Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01483

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2019/01483

 

 

Б.Б, Г.З нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01168 дугаар шийдвэртэй, Б.Б, Г.З нарын нэхэмжлэлтэй, Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГ-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэтуяа, Э.Ариунаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.З, Б.Б нар Төрийн тусгай хамгаалалтын газрын харъяа Их тэнгэрийн аман дахь Их тэнгэр цогцолборын аж ахуй, техникийн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар ажилладаг.

Их тэнгэр цогцолборт 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Самбо бөхийн 50 жилийн ойн хүлээн авалт дуусаад цэвэрлэгээ хийн бохироо авч байхдаа Б.Б 20 ширхэг шилтэй шар айраг /пиво/ үлдсэн байсныг торонд хийж хог хаягдлын хамт аваад гадаа ажиллаж байсан Г.Зт өгсөн юм. Хаягдал бохироо цэвэрлэж байхад шар айраг үлдсэнийг хог руу хаялгүй торонд хийн авсанд буруутгагдаж сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас шууд халсанд гомдолтой байна.

Хүлээн авалтын дараа үлдсэн бохирыг яах ёстой талаар хариуцагч байгууллагын дотоод журамд хэрхэн тусгагдсан байгаа нь тодорхойгүй.

Нэхэмжлэгч нар ажиллаж байх хугацаанд элдэв асуудал, зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн ба ажил хийж өөрсдийн гэр бүлээ тэжээн тэтгэх гол үүрэгтэй хүмүүс, өрхийн амьжиргаа сайнгүй, иймээс цалингийн зээлтэй байсан.

Нэхэмжлэгч нартай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д Эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн бичиг баримт, өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан, авч гарахыг завдсан, бусдад барьцаалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа юм. Б.Б нь хүлээн авалтын дараа бохир дотор байсан 20 шил шар айргийг торонд хийж Г.Зт гаргаж өгсөн үйлдлийг тус байгууллагын өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан гэж үзэхгүй байна.

Тэр 20 шил шар айраг бол энэ байгууллагын өмч биш тэр өдрийн хүлээн авалтанд оролцсон хүмүүсийн хаягдал буюу бохир нь юм. Самбо бөхийн 50 жилийн ойн хүлээн авалтад оролцсон хүмүүс, эсвэл зохион байгуулсан хүн нь төлбөрийг нь төлсөн байгаа. Энэ залуу хүмүүсийн нийгмийн даатгалын дэвтэрт ноцтой зөрчил гаргасан тул ажлаас нь халав гэж тэмдэглэсэн. Энд ажлаас халахаас өөр төрлийн арга хэмжээ авах боломжтой байсан гэж үзэж байна.

Г.З эхнэр, 2 хүүхэдтэй, Б.Б 2-4 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь өвчтэй өрх толгойлсон залуучуудыг дахин ажилд ороход их хүндрэлтэйгээр ажлаас халсан байна. Нэхэмжлэгч нар зөрчил гаргасан нь үнэн, тэд буруугаа хүлээж үнэнээ хэлсэн.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Б.Б, Г.З нарыг Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГ-ын Их тэнгэр цогцолборын тохижилт үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Энэ маргаан бол хөдөлмөрийн хамтын маргаан юм. Б.Б, Г.З нар нь тус тусдаа нэхэмжлэл гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Б.Б нь Төрийн тусгай хамгаалалтын газрын харьяа Их тэнгэр цогцолборын Аж ахуйн тасагт тохижилт үйлчилгээний ажилтанаар ажиллаж байх үедээ 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Их тэнгэр цогцолборын Хатантуул харшид зохион байгуулагдсан хүлээн авалтын арга хэмжээний дараа бохир цэвэрлэж байхдаа хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айргийг авч Хатантуул харшаас хог хаягдлын хамт нууж гарган мөн тасагт тохижилт үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан Г.Зт өгч явуулсан, Г.З нь хог хаягдлаа хаяад ууттай 20 шил шар айргийг тохижилт үйлчилгээний ажилтнуудын байранд аваачсан ба харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын байранд авч орсон ууттай зүйлийг шалгахад уг 20 шил шар айраг гарч ирсэн.

Г.З нь хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айраг байгаа, байрандаа аваач гэж хэлсэн байдаг, Б.Б хууль бусаар шар айраг авч байгаагаа мэдсээр байж холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөлгүй авч явсан ба үүгээрээ уг хууль бус үйлдлийг нэхэмжлэгч нар мэдэж, санаатайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон.

Б.Бын дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан 2018 оны 082 тоот хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон 5.2.8 дахь заалтыг, Г.Зоритбаатарын дээрх үйлдэл нь түүнтэй байгуулсан 2018 оны 128 тоот хөдөлмөрийн гэрээнд сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болсон 5.2.8 дахь заалтыг зөрчсөн хууль бус үйлдлүүд тул Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл хүлээлгэж хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй юм. Төрийн байгууллагын сахилга дэг журмыг чангатгах тухай Засгын газрын тогтоол гарсан. Хариуцагч байгууллага бол төрийн том том хүлээн авалт зохион байгуулдаг, төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа явагддаг, онцлогтой байгууллага бөгөөд манай объект бүр харуулын цэгтэй.

Өмч хөрөнгө хэний ч хөрөнгө байсан түүнийг зөвшөөрөлгүйгээр авч байна гэдэг нь хулгай юм. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Г.З, Б.Б нарын Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГ-ын Их тэнгэр цогцолборын тохижилт үйлчилгээний ажилтнаар эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5., 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар зохигчид тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Насан-Өлзий давж заалдах гомдолдоо: Шүүх эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр 20 шил шар айраг авч гарсан, авч гарахыг завдсан, 20 шил шар айраг хэрэглэж, дутаагаагүй ч гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчилд тооцно гэж заасан хэдий ч ажил олгогч, ажилтан хоёрын хооронд өөрсдийн дотоод үйл ажиллагаатай холбоотой харилцааг нарийвчлан зохицуулах дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтдоо нийт ажилтны үүргийг тодорхой тусгасан заалт байхгүй. Өөрөөр хэлбэл, цэвэрлэгээ хийн бохирыг авахдаа бүрэн бүтэн, хэрэглээгүй үлдсэн шил савтай үлдэгдэл зүйлийг хаана, хэнд хүлээлгэн өгөх талаар заавар журам байхгүй. Энэ талаар огт танилцуулаагүй атлаа 20 шил шар айраг авч гарсан ноцтой зөрчилд тооцон ажлаас халсан нь учир дутагдалтай, хуульд заасан өөр гарга хэмжээ авах бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б, Г.З нар нь хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газар Улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид УТҮГ гэх/-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох гомдлын шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГазар нь Б.Бтой 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, Г.Зтай 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус хөдөлмөрийн гэрээ байгуулан, тус газрын харъяа Их тэнгэр цогцолборын аж ахуй, техникийн тасагт тохижилт үйлчилгээний ажилтанаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх 28-33/

Хэргийн баримтаас үзвэл Б.Б, Г.З нар 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Их тэнгэр цогцолборт болсон Самбо бөхийн холбооны 50 жилийн ойн хүлээн авалтын арга хэмжээний дараа бохир цэвэрлэж байхдаа хүлээн авалтаас үлдсэн 20 шил шар айргийг хогийн уутанд хийж зөвшөөрөлгүйгээр гаргаж, хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажил олгогч байгууллагын дарга 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/466, Б/467 дугаартай тушаал гаргаж, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтлан тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан байна.

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Хуульд заасан энэ нөхцөл хангагдах гол үндэслэл нь талууд тохиролцон гэрээндээ ноцтой зөрчилд хамаарах үйлдэл, эс үйлдэхүй бүрийг тухайлан тусгаж, уг нөхцөл нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэл болохыг зааж өгсөн байх, мөн зөрчил тогтоогдсон байхыг шаардана. Ажилчин Б.Б, Г.З нар зөрчил гаргасан гэм буруутэй үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй, харин уг зөрчил нь хөдөлмөрийн гэрээний ноцтой зөрчилд тооцогдох эсэх талаар маргажээ.

Хариуцагч Төрийн тусгай хамгаалалтын газар УТҮГазрын даргын 2010 оны 26 дугаартай тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөө, хамгаалуулагчдын зориулалтын орон сууц, Их тэнгэр цогцолбор, Маршал харш, тусгай үйлчилгээний автобаазад шалган нэвтрүүлэх журам баталсан байна. Уг журмын 6.8-д Их тэнгэр цогцолбор, Маршал харш, тусгай үйлчилгээний автобаазаас эд материал ... гадагш гаргахад тухайн салбарын эрх бүхий албан тушаалтын гарын үсэгтэй зөвшөөрлийн бичгийг үндэслэн гаргах бөгөөд уг бичгийг шалган нэвтрүүлэгч ажилтан авч бүртгэлд хавсаргана гэж заажээ. Энэ журмыг үйл ажиллагаандаа дагаж мөрдөх үүргийг ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2.1-т тусгаж өгсөн байна. /хх-79/

Мөн талууд хөдөлмөрийн гэрээгээр ноцтой зөрчилд хамаарах тохиолдол бүрийг тохиролцохдоо гэрээний 5.2.8-д эрх бүхий албан тушаалтны зохих журмын дагуу өгсөн зөвшөөрөлгүйгээр байгууллагын мэдлийн бичиг, баримт, өмч хөрөнгийг байгууллагаас авч гарсан, авч гарахыг завдсан, бусдад барьцаалсан-ыг ноцтой зөрчилд тооцохоор заасан байна.

Хариуцагч тал нэхэмжлэгч нарын хүлээн авалтаас үлдсэн эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр нууж авч гарсан үйлдлийг нь дээрх журам болон хөдөлмөрийн гэрээний 5.2.8-д заасныг зөрчсөн гэж үзэн тэдгээртэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасанд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2019/01168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ч.ЦЭНД