Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/336

 

  2025             03             18                                       2025/ДШМ/336

 

Ч.Х, А.Т нарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Ганчимэг,

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Я.Батханд,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Ганчимэгийн бичсэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 07 дугаартай эсэргүүцлээр А.Т, Ч.Х нарт холбогдох эрүүгийн 2406034393092 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. х овгийн Ч.Х, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, *** гудамж, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

2. х овгийн А.Т, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***-ийн МСҮТ-ийн дамжаанд сурдаг, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Өлгий ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;

Шүүгдэгч Ч.Х, А.Т нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, ** байрны гадаа “хүүхдээ болон дүүгээ өмөөрөн” маргаан үүсгэж, улмаар харилцан бие биедээ хүч хэрэглэснээс Ч.Х нь А.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Т нь Ч.Хн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ч.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, А.Т үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгож ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас шүүгдэгч А.Т чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Хд оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т нь бусдад төлөх төлбөргүй, тэрээр Эрүүл мэндийн даатгалын санд 196.380 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хгаас 2.898.850 төгрөгийг гаргуулан хохирогч А.Тд, 3.157.560 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгож, хохирогч Ч.Х, А.Т нар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэх болон сэтгэл санааны хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Хгаас хохирогч А.Т, шүүгдэгч А.Тас хохирогч Ч.Х нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Ганчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэртэй танилцаад шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй үндэслэлээр эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзлээ.

Үүнд: Шүүхээс шүүгдэгч Ч.Х, А.Т нарыг харилцан бие биедээ хүч хэрэглэн халдсаны улмаас Ч.Хгийн эрүүл мэндэд зүүн нүдний алимны салст, зовхи, хацар, шанаа, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол, А.Т эрүүл мэндэд зүүн талын хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон, дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.Т эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Тодруулбал шүүхээс шүүгдэгч Ч.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан атлаа шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим “1. Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.”, мөн хуулийн 1.4 дүгээр зүйл. Гэм буруугийн зарчим “1.Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж гэмт хэрэг үйлдсэн хүнд хариуцлага хүлээлгэх суурь зарчмуудыг хуульчилсан ба эрүүгийн хариуцлагын зорилгыг мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэсэн байдлаар тодорхойлсноос үзвэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон хүнд “эрүүгийн хариуцлага” хүлээлгэх нь гарцаагүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгохоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Шүүх “...Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч А.Т эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх...” гэж заасан хуулийн нөхцөлүүдэд дүгнэлт хийгээгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас хөнгөн ял оногдуулах, торгох ял оногдуулах дүгнэлтүүдийг гаргасан байхад шүүхээс тухайн дүгнэлтүүдийг үгүйсгэсэн талаар дурдаагүй, түүнчлэн шүүгдэгч нар харилцан зодолдсон, өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэсэн атлаа нэг шүүгдэгчид ял оногдуулж, нөгөөг нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа нь шийтгэх тогтоолыг тодорхойгүй, ойлгомжгүй болгосон байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль ёсны болон шударга ёсны зарчмыг чанд баримталж, нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн төрөл, хэмжээний ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг хэрэглэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийх нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх учиртай.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заасан бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг сонгон оногдуулж, түүнийг эдлэхээс чөлөөлж байгаа ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т “шүүгдэгчийг ял эдлэхээс чөлөөлсөн болон Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үндэслэл” 36.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүгдэгч ялаас чөлөөлөгдсөн бол энэ тухай заана” гэж тус тус хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хор уршгийн талаар бодитой үнэлж, дүгнээгүйн зэрэгцээ хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох”, “нийтэд тустай ажил хийлгэх”, “зорчих эрхийг хязгаарлах” ял, эрүүгийн хариуцлагаас аль эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь тодорхойгүй гэж үзэж байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/284 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

Шүүгдэгч А.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ч.Хгийн биед хөнгөн хохирол учруулсандаа харамсаж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүдэгч А.Т өмгөөлөгч Я.Батханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Т өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол зэргийг харгалзан үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээ учраас шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.Х, А.Т нар нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, ** байрны гадаа “хүүхдээ болон дүүгээ өмөөрөн” маргаан үүсгэж, улмаар харилцан бие биедээ хүч хэрэглэснээс Ч.Х нь А.Т эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Т нь Ч.Хн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Т “…уг танихгүй эрэгтэй шууд намайг нүүр хэсэг рүү цохисон…, …намайг ална гээд хөөгөөд дахиад зам дээр зодолдоод салсан. …” /хх 15/,

хохирогч Ч.Хгийн “…би уг залууг алгадсан чинь зөрүүлээд намайг цохиод зодоон болсон ба хашааны гадаа гарч дахиж барьцалдаж аваад тэгээд салсан. …” /хх 21/,

гэрч Х.Цгийн “…нөхөр нь гаднаас машинтай орж ирээд машинаасаа буугаад “хэн яагаад байгаа юм” гэтэл эхнэр нь манай нөхөр А.Т руу заатал шууд цохиод авсан юм. Тэгээд манай нөхөр тэр ах хоёр зодолдоод хашаанаас гараад явсан, цааш юу болсныг мэдээгүй. …” /хх 24/,

гэрч Ч.Аын “…А.Т гараад очиход дүү Чг нөгөө муудалцсан хүүхдийн ах нь зодсон байдаг. Үүнээс үүдээд А.Т нөгөө ахыг нь загнаж байсныг ээж нь гэх хүн гарч ирээд “манай хүүхэд дүүгээ өмөөрсөн байна” гээд маргаан үүсгээд зогсож байхад нөхөр нь гэх залуу ирээд цохиж зодлоо гэж хэлсэн. …” /хх 35/,

шүүгдэгч А.Т яллагдагчаар өгсөн “...хохирогчоор өгсөн мэдүүлэгтэй адилхан, нэмж хэлэх зүйл байхгүй, би Ч.Хгийн биед хөнгөн гэмтэл учруулсандаа харамсаж байна...” /хх 89/,

шүүгдэгч Ч.Хгийн яллагдагчаар өгсөн “...хүүхдүүдээс болоод хоорондоо зодолдсон...” /хх 97/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7528 дугаар шинжээчийн “…А.Т биед зүүн талын хоншоорын урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дотор буланд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” /хх 39-40/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 7555 дугаар шинжээчийн “…Ч.Хн биед зүүн нүдний алимны салст, зовхи, хацар, шанаа, шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. …гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” тус тус дүгнэлтүүд,

дуудлагын лавлагааны хуудас /хх 9/, А.Т Цэргийн төв эмнэлгийн өвчний түүх /хх 107-130/, хохирлын баримтууд /хх 132-135, 186-187/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх 148/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ч.Хг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Х, А.Т нар нь хүүхдээ болон дүүгээ өмөөрөн маргаан үүсгэж, улмаар бие биедээ хүч хэрэглэснээс тус тусын эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Прокурор Н.Ганчимэг “…А.Т эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, …шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, … эрүүгийн хариуцлага оногдуулахгүйгээр … ямар ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэх …” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх;…” эсэх нь шүүхээс хийх хууль зүйн дүгнэлтээс хамаардаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхдөө мөн хуулийн тусгай ангид заасан ял шийтгэлийг оногдуулахгүйгээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг, эсхүл хэд хэдэн төрлийн ял нь эрүүгийн хариуцлага гэх ойлголтод хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх ойлголт нь тусгай ангид заасан ял шийтгэл оногдуулахгүй байх агуулгыг илэрхийлдэг.

Анхан шатны шүүхээс дээрх хууль зүйн зохицуулалтын агуулгад нийцүүлэн шүүгдэгч А.Т хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар хийсэн хууль зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.

Шүүгдэгч Ч.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Иймд прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/284 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Н.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                         Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР