Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00695

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/00695

 

 

А.Баатарболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/00243 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч А.Баатарболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Гарьд капитал ББСБ ХХК

 

Үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мартын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Март

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Р.Батгарьд

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч А.Баатарболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би 2016 оны 5 дугаар сарын 27-ны орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу Ишиг Уул ХХК-иас Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 821 дүгээр байр, 8 тоотод байрлах 90,2 м.кв талбайтай орон сууцыг 148 962 000 төгрөгөөр авахаар болж урьдчилгаа мөнгөө төлөхийн тулд Гарьд капитал ББСБ ХХК-иас зээл авсан. Гэтэл нотариатын мэдэгдэх хуудсаар тус дүүргийн шүүхээс надаас 36 945 893 төгрөг төлүүлэхээр гүйцэтгэх хуудас бичигдсэн байдаг. Үүний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дээрх орон сууцыг 110 260 000 төгрөгөөр хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн байна. Худалдаж аваад 1 жил болж байгаа орон сууцыг 38 702 000 төгрөгөөр дутуу үнэлсэн нь үндэслэлгүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны тогтоолооор хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нотариатчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04 тоот мэдэгдэх хуудсаар А.Баатарболдоос 36 945 893 төгрөг гаргуулж, Гарьд капитал ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөх мэдэгдэл өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгчийн харилцах болон хадгаламжийн дансанд төлбөрийн шаардлага хангахуйц үлдэгдэл хүрэлцээгүй тул эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон Морин 821 дугаар байр, 8 тоотод байрлах 90,28 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж хадгалалт, хамгаалалтыг А.Баатарболдод үлдээсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 110 260 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батгарьд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Нэхэмжлэлийн гол нотлох баримт болох Ишиг Уул ХХК-тай иргэн А.Баатарболд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 01/03 тоот Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд барьж буй Вилла парк хотхоны орон сууц захиалан бариулах тухай гэрээг хуурамч нотлох баримт гэж үзэж байна.    Дээрх гэрээ болон Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас авсан лавлагааны Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах Ишиг Уул ХХК-нийн АОС барилгад орон сууц захиалан бариулах гэрээ нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагааны өөр өөр үнийн дүнтэй, он сартай, гэрээний дугаартай байна.  Мөн Хан уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /17130/ 821 дүгээр байр, 8 тоот №000484938 тоот гэрчилгээний, Ү-2206046635 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газар 2016 оны 5 дугаар сарын 13-нд бүртгэж гэрчилгээ олгосон байдаг. Гэрээ байгуулагч талуудын гарын үсэг зурсан хэсгийн Ишиг Уул ХХК-ийн менежер н.Энхтуяагийн гарын үсэг зөрүүтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт хэргийн оролцогч хуурамч нотлох баримт гаргах буюу түүнийг хууль бус аргаар цуглуулахыг хориглоно гэж заасан бөгөөд иргэн А.Баатарболд нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 821 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах, 90.28 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2206016635 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийг шинжээчээр үнэлүүлж, үнэлгээ тогтоолгосон ажиллагааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Март давж заалдах гомдолдоо:

... 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч иргэний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болсон 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн заалтыг үндэслэл болгон хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасныг зөрчиж байна. Нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дутуу хийсэн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй шинжээчийн асуудлыг авч хэлэлцэн, үнэлгээний мэргэжилтэн Ж.Уртнасан үнэлгээ хийсэн болох нь хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар нотлогдож байх боловч "...шинжээч томилох тогтоолд хэн гэдэг ямар албан тушаалтай хүн гарын үсэг зурсан нь ямар хуулийн зүйл заалт тайлбарласан нь тодорхойгүй, шинжээчид эрх үүрэг танилцуулсан гэх үйл баримт хуульд нийцээгүй болно" гэж үндэслэх хэсэгт дурьджээ. Шинжээч томилох тухай 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаартай тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд "шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална" гэж заасныг үндэслэл болгон шинжээчийг томилж, дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар сануулж, хүлээн авсан шинжээч гарын үсэг зурж, баталгаажсан байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт ... хөндлөнгийн шинжээчид эрх, үүрэг болон хариуцлагыг урьдчилан сануулж гарын үсэг зуруулаагүй, ашиг сонирхлын зөрчилтэй эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хөрөнгийн үнэлгээний төвөөс гаргасан дүгнэлтийг хуульд нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт гэж үзэх боломжгүй, эргэлзээтэй тул шинжээчийн дүгнэлт буюу хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2206016635 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин 821 дүгээр байрны 8 тоот хаягт байрлах 90,28 м.кв талбайтай орон сууцны зах зээлийн үнэлгээнээс хямд үнэлсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон ямар ч баримт гаргаж өгөөгүй. Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/00243 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч А.Баатарболд нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэж тайлбарласан байна.

 

Сүхбаатар дүүргийн нотариатчийн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04 дугаар мэдэгдэх хуудсаар А.Баатарболдоос зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 36 945 893 төгрөг гаргуулан Гарьд капитал ББСБ ХХК-д  олгохоор бичсэнийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 184/ШЗ2017/05640 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулж, уг захирамжийн дагуу 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр  184/ГХ2017/00633 дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-ийн 22-24 тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан  төлбөр төлөгч А.Баатарболдын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /17130/ 821 дүгээр байрны 8 тоотод байрлах 90,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17270872/03 тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 17270872/05 дугаар тогтоолоор хураан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. /хх-ийн 25, 38, 46 тал/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоодог.

 

Төлбөр төлөгч А.Баатарболд нь барьцааны хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /17130/ 821 дүгээр байрны 8 тоотод байрлах 90,28 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 180 000 000 төгрөгөөр үнэлсэн, төлбөр авагч Гарьд капитал ББСБ ХХК нь төлбөр төлөгчийн үнийн саналыг эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. /хх-ийн 49-50 тал/

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь уг эд хөрөнгийн үнэлгээг 110 260 000 төгрөг гэж тогтоожээ. Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд зөвхөн үнэлгээчин гарын үсэг зурж өөрийн хувийн тамгыг дарсан ба шинжээчээр томилогдсон хуулийн этгээдийн тамгагүй, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурагдаагүй, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт хэрэгт авагдаагүй байх тул томилогдсон шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй юм. /хх-ийн 53-61 тал/

 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4.9-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй этгээд мөн эсэх, эрх бүхий этгээд дүгнэлт гаргасан эсэх нь тодорхойгүй байх тул шинжээчийн дүгнэлт гэх бичгийн баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэхэд учир дутагдалтай байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна, 9.2 дахь хэсэгт энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлт хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байхад хүчингүй болсон хуулийн зүйл, заалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь зөрчилтэй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч байгууллагын нэрийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба гэж хуучин нэрээр бичсэн байх бөгөөд хариуцагч байгууллагын нэр 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж өөрчлөгдсөн болохыг цаашид анхаарах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/00243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 277 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /17130/ 821 дүгээр байрны 8 тоотод байрлах 90,28 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО