2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/01767

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.******* би,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******  тоот хаягт оршин суух, ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** байранд оршин байрлах, “*******” СӨХ-нд холбогдох,

 

Гэм хорын хохиролд 14,772,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие ******* овогтой ******* нь Баянзүрх дүүргийн ****** тоот, 65.28 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2013 онд ашиглалтад орсноос хойш өмчилж амьдарч ирсэн. Тус орон сууц нь нийт 13 давхар орон сууц ба миний өмчлөлийн орон сууц нь 12-р давхарт байрладаг ба 13 дахь давхарт техникийн хяналтын өрөө байрладаг. Гэвч уг орон сууцны "*******” СӨХ нь 13-р давхрын техникийн хяналтын өрөөг бусдад амьдрах зорилгоор ашиглуулж ирсэн. Энэ тухай миний бие гомдлыг удаа дараа тус СӨХ-д гаргаж байсан. Мөн намайг амьдарч байх хугацаанд олон удаа дулааны улиралд унтлагын өрөөний дээврээс ус дусаалга дусаж, дээвэр таазны шавар ховхорч унан тав тухгүй амьдарч хохирлыг өөрийн зардлаар засаж, сайжруулдаг байсан. Дээврийг чанартай засварлуулах, өөрийн дээврийн засварын зардлуудыг гаргуулах талаар шаардлага хүргүүлж байсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн ба СӨХ-ийн төлбөрөөсөө суутган зардлаа хасахаас өөр шийдэлгүй явж ирсэн. Улмаар уг орон сууцыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн иргэн Г.Сүхбаатарт 1 сарын түрээсийн төлбөрийг 1,400,000 төгрөгөөр тооцож, 10 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж, түрээслүүлсэн. Түрээслэгч Г.Сүхбаатарыг тус орон сууцыг түрээсэлж байх хугацаанд буюу 2024 оны 8 сард өөрийн зардлаар их засвар хийж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр бүрэн дуусгаж, энэ тухай "*******" СӨХ-ийн даргад танилцуулж, одоо дулаан ирнэ, дээврээс ус алддаг шүү, дээврээ засаарай, үнэтэй засвар хийлгэсэн тухайгаа нэг бүрчлэн дагуулан үзүүлж танилцуулж анхааруулсан байдаг. Гэвч ердөө хоёрхон долоо хоногийн дараа 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу дулаан ирдэг өдөр техникийн давхраас их хэмжээний ус гоожиж, манай шинээр засвар хийсэн байр бүрэн усанд автсан. Иймд тус орон сууцанд дахин засвар хийж дуусах хүртэлх түрээсийн гэрээний орлого алдах хугацааг 1,5 сар гэж үзэж нийт 2,100,000 төгрөгийг түрээсийн гэрээний зардалд тоцоож болох тухай "Хохирлын үнэлгээний тайлан"-д тусгагдсан.

Энэ тухай яаралтай "*******” СӨХ-д мэдэгдэж, яаралтай арга хэмжээг авсан. Улмаар Дээврээс ус алдсаныг тогтоох зорилгоор тус орон сууцны ашиглалтыг хариуцдаг “Хүрд” ХК-аас мэргэжлийн инженер техникийн ажилчид ирж үзлэг хийж, 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07/04 тоот албан бичгээр "*******” СӨХ-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн ус алдсаныг тогтоосон байдаг. Мөн орон сууцны ашиглалтыг хариуцдаг “Хүрд” ХК-ын контороос дулаан өгөхтэй холбогдуулан бүх СӨХ, оршин суугчдад дулааны шугам радиаторуудын бүрэн бүтэн байдалыг шалгах, ус алдалтаас сэргийлэх анхааруулга өгч мэдээллийг хүргүүлсэн байдаг. Дээр дурдсан нөхцөл байдал болж өнгөрснөөс хойш "*******” СӨХ-д үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн гарсан хохирлыг хэрхэн яаж барагдуулах тухай асуухад, "*******" СӨХ:

Манай СӨХ-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан хохирлыг хүлээн зөвшөөрч байна. Энэ тухай СӨХ-ийн удирдах зөвлөлд танилцуулж, хариу шийдвэр ирүүлнэ гэсэн. Мөн "*******" СӨХ-ийн удирдах зөвлөл хохирлыг хэмжээг үнэлгээ хийлгүүлж тогтоох шаардлагатай байна гэж мэдэгдсэний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр "Бодит үнэлгээ" ХХК-д хандаж, "Бодит үнэлгээ" ХХК нь "Хохирлын үнэлгээний тайлан"-г үйлдэж хүлээлгэн өгсөн. Тус "Хохирлын үнэлгээний тайлан"-аар ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээ 13,678,000 төгрөгөөр тогтоогдсон. Мөн хохирлын үнэлгээг хийлгэхэд 1,094,240 төгрөгийг нэхэмжлэгч миний бие төлсөн болно. Энэ албан бичгээр “*******” СӨХ-д мэдэгдэж, хохирлыг шаардахад 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр албан бичгээр хохирлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлэхийг мэдэгдээд байна. Иймээс иргэн надад учруулсан 14,772,240 /арван дөрвөн сая долоон зуун далан хоёр мянга хоёр зуун дөч/ төгрөгийг “*******” СӨХ-с гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.            Хариуцагч “*******” СӨХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г.*******ын нэхэмжлэлтэй “*******” СӨХ-нд холбогдох иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож, сайн дураар нэхэмжлэлийн шаардлага 14,772,240 төгрөгийг хариуцагч “*******” СӨХ дараах хугацаагаар төлнө. Үүнд:

2025.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.05.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.06.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.07.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.08.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.09.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.10.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.11.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2025.12.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026.01.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026.02.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026.03.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026.04.20-ны өдөр 1,000,000 төгрөг,

2026.05.20-ны өдөр 772,240 төгрөг төгрөгийг тус тус нэхэмжлэгч Г.*******од төлнө гэжээ.

 

3.            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс нь хариуцагчийн дээрх тайлбарыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

 

4.            Нэхэмжлэгчээс шүүхэд: “Хүрд” ХК-ийн 2024.09.16-ны өдрийн 09/04 дугаар албан тоот /хх5/, хөрөнгийн үнэлгээний хөлс төлсөн баримт /хх6/, ******* СӨХ-ын албан тоот /хх7/, 2023.11.22-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээний хуулбар /хх8/, 2024.09.19-ний өдрийн “Бодит үнэлгээ” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх10-26/ зэргийг нотлох баримтаар ирүүлсэн.

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.         Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч “*******” СӨХ-нд холбогдуулан гэм хорын хохиролд 14,772,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 14,772,240 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******од төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 15 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2025  оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 772,240 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаа илэрхийлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батнасан хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.  /хх47/

4.            Улмаар нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чингэс нь хариуцагчийн төлөөлөгчийн дээрх тайлбарыг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн. /хх47/

5.             Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр, хариуцагчаас 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Чингэс, хариуцагчийн төлөөлөгч Ч.Батнасан нарт тус тус олгожээ. /хх4, 38/

 

Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

6.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” СӨХ-оос тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.         Хариуцагч “*******” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 14,772,240 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******од төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 15 сарын хугацаанд хувааж төлөхөөр буюу 2025  оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 14 сарын хугацаанд, сар бүрийн 20-ны өдөр 1,000,000 төгрөгөөр, 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 772,240 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5,  56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,812 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” СӨХ-оос 115,906 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 115,906 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.******* /рд:*******/-д буцаан олгосугай.

 

3.         Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Д.ГАНБОЛД