| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2017/0164/э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 24.8.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 116
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,
Улсын яллагч С.Сугар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Борчулуун
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сад холбогдох 1730000930070 дугаартай хэргийг Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасныг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1967 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 51 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ67041531, Халиу овгийн Тогтохын Сүрбадрах
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Т.С нь Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараа болох “Дэрэвгэр жиргэрүү” гэх 5 кг ургамал, 57 ширхэг цагаан зээрийн эврийг 49-05 СҮА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрийн доод хөндийд нууж, 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэрэвгэр жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.С шүүх хуралдаанд: Би урьд нь хэргийнхээ талаар үнэн зөв ярьсан. Би нэг ч зээр агнаагүй харин зээрийн эврийг бусдаас худалдан авч цуглуулсан гэв,
- Шүүгдэгч Т.Сын мөрдөн байцаалтанд өгсөн:..Би Дорнод аймаг явж модлог ургамал нэг танихгүй хүнээс 1 кг-ийг нь 7000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байх гэртээ авчирсан. 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр би өөрийн Истана маркийн 49-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн илүү дугуйндаа хийсэн. Харин зээрийн эврээ би 1 кг-ийг нь 8000 төгрөгөөр худалдаж авсан. Уг эврийг ширхгээр нь тоолбол 57 ширхэг зээрийн эврийг би Истана маркийн тээрийн хэрэгслийнхээ зөв талын хаалганы хармаанд хийсэн юм. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би уг тээврийн хэрэгслээр улсын хил гарах гэж байгаад саатуулагдаж шалгуулахад миний машинд байсан 57 ширхэг зээрийн эврийг хууль бус бараа хилээр гаргах гэлээ гээд хурааж авсан. Харин миний илүү дугуйг задалж чадаагүй юм. 5 кг нойтон ургамал авсан одоо хатаад жин нь буусан байгаа байхаа. Би ганцаараа байсан миний хажууд ямар нэг хүн байгаагүй” гэх мэдүүлэг, / хх-н 33 х /,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Борчулуун шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгэндээ:Зээр буюу Ооно нь 2 эвэртэй /хос/ бөгөөд 2 ширхэг эврийг 1 хос гэж үзэж 1 толгой цагаан зээрээр тооцдог. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний ’’ 1-р хавсралтын 8-т зааснаар цагаан зээр /эр/ нь 500,000 төгрөг, Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэсэн заалт байгаа учраас 1 толгой цагаан зээрийн ооныг 1,000,000 /нэг сая төгрөг/-өөр нөхөн төлбөр тогтооно. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилхан үзэж нөхөн төлбөр ноогдуулдаг. Дээрх нөхцөлийг үзэхэд 57 ширхэг буюу 29 толгой цагаан зээрийн ооно агнасан байна гэж үзэж 29,000,000 төгрөгийн хохирол экологид учирсан байна. Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг үндэс 50.000 төгрөг юм. Уг хэрэгт 5 кг гэж бодохоор 250.000 төгрөг болж байгаа үүнийг 5 дахин нэмэгдүүлэхэд 1250000 төгрөг болж байгаа. Жиргэрүү гэх ургамлын үндэс болон цагаан зээрийн ооны хохирол нийтдээ 30,250,000 төгрөг болж байна. Хуулийн дагуу улсын орлого болгож төлбөрийг Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын санд оруулж өгнө үү энэ мөнгөө бид байгаль хамгаалах ажилд зарцуулдаг юм.
- Иргэний нэхэмжлэгч М.Борчулууны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дэргэвэр Жиргэрүү гэх ургамал нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгийн хэсэг газраар ургадаг юм. Уг ургамал Монгол Улсын Засгийн газрын тогтоол Жагсаалт батлах тухай Ховор ургамлын жагсаалт 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 150 тоот тогтоолын 350 дугаарт бичигдсэн байдаг. Дэрэвгэр Жиргэрүү гэх ургамлын Экологи эдийн засгийн үнэлгээ нь 1 кг үндэс 50.000 төгрөг юм. Уг хэрэгт 5 кг гэж бодохоор 250.000 төгрөг болж байгаа үүний үнийг нь 5 дахин нэмэгдүүлэхэд 1250000 төгрөг болж байгаа. Дэргэвэр Жиргэрүү гэх ургамал нь биологийн идэх бодис бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байдаггүй юм. Дорнын уламжлалт анагаахад даарч хөөрснөөс хатгалгаа туссан үед халуун болон толгойн өвчин намдаах, хөлөргөх, саа, мэдрэлийн эмгэг, үргэлжилсэн удаан хугацаагаар халуурах, чичрэх зэрэгт хэргэлдэг юм. Анагаахын чиглэлээр эм гаргаж авах зорилгоор ашигладаг. Зээрийн эврийг худалдах, худалдан авахыг хориголдог юм. Зээр буюу Ооно нь 2 эвэртэй /хос/ бөгөөд 2 ширхгийг эврийг 1 хос гэж үзэж 1 толгой цагаан зээрээр тооцдог. Монгол Улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоол “Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээний ’’ 1-р хавсралтын 8-т зааснаар цагаан зээр /эр/ нь 500,000 төгрөг, Монгол Улсын амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтоон гэсэн заалт байгаа учраас 1 толгой цагаан зээрийн ооныг 1,000,000 /нэг сая төгрөг/-өөр нөхөн төлбөр тогтооно. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилхан үзэж нөхөн төлбөр ноогдуулна. Дээрх нөхцөлийг үзэхэд 57 ширхэг буюу 29 толгой цагаан зээрийн ооно агнасан байна гэж үзэж 29,000,000 төгрөгийн хохирол экологид учирсан байна. Жиргэрүү гэх ургамлын үндэс болон цагаан зээрийн ооны хохирол нийтдээ 29,250,000 төгрөг болж байна. Хуулийн дагуу улсын орлого болгож төлбөрийг Сүхбаатар аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын санд төвлөрүүлж өгөхийг хүсэмжилж байна” гэх мэдүүлэг, / хх-н 17 х /,
- Гэрч Ж.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бичигт боомтын хяналтын талбай дээр хуваарийн дагуу хяналт шалгалтаа хийж байхад 15 цаг 50 минутын орчимд Истана маркийн 49-05 СҮА улсын дугаартай авто машиныг шалгах үедээ запаас дугуйг нь тайлуулаад би өргөж үзэхэд хэмжээнээсээ илүү хүнд юм шиг санагдахаар нь задал гэхэд Сүрбадрах гэх жолооч дугуйгаа задалж болохгүй заавал дугуй засвараар тайлуулна гээд задлахгүй байхаар нь Бичигт боомтын цагдаа С.Отгонбаатарыг дуудаж нарийвчилсан шалгалт хийх гэж дугуйг нь задлах гэсэн боловч задалж чадаагүй. Харин уг авто машины жолооч талын болон эсрэг талын урд гишгүүрийг үзэхэд зээрийн эвэр гарч ирсэн. Өөр хориглосон эд зүйл илрээгүй. Засгийн газрын 173 дугаар тогтоолоор улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан бараанд ордог юм” гэх мэдүүлэг, / хх-н 19-20 х /,
- Гэрч С.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Бичигт боомтын шалган нэвтрүүлэх 2 дугаар хаалтан дээр 16 цагийн үед хяналтын үүрэг гүйцэтгэж байхад Мал эмнэлгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч утсаар машинд үзлэг хийх шаардлагатай байна, лобарторын урд хүрээд ирээч гэхээр нь яваад очиход Сүрбадрах гэх жолоочтой истана маркийн 49-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд би хилийн 0146 дугаар ангийн дэд ахлагч Болорцэцэг, хилийн 0146 дугаар ангийн тагнуулын ахмад Золбоо, мэргэжлийн хяналтын улсын байцаагч Оюунчимэг нарын хамт уг машиныг шалгах үедээ дугуйг нь задлах гээд чадаагүй. Харин уг авто машины жолооч талын болон эсрэг талын урд гишгүүр доорх тавцанг хилийн 0146-р ангийн байлдагч Э.Жанчиваар тайлуулж үзэхэд 57 ширхэг зээрийн эвэр гарч ирсэн” гэх мэдүүлэг, / хх-н 18 х /,
- Гэрч Э.Жанчивын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2 дугаар хаалтан дээр 15 цаг 50 минутын үед цагийн манааны үүрэг гүйцэтгэж байхад хошууч Бямбажав намайг лабораторын урд яваад оч гэхээр нь очиход Сүрбадрах жолоочтой истана маркийн 49-05 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Уг машины жолооч тал болон эсрэг талын урд талын гишгүүр доорх хөндий доороос 57 ширхэг зээрийн эвэр илэрсэн” гэх мэдүүлэг, / хх-н 21-22 х /,
Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батцэрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 21/А дугаартай
“1.Шинжилгээнд хүргүүлсэн ургамлын үндэс нь шүхэртний овогт хамаарах Дэрэвгэр жиргэрүү гэх олон наст өвслөг ургамлын үндэс болно. Дэрэвгэр жиргэрүү ургамлын олон улсын нэршил буюу латин нэр нь Saposhnikovia divarivate, / Turcz / Schichk
2.Дэрэвгэр жиргэрүү ургамал нь Монгол Улсын засгийн газрын тогтоол Жагсаалт батлах тухай /ховор ургамлын жагсаалт/ 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 тогтоолын жагсаалтын 350 дугаарт бичигдсэн болно.
3.Уг ургамал нь үндэсний системийн хөгжил сайтай хөрс бэхжүүлэх, элсний нүүдлийг сааруулах зэрэг экосистемд эергээр нөлөөлдөг тул үндсийг түүснээр элсний нүүдлийг түргэтгэх, цөлжилтийг эрчимжүүлэх зэргээр байгаль экологийн тэнцвэрт байдалд сөрөг нөлөөлөлтэй. Байгаль Орчин Ногоон Хөгжил Аялал Жуулчлалын Яамны одоогийн мөрдөж буй экологи эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1 үндэс 50.000 төгрөг. Энэхүү экологи эдийн засгийн үнэлгээ нь тарьж ургуулах, нөхөн сэргээлт хийх зэрэг нэмэлт үйлчилгээ хийгдээгүй зөвхөн байгалийн ургамлын түүхий эдийг бэлтгэхэд хэрэглэх /оногдуулах/ тодруулбал байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тооцох үнэлгээ юм. Шинжилгээнд ирүүлсэн үндэс нь гүйцэд хатаагүй чийгтэй, хөгзөрсөн байдалтай байгаа нь түүгээд удаагүй 2017 оны шинээр бэлтгэсэн үндэс гэдгийг илтгэж байна” гэх дүгнэлт,
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол, / хх-н 1 х/,
- Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай акт 2017.08.31, / хх-н 3-5 х /
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг 6-11 х /
- Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р багийн Засаг даргын 2017 оны 10 сарын 09-ний өдрийн 08/01-25 дугаартай албан тоот, / хх-н 34 х /
- Монгол улсын Засгийн газрын жагсаалт батлах тухай 1995.08.25-ны өдрийн 153 дугаартай тогтоол,/хх-н 39-40х/ зэргийг шинжлэн судлахад Шүүгдэгч Т.С нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт дэх боомтоор өөрийн эзэмшлийн 49-05 СҮА улсын дугаартай “Истана” маркийн тээврийн хэрэгслийн нөөц дугуй, шатахуун агуулах сав, урд талын гишгүүрийн доод хөндийд Монгол улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан, 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх, кодолсон бараанд багтсан 1211.90.90 кодтой,1 кг нь 50000 төгрөгийн үнэ бүхий 5 кг Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамал, Мөн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын”Монгол хилээр тарифын бус бусад хязгаарлалттай нэвтрүүлэх бүлэг барааны жагсаалт”-ын 8 дугаарт бичигдсэн ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд буюу нэг нь 500000 төгрөгийн үнэ бүхий цагаан зээрийн 57 ширхэг эвэр зэргийг хилээр нэвтрүүлсэн, Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтад орсон ховор ургамлын жагсаалтын 350 дугаарт багтсан Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Сүрбадрахын шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч иргэний нэхэмжлэгч М.Борчулууны мэдүүлэг, гэрч Ж.Оюунчимэг, С.Отгонбаатар, Э.Жанчив нарын мэдүүлгүүд, Цагдаагийн байгууллагатай хамтарсан хяналт шалгалт хийсэн тухай акт 2017.08.31, / хх-н 3-5 х / Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг / 6-11 х /, Ерөнхий болон Сорилын Биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Батцэрэнгийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн 21/А дугаартай дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.Сад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.С нь дээрх гэмт хэргүүдийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тухайлбал тэрээр хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон бараа болох цагаан зээрийн эвэр, Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндсийг гадаад улсад зарж борлуулах ашиг олох зорилгоор зохих зөвшөөрөлгүйгээр бусдаас худалдан авч, бэлтгэж, тусгайлан боож тээврийн хэрэгслийн нөөц дугуй, гишгүүрийн хөндийд нуух зэргээр хилээр нэвтрүүлсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1,/ Хууль ,Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн/, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн1 / зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдан авсан, хадгалсан,тээвэрлэсэн/ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хийгээд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна. Шүүгдэгч Т.Сын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Монгол улсын байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн А-282 дугаартай тушаалын хавсралтын 399 дугаарт Дэрэвгэр жиргэрүүг 1 кг-ыг 50.000 төгрөгөөр, Засгийн газрын 2011 оны 01 сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 8-д цагаан зээрийг 500000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн бөгөөд иргэний нэхэмжлэгчээс энэхүү ургамал, амьтны экологи- эдийн засгийн үнэлгээгээр Дэрэвгэр жиргэрүү гэх ховор ургамлын үндэс 5 кг-ийг 1.250.000 төгрөг, 2 хос зээрийн эврийг нэг толгой зээрээр тооцон 57 ширхэг эврийг 29 толгой зээрээр тогтоож 29.000.000 төгрөг нийт 30.250.000 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжилжээ.
Шүүгдэгчийн зохих байгууллага, яамнаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр дээрх нэр бүхий Монгол улсын хилээр гаргахыг хязгаарласан, хориглосон амьтан ургамлыг хууль бус аргаар олж хадгалан тээвэрлэж улсын хилээр гаргасан гэм буруутай үйлдлээс Монгол улсын ургамал амьтны аймагт хохирол учирсан байх тул иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1”Бусдын... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 ” амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” ,49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 ”ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “ байгалын ургамлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас ургамлын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, 37 дугаар зүйлийн 37.2 ” амьтны аймагт учирсан хохирлыг... хоёр дахин өсгөж тогтооно” гэж тус тус заасны дагуу хохирол нөхөн төлбөр болох 30250000 төгрөгийг шүүгдэгч Сүрбадрахаас гаргуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан шууд хохирлыг төлж барагдуулаагүй тул түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг хурааж нөхөн төлбөрийг төлөхөд зарцуулах, гэмт хэргийн замаар олж авсан 5 кг “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын үндэс, 57 ширхэг зээрийн эврийг улсын орлого болгох, шүүгдэгч Сүрбадрахын эзэмшлийн 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэх хүртэл хэвээр үлдээж, №01165254 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С нь цагдан хоригдсон хоноггүй,хураагдаж ирсэн бичиг баримт байхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.С шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “...Би зээр агнаагүй зээрийн эврийг мөнгө олох зорилгоор хүнээс худалдаж авч цуглуулсан гэтэл бүтэн зээр агнаснаар үзэж нөхөн төлбөр тавьж байгааг ойлгохгүй байна гэж маргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т” Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж нөхөн төлбөр ногдуулна,” гэсэн хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэвэл аливаа этгээд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулах, худалдах, худалдан авахад эрх бүхий этгээдээс зохих зөвшөөрөл заавал авахыг журамласан бөгөөд шүүгдэгч Т. Сүрбадрах нь хуулиар тогтоосон эдгээр үүргийг хэрэгжүүлээгүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Сад хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Т.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгуулийн ял дээр мөн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5.400.000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг нэмж нийт эдлэх торгуулийн ялыг 5.850.000 / таван сая найман зуун тавин мянган/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Монгол улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3, Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3 Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1,37.2-т заасныг тус тус баримтлан ялтан Т.Саас дэрэвгэр жиргэрүү ургамлын нөхөн төлбөр 1.250.000 /нэг сая хоёр зуун тавин мянга/ төгрөг, цагаан зээрийн нөхөн төлбөр 29.000.000 /хорин есөн сая/ төгрөг нийт 30.250.000 / гучин сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг хурааж, байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичгээр хураагдаж ирсэн зүйлгүй, №01165254 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг тогтоол хүчин төгөлдөр болмогц Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 5 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндэс, 57 ширхэг зээрийн эврийг хурааж улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар Т.Сын өмчлөлийн 4.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 49-05 СҮА улсын дугаартай, “SSANGYONG” маркийн машиныг битүүмжилсэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явагдтал хэвээр байлгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР