Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01011

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01011

 

 

Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00474 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Мянганбуугийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мфикскапитал ХХК-д холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцны талбайн зөрүүд үнэд 94 675 200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мянганбуу миний бие 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Мфикскапитал ХХК-тай 179 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан амины орон сууцны барилгын А-1 блокийн 3 тоот, 330 м.кв талбайтай 6 өрөө орон сууцыг худалдаж авах захиалга өгсөн. Гэрээнд зааснаар байрны нийт үнийг 264 000 ам.доллар байхаар тохиролцсон бөгөөд гэрээ байгуулахдаа урьдчилгаа 83 000 ам.доллар төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний 3.1.2-д заасан графикийн дагуу төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 83 000 ам.доллар, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 47 000 ам.доллар, 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20 000 ам.доллар, 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 45 000 ам.доллар, 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 29 600 ам.доллар, 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 25 000 ам.доллар, 2012 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 9 000 ам.доллар, 2012 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 953 016 ам.доллар, 5 400 ам.долларын бараа, нийт 264953.16 ам.долларыг бүрэн төлж барагдуулсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д А тал нь энэ гэрээний 2.1-д заасан орон сууцны барилгын ажлыг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгнө, 5 дугаар зүйлийн 5.7-д Төлбөрөө 100 хувь төлсөн нөхцөлд орон сууцны өмчлөх эрхийн бичгийг худалдан авагч Б талд шилжүүлэн өгнө гэж тохиролцсон боловч улсын бүртгэлийн гэрчилгээг өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Энэ талаар Мфикскапитал ХХК-иас удаа дараа тодруулахад гэрчилгээг удахгүй гаргаж өгнө, түр хүлээгээрэй гэх хариуг өгөөд өдий хүрч, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас болж өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадалгүй хохироод байна. Орон сууцны нийт талбай 330 м.кв байхаар харилцан тохиролцсон боловч бодит байдал дээр 320.6 м.кв талбайтай болох нь хэмжилтээр тогтоогдсон. Миний бие талбайн зөрүүнээс болж орон сууцны төлбөрт 7 520 ам.доллар илүү төлж хохирсон. Орон сууцны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлж барагдуулсан тул гэрээнд зааснаар өөрийгөө тус байрны өмчлөгч гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны барилгын А-1 блокийн 3 тоот хаягт байрлах, 3 давхар, 320.6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Мянганбуу миний нэр дээр шилжүүлэхийг Мфикскапитал ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Мянганбуу нь 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 179 тоот гэрээг байгуулж, Хөх тэнгэр хотхоны 48Б байрны 2 тоот /тухайн үеийн А-1 блок 3 тоот/ амины орон сууцыг захиалан бариулсан. Уг орон сууцанд Б.Мянганбуу амьдардаггүй, хүү М.Наранбаатар нь тухайн үед МҮОНРТ-ийн дарга байсан бөгөөд өөрийн нэр дээр орон сууцны гэрээ хийх боломжгүй тул аав Б.Мянганбуугийн нэр дээр дүр үзүүлсэн гэрээ хийсэн. Үүнийг жил бүрийн орон сууц, СӨХ ашиглалтын төлбөрийн баримтаас харж болно. 48Б-2 тоот орон сууцны талбайн хэмжээ гэрээнд 330 м.кв хэмээн тусгагдсан боловч барилга баригдсаны дараа дахин хэмжилт хийхэд 378 м.кв хэмжээтэй болсон. 179 тоот гэрээний 3.3-д орон сууцны төлбөр хийгдэх талбайг тооцохдоо уг байрны гадна ханын тэнхлэгээр тооцно гэж заасан. Иймд талбайн зөрүү буюу 48 м.кв талбайн үнийн дүн болох 38.400 ам.долларыг дутуу төлсөн ба гэрээний 3.5-д заасны дутуу төлсөн төлбөрт алданги тооцоход 143.002 ам.доллар болж байна. Орон сууцны төлбөрийг графикт хугацаанд барагдуулаагүй, илүү 48 м.кв талбайн үнийг төлөөгүй атлаа ашиглаж, амьдарч байна. Б.Мянганбуугийн гаргасан 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны 3 давхар 320,6 мкв талбай бүхий 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон суцны өмчлөх эрхийн гэрчилгээг Б.Мянганбуугийн нэр дээр шилжүүлэхийг Мфикскапитал ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

            Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууцыг 1 м.кв-ын үнийг 800 ам.доллараар тооцож худалдахаар тохирсон. Гэвч барилга баригдах явцад орон сууцны талбайн хэмжээ нэмэгдэж, 330 биш 378 м.кв талбайтай болсон тул зөрүү 48 м.кв талбайн үнэ 94 675 200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Энэ сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Тус орон сууцны талбайг Цэнхэр төхөм ХХК-иар хэмжүүлэхэд 320.6 м.кв байсан нь гэрээгээр тохиролцсон хэмжээнээс 9.4 м.кв талбайгаар багассан бөгөөд нэхэмжлэгч 7 520 ам.долларыг илүү төлсөн байна. Түүнчлэн сөрөг нэхэмжлэл Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д заасан харилцан тооцох шаардлагад хамаарахгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.    

 

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.1, 343 дугаар зүйлийн 343.4-д заасныг баримтлан Төгс билэгт овогт Буянхүүгийн Мянганбуу /РД:ЙГ42122019/-г Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу, 48Б-2 тоот, 319.56 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, тус орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Б.Мянганбууд шилжүүлэхийг хариуцагч Мфикскапитал ХХКомпани /РД:2714728/-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Мфикскапитал ХХКомпани нь орон сууцны талбайн зөрүү 94 675 200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн урьдчилан төлсөн 631 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргаж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас товлогдсон хуралд биечлэн оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.4, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчиж, тус банкийг шүүх хуралд биечлэн оролцох, мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үйлдэл байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар дээрх хүсэлтийг шүүгч хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт тусгагдаагүй бөгөөд шүүгч захирамж гаргаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т заасан хэргийн оролцогчийн нэг болох гуравдагч этгээдийн хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсан бөгөөд хүсэлтийг даруй шийдвэрлэж, шүүгч захирамж гаргах ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл гаргасан тул шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б.Мянганбуу хариуцагч Мфикскапитал ХХК-д холбогдуулж Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах амины орон сууцны барилгын А-1 блокийн 3 тоот хаягт байрлах, 3 давхар, 320,6 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.

 

Харин Капитрон банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон боловч ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Мянганбуу нь 2009 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Мфикскапитал ХХК-тай Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж байгаа амины орон сууцны барилгын А-1 блокын 3 тоот 330 мкв талбайтай 6 өрөө орон сууцыг захиалан бариулахаар тохиролцож, нэхэмжлэгч нь орон сууцны үнэ болох 264 000 ам.долларын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, тус захиалан бариулсан А-1 блокын 3 тоот хаягт байрлах орон сууц нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолбор /17021/, Зайсангийн тойруу 48Б-2 тоот хаягтай болсонд талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх Мфикскапитал ХХК, Б.Мянганбуу нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэж, захиалагч Б.Мянганбууг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Хариуцагч Мфикскапитал ХХК нь орон сууцны талбайн хэмжээ нэмэгдэж, 330 биш 378 м.кв талбайтай болсон гэж зөрүү 48 м.кв талбайн үнэ 94 675 200 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хүсэлтээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр 319,56 м.кв талбайтай болохыг тогтоосон, хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээс татгалзсан тул 319.56 м.кв талбайтай, 6 өрөө орон сууцыг нэхэмжлэгч өмчлөх эрхтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Хариуцагч Мфикскапитал ХХК 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр дээрх орон сууцыг 90%-ийн гүйцэтгэлтэй байхад нь өөрийн компанийн нэр дээр өмчлөгчөөр бүртгүүлж /хх-ийн 108/, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Капитрон банк ХХК, Мфикскапитал ХХК, Анусервис ХХК-ийн хооронд 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 08/135 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд уг орон сууцыг барьцаалсан /хх-ийн 164-165/ үйл баримт тогтоогджээ.

 

Барьцааны зүйлийн талаар нэхэмжлэгч маргаагүй ба шүүх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт тус тус зааснаар барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөхөд барьцаа хэвээр хадгалагдах талаар дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна.

 

Харин шүүх тухайн тохиолдолд шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 343 дугаар зүйлийн 343.4-т заасныг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.

 

Капитрон банк ХХК 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаж, шүүх хүсэлтийг хангаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбулганд нэхэмжлэлийг танилцуулсан /хх-ийн 176/, нөгөө итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбатад эрх, үүргийг нь тайлбарлаж танилцуулсан /хх-ийн 21/, тэрээр өмгөөлөгч авах, хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн материал танилцуулсан, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх гуравдагч этгээд Капитрон банкны давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Мянганбуугийн нэхэмжлэлийн үнийн дүнг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар тодорхойлох байтал 70 200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлүүлсөн нь буруу болсон хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзээд давж заалдах шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөн хуваарилж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч Орон сууц захиалгаар барих 264 000 ам.долларын үнийн дүн бүхий гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардаж байгаа ба гэрээний дагуу 264 000 ам.доллар төлөгдсөн талаар зохигчид маргаагүй.

 

Шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшийг нийтэд илэрхий www.mongolbank.mn сайтаас үзэхэд 1 ам.доллар 2,231.93 төгрөгтэй тэнцэж байх тул нэхэмжлэлийн үнийн дүн 589 229 520 төгрөг болох тул улсын тэмдэгтийн хураамж нь 3 104 097 төгрөг байна.

 

Мөн шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчийн нэрийг бичээгүй, оролцоогүй хүний нэрийг бичсэн алдаа гаргасныг зөвтгөх шаардлагатай.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2017/00474 дүгээр шийдвэрийн Удиртгал хэсгийн Шүүх хуралдаанд: гэсний дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг гэж, түүний өмгөөлөгч Ц.Азбаяр гэснийг хасч, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 90 дүгээр зүйлийн 90.1, 101 дүгээр зүйлийн 101.1, гэснийг хасч, 343.4 гэснийг 343.3 гэж,

3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 631 350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Мянганбуугаас 3 104 097 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Мфикскапитал ХХК-иас 3 104 097 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Мянганбууд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Капитрон банк ХХК давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ