Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар  2025/ДШМ/335

 

   2025             03          18                                        2025/ДШМ/335

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/421 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406080261125 дугаар хэргийг 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б.Б, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суух, /РД: **00000000/;

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 349 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1059 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан;

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улиастайн гүүрний авто замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 54-01 УБК улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Б.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугааар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг анхааруулж, шүүгдэгч Б.Б эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025/ШЦТ/421 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг гурван жилээр хасах, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрийг үл зөвшөөрч байгаа тул миний хүсэлтийг харгалзан үзнэ үү. … миний бие эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, би ганцаараа ажил хийдэг. 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг дуудсан үед нь хийгээд явахаар ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүсэж байгаа. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б.Б тухайд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргадаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатнаас эхлэн хэргийн үйл баримтын талаар гэм буруутай гэсэн агуулгатайгаар болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлж ирсэн байдаг. Б.Б эхнэр, 2 настай хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа бөгөөд ганцаараа ажил хийж байгаа. Өмгөөлөгчид хандан хэлсэнчлэн гэм буруутай үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, гэр бүл болон эхнэртээ санхүүгийн дарамт учруулж, хүндрэлтэй нөхцөл байдал бий болгож байгаадаа маш их харамсаж байгаа. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Шүүхээс Б.Б үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэл тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 цаг 40 минутын орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улиастайн гүүрний авто замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 54-01 УБК улсын дугаартай Тоёота камри загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн “… өглөө гэрээсээ гараад ажил руугаа 09 цаг өнгөрч байхад “Toyota camry” маркийн 54-01 УБК улсын дугаартай автомашинаа жолоодоод Улиастайн авто замаар явж байгаад замын цагдаа зогсоож шалгуулахад урьд шөнийн уусан пиво гараагүй 0,67 хувийн согтолттой байсан. ... би 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 1.72 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодон яваад нэг жилийн хугацаатай тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байгаа. ...” /хх 72/ мэдүүлэг,

согтуурлын зэрэг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх 4/, согтуурлын зэргийг баталгаажуулалт хийсэн баримт /хх 7/, жолоочийн лавлагаа, мэдээл /хх 8/, Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хх 42-54/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Б “…нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр болон ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийсний эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцнэ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ял оногдуулдаг бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас анхан шатны шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240-өөс 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс 240 цагийг шүүгдэгчид оногдуулсан нь түүний гэм буруугийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/421 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                         Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                         Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР