Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/08

 

*******ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:  

Прокурор *******

Шүүгдэгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлоор шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн 2422000000179 тоот хэргийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, 2003 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, дүүгийн хамт Дундговь аймгийн ******* сумын баг гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 02 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч тэй “морио өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зэвсэг ашиглан хохирогчийн зүүн мөр, баруун дал хэсэгт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсгийн хөндийд, баруун даланд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ

1.Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч *******ид 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эдлэх 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ж.******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч д 1,700,000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид өөрийн эрүүл мэндтэй холбогдон гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн иштэй эвхэгддэг хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн тамгын газарт шилжүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэсэн байна.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчоос гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн түүнд оногдуулсан ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан оногдуулсан ялыг багасгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй талаарх дүгнэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс хүлээн авах боломжгүй талаар дүгнэсэн.

Ийнхүү дүгнэхдээ “шүүгдэгч нь согтуурсан үедээ зэвсэг ашиглан хохирогчийн цээжин тус газар удаа дараа хутгалсан буюу гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэв гэж дүгнэсэн.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт нь зөвхөн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгчийн хувьд хохирогчид эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, нэхэмжилсэн мөнгийг тухай бүрт нь төлсөн, эмнэлгийн төлбөрийг төлсөн гэх мэт хуульд заасан шаардлагыг бүрэн хангасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа тул *******ид оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан шийдвэрлэх боломжтой гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байгаа тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Миний ялаас хөнгөрүүлж өгөөч гэв.

Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх *******ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор *******ид 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

           Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39. зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

           Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

           Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж шинжлэн судлахад:

           Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 09 дүгээр сарын 17-ны шөнийн 02 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч тэй “морио өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зэвсэг ашиглан хохирогчийн зүүн мөр, баруун дал хэсэгт 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хажуу хэсгийн хөндийд, баруун даланд шарх гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дор дурдсан гэрч хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдсон гэж үзсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Тухайлбал:

           Хохирогч болсон хэргийн талаар мэдүүлэхдээ: “...Би Дундговь аймгийн ******* суманд болсон “Орон нутгийн хамгаалалт нэртэй” арга хэмжээнд 2024 оны 09 сарын 08-аас 16-ны өдрийн хооронд оролцсон. Уг арга хэмжээ өчигдөр дуусаад байж байтал ******* хөдөөнөөс ирсэн гэхээр нь *******той уулзаад дэлгүүр ороод дэлгүүрээс “Агар” нэртэй 0.5 литрийн савлагаатай архи 1 ширхэг, ундаа аваад сумын хойд талын овоон дээр гарч ******* бид хоёр уусан. ... *******ийн хамт баар руу очсон. ... пиво уусан. ******* бид хоёрыг баар руу ороход 21 цаг өнгөрч байсан. Баарнаас гарч сумын төвийн зүүн хойд лагерт байх гэх айлд очиход тэднийд хүмүүс байсан тул гэрт нь ороогүй. Би тухайн үед нилээн согтсон байсан тул морио унаж чадахгүй юм шиг болохоор нь ахын хашааны гадна сууж байтал ******* болон хамт баарнаас ахынд ирсэн нар явъя гээд байсан.Тэгэхээр нь та 2 явж бай, би араас чинь очъё гэж хэлсэн. Тэгтэл ******* цуг явъя, эсвэл морийг чинь авч яваад эргээд таныг авъя гэж хэлсэн. Тухайн үед би үгүй гэж хэлээд газар суугаад морины цулбуураа гартаа атгаад байж байтал ******* миний морины цулбуураас татаж намайг чирсэн. Тэгэхээр нь би цулбуураа тавихгүй байтал ******* цулбуураас татахаа больсон. Тухайн үед би уурлаад “яаж байна чи, яагаад байгаа юм бэ” гэж хэлээд босоод очтол ******* мориноосоо буугаад “та надаас морио харамлалаа” гэж хэлээд бид хоёр барьцалдаж авсан. Тухайн үед би “чамаас юу гэж морь харамладаг юм” гэж хэлтэл ******* миний хамар руу нэг удаа гараараа цохиж хамраас цус гарсан. Тэгэхээр нь *******ийн зүүн хацар хэсэгт нь гараараа цохиход ахын гэрт байсан хүмүүс болон нар ******* бид хоёрыг салгасан. Тухайн үед ******* над руу дайраад байсан тул *******ийг аваад явсан. Тэгээд тэр хоёрыг явсны дараа би морио уячхаад ахын гэр рүү орсон. Тухайн үед ахынд хүмүүс архи ууж байсан тул би тэр хүмүүстэй хамт архи ууж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 17-ны 01 цаг өнгөрч байх үед ахын гэрээс гарч морио унаад харих гээд явсан. ахын гэрээс манай гэр баруун урд зүгт байдаг тул гэр рүүгээ явж байтал *******той таарсан. Тухайн үед ******* ганцаараа мотоциклтой явж байсан. Тэгтэл ******* намайг “мориноосоо буугаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь би буугаад очтол ******* намайг “яагаад байгаа юм” гэж хэлээд миний зүүн мөр хэсэг рүү гараараа цохих шиг болсон. Тэгтэл миний зүүн мөр хэсэгт халуу дүүгээд эхлэхээр нь би *******ид хандан “чи намайг шаачихлаа шүү дээ” гэж хэлээд эргээд алхтал ******* миний баруун дал хэсэгт дахин хутгалсан. Тэгээд би эргэж хараад чи яаж байгаа юм гэж хэлээд *******той зууралдсан. Тэгж байхдаа би морио алдсан. Тухайн үед миний бие эвгүй болж, гар мэдээгүй болоод байх шиг байсан тул би *******той зууралдахаа больж би явлаа гээд гэр рүүгээ алхсан. Тэгтэл ******* араас гүйж ирээд “та яагаад байгаа юм бэ, өөрөө эхлээ биз дээ” гэж хэлэхээр нь “одоо чамтай ярих юм байхгүй, ярих юм байгаа бол маргааш ярь” гэж хэлээд цааш алхсан. ******* тэндээ үлдсэн. Гэрт алхаад очиход манай дүү унтаж байсан ба би ыг сэрээгээд “ах нь хүнд хутгалуулчихлаа” гэж хэлээд аар сумын эмнэлэгт хүргүүлсэн. Урьд шөнө ******* миний биед халдсан. Тэгэхдээ миний хацар хэсэгт нэг удаа гараараа цохисон. Бас миний зүүн мөр болон баруун дал хэсэгт нэг, нэг удаа хутгалсан. Өөр хүн халдаагүй. ******* миний биед ямар шалтгааны улмаас халдсаныг мэдэхгүй. Морь харамлалаа гэж уурласан. Эхлээд цохих үөд болон танихгүй 3-4 эмэгтэй байсан. Харин хутгалах үөд ******* бид хоёр л байсан. Тухайн үед ******* бид хоёр согтуу байсан....” / хх-ийн 20-22/ гэж мэдүүлсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг нь өмнө өгсөн мэдүүлгээсээ агуулгын хувьд зөрүүгүй байх бөгөөд  “ Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцийн хохирол тогтоолгохгүй. Би гомдолгүй байна. Гэхдээ ******* нь миний биед халдаж хутгалснаас хойш надаас 1 сая төгрөгийн зардал гарсан. Гэвч надад цуглуулсан хохирлын баримт байхгүй  гэжээ. /хх-ийн 24/

           Тухайн хэрэг болсон тухай уг хэргийг ******* үйлдсэн талаар хохирогчийн ийнхүү мэдүүлсэн нь хэрэгт цугларсан  гэрч ,  Г. нарын мэдүүлгээр давхар батлагдаж нотлогдсон байна.

            Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтэс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 341 дугаартай дүгнэлтээр“...гийн биед цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий шингэн хурах, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үзлэг хийсэн өдрөөс 6-8 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд шингэн хурах гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг, цээжний зүүн дээд хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон ” гэжээ. /хх-ийн 46-49/ 

             Түүнчлэн хэрэгт гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-13/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтууд авагдсан байх бөгөөд эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Ийнхүү шүүгдэгч, хохирогч нар хэрэг учрал гарсан өдөр хамт архи уусан, улмаар шүүгдэгч ******* хохирогч г “морио өгсөнгүй” гэх шалтгаанаар хутгалж “цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх гэмтэл” бүхий хүнд хохирол учирсан, уг гэмтэл /хохирол/ нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 100 дугаартай шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.

            Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан “цээжний зүүн хажуу хэсгийн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралдалт, цээжний хөндийд гуурс байрлуулах мэс заслын дараах байдал, баруун даланд шарх” бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд өөрт холбогдох хэргийн талаар дээр дурдсан хохирогч гэрч нарын өгсөн мэдүүлгийг үгүйсгээгүй, тухайн хэргийг үйлдсэн болохоо хүлээн мэдүүлсэн байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ид  оногдуулсан 5 жил хорих ялыг багасгаж түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахаар тогтов. Учир нь:

            Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох  зохицуулалт бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан, хохирогч гомдол, саналгүй болсон, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.

            Ийнхүү анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан  тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж түүнд итгэл хүлээлгэхэд энэхүү хуулийг зөрчихгүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч ******* нь шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 46 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтын “...Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 11. зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

           2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 зүйлийн 1, 40. зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.БАЯРДАВАА

 

    ШҮҮГЧИД                                    Г.МӨНХБАТ

 

                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ