Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2017/00249

 

                                                   П.Мөнхжаргалын нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00980 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : П.Мөнхжаргал

Хариуцагч : Үйлдвэр урлалын политехник коллеж

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016.5.11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Одбаяр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Би тус байгууллагад 2001 онд Гоо заслын мэргэжлийн багшаар ажилд ороод өнөөдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Гэтэл 2016.6.20-ны өдөр Б/76 тоот захирлын тушаалаар ажлаасаа халагдсан. Манай сургуулийн захирал 2015 оны 8 дугаар сард томилогдож үүрэг гүйцэтгэгчээр ирснээс хойш захиргааны дарамт үзүүлэх болсон. Ажлаас халагдах болсон шалтгааныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар сахилгын зөрчил давтан гаргасан гэсэн үндэслэлийг хэлсэн. Улсын хэмжээнд “Алтан хайч” үсчин сайханч нарын мэргэжлийн улсын уралдаан 14 дэх жилдээ зохион байгуулснаар миний бие гоо заслын мэргэжлийн 7 оюутан 3 төрлөөр бэлтгэж оролцуулснаас 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Тэмцээний үеэр намайг ажлаасаа чөлөөлөгдсөн байхад манай танхимынхан зохион байгуулаад 5 хүрэл медаль илүү хувилж уралдаанд оролцсон хүмүүст тараасныг би мэдээгүй. Үүнээс улбаатай манай танхимынхныг бүгдийг хурлаар оруулсан. Сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016.6.10-ны өдрийн багш нарын зөвлөгөөний хурлаас манай танхимын бүх багш нараас мэргэжлийн шалгалт авах тухай мэдсэн. Би бол улсын мастер гоо засалч, Хөдөлмөрийн яамны дэргэдэх 6 хүний бүрэлдэхүүнтэй улсын ур чадварын комиссын нэг гишүүн юм. Гэтэл шалгалтын бүрэлдэхүүнд хумсны засал шалгах гишүүнээр 3 сарын курс төгссөн 3 дугаар зэрэгтэй хүнээр шалгалт авхуулсан бөгөөд тэр гишүүн намайг ажилбарыг хийж гүйцэтгээд байхад 0 оноо тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Тухайн үед хийсэн ажлынхаа зургийг авсан байснаа хавсаргасан. Манай захирал 2016 оны 5 дугаар сарын сүүлээр ажлын үр дүн шалгах тайлан хамгаалалт хийлгэсэн бөгөөд уг тайлан хамгаалалт дээр ганцхан намайг шүүмжлэн доромжлоод 57 оноогоор дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016.3.25-ны өдрөөс 2016.4.04-ний өдрийн хооронд эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн бөгөөд листний мөнгө хүртэл авсан байхад ажил тасалсан гэж үзсэн. Би нэг ч удаа ажил таслан хоцорч байгаагүй. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгон, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилогдож, ажиллаагүй байсан бүх хугацаатай тэнцэх олговрыг ажлаас халсан өдрөөс хойш анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэх өдрийг дуустал гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016 оны Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулхаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа: Үр дүнгийн гэрээ байгуулан гэрээг жилийн эцэст буюу 6 дугаар сард дүгнэж, багш нар тайлангаа хамгаалдаг журамтай юм. 2015-2016 оны хичээлийн жилийн тайлан хамгаалалтаар гоо заслын багш П.Мөнхжаргал нь 57 хувь буюу хангалтгүй гэсэн үнэлгээтэйгээр дүгнэгдсэн юм. 2015-2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээний тайланг хэлэлцэхэд багш П.Мөнхжаргалд дараах зөрчил илэрсэн. Энэ хичээлийн жилд суралцагчдын болон мэргэжил дээшлүүлэхтэй холбоотой судалгаа хийгээгүй. Сургууль дээр болон сургуулийн гадна зохиогдох ажлын төлөвлөгөөг гаргаж сургалтын албаны менежерээр батлуулаагүй. 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилж баталгаажуулаагүй. Ээлжит хичээлийн жилийн бүртгэлийг бүрэн хангаагүй. Хичээлийн төлөвлөлтийг цагийн фондтой нийцүүлэн хийгээгүй. Суралцагчдын улирлын дүнг нэгтгэн гаргаагүй. Ш.Мөнхжаргал нь гоо заслын технологийн мэргэжлийн ангийг удирдаж байсан. Сурагчид нь П.Мөнхжаргалын хичээлээс өөр бусад багш нарын хичээлд суудаггүй нь ангийн журналаас харагддаг. Сурагчдадаа шаардлага тавьж зохион байгуулдаггүй, ангидаа жилд 4 өдөр ажилд ирээгүй, 2015 оны ангийн сурагчид нь 9 дүгээр сард 27, 10 дугаар сард 47, 11 дүгээр сард 41, 2016 оны 2 сард 34, 3 дугаар сард 70, 4 дүгээр сард 47 сурагч хичээл тасалсан. П.Мөнхжаргал нь удирдах, удирдуулах ёс зүйг зөрчиж сургалтын албаны хурлыг дур мэдэн хаяж гарсан. Шалгалтад гоо заслын багш П.Мөнхжаргал нь хумс, гоо заслын онолын тестэд 85 хувь, хумс заслын практик ажилбар фрэнч засалт-33.5 хувь, гелэн зураглалд-28 хувь, гоо заслын тайзны нүүр будалт-66 хувь, боди арт-66 хувийн үнэлгээ авч бүх ажилбарын дунджаар тооцоход 55.7 хувийн үнэлгээ авч мэргэжлийн шалгалтын удирдамжид заасан үнэлгээгээр шалгалтын эцсийн дүнгээр тэнцээгүй гэсэн үнэлгээ авсан. Гоо заслын багш П.Мөнхжаргал нь мэргэжлийн ур чадварын шалгалтад тэнцээгүй. Үйлдвэрлэл Урлалын Политехник коллежийн Хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.8-д “Ажил олгогчтой байгуулсан үр дүнгийн гэрээгээ хангалтгүй биелүүлсэн, хагас бүтэн жилийн тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авсан нь” ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа юм. П.Мөнхжаргалтай байгуулсан 37 тоот хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийг заасан бөгөөд гэрээний 5.3.9-д заасныг удирдлага болгож aжлаас халсан нь 5.3-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн дотоод журамд заасан зөрчил гаргах нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. “Алтан хайч” 14 дэх удаагийн улсын уралдааныг зохион байгуулахад манай сургуулийн үсчин гоо сайхны секцийн багш нар ерөнхий зохион байгуулагчаар оролцсон. Нийт үсчин гоо сайхны 10 төрлөөр шалгаруулж төрөл тус бүрт алт, мөнгө, хүрэл нийт 30 медаль олгохоор уралдааны комисс  шийдвэрлэсэн. Уралдааны дүнг байгууллагын сайтад тавьж нийтэлсэн. Гэтэл Хөдөлмөрийн яам, Үсчин гоо засалчдын холбоо, Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн удирдлагаас нууцаар 5 медаль хуурамчаар тараасан нь тогтоогдсон. Иймээс уралдааны зохион байгуулсан танхимын үсчин, гоо заслын багш Б.Дулмаа, Д.Чанцалмаа, Н.Саруул, Д.Од-гэрэл, Г.Мартбаясгалан, М.Нэргүй, Б.Бүрэнсайхан, П.Мөнхжаргал, Э.Булгантуул, С.Энхчимэг нарт сахилгын шийтгэл хүлээлгэсэн тул П.Мөнхжаргалыг сануулахаар шийтгэсэн 2016 оны Б/49 тоот тушаал нь хууль зүйн үндэстэй юм. П.Мөнхжаргал нь тухайн үед сахилгын шийтгэлээ өөрөө хүлээн зөвшөөрч, сахилгын шийтгэл ногдуулсан захирлын тушаалд гарын үсэг зурж зөвшөөрсөн. Хөдөлмөрийн гэрээ болон сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд ноцтой зөрчил гэж тооцож ажлаас халахаар заасан зөрчлийг гоо заслын багш П.Мөнхжаргал нь гаргасан болно. Үр дүнгийн шалгалтаар хангалтгүй дүн үзүүлж хагас бүтэн жилийн ажлын тайлан хамгаалалтаар хангалтгүй үнэлгээ авбал Хөдөлмөрийн гэрээний 5.3.9, хөдөлмөрийн дотоод журмын 7.2.2.8-д зааснаар ажлаас чөлөөлөх үндэслэл болж байгаа бөгөөд хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэстэй. Иймд нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00980 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан П.Мөнхжаргалыг үйлдвэрлэл урлалын политехник коллежийн Гоо заслын багшийн ажилд эргүүлэн тогтоож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Үйлдвэрлэл урлалын политехник коллежоос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.697.280 төгрөгийг гаргуулан П.Мөнхжаргалд олгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтад заасны дагуу
нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/00980 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.2-д зааснаар П.Мөнхжаргалыг Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн гоо заслын багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар Үйлдвэрлэл урлалын политехник коллеж 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус сургуулийн захирлын 2016.6.10-ны өдрийн А/57 тушаалаар мэргэжлийн ур чадварын шалгалтыг багш нарын дунд зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг томилж удирдамжийг баталж ур чадварын шалгалт авсан. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар хүлээсэн үүрэг, багшид тавигдах мэргэжлийн ур чадварын түвшинг тодорхойлох зорилгоор Хөдөлмөрийн яам, Монголын үсчин оо засалчдын холбоотой хамтран 2016.6.17-ны өдөр албан ёсоор зохион байгуулсан болохоос биш захирал дураараа хийгээгүй. Шалгалтын дүнд нэхэмжлэгч нь нийт 55.7 оноо авч ур чадвараараа тэмцээгүйг комисс тогтоосон. Үүнийг мөн шүүх буруутгаагүй гэж байна. 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг багш нараас шалгаж байхад П.Мөнхжаргалд мөн зөрчилүүд илэрсэн. Хичлээлийн жилд суралцагчдын болон мэргэжил дээшлүүлэхтэй холбогдолтой судалгаа хийгээгүй, Сургууль болон сургуулийн гадна зохиогдох ажлын төлөвлөгөөг гаргаж сургалтын албаны менежэрээр батлуулаагүй, 2015-2016 оны хичээлийн жилийн сургалтын төлөвлөгөөнд нийцүүлэн шинэчилж баталгаажуулаагүй, ээлжит хичээлийн жилийн бэлтгэлийг бүрэн хангаагүй, хичээлийн төлөвлөлтийг цагийн фондтой нийцүүлэн хийгээгүй, суралцагчдын улирлын дүнг нэгтгэн гаргаагүй, нэхэмжлэгч нь гоо заслын технологийн мэргэжлийн ангийг удирдаж байсан, сурагчид нь П.Мөнхжаргалын заадаг хичээлээс өөр бусад хичээлд суудаггүй нь ангийн журналаар нотлогддог. Сурагчидад шаардлага тавьж зохион байгуулаагүй, ангидаа сургалт хүмүүжлийн ажил огт явуулаагүй, Хичээлийн жилд 4 өдөр ажилд ирээгүй, 215 оны ангийн сурагчид нь хичээл тасалсан, удирдах, удирдуулах ёс зүйн зөрчиж сургалтын албаны хурлыг дур мэдэн хаяж гарж дураараа аашилдаг, өөрт нь байгаа дутагдлыг хэлэхэд огт хүлээн авдаггүй. Мөн захирлын тушаалаар комисс томилогдож нэхэмжлэгчийн ажлыг нэг бүрчлэн шалгаад, акт гаргаад, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, дүгнэлт гаргасан баримт хавтаст хэрэгт байхад магадлалд ямар баримтыг үндэслэсэн болохыг тогтоохгүй байна гэсэн. Үүнээс өөр ямар баримт хэрэгтэй вэ. 2015.9.01-ний өдрийн 37 хөдөлмөрийн гэрээний 5, 5.3.9-т цуцлах үндэслэл болохыг заасан байхад 2 шатны шүүх хөдөлмөрийн гэрээнд заасан байхад заагаагүй байна гэсэн. Мөн сахилгын шийтгэл давтан гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон. Мөн цалингийн хувьд 2016 оны 5 дугаар сарын цалин хөлс 761.992 төгрөг ажилласан хоног 21, 6 дугаар сар 1.228.979 төгрөг ажилласан хоног 13, 7 дугаар сарын цалин 1.228.979 төгрөг амралтын хоног 48, нийт 3.219.880 төгрөг бөгөөд энэ нь ажлын 82 хоногийн хөлс болж байна. Үүнийг ажлын 82 хоногт хуваахад 39.267 төгрөг. Үүнийг 2016.8.25-ны өдрөөс шүүх хуралдаан болсон 2016.10.14-ний өдрийг хүртлэх хугацаанд буюу нийт ажлын 36 хоногоор тооцоход 1.413.612 төгрөг. Иймд сүүлийн 3 сарын дундаж цалин 1.412.612 төгрөг болж байхад шүүх 1.697.280 төгрөг. Мөн нэг өдрийн цалин 39.267 төгрөг байхад шүүх 50.627 төгрөг гэж нэг өдрийнхийг 11.360 төгрөгөөр илүү тооцсон. Шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

П.Мөнхжаргал нь Үйлдвэрлэл урлалын политехник коллежид холбогдуулан нэхэмжлэл гаргаж гоо заслын багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажилт хийлгэх, 2016.5.11-ний өдрийн Б/49 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага тавьсан байна.  /хх 1/

Хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

1. Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн захирал 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Б/76 дугаар тушаал гаргаж /хх 78/ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Захирлын 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Б/49 дүгээр тушаал,  2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн үр дүнгийн гэрээний тайлангийн хурлын шийдвэр, хөдөлмөрийн /хх 24/ гэрээний 5.3.9, дотоод журмын 7.2.2.8, Захиргааны зөвлөлийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр, 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн ур чадварын шалгалтын дүнг /хх 82-91/ үндэслэн П.Мөнхжаргалыг гоо заслын багшийн ажлаас чөлөөлсөн /хх 78/ байх боловч ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй тул хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

а/. Ажилтан “ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй”, “сахилгын зөрчил гаргах” гэдэг нь хоёр өөр ойлголт ба ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байгаа нь ажилтанд  сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл биш юм. Ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгаа бөгөөд энэ нь салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох эсхүл аттестатчиллын комиссын албан ёсны дүгнэлт шийдвэрээр тогтоогдсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Харин, ажилтан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн  131.1-т зааснаар сахилгын шийтгэл ноогдуулна.

Хэрэгт авагдсан баримтаар М.Мөнхжаргал нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй байгааг салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох эрх бүхий этгээд тогтоосон баримт хэрэгт байхгүй тул энэ тухай хариуцагчийн гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй .  

Түүнчлэн, зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.4-с үзвэл ажил олгогч нь ажлын үр дүнг харгалзан урамшуулал олгохоор заасан, ажил олгогч нь   “мэргэжлийн ур чадвар”-г “сахилгын зөрчил”-тэй холбож буй үндэслэлээ тайлбарлаагүй тул гэрээний 5.3.9 –н заалт нь ажилтанд хариуцлага тооцох нөхцөл болохгүй байна. 

Иймд “...мэргэжлийн ур чадварын шалгалтыг захирал дураараа аваагүй бөгөөд  Хөдөлмөрийн яам, Монголын үсчин гоо засалчдын холбоотой хамтран 2016.6.17-ны өдөр албан ёсоор зохион байгуулсан... нэхэмжлэгч ур чадвараараа тэнцээгүй...” гэх гомдол үндэслэлгүй байна.

б/. Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлөх тухай 2016 оны Б/76 дугаар тушаалд ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан талаар заагаагүйгээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажил олгогчоос шүүхэд гаргасан тайлбар /хх 17, 143, 187/ -с үзвэл хариуцагч нь П.Мөнхжаргалыг сахилгын зөрчил давтан бус, харин ноцтой зөрчил гаргасан гэж халсан талаар тайлбарлаж байсан тул “...ажилтан 2015-2016 оны хичээлийн жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг шалгахад П.Мөнхжаргалд зөрчил илэрсэн... хичээлийн жилд 4 өдөр ажилд ирээгүй... сурагчид нь хичээл тасалсан... удирдах, удирдуулах ёс зүй зөрчиж сургалтын албаны хурлыг дур мэдэн хаяж гарсан... дутагдлаа хүлээн авдаггүй... нэхэмжлэгчийн ажлыг нэг бүрчлэн шалгаад, акт гаргаад, захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд, дүгнэлт гаргасан баримт хавтаст хэрэгт байхад шүүх тогтоогдоогүй гэж үзсэн... нэхэмжлэгч сахилгын зөрчил давтан гаргасан учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг удирдлага болгосон...” гэх гомдол шийдвэр, магадлалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нөхцөл болохгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно.  

“Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна.

Харин “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаварыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна.

Хариуцагчийн гомдолд заасан зөрчлийг “ноцтой” -д тооцох талаар гэрээнд заагаагүй тул энэ тухай гомдлоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй.

в/. Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5 дахь хэсгийн аль зөрчлийг нэхэмжлэгч гаргасан талаар тушаалд дурдаагүй, шүүх нэхэмжлэлийг хангахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-г зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “...гэрээний 5, 5.3.9-т цуцлахаар заасан байхад шүүх хөдөлмөрийн гэрээнд заагаагүй байна гэж үзсэн...” гэх гомдол үндэслэлгүй байна.

г/. Ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд ногдох дундаж цалин хөлсийг сард авч байсан цалингийн хэмжээгээр тооцсон нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчөөгүй тул энэ тухай гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Сосорбарамын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 42.106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ