2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07868

 

 

 

 

 

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 191/ШШ2025/07868

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ***** дугаар хороо, ******* *** *******, **** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д. *******, гэрч Д. *******, Ж. *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. Тамжид нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Д. ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д. ******* миний бие 1985 оноос 9 сараас Гутлын үйлдвэрт оёдлын 255 тасагт оёдолчноор анх ажилд орж ажиллаж эхэлсэн.

Би тасралтгүй ажиллаж байгаад 1994 оны 8 сард ажлаас гарсан. Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрч энэ талаар хөөцөлдөхөд ажлаас гарсан тушаал байхгүй, олдохгүй байгаа тул намайг нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсэн. Би гутлын үйлдвэрт анх ажилд орсон тушаал, 1993 онд бичсэн хөдөлмөрийн дэвтэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Иймд намайг 1990 оноос 1994 онд гутлын үйлдвэрт ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар, иргэний үнэмлэх, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 295 дугаартай оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт, №439201 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн бүртгэлийн 191 дугаартай тодорхойлолт, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн Гутлын үйлдвэрийн даргын 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №019 дугаартай Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн курс төгсөж ирсэн хүүхдүүдийг ажилд авах тухай тушаал, тушаалын хавсралт, гэрч Д. *******, Ж. ******* нарын тодорхойлолт, тэдний Хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/32428 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Гутал ХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтууд, Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 01/673 дугаартай албан бичиг, Архивын ерөнхий газар Үндэсний төв архиваас ирүүлсэн Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/2 дугаартай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх, шилжүүлэнг ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №а/257 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №255 дугаартай Түр цалинжуулах тухай тушаал, Үйлдвэр худалдааны Гутал ХК-ийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/118 дугаартай Ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтууд хэрэгт авагдсан.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлгийг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Д. ******* нь 1990-1994 оны хооронд хугацаанд Гутлын үйлдвэрт ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1. дэх хэсэгт зааснаар, Иргэн, хуулийн этгээдийн эдийн болон эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэсний дагуу ажиллаж байсан байдлыг тодорхойлон ажилласан жилийг тогтоох нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал байна. Мөн хуулийн 136 дугаар зүйлийн 136.3. дахь хэсэгт, хүсэлтэд уг үйл явдлыг гэж байгаа зорилгыг зааж уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтаар хавсаргана гэжээ.

Хүсэлт гаргагч Д. ******* нь шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийн үндэслэлийг ажлаас чөлөөлөгдсөн тушаалгүй тул ажиллаж байсан байдлыг шүүхийн журмаар тогтоолгох шаардлагатай болсон гэж тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан, 1993 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Гутлын үйлдвэрээс нээж олгосон Д. *******гийн №439201 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэрийн даргын 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/17 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох, зэрэг ахиулах, цалинжуулах тухай тушаал, тушаалын хавсралтын 4.-т ...овог нэр *******, тасаг 262, мэргэжил оёдолчин, хуучны зэрэг 2, шинээр олгосон зэрэг 3, хугацаа 1/1, тайлбар Шинээр зэрэг олгосон..., 1991 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/2 дугаартай Зохион байгуулалтын өөрчлөлт хийх, шилжүүлэн ажиллуулах тухай тушаал, тушаалын хавсралтын 17.-д ... *******, аль тасгаас 262, аль тасагт хоршилтын 262-р тасаг..., 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №а/257 дугаартай Хөдөлмөрийн гэрээгээр явуулж ажиллуулах тухай тушаал, тушаалын 2-р хавсралтын 18.-д ... *******, мэргэжил очдолчин, нас 22, хүйс эм, иргэний паспортын дугаар , регистрийн дугаар , 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №255 дугаартай Түр цалинжуулах тухай тушаал, тушаалын 1-р хавсралтын 140.-д ...овог нэр *******, үйлдвэрлэл тасаг 262, хугацаа 1/Х, Үйлдвэр худалдааны Гутал ХК-ийн захирлын 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/118 дугаартай Ажлаас чөлөөлөх хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай тушаал, тушаалын 1-р хавсралтын 113.-т ...овог нэр ******* ******* тасаг мастер 262... гэх бичвэрүүд, гэрч Д. *******, Ж. ******* нарын мэдүүлэг, тэдний Хөдөлмөрийн дэвтэр дэх бичилт, гэрэл зураг зэргээр нэхэмжлэгч Д. ******* нь 1990 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр, болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт, хүний ажиллаж байсан байдал-ыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж зохицуулсан.

Иймд Д. *******г 1990 оны 9 дүгээр сараас эхлэн 1994 оныг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр, болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан Засгийн газрын Өмч хувьчлалын комиссын 1992 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн №51 дугаартай тогтоолоор Гутлын үйлдвэрийг хувьцаат компани болгон өөрчилсөн байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт ******* ******* /РД:*******/-г 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Хөдөө аж ахуй, хөнгөн хүнсний үйлдвэрийн яамны харьяа Гутлын үйлдвэр болон Гутал ХК-д оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Д. *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА