаад харилцааны мэргэжилтэн тухайн үед ажилд орсон. н.Д*******д би зарим хэрэглэж байсан зүйлээ өгөх шаардлагатай болсон учраас он, сарыг өөрчилж, ажил хүлээлцсэн акт нь 2 янзаар өгсөн байдаг. Иймд, Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.М******* намайг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн  тогтоож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.М*******ын албан тушаалыг бууруулж, чөлөөлж түр томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шудрага ёс, хууль дээдлэх, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдал, Төрийн албаны тухай хуулийн 23, 24, 40 дүгээр зүйлд заасан хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн бөгөөд хууль бус акт гэж үзэж байна. Хууль зөрчсөнөөс болж Монгол улсын Үндсэн хуулийн шудрага ёс, хууль дээдлэх зарчим алдагдсан” гэв. 

Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.М******* нь Архивын ерөнхий газрын 2011 оны Б/53 дугаар тушаалаар Цахим сангийн төвд архивч-операторч /ТҮ-6 ангилалд/-оор анх ажилд орсон. Улмаар Архивын ерөнхий газрын даргын 2013 оны А/45 Орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай тушаалаар тус байгууллагын Тамгын газарт Дотоод ажил, мэдээлэл сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн /ТЗ-6 ангилалд/-ээр, Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/40 тоот тушаалаар Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан. Э.М******* нь дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, үндсэн зорилт болох ажилчдын 2016 оны 3, 4 дүгээр сарын цаг бүртгэлийн мэдээ, Архивын ерөнхий газарт хандаж иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 7.2 заалттай холбогдох мэдээ тайланг гаргаагүй, Архивын ерөнхий газрын Дотоод журмын 6.2-ын дагуу “11 11 ТӨВ”-д Архивын ерөнхий газартай холбоотой иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдийн саналын хариуг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа алдаж шийдвэрлэсэн тул байгууллагын удирдлагын зүгээс түүний албан тушаалыг бууруулах сахилгын арга хэмжээг авч Лавлагаа үйлчилгээний төвд архивчаар түр томилсон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Б******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би 4 дүгээр сард томилогдож ажиллаж эхэлсэн. Энэ ажил хүлээлцэх актыг Б.Б хүлээж авсан боловч ажлаа хийж амжаагүй 7 хоногийн дараа ажлаасаа гарсан байдаг. Үргэлжлүүлээд энэ акт дээр н.Д******* гээд гарын үсэг зуруулж авсан ажилтан одоо ажиллаж байгаа. Ажил хүлээлцсэн акт энэ байдлаар хүлээлцсэн учраас өөр нэг хувь байгаа гэдгийг би сайн ойлгохгүй байна. Б.Б гэж ажил хүлээлцэж авсан огноо 4 дүгээр сарын 15 гэж байгаа би ажилд ороод тушаал гарсан учраас үүнээс өмнөхийг мэдэхгүй байна. Гэрчээс  тодруулах боломжтой гэж үзэж байна” гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч У.М******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн татгалзлын зарим хэсэг дээр үл ойлголцол гараад зарим тайлбарыг буруу өгсөн байна. Тэгэхдээ хариуцагчийн татгалзлын зарим хэсэг хэвээрээ байгаа. Нэхэмжлэгчийн ярьж байгаа  Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар тушаал нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хуульд заасан ямар эрхийг зөрчсөн бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Тэгэхээр  Б/23 дугаар тушаал хууль ёсны дагуу гарсан гэж маргаж байна. Архивын ерөнхий газрын даргын хувьд төрийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албан хаагчийг албан тушаал бууруулах эрх хэмжээ нь байгаа гэж үзэж байна. Албан тушаал бууруулахдаа Э.М******* хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулсан байна гэж үзэж байгаа. 1. Э.М******* Архивын ерөнхий газрын иргэд, байгууллагаас ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмыг зөрчсөн. Зөрчихдөө өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ биелүүлэхгүй байгаагаа дурьдсан гэж үзэж байна. Өргөдөл гомдол шийрдвэрлэх журмын 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу мэдээ тайланг тогтмол гаргаж өгөөгүй гэсэн асуудал гарч байгаа. 2. Архивын ерөнхий газрын дотоод журмын 6 дугаар зүйлийн 6.2-т заасны дагуу 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлын саналын хариуг хугацаа алдаж шийдвэрлэсэн мөн байгууллагын удирдлагад танилцуулаагүй бие даан, эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Уг үндэслэлээр тухайн албан тушаалтныг хуульд заасан үндэслэлээр албан тушаал бууруулах тушаал гаргасан. Албан тушаал бууруулах тушаал гаргасан нь Э.М*******ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэдэг нь харагдаж байна. 

Мөн цаг ашиглалт, цагийн мэдээ гэсэн 2 зүйлийг гэрч нарыг оролцуулахгүй гэж хэлэхдээ шүүхэд өгсөн  цагийн мэдээ гаргасан 2 нотлох баримт байгаа. н.Т, н.Б хоёрын гаргасан цагийн мэдээтэй холбоотойгоор ярьсан юм. Тэд нар бол Э.М*******ын чиг үүрэгтэй хамаагүй цагийн мэдээ гаргажээ. Дараа нь 3 дугаар сараас Э.М******* цагийн мэдээ гаргадаг болсон. Харин цаг ашиглалтын мэдээг сар болгон гаргах ёстой. Тэгэхээр байгууллагын цаг ашиглалтын 3 дугаар сарын мэдээг гаргаагүй. 4 дүгээр сарын цаг ашиглалтын мэдээг өөр хүн гаргасан. н.Да******* гэх албан тушаалд түр томилогдсон ажилтан гаргасан байгаа. Энэ тайлбар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болно гэж үзсэн юм. Иймээс нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.” гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.М******* анх 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Архивын ерөнхий газрын даргын Б/53 дугаар тушаалаар Үндэсний төв архивын Цахим сангийн төвд Архивч-операторчноор /ТҮ-6 ангилал/ томилогдон ажиллаж байгаад, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Архивын ерөнхий газрын даргын А/45 дугаар “Орон тоо, цалинг шинэчлэн батлах тухай” тушаалаар Архивын ерөнхий газрын Тамгын газарт Дотоод ажил, мэдээлэл, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр /ТЗ-6/, 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/40 дугаар “Албан тушаал шинэчлэн баталж, ажилтныг томилж, чөлөөлөх тухай” тушаалаар Захиргааны удирдлагын газарт Дотоод ажил, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр тус тус томилогдон ажиллаж байсан бөгөөд Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалаар түүнийг Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж, Лавлагаа, үйлчилгээний төвд архивчаар түр томилогдсоныг эс зөвшөөрч уг тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр Э.М*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5-д заасанчлан хариуцагч Архивын ерөнхий газрын даргад харьяа нэгжийн дарга, албан хаагчийг томилох, чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогдсон боловч төрийн албан хаагчийг төрийн албанаас халах, чөлөөлөх тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасан журмыг баримтлах учиртай. 

Хариуцагч маргаан бүхий Б/23 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх заалтыг үндэслэн “удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй”, “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч Э.М*******ыг Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газарт Дотоод ажил, өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалаас бууруулан /чөлөөлж/, “Архивын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай” Хууль зүйн сайдын 2015 оны А/13 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Архивын ерөнхий газрын орон тоо, албан тушаалын зэрэглэл”-д тусгагдаагүй албан тушаал болох “Лавлагаа, үйлчилгээний төвд архивч” гэсэн орон тоог бий болгож, уг орон тоонд түр томилсон нь Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасантай /төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаа/ нийцэхгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2-т зааснаар эрх бүхий байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж, дүгнэх ба дээрх үнэлгээг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.

Хариуцагчийн зүгээс шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч Э.М******* нь Төрийн албан тухай хуулийн 23 дугаар зүйл ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй биелүүлж, үндсэн зорилт болох 

- ажилчдын 2016 оны 3, 4 дүгээр сарын цаг бүртгэлийн мэдээ, 

- Архивын ерөнхий газарт хандаж иргэд, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 7.2 заалттай холбогдох мэдээ тайланг гаргаагүй, 

- Архивын ерөнхий газрын Дотоод журмын 6.2-ын дагуу “11 11 ТӨВ”-д Архивын ерөнхий газартай холбоотой иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдийн саналын хариуг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 

хугацаа алдаж шийдвэрлэсэн тул байгууллагын удирдлагын зүгээс түүний албан тушаалыг бууруулах “сахилгын арга хэмжээ”  авсан гэж тайлбарлаж байх боловч Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмын 2 дугаар зүйлийн 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоох, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид  урьдчилан танилцуулах, зөрчил гаргасан албан хаагчийг  уг  баримт  материалтай танилцаж тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан журмыг хангаж ажиллаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 366 дугаар тогтоол  болон Хууль зүйн Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/263 дугаар тушаалын дагуу Архивын ерөнхий газрын шинэ цогцолбор барилга ашиглалтад орж, Үндэсний төв архивыг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан Архивын ерөнхий газрын даргын  2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/159 дугаар тушаалаар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд нүүлгэлтийн ажил хийгдсэн бөгөөд энэ хугацаанд нүүн орсон шинэ байранд шилэн кабелийн интернэтийн сүлжээ холбогдоогүй, зөөврийн холболтоор сүлжээнд холбогдож байсан нь сүлжээний хурд удаан, ажиллахад хүндрэлтэй байгаа тухай нэхэмжлэгч Э.М*******оос тухай бүр удирдах албан тушаалтнуудад мэдэгдэж байсан нь гэрч Л.Б******* болон Г.Б******* нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд энэхүү нөхцөл байдлын улмаас Архивын ерөнхий газрын Дотоод журмын 6.2-т заасны дагуу “11 11 ТӨВ”-д Архивын ерөнхий газартай холбоотой иргэдээс ирүүлсэн 2015 оны 12 дугаар сарын 11, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрүүдийн санал, хүсэлтийг шийдвэрлэсэн хариуг хугацаа хожимдуулан 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цахим хуудсанд оруулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй байна.

Хэдийгээр хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа, нэхэмжлэгчийг 2016 оны 3, 4 дүгээр сарын ажилчдын цагийн бүртгэлийн мэдээг гаргаж өгөөгүй нь хариуцлага хүлээлгэх нэг үндэслэл болсон хэмээн тайлбарлаж байх боловч Архивын ерөнхий газрын даргын 2015 оны А/76 дугаар тушаалаар батлагдсан “Архивын ерөнхий газрын дотоод журам”-н 3.4-т зааснаар“...Ажлын цаг ашиглалтын мэдээг сард 1 удаа гаргаж, удирдлагад танилцуулах” бөгөөд 3 дугаар сарын ажилчдын цаг ашиглалтын мэдээг тухайн сар дууссаны дараа буюу 4 дүгээр сард удирдлагад танилцуулахаар байсан ч нэхэмжлэгчийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлсөн Архивын ерөнхий газрын Б/23 дугаар тушаал 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр гарсан, энэхүү тушаал гаргахаас өмнө 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр нэхэмжлэгч Э.М*******той ажил хүлээлцсэн акт үйлдэж, ажил үүргийг нь  өөр этгээдэд шилжүүлсэний улмаас энэхүү мэдээг цаг тухайд нь гаргах боломжгүй байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “ЗУГ-ын дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Э.М*******ын ажил хүлээлсэн акт”-аар тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

“ЗУГ-ын дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Э.М*******ын ажил хүлээлсэн акт”-ын 7-д “Цагийн мэдээ хүснэгт /2016.02 сараас 03 сарын/-г цаасаар болон файлаар” хүлээлцсэн тухай тэмдэглэснийг дурьдах нь зүйтэй байна.

Ийнхүү дээр дурдсан баримт, нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Э.М*******ын  удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй, Архивын ерөнхий газрын дотоод журам болон Ажлын байрны тодорхойлолтод  заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн нөхцөл байдал өөрөөс үл хамаарсан шалтгааны улмаас бий болсон байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа тухайн үйл баримтыг шалган тогтоох үүргээ хууль тогтоомжид заасан журмын дагуу хийгээгүй нь хууль бус болжээ. 

Иймд нэхэмжлэгч Э.М*******ын тус шүүхэд гаргасан “...Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Б/23 дугаар “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, Э.М*******ыг Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг тус тус үндэслэн Э.М*******ын нэхэмжлэлийг хангаж, Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд түр томилох тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгож, Э.М*******ыг урьд эрхэлж байсан Архивын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Дотоод ажил, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МӨНХТУЛГА