Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 131

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ, 

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.От холбогдох эрүүгийн 1830000570100 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн харьяат, 1998 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилгүй, Герман, Америк, Монголын хамтарсан Эдийн  засгийн үндэсний дээд сургуулийн багш урлагийн боловсролын ангийн 2 дугаар дамжааны  оюутан, ам бүл 4, эцэг, эх, эгч дүү нарын хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.О

 

 Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:

 

           Шүүгдэгч Б.О нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Овоотын байрны 9 дүгээр эгнээнд  засмал зам дээр 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд 37-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүйгээр жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөнөөс Д.Гийг мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөлийн дунд чөмгөний бяцарсан зөрөөтэй далд хугарал, зүүн мөрний мултрал бүхий гэмтэлтэй”  хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018.02.16-ны орой найзыгаа гэрт нь хүргэж өгөөд харьж байсан. Тэгээд 13 дугаар дэлгүүрийн урд талын замаар зүүн зүг рүү явж байсан. Явган хүний зам руу айхавтар шахахгүй зөөлөн явж байсан. Өөдөөс хүн ирж байгааг харсан. Өмнөөс бас машин ирж байсан. Тэгээд өөдөөс ирж байсан хүний хажуугаар гартал түс гээд дуугарахаар нь харсан чинь монгол дээлтэй хүн хэвтэж байсан. Явган хүний зам руу гарчихлаа гэж бодсон чинь мөргөсөн. Тэгэхээр нь айж сандраад, нэг мэдэхэд гэртээ харьсан байсан. Би тэр үед айж сандраад юугаа ч мэдэхгүй болсон. Маргааш нь л ухаарах сэхээтэй болсон. Зам гэрэлтүүлэгтэй байсан. Явган хүний зам нь шороон зам байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үедээ жолоо барьсан нь миний буруу. Дуут дохио өгөөгүй, замын хажуугаар явж байсан учраас зам хөндлөн гарчихлаа гэж бодсон. Эмнэлэгийн байгууллагад мэдэгдэх ёстой мэднэ. Гэмтэл учруулсан,хэргийн газрыг орхиж явсан нь миний буруу. Аймгийн эмнэлэгт эмнэлэгт очиж, уучлал гуйж 50.000 төгрөг өгсөн. Томографын зураг авхуулахад нь 95.000 төгрөг өгсөн. Мөн утсаар яриад цугларсан мөнгөө өгнө гэж хэлсэн.Эмчилгээний зардлыг цуглуулаад бараг дуусаж байгаа. Хохирогчийн эмчилгээний зардал 860,000 төгрөг болсон. хохирогчийг Улаанбаатар хот руу эмчилгээнд явна гэхэд нь би өөрийн унаатай авч явъя гэхэд өөрөө хүнтэй тохирсон байгаа гээд өөр унаагаар явсан.

Миний машины баруун гар талын буюу буруу талын толь хугарсан байсан. Би зөөлөн явж байсан. Баяр ёслол болж байсан учраас энд тэндээс архи хэрэглэсэн хүн гарч ирэх вий гэж бодож байсан...гэв.

 

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018.02.16-нд найзындаа золголт хийгээд явж байгаад энэ хүний машинд дайруулсан. Би замын хашлага дагаад явж байсан. Машины гэрэл тусахаар нь холдох гэтэл намайг дайрахад нь би машин дээгүүр даваад толийг нь эрүүгээрээ цохиод, замын хашлага мөрөө мултлаад, ухаан алдаж унасан. Шүүгдэгч хурдтай явж байсан. Би машиных нь хамар дээгүүр нь давж эрүүгээрээ толийг нь цохисон. Тэгээд цаана унахдаа мөрөө мулталсан. Тэр хавиар 2 хүүхэд явж байгаад түргэн тусламж дуудсан гэсэн. Хэрвээ 20 минут хоцорсон бол би үхэх байсан гэж эмч нар нь хэлсэн. Эмнэлэгт ухаангүй байж байгаад өглөө нь үүрээр сэргэсэн. Эрэгтэй дүү намайг сахиад хэвтэж байсан. Намайг үгээ хэлж чадахгүй, дуу чинь гарахгүй байсан гэсэн. Тэр үед 3 хундага архи ууссан байсан. Явган хүний зам байгаагүй,  урд талд нь овоолсон шороон зам байсан. Хойд талд нь байсан. Зам нь эвдрэлтэй байсан. Машины гэрэл гялбаад, замаас гарах гэтэл дайрсан.

Би “Х” ХХК-д ажиллаж байсан. Ослоос хойш ажил хийгээгүй. Миний хөл бороолж байна гэсэн. Хөндүүр нь хэвээрээ байгаа  Эмчилгээний зардал төлөөгүй. Ээж, эгчтэйгээ ирж уулзаад 50.000 төгрөг өгөөд явсан. Түүнийг нь эмчилгээнд зарцуулсан. Д гэдэг нь миний эцэг. Аавын нэр дээр зээл авч эмчилгээндээ явсан, эмнэлэгт хэвтэх, хөлдөө шруф хийлгэхэд зарцуулсан. Банкнаас авсан энэ зээлийг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Эмнэлэгт хэвтэх, хөлдөө шрупп хийлгэхэд зарцуулсан. 860.000 төгрөг нэхэмжилж байна... гэв

 

- Яллагдагч Б.О мөрдөн байцаалтад өгсөн: 37-81 сүа улсын дугаартай Тоёота Эди маркийн машин нь манай хүргэн ах Э.Гын эзэмшлийн автомашин. Уг автомашины эзэмшигч Э.Г нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед золголтоор дүүгийнхээ хамт хөдөө явсан бөгөөд надад машинаа орхиж явсан. Манай гэр бол Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын .... тоот бөгөөд уг хашаанд Э.Гынх байдаг манайх зүүн талын гэр юм. Ингээд би 37-81 сүа улсын дугаартай ногоон өнгөтэй Тоёота Эди автомашины түлхүүрийг хүргэн ах Э.Гаас авч үлдээд 17 цаг өнгөрч байхад уг машиныг жолоодон гадуур цагаан сарын золголт хийхээр найз И.Пийн хамт гарч явж байгаад 2 дугаар сургууль дээр найзуудтайгаа хамт тоглож байгаад найз И.Пийг гэрт нь хүргэж өгчхөөд Баруун-Урт сумын 6 дугаар багт байрлах 13 дугаар дэлгүүрийн зүүн урд байрлах 4 замын уулзвараар баруун талаасаа зүүн зүгт чигээрээ өнгөрөөд засмал замынхаа баруун гар талаар буюу урд талаа бариад явж байтал гэнэт миний жолоодож явсан автомашины баруун гар талын толь эвдэрч байгаа чимээ гарахаар нь хүн мөргөчихлөө гэж бодоод шууд машинаа зогсоогоод би хаалгаа нээгээд харсан чинь замын урд талд монгол дээл өмссөн эрэгтэй хүн замын урд талын шороон дээр хэвтэж байхаар нь хүн мөргөсөн байна гэж бодоод айсандаа шууд хөдлөөд өөрийн оршин суух Баруун-Урт сумын 9 дүгээр баг Хайлаастын .... тоотод хашаандаа ороод хашаанд байх 2 гэрийн голоор оруулаад хойд зүгт харуулаад зогссон. Үүнээс хойш автомашинаа хөдөлгөөгүй. Би гэртээ ирээд машиныхаа эргэн тойрныг харсан чинь баруун гар талын буюу баруун талын толь нь уг хэсгээрээ салаад алга болсон байсан. Би шууд гэр рүүгээ ороход ээж, аав, эгч, дүү нар  байсан. Миний хувьд баруунаас зүүн зүгт явж байсан бөгөөд замынхаа баруун гар талыг шахаад явж байсан, миний жолоодож явсан 37-81 сүа улсын дугаартай автомашины холын гэрэл ажиллахгүй байсан. Миний хувьд асааж чадаагүй. Миний жолоодож явсан хүн замын яг хаана нь явж байсныг мэдэхгүй байна. Яах аргагүй баруун талын толь хагарч байгаа чимээ гарахыг сонсоод л зогссон. Харчхаад айсандаа яваад өгсөн. Миний хувьд болсон асуудлын талаарх үнэн зөв ярьж байна. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний хувьд В ангиллын жолоодох эрхийн үнэмлэх байхгүй” гэх мэдүүлэг / хх- 63-64 /,

 

          - Хохирогч иргэний нэхэмжлэгч Д.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны оройн 20 цаг 30 минутаас 21 цаг 00 минутын хооронд байх цаг хугацааг сайн санахгүй байна. Баруун- Урт сумын 9 дүгээр багт байрлах Завьяа нэртэй дэлгүүрийн хойд талын хашаанд байх найзындаа сар шинийн золголт хийгээд гарч шууд гэр рүүгээ явган явсан юм. Явган явахад амар гэж бодоод 13 дугаар дэлгүүрийн зүүн талын засмал замаар зүүн зүгээс баруун зүг чигт замынхаа урд хэсгээр замаар баруун зүгт алхаж явсан. Тухайн зам нь гэрэлтүүлэгтэй байсан. Баруун зүгээс засмал замаар зүүн зүгт суудлын авто машин замынхаа урд талыг шахаад машин ойртоод ирэхээр нь замынхаа урд талд гарах гэж нэг хөлөө гаргатал миний баруун хөлийн гуя хэсэгт дайрагдаад замын урд тал руу унасан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Тухайн авто машины марк дугаарыг нь харж амжаагүй юм. Миний хувьд ганцаараа явж байсан бөгөөд монгол дээл өмсөж явсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч биеэ авч явах чадвартай байсан. Миний эрүүл мэндэд хохирол учирсан бөгөөд гэмтэл учирсны улмаас эмчилгээний болон эм тариа авсны зардал 860.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг” / хх-16-18 /

 

- Гэрч И.Пийн мөрдөн байцаалтад өгсөн: 2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед Отгонбаяр бид хоёр тэдний гэрээс 37-81 сүа улсын дугаартай хар ногоон өнгийн Эди маркийн машиныг асаагаад Б.О жолоодоод 2 дугаар сургуулийн зааланд очиж Отгонбаярын таньдаг хоёр ахтай сагс тоглочхоод тэндээсээ гараад малтай байранд манай хүргэн ах Алтангадас ахынхаар очиж золголт хийхээр очтол хүн байхгүй байсан. Тэгээд Отгонбаяр гэр рүүгээ явна гээд намайг гэрт буюу Чулуутын байранд буулгаад яваад өгсөн. Бид 2 архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Маргааш нь Б.О надад хэлэхдээ чамайг буулгаад гэртээ харих замдаа хүн мөргөсөн гэж байсан” гэх мэдүүлэг” / хх-21 /

 

            - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 104 дугаартай: 1.Д.Гийн биед тархи доргилт, баруун хөлийн дунд чөмгөний бяцарсан зөрөөтэй далд хугарал, зүүн мөрний мултрал бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна”.. гэжээ. / хх-23 /

 

- Замын цагдаагийн тасгийн шинжээчийн нарын 22 дугаартай: 1.Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.а. Жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, дүрмийн 2.5.6. Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх. 2.5./в/-д Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт/ хх-27 /,

 

 - Цагдаагийн тасгийн шинжээчийн 41 дугаартай нэмэлт дүгнэлтээр: 1.Жолооч Б.Оын /ЛЛ98111611/ регистрийн дугаараар Цагдаагийн байгууллагын цахим сангаас жолоочийн лавлагааг авахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна. 2. Жолооч Б.О нь Тояота Эди маркийн 37-81 сүа улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.2.а. Жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 2.3.а. жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно,1.5-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж тээврийн хэрэгслийн холын гэрэл ажиллагаагүй бүрэн бус тээврийн хэрэгслийг эрхийн үнэмлэхгүй, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, анхаарал болгоомжгүй жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. 3. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно” гэх дүгнэлт. / хх-55 /

 

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-03-10/

 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11/

 

- Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан байдал /хх-12/

 

           - Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоогдсон байдал / хх-3-14/

 

- Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан магадалгаа .2018.02.16 /хх-35 /

 

- АЯ 0041934 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ/ хх-65/

 

  -  Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-67/

 

  -  Б.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40 / 

 

  - Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9-р багийн Засаг даргын 2018.05.29-ний өдрийн 9/314 тоот тодорхойлолт /хх-66 / 

 

- Б.Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40 /

 

- Өмгөөлөгч Х.Эрдэнбаатарын гаргасан гэрэл зургийн үзүүлэлт / 8 ширхэг/

 

- Хохирогч Д.Гийн Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт гаргасан хохирлын баримтууд/хх 63-72/

 

- Хохирогч Д.Гийн шүүх хуралдаанд өгсөн Д.Г, 39 эр, 2 сарын 23 гэсэн бичвэртэй цагаан өнгийн Сиди/ 1 ширхэг/

 

- Төрийн банкны харилцагч С.Дын 270600167617 дугаартай дансны Депозит дансны харилцагчийн монгол хуулга/ 1 хуудас/

 

- Тээврийн зардал авсан тухай баримт, 01388688 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Г.Балжиннямын жолоочийн үнэмлэхийн хуулга / 2 хуудас/

 

- Хохирогч Д.Гийн 0496740 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулга / 2 хуудас/

 

- Д.Гийн гавал тархины Компьютерт томографийн шинжилгээ / 1 хуудас/

 

- Д.Гийн Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /3 хуудас/

- Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018.06.20-ны өдрийн Д.Гт холбогдох шийдвэр/ 1 хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.О нь 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Овоотын байрны 9 дүгээр эгнээний засмал зам дээр Тояота Эди маркийн 37-81 сүа улсын дугаартай тээврийн 37-81 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.2.а. Жолооч замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцэд нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. 2.3.а.” Жолооч харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” улмаас Д.Гийг мөргөж эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун хөлийн дунд чөмгөний бяцарсан зөрөөтэй далд хугарал, зүүн мөрний мултрал “ бүхий гэмтэлтэй хүндэвтэр хохирол учруулсан,

мөн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин Д.Гийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2.5.6. “ Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2.5./в/ “ Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтныг иртэл хүлээх ” гэснийг зөрчин хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Б.О, хохирогч Д.Г, гэрч И.П нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 104  дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 11 дугаартай дүгнэлт, Зам тээврийн гэмт хэрэгт бүрэлдэхүүнтэйгээр тогтоосон 22 дугаартай дүгнэлт, Зам тээврийн гэмт хэрэгт нэмэлтээр тогтоосон 41 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх- 3-6/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 7-10/, Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх- 12-14/,  АЯ 0041934 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэрэг хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Б.Оын, хохирогч Д.Гийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь түүний жолоодох эрхийн үнэмлэхгүй атлаа машин жолоодсон, машины холын гэрэл асахгүй үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан, бусдад аюул, хохирол учруулахгүйгээр зорчих зэргээр Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлүүдтэй холбоотой бөгөөд тэрээр энэ гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ. Б.О нь Замын хөдөлгөөний дүрмийн зохицуулалтыг биелүүлээгүйгээс осол гарах, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч тухайн нөхцөл байдалд анхаарал болгоомжгүй явснаас замаас гарч явсан явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулжээ.

Харин түүний хохирогч Д.Гийг машинаар мөргөсний дараа хэргийн газрыг орхиж явсан үйлдэл гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Тодруулбал, тэрээр машинд хүн мөргүүлж газар унасныг харсан, мэдсэн атлаа осолд орсон хүнд тусламж үзүүлэлгүй, эмнэлэг, цагдаа зэрэг байгууллагад мэдэгдэх үүрэгтэйгээ ухамсарлаж мэдсээр атлаа ослын газрыг зориуд орхин явж гэмт хэргийг санаатайгаар үйлджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь Б.Оын гэм буруугийн талаар “ Тухайн үеийн зам тээврийн осол гарах гол шалтгаан бол явган зорчигч явган хүний замаар явгаагүйтэй холбоотой. 11 дугаартай шинжээчийн дүгнэлтээр явган зорчигч Д.Г Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна ” гэснийг зөрчсөн гэж гарсан. Отгонбаяр нь зам тээврийн осолд буруугүй байна гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. 2015 онд батлагдсан шинэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн бүрэлдэхүүнтэй байж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийг давхар зүйлчилнэ. Тиймээс дээрх хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

         Энэ нь шүүгдэгч Б.Оын  шүүх хуралдаанд өгсөн “ Тэгээд өөдөөс ирж байсан хүний хажуугаар гартал түс гээд дуугарахаар нь харсан чинь монгол дээлтэй хүн хэвтэж байсан. Явган хүний зам руу гарчихлаа гэж бодсон чинь мөргөсөн. Тэгэхээр нь айж сандраад, нэг мэдэхэд гэртээ харьсан байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үедээ жолоо барьсан нь миний буруу. Эмнэлгийн байгууллагад мэдэгдэх ёстой мэднэ. Гэмтэл учруулсан,хэргийн газрыг орхиж явсан нь миний буруу “гэх, 

          хохирогч Д.Гийн “ Баруун зүгээс засмал замаар зүүн зүгт суудлын авто машин замынхаа урд талыг шахаад машин ойртоод ирэхээр нь замынхаа урд талд гарах гэж нэг хөлөө гаргатал миний баруун хөлийн гуя хэсэгт дайрагдаад замын урд тал руу унасан “ гэх мэдүүлгүүд, 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 22, 41 дугаартай дүгнэлтүүд, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл/хх-06/, Гэрэл зургийн үзүүлэлт/07-08/зэрэг хэргийн баримтаар няцаагдаж байна. 

Тухайлбал, шүүгдэгч Б.О нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа машин жолоодон, холын гэрэл асаалгүй явснаас явган зорчигчийг ойртон ирж харан, түүнийг замаас гарсан эсэхийг анхааралгүй, зогсоох арга хэмжээ авалгүй явснаас дээрх осол гарсан хийгээд түүний Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зохицуулалтуудыг зөрчсөн нь хохирогчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоогүй ба явган зорчигчийг замаас гарах үед Б.О машинаар мөргөсөн бөгөөд энэ нь машин, хохирогч нарын явсан чиглэл, хохирогчид учирсан гэмтэл, машины толь хугарсан байдал зэргээр хэрэгт тогтоогдоно.

 

Мөн шүүгдэгч Б.О “ Би зөөлөн явж байсан. Баяр ёслол болж байсан учраас энд тэндээс архи хэрэглэсэн хүн гарч ирэх вий гэж бодож байсан “ гэж мэдүүлж байгаа нь хохирогчийн “Шүүгдэгч хурдтай явж байсан. Би замын хашлага дагаад явж байсан. Машины гэрэл тусахаар нь холдох гэтэл намайг дайрахад нь машиных нь хамар дээгүүр нь давж эрүүгээрээ толийг нь цохисон. Тэгээд цаана унахдаа мөрөө мулталсан. Тэр хавиар 2 хүүхэд явж байгаад түргэн тусламж дуудсан гэсэн. Хэрвээ 20 минут хоцорсон бол би үхэх байсан гэж эмч нар нь хэлсэн. Эмнэлэгт ухаангүй байж байгаад өглөө нь үүрээр сэргэсэн“ гэх мэдүүлгээр няцаагдана.

Тодруулбал, хохирогчид “ тархи доргилт, баруун хөлийн дунд чөмгөний бяцарсан зөрөөтэй далд хугарал, зүүн мөрний мултрал “ бүхий гэмтэл учирсан, түүний жолоодож явсан машины толь бүхэлдээ хугарч гэмтсэн зэргийг үндэслэвэл,  шүүгдэгчийн мэдүүлж буй “ бага хурдтай явсан” гэх байдал үгүйсгэгдэх ба энэ нөхцөл байдал нь хэрэгт нотлох баримтаар нотлогдоогүйг дурдъя.

 

Шүүгдэгч Б.Оын, хохирогч Д.Гийг тээврийн хэрэгслээр мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл/  Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ажиглалтын журам зөрчих/-д заасан гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн буюу 27.10 дугаар зүйл 1 дэх хэсэг, машинаар хүн мөргөсний дараа хэргийн газрыг зориуд орхиж явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ гэмт хэргийг шинжүүдийг тус тус агуулах бөгөөд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул Б.Оыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогчийн Д.Г гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт  4.860.000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан эмчилгээний зардал 895.000 төгрөг, Улаанбаатар хот руу машинаар хүргүүлсний төлбөр 300.000 төгрөг, нийт 1.195.000 төгрөгийг нэхэмжлэлийг хангаж, сэтгэл санааны хохирлын 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтоолоо. Д.Г нь сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлтэй холбогдуулан ямар нэгэн тодорхой тооцоо, нотлох баримтыг  шүүхэд ирүүлээгүй болно.

 

Гэмт улмаас хохирогч Д.Гт хүндэвтэр хохирол учирч одоог хүртэл бүрэн эдгэрээгүй, эмчилгээ шаардлагатай байгааг үндэслэн хохирогч нь цаашид гарах эмчилгээ болон хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах эрхтэйг дурдъя.

 

Шүүгдэгч Б.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Оын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Д.Гт цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар тус тус торгох ял оногдуулна.

 

Шүүгдэгчийн ажил төрөл эрхэлдэггүй буюу цалин хөлсгүй, бусад орлого олох боломжийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулах торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Б.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны зардалгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Оыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсэгт  заасныг баримтлан ялтан Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр  торгох хүнд ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр  торгох хөнгөн ялыг нэмж нэгтгэн, нийт ялыг 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 / тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Б.От оногдуулсан 950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 950.000 төгрөгөөр торгох ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.О нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Оаас 1.195.000 төгрөгийг гаргуулан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн иргэн хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Гт олгож, түүний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохирлын 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 7. Ялтан Б.О энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчинтэй болтол ялтан Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН