| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/10461/И |
| Дугаар | 192/ШШ2025/09375 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/09375
2025 11 12 192/ШШ2025/09375
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авч, мөн сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: **** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ээр ажилд орж, одоог хүртэл ажиллаж байгаа бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “******* *******”-ийн үйлдвэрт уртын ээлжээр ажилладаг. Хариуцагч компани *******тай хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн МСЕ/0702 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Анх ажилд ороход болон сүүлд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнүүдийн гол нөхцөлийн 5 дугаар зүйлд ажил, амралтын хуваариа тохирохдоо 14/14-өөр буюу 14 хоног амарч 14 хоног ажиллахаар гэрээ байгуулсан. Уг гэрээнүүдийн дагуу 14 хоног ажиллаад 14 хоног амарч байгаа. Гэтэл хариуцагч компанийн Захиргааны менежер ******* нь 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай “Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-г надтай байгуулсан. Уг гэрээний дагуу миний ажил амралтын хуваарийг 14/14 байсныг 20/10 буюу 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар өөрчлөлтийг оруулж, гэрээ байгуулсан. Тэрээр гэрээ байгуулахдаа хуульд заавал 14/14-өөр ажиллуулахаар үүрдэгчлэн заагаагүй талууд тохиролцож өөрчилж болохоор зааснаас гадна “цементийн үйлдвэр” нь уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй тул 14/14 хуваарийг баримтлах шаардлагагүй зэргээр тайлбарлаж, 20 хоног ажилласан тохиолдолд цалин чинь нэмэгдэнэ гэх зэргээр ятгаж байсан тул би гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэтэл дараа нь хүмүүсээс зөвлөгөө автал байнга оршин сууж байгаа газраасаа өөр алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа л бол уртын ээлжид хамаарна. Мөн цементийн үйлдвэр нь уул уурхай олборлох салбарт хамаарах төдийгүй Хөдөлмөрийн тухай хуульд ажиллах хоногийн хугацаа болон амрах хоногийн хугацаа тэнцүү байхаар заасан гэдгийг мэдсэн. Ийнхүү 20/10-аар ажиллах хүсэлгүй байгаагаа, мөн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээ хүчингүй болгуулж хуучин гэрээгээрээ ажиллах талаар компанийн Захиргааны менежер *******д хэлсэн боловч гэрээг чинь өөрчлөх боломжгүй үйлдвэрийн бүх ажилтнуудтай байгуулсан, хуульд нийцэж байгаа гэх тайлбарыг өгсөн. Энэхүү нэхэмжлэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т заасны дагуу “хөдөлмөрийн гэрээний нөхцөл нь хөдөлмөрийн хууль тогтоомж зөрсөн” гэх агуулгатай тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу компанийн маргаан таслах комисс болон дүүргийн 3 талт хороонд хандахгүйгээр шууд шүүхэд хандаж байгаа болно. Мөн хууль хэрэглээ, ойлголтын асуудал тул зөвхөн шүүх л шийдвэрлэх боломжтой. Иймд “******* *******” ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай “Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ” нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн буюу хуульд нийцэхгүй бөгөөд ажилтан миний хөдөлмөрлөх, ажиллаж, амрах эрхийг зөрчсөн хэлцэл байх тул энэхүү хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 4 үндэслэлийг танилцуулъя. Манай зүгээс Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-д заасан уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног байна гэсэн хууль тогтоогчийн үзэл санаа нь ажиллах үйлдвэрийн дээд хязгаарыг тогтоож өгсөн гэж үзэж байна. Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэж танилцуулсан төслийн томьёолол нь энэ хуучин дугаараар 71.4 гэж явж байсан юм байна. Жасаагаар ажиллах ажилтны нэг сард үүрэг гүйцэтгэх хоног нь 20 хоногоос дээшгүй амрах хоног нь 10 хоногоос доошгүй байна гэж тусгасан байна. Үүнээс үзэхэд хууль тогтоогчийн анхны санаа нь ажиллах, амрах хоногийн дээд, доод хязгаарыг зохицуулахыг зорьсон гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан уртын ээлжийн горимыг хэрэглэж болно гэсэн зохицуулалт нь хуулийн тус заалтыг хэрэглэгч байгууллага нь өөрийн үйл ажиллагааны онцлогийг харгалзан уг горимыг хэрэглэх эсэх сонголтод нээлттэй. Харин энэ зохицуулалтыг 92.1 дэх хэсгийг хэрэглэж байгаа тохиолдолд мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-д заасан зохицуулалтыг хэрэглэх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн ажлын өдрийн дээд хязгаарыг дур мэдэн өөрийн үзэмжээр нэмэгдүүлж өөрчилж болохгүй, харин эсрэгээрээ 14 хоногоос бага байж болохоор уян хатан тохируулж хэрэглэх боломжийг хууль тогтоогч олгосон логиктой гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.5, 92 дугаар зүйлийн 92.4-д заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон хамтын гэрээгээ тогтоож болно гэсэн нь мөн ажиллах өдрийн дээд хэмжээ хэмжээг 14 хоног, харин талууд харилцан тохирол, үүнээс бага ажил, амралтын өдрийг тэнцүү байх зарчмаар зохицуулахаар тодотгож өгсөн гэж үзэж байна. Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудыг хэрэв удирдлага болговол “Мак цемент” ХХК-ийн зүгээс боловсруулсан 20 хоног ажиллаад 10 хоног амрах гэрээний нэмэлт өөрчлөлт нь 1 дүгээрт, ажилтны ажиллах хугацааны дээрх хязгаарыг хууль зөрчиж хэтрүүлсэн, амрах хугацаа мөн хууль зөрчиж бууруулсан 2 зөрчил гэж үзэж байна. 2 дугаарт ажиллах, амрах хугацаа нь тэнцүү байх дахиад нэг зөрчил, логик агуулгыг тус тус алдагдуулж, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн ийм 3 зөрчил гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. 3 дугаар үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж, ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасан бөгөөд “Мак цемент” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэл нь эдний гаргаж өгсөн тайлбар дээр байгаа боловсруулах бус уул уурхай, олборлох салбарт хамаарна гэж үзэж байгаа юм. Тус компаниас шүүхэд гаргаж өгсөн баримт бичиг болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2040 оны 12 дугаар сарын 08-ны хугацаанд хүчин төгөлдөр үйл ажиллагаа эрхэлдэг гэдгийг Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэсэн байгаа бөгөөд ашигт малтмал олборлодог тул уул уурхай, олборлох салбар шууд хамаарна гэж үзэж байгаа юм. Мөн 2006 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Их Хурлын баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан хуулийн нэр томьёоны тодорхойлолтод ашигт малтмал ашиглах гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдэр, хүдрийн овоолго, хаягдал байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг ойлгоно гэж заасан нь мөн тус компанийн үйл ажиллагааны чиглэлийг тодотгож өгсөн гэж үзэж байгаа юм. Түүнчлэн “Мак цемент” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэлийн код болох 0899 үйл ажиллагааны код нь ашигт малтмал ашиглалт гэж тусгасан нь Монгол Улсын Сангийн яам, үндэсний статистикийн хорооны 2018 оны хамтарсан 319/А160 тоот тушаалаар баталсан эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангиллын тодорхойлолтоор ангилсан Б буюу үндсэн салбар уул уурхай, олборлолтын үйл ажиллагаанд хамаарч байгаа гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлүүдийг нэгтгэн авч үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарт дурдсан “Мак цемент” ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлд уул уурхай, олборлолтын үйл ажиллагаанд хамаарахгүй гэсэн үндэслэлгүй гэж үзэж байгаа юм. 3 дугаар үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ дараах шаардлагыг хангасан байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-т зааснаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх, хууль тогтоомжоор ажилд нь олгосон эрхийн баталгаат түвшин, суурь хэм хэмжээг бууруулахгүй байх, харилцан тохиролцох замаар ажилтны хувьд сайжруулсан байх гэсэн хуулиар тогтоосон үндсэн шаардлагыг зөрчиж, ажилтны эрхийг 14 хоног ажиллаад 14 хоног амрах бус, 20 хоног ажиллаж 10 хоног амрах байдлаар хөдөлмөрийн гэрээнд тусгасан нь хуульд заасан суурь нөхцөлөөс дордуулсан гэж үзэж байна. Хуулийн нарийн мэдлэггүй *******ад “******* цемент” ХХК-ийн зүгээс хуулийг өөрт ашигтай байдлаар тайлбарлан хэрэглэж, цалин урамшуулал чинь нэмэгдэнэ гэдэг зөвхөн эдийн засгийн агуулга талаас нь тодотгож, харин нөгөө талаас ажиллах нөхцөлийн хувьд дордуулсныг тайлбарлаагүй, гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэж байгаа юм. Иймд Хөдөлмөрийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д заасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалтад ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэсэн нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа юм. 4 дэх үндэслэл нь “Мак цемент” ХХК-иас 2025 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж байгаа энэ хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 20 хоног ажиллуулаад 10 хоног амрааж байгаа зохицуулалт нь манай үйлчлүүлэгчийн хөдөлмөрлөх, ажиллах, амрах зэрэг эрхийг ашгийг хөндөж зөрчиж гэж үзэж байна. Учир нь өмнө нь 14 хоног ажиллаад 14 хоног амарч байсан бол одоо ажил амралтын зохистой харьцаа тэнцүү байх зарчим нь алдагдаад 6 хоног илүү ажил гэрээсээ хол ажиллаж байна. Тэгээд 4 хоног дутуу амарч байна. Ийм учраас *******ын эрх ашгийн хувьд хохиролтой гэж үзэж байна. Манай үйлчлүүлэгчийн зүгээс хуучин зохицуулалтаар буюу 14 хоногоор ажиллая гэдэг хүсэлтийг бол “Мак цемент” ХХК-ийн удирдлагуудаас удаа дараа амаараа гаргасан. Эдний зүгээс Хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт дээр зөрчсөн гэсэн үндэслэлээр ажил тасалсан, цаашлаад “Мак цемент” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын дагуу ажлаасаа халагдах ийм ноцтой нөхцөл байдал үүсээд байна. Дээрх үндэслэл, нөхцөл байдлыг ерөнхийлөн дүгнэж үзвэл хариуцагч талын хэрэглэж буй хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэмжээнд харшилсан хэлцэл гэдэг зохицуулалтаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдоно гэж үзэж байгаа юм. Энэ 4 үндэслэл болон Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т заасныг тус тус харгалзан нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн *******ын нэхэмжлэлтэй “******* *******” ХХК-ид холбогдох 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай “Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий иргэний хэрэгт дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт *******-Шохойн үйлдвэр барьж 2017 онд ашиглалтад оруулан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна. ******* үйлдвэрлэхэд үндсэн орц болох шохойн чулуу, гөлтгөнө, шавар зэрэг түүхий эдийг уурхайлан олборлодог бөгөөд тэдгээр уурхайнуудад одоогоор нийт 171 ажилтан ажилладаг. Харин олборлосон ашигт малтмал/түүхий эд/-аа үйлдвэр дээрээ боловсруулж цемент үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэр дээр одоогоор нийт 554 ажилладаг. Бид ажиллах хүчний хомсдол, ажлаас гаралтыг багасгах, ажилтны цалинг нэмэгдүүлэх зэрэг шалтгааныг харгалзан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлдвэр дээр ажилладаг ажилтнуудтайгаа тохиролцон 14 хоног амарч, 14 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж 20 хоног ажиллуулж 10 хоног амраахаар тохиролцон гэрээгээ өөрчилсөн. Гэтэл зарим ажилтнууд болох тухайлбал нэхэмжлэгч ******* нь нэгэнт байгуулсан гэрээгээ хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж нэмэлт өөрчлөлт оруулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд хандаад байгаа нь үндэслэлгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно.” гэж заасан. Үүнээс үзвэл нэгдүгээрт уртын ээлжийг буюу 92.1 дэх заалтыг заавал хэрэглэх үүрэггүй. Өөрөөр хэлбэл хэрэглэж болно гэдэг нь заавал хэрэглэх үүрэггүй, талууд тохиролцон хэрэглэж болно гэдэг агуулгыг илтгэж байгаа бөгөөд энэ утгаараа талуудын тохиролцсон хэлцэл хууль зөрчөөгүй буюу хүчин төгөлдөр бус болох үндэслэлгүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй бусад хуулиудад “хэрэглэж болно” гэдэг томьёолол нэлээд тусгагдсан байх бөгөөд агуулга нь хэрэглэж ч болно хэрэглэхгүй ч байж болно гэдэг агуулгатайгаар хэрэглэгдэж байгаа/диспозитив хэм хэмжээ/. Хэрэв заавал хэрэглэх агуулгатай бол “хэрэглэнэ”, на, нэ” гэдэг байдлаар заалт оруулах байсан/императив хэм хэмжээ/. Мөн хоёрдугаарт цементийн үйлдвэр нь уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй буюу барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамаарах тул 92.1 дэх заалт манай компанийн цементийн үйлдвэрт хамаарахгүй. Манай компанийн цементийн үйлдвэр нь нэгэнт Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1-д заасан уртын ээлжид хамаарахгүй тул 92.4-т заасан ээлжийг баримтлах үүрэггүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4-т заасан 14/14 гэх хугацаа нь уг зүйлийн 92.1 дэх заалтын хүрээнд уртын ээлжийг хэрэглэх бол хугацаа 14/14 байна гэдэг агуулгаар ойлгогдохоор байна. “MAK *******” XXK нь олон төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд энэ хүрээнд Ашигт малтмалын газраас олгосон зөвшөөрлийн хүрээнд ашигт малтмал ашиглах буюу шохой, шавар, гөлтгөнө олборлох, Барилга, хот байгуулалтын яамнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд барилгын материалын үйлдвэрлэл/цемент үйлдвэрлэл/ зэрэг үйл ажиллагааг тусдаа эрхэлдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 92.1-д заасан уул уурхай, олборлох салбар гэдэгт ашигт малтмал ашиглах чиглэлийн үйл ажиллагаа/шохой, шавар, гөлтгөнө олборлох/ хамаарах бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл хамаарахгүй байна. Хуулийн этгээдийн ажиллагааны чиглэлийг 2018 оны 12 сарын Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны дарга нарын 319/A-160 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар хамтран гаргасан “Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллын тодорхойлолт”-ын дагуу ангилан тодорхойлж, энэ дагуу улсын бүртгэлийн газар үйл ажиллагааны чиглэл тус бүрд код өгч бүртгэл хийдэг. Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай “Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага бүхий иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай талаас дараах хариу тайлбарыг өгье. Манай “Мак цемент” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумд үйл ажиллагаа явуулдаг. Улаанбаатар хотоос 325 км-ийн зайтай. Нийтдээ 700 гаруй ажилтантай. Уурхай буюу ухдаг хэсэгт ажилладаг буюу шохой, шавар, гөлтөр гээд цементийн орцыг олборлодог хэсэг дээр 171 ажилтан ажилладаг. Харин үйлдвэрийн үйлдвэрийн ажиллуулдаг хэсэгтээ 554 ажилтан ажиллаж байна. Олборлосон түүхий эдээ боловсруулж цемент олгодог хэсэг дээр 554 ажилтан ажиллаж байна. Тэрний нэг ажилтан бол ******* юм. Манай компаниас ажлаас гаралт ихсээд хөдөлмөрийн зах зээлд ажиллах хүчний хомсдол их үүсээд, нэг оператор байлаа гэхэд нэг цэг дээр 4 оператор гарч байгаа юм. 14, 14 хоногоор ажиллуулахаар шөнийн ээлжид нэг хүн гарна. Өдрийн ээлжид нэг хүн гарна. Тэр 2 амрангуут дараагийн 14 хоног дээр ахиад 2 хүн ирнэ. Ингээд 4, 4 ажилтан ажиллаж байгаа юм. Энийг нь бид нар 3 болгоё. Ажилтныхаа тоог бууруулъя. 1 дүгээрт ажил олгогч зардлаа хэмнэж байна. 2 дугаарт 14 хоног ажиллах байсан хүн чинь 20 хоног ажиллахаар цалин нь 35 орчим хувиар гар дээр очих цалин нь нэмэгдэж байна. Тэгээд энэ байдлаар бид хэд цементийнхээ үйлдвэр дээр хурал хийгээд, ажилчдын масс дэмжсэн гэдэг байдлаар бид хэд гэрээгээ өөрчлөөд явчихсан юм. Яагаад гэхээр гэрээ өөрчлөхгүй бол албадан хөдөлмөрлүүлж байгаа юм шиг, гэрээгээ өөрчлөөгүй байж ажилтантай тохироогүй байж ажиллуулж болохгүй гээд нийт ажилтнуудтай гэрээгээ байгуулаад явчихсан юм. Тухайн үед ******* өөрөө хүлээн зөвшөөрөөд байгуулчихсан. Тэгэнгүүтээ ростерынх нь хуваарь гараад өөр дээр нь очоод чи 20 хоног ажиллах нь байна, 10 хоног гэр лүүгээ явах нь гээд энийг манай хүний нөөц захиргааны хэсгээс танилцуулсан чинь нөхөр дургүйцээд, ингэж ажиллах чинь хууль зөрчдөг юм байна. Би бас хотод хуульчаас асуусан. Дээд тал нь 14 хоног байна. Яагаад намайг 20 хоног ажиллуулах гээд байгаа юм гэдэг зүйлийг яриад эхэлсэн. Тэгээд энэ маргаан эхэлсэн юм. Манай зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар буюу 2022 оны шинэ хуулиар орж ирсэн онцгой зохицуулалт буюу уртын ээлж байна. Уртын ээлж дээр хэрэглэхэд хоёрхон нөхцөл шаардаад байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 заалтаас харах юм бол ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр алслагдсан газар байрлуулж ажиллах ёстой юм байна. Мөн уул уурхай олборлох салбар байх ёстой. Ингэх юм бол уртын ээлжийг хэрэглэж болно гэсэн ийм заалт байгаад байна. Тэгэхээр манай цементийн үйлдвэр тухайн Даланжаргалан сумаасаа буюу сумынхаа төвөөс явдаг. Ажилчдад нь уртын ээлжид хамаардаггүй. Хотоос өөр аймгаас явдаггүйд нь бол уртын ээлждээ хамаараад байгаа юм. Уул уурхай олборлох салбарт бас цементийн үйлдвэрийн зарим хэсэг нь ороод, зарим нь ордоггүй гэж бид нар бас үзэж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтын уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гээд заачихсан юм. Хэрэглэж болно гэдэг нь ажилтан, ажил олгогч 2 хоорондоо тохирох юм бол хэрэглэж ч болно, хэрэглэхгүй өөр хувиар тохирчхож болно гэсэн ийм утгатай байна гэж манайхаас ойлгоод байгаа юм. Хэрэглэж болно гэж заавал хэрэглэх үүрэгтэй, эсвэл хэрэглэнэ гэж заагаагүй, хэрэглэж болно гэж заасан учраас бид ийм байр суурьтай байгаа юм. Тиймээс энэ хуулийн хязгаарлалтыг хориглолтыг зөрчөөгүй, хууль зөрчсөн хэлцэл гэдэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт тайлбарласан улсын дээд шүүхийн тогтоол бол хууль зөрчсөн хэлцэлд хуулийн хориглосон хэм хэмжээ, хуулиар тогтоосон үүргийг зөрчих юм бол хууль зөрчсөн хэлцэлтэй хамаарна гээд байгаа юм. Тэгэхээр манайх хориглосон хэм хэмжээг зөрчөөгүй ажилтан ажил олгогч хоёрын хоорондоо тохиролцоод гэрээ байгуулах юм бол тэр байгуулсан гэрээн дээр явж болно. Энэ горимыг хэрэглэж ч болно, хэрэглэхгүй ч байж болно гээд заачихсан учраас хэрэглэхгүй гээд бид нар тохиролцоод явж байгаа учраас энэ хатуу хязгаарлалт биш. Энэ нэхэмжлэгчийн хэлээд нэхэмжлэл дээр дурдаад байгаа шиг хатуу хязгаарлалт биш сонголттой зүйл гэж ойлгож байна. ******* нэхэмжлэл гаргангуут бид нар үүнтэй холбоотой судалгаа хийсэн чинь анх энэ Хөдөлмөрийн хууль гарангуут Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэд хандсан байгаа юм. Ер нь бол хүний ажилд хамрах юмыг чинь шууд хуульчилж болохгүй гээд хоног хугацаа тогтоосон. Энэ чинь Иргэний эрх зүйн харилцаа. Хүн хэд хоног ажиллаж амрах нь бол хүний өөрийнх нь эрх гээд энийг Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий хуульчид хандсан чинь Үндсэн хуулийн цэцээс 2 удаа тогтоол, магадлал гарсан байгаа юм. Тэгэхдээ Их хурлаар хэлэлцээгүй, үндсэн хууль зөрчөөгүй. Яагаад зөрчөөгүй гэхлээр энэ хэрэглэж болно гээд тохиролцох эрхийг нь олгочихсон байна. Заавал та нарыг 14 хоногоор ажилла гээд хууль өөрчлөөгүй, өөрчилж заагаагүй байна, хэрэглэж болно гээд заачихсан юм чинь хүн нь өөрийнхөө сонголтоор тохирох нь байна, диспозитив шинж чанартай, зохицож болох хувилбартай, ийм хатуу заагаагүй ийм хэм хэмжээний хэм хэмжээ тогтоосон заалт байна. Тийм учраас императив хэм хэмжээ тогтоосон заалт байсан бол заавал хэрэглэнэ, тэгэх үүрэгтэй, тэгнэ гэж заах байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн ажилтан, ажил олгогчийн хоорондох харилцааг зохицуулах хууль, дотоод дүрэм журам, гэрээ хоорондоо зөрчилдөх юм бол ажилтанд илүү таатай нөхцөлийг хэрэглэх Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т заасныг ярьж байна. Хөдөлмөрийн гэрээний зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус байна гэснийг дурдаад байгааг ямар нэг үг үсэг зөрчилдчихсөн, зөрчилдөж байгаа зүйл байхгүй, 14 хоногоос хэтрүүлчихсэн ч болно, энэ хуулийн боломжийнх нь хүрээнд *******тай гэрээ байгуулчихсан. *******ыг хүчлээд ч юм уу, үгүй бол хуулиар дээд тал нь 14 тавьчихсан байхад нь тэр 20 болгоод байгаа юм бол биш. Бид нар хоорондоо тохирох асуудал тул манай талын зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалт, уртын ээлжийг компаниуд хэрэглэж болно гэдэг энэ заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4, 92.5-д заасан байна. Ажиллах, амрах хугацаа тэнцүү байна гэдэг энэ заалтуудтай уялдуулаад заавал 14 байна гэдэг нь буруу. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан хэрэглэх үгүйгээ компани эхлээд шийднэ. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтаар хэрэглэх эсэхийг компани шийдсэний дараа хэрэглэх, ******* 14 хоног ажиллана гэнгүүт 20 хоног ажиллуулсанд гомдол өгөөд байгаа. Тэгээд энийг ямар ч байсан шүүхээр шийдүүлээд буруу хэрэглээний хувьд бид анхаарахаар, хэрэв хуулийн заалт зөрчөөгүй бол бид бас энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлж явахаар ийм нөхцөл байдал үүсчхээд байна. Манайх уртын ээлжийг заавал хэрэглэх үүрэггүй, ажилтантай тохиролцож л чадах юм бол хувиараа 14 хоногоос дээш нь тавиад 20 хоног болгоод явчих боломжтой гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч талаас хэлцэл, нэмэлт өөрчлөлтийн гэрээг хэлцлийг ******* байгуулсан, уншиж ойлгож зурсан юм байна гэдгийг гаргасан нэхэмжлэл болон саяын шүүх хурлын мэтгэлцээний явцад тогтоогдож байх шиг байна. Хэлцэл хийгдсэн дээр маргаангүй юм байна. Гол нь хэлцлийг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн хуулийн 92 дугаар зүйлийг тэр чигээр нь зөрччихсөн юм яриад байна. Тэгэхээр зөрчилдөөн үү, үгүй юү гэдэг дээр маргаад байгаа. Хөдөлмөрийн гэрээний бусад зүйл заалт дээр маргаагүй. Энийг бас цохон тэмдэглэж байна. Нэхэмжлэл гаргах эрхтэй талаар маргахгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтыг ажилтан өөрөө тохиролцох заалт, ******* өөрөө тохиролцчихсон, эрх зүйн чадамжтай этгээд гэрээ байгуулаад зурчихсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Нэхэмжлэл/ХХ-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/ХХ 3 тал/, итгэмжлэл/ХХ 4-5 тал/, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай нэмэлт, өөрчлөлтийн гэрээ/ХХ 6 тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн б/146 туршилтын хугацаагаар ажиллуулах тухай тушаалын хуулбар/ХХ 7 тал/, “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн б/411 дугаартай үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар/ХХ 8 тал/, *******, “******* *******” ХХК нарын хооронд 2024 оны 02 дугаар сарын 23, 204 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ болон нууц хадгалах гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний хуулбар/ХХ 9-18 тал/, *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт/ХХ 19 тал/ зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/ХХ 21, 31 тал/, итгэмжлэл/ХХ 22-23 тал/, хариу тайлбар/ХХ 28-29, 48-49 тал/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа/ХХ 30 тал/, “******* *******” ХХК-ийн дүрмийн хуулбар/ХХ 32-46/ зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан тус компанитай 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан МСЕ/0702+ дугаар хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
5.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ...ажил олгогч “******* *******” ХХК-ид 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Хүний нөөцийн мэргэжилтэн”-ээр ажилд орж, Хэнтий аймгаас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших “******* *******”-ийн үйлдвэрт уртын ээлжээр ажилладаг ба сүүлд 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн МСЕ/0702 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулан гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлд ажил, амралтын хуваариа тохирохдоо 14 хоног амарч 14 хоног ажиллахаар гэрээ байгуулсан атал 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаартай “Нэмэлт, өөрчлөлтийн гэрээ”-г байгуулан 20 хоног ажиллаад 10 хоног амрахаар өөрчлөлт хийн цалин нэмэгдэнэ гэж ухуулан ятгаж баталгаажуулсан нь цементийн үйлдвэр нь уул уурхай олборлох салбар, уртын ээлжид хамаарч, Хөдөлмөрийн тухай хуульд заасан уртын ээлжээр ажиллах журмыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж ажилтны хөдөлмөрлөх, ажиллах, амрах эрхийг ноцтой зөрчсөн нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлтэй, ажил олгогч дур мэдэн уртын ээлжээр ажиллах журмыг өөрийн үзэмжээр өөрчилж, ажил, амралтын өдрийг тэнцүү байх журам зөрчих үндэслэлгүй, ажил олгогч нь ашигт малтмал ашиглалт буюу үндсэн салбар уул уурхай, олборлолтын үйл ажиллагаанд хамаарч байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж байх тул нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.
6.Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...Манай компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт *******-Шохойн үйлдвэр барьж 2017 онд ашиглалтад оруулан одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цемент үйлдвэрлэх үндсэн орц болох шохойн чулуу, гөлтгөнө, шавар зэрэг түүхий эдийг уурхайлан олборлодог, нийт 171 ажилтан ажилладаг, харин олборлосон ашигт малтмал/түүхий эд/-аа үйлдвэр дээрээ боловсруулж цемент үйлдвэрлэдэг бөгөөд үйлдвэр дээр нийт 554 ажилладаг, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйлдвэр дээр ажилладаг ажилтнуудтайгаа тохиролцон 14 хоног амарч, 14 хоног ажиллах хөдөлмөрийн гэрээний заалтыг өөрчилж 20 хоног ажиллуулж 10 хоног амраахаар тохиролцон гэрээгээ өөрчилсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан уртын ээлжээр ажиллуулах горимыг хууль тогтоогч хэрэглэж болно гэж заасан тул тус журмыг заавал хэрэглэх үүрэггүй, талууд тохиролцон хэрэглэж болно буюу талуудын тохиролцсон хэлцэл хууль зөрчөөгүй тул хүчин төгөлдөр бус болгох хууль зүйн үндэслэлгүй диспозитив хэм хэмжээ юм, мөн цементийн үйлдвэр нь уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт хамаардаг тул уртын ээлжид хамаарахгүй, тухайн үед ******* өөрөө ажиллахыг хүлээн зөвшөөрөөд байгуулчихсан, хатуу хязгаарлалт биш сонголттой зүйл гэж ойлгож ажиллах, амрах хугацаа тэнцүү байна гэдэг энэ заалтуудтай уялдуулаад заавал 14, 14 байна гэдэг нь буруу тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргаж байна.
7.Шүүх нэхэмжлэгч *******ын хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан Нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
8.Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.
8.1.Нэхэмжлэгч *******ыг хариуцагч “******* *******” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0/146 дугаар тушаалаар туршилтын 3 сарын хугацаагаар мөн сарын 23-ны өдрөөс “Хүний нөөцийн мэргэжилтэн” ажлын байранд ажиллуулахаар шийдвэрлэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн МЦ/ дугаар хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийг байгуулсан./хх 7, 9-13 тал/
8.2.Мөн хугацаанаас хойш цаашид хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн б/411 дугаар тушаалаар мөн өдрөөс тус компанийн “Хүний нөөцийн мэргэжилтэн” ажлын байранд үндсэн ажилтнаар ажиллуулахаар шийдвэрлэн холбогдох 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр МС/Е0702 дугаар хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнүүдийг байгуулан ажиллуулан цалинжуулсан./хх 8, 14-18, 19 тал/
8.3.2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилтан *******, ажил олгогч “******* *******” ХХК нар хоорондоо тохиролцон МСЕ/0702+ дугаар бүхий “Нэмэлт, өөрчлөлт” гэх гэрээгээр тохиролцон 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан МС/Е0702 тоот хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлийн “Ажил амралтын горим, цаг” хэсгийн “уртын ээлжээр буюу 14/14 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана” гэж заасныг “20 хоног ажиллаж 10 амрах буюу 20/10 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана” гэх өөрчлөлтийг оруулан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тохиролцсон./хх 6 тал/
8.4.Хариуцагч буюу ажил олгогч “******* *******” ХХК нь 2014 онд улсад бүртгэгдсэн 1 хувьцаа эзэмшигчтэй, 100 хувийн хувьцааг “Монголын алт”/*******/ ХХК эзэмшдэг, үндсэн эрхлэх үйл ажиллагаа Гадаад худалдааны чиглэлээр-4610 үйл ажиллагаа явуулдаг, 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс ашигт малтмал ашиглалт-0899, ашигт малтмал хайгуул-1893, 2020 оны 01 дүгээр сараас барилгын материалын үйлдвэрлэл, технологийн иж бүрэн дамжлага бүхий цементийн үйлдвэрлэл-32900 чиглэлээр нэмж үйл ажиллагаа явуулах болсон./хх 21, 30-46 тал тал/
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар “******* *******” ХХК нь “Монголын алт”/*******/ ХХК-ийн охин компани болох нь тогтоогдов.
9.Зохигч талууд Хөдөлмөрийн тухай хуулийн уртын ээлжээр ажиллуулах горимыг нэхэмжлэгч тал зөрчсөн, хариуцагч тал уг журмыг мөрдөх салбар биш, уг журам деспозитив хэм хэмжээ учир нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон, өөрөө хүлээн зөвшөөрч нэмэлт өөрчлөлтийн гэрээнд гарын үсэг зурсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж татгалзжээ.
10.Шүүх дээрх үйл баримтууд, талуудын тайлбар татгалзалд үндэслэн ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан уртын ээлжээр ажиллуулахаар Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг илт зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
11.Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно” гэж, 92.4-т “Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна” гэж “уртын ээлж” гэх ойлголтыг тодорхойлжээ.
12.Уг горимыг хэрэглэх ажил олгогч субъект нь уул уурхай, олборлох салбар байхаас гадна түүнд үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэж болохоор заасан.
13.Хуульд заасан хугацааг багасгах тохиолдолд ажил үүрэг гүйцэтгэх, амрах хугацаа нь тэнцүү байхаар ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцох, уртын ээлж эхлэх болон дуусахад ажил олгогч ажилтныг ажлын байранд хүргэх, буцаах хугацааг ажилласан цагт тооцох, холбогдох зардлыг ажил олгогч хариуцах эрх зүйн асуудлуудыг мөн хуулийн 92.4, 92.5, 92.6-д тус тус тусгажээ.
14.Ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж, 14 хоног ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа учраас 14 хоног амраах горим нь уртын ээлжийн өвөрмөц онцлог юм.
15.Уртын ээлжээр ажиллуулах тухай хуулийн тусгайлсан зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-т уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байна гэж хуульчилсан нь мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т заасан дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж ээлжийн ажлын цагийн журмыг тогтоосон үндсэн зарчимтай уялдсан байна, энэ талаар талууд маргаагүй.
16.Хууль тогтоогч нь нэг ээлжид 14 хоног ажиллуулах, ажлын 8 цагаас өдөрт 4 цагаар илүүгүй буюу 12 цагаас илүүгүй байх, мөн амрах хугацааг 14 хоног байхаар тогтоосон нь ажил, амралтын хоног, цагийн харьцааг тоон утгаар нь мөн хуулийн 92.3-т заасан зохицуулалтаас илэрхий байна.
17.Хуулийн илт тодорхой заалтыг шүүх үгүйсгэх хуулийн үндэслэлгүй тул хуульд уртын ээлжид 14 хоногийн амрах хугацааг заасан нь 14 хоногийн турш нэг ээлжээр ажилласантай холбоотой 14 хоногийн амралтыг багасгаж болохоор хуульчилсан, харин энэ харьцааг ихэсгэн хэрэглэх журмыг мөн хуулийн 92.3-т заасан хэм хэмжээгээр хуульчлан хязгаарласан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн 92 дугаар зүйлийн 92.4-т нэг ээлжид 14 хоног тасралтгүй ажилласан учраас амрах хугацаа 14 хоног байхаар тогтоосон гэж үзэхээр байна.
18.Хөдөлмөрийн тухай хууль/Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна”, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно гэж заасан.
19.Иймд уртын ээлжээр ажиллуулах зохицуулалтын хувьд 14:14 гэж Хөдөлмөрийн тухай хуульд тогтоосон нь хариуцагч талын 20:10 гэх байдлаар ажил, амралтын журам тогтоосон нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан тул харилцан тохиролцсон гэх тайлбар нь түүний/ажилтны/ эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй юм.
21.Мөн хариуцагч талын татгалзалд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасан өөрийн үйл ажиллагааны чиглэл уул уурхай, олборлох салбарт хамаарахгүй гэх татгалзал Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасан "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хамруулан ойлгохоор заасан тул цементийн үйлдвэрлэл үүнд хамааралгүй гэх татгалзал үндэслэлгүй, энэ нь хариуцагчийн ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагааны чиглэлээр няцаагдаж буйг мөн дурдах нь зүйтэй.
22.Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “******* *******” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3, 12 дугаар зүйлийн 12.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдох Нэмэлт өөрчлөлтийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай гомдлыг хангаж, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн МСЕ/0702+ дугаар “Нэмэлт, өөрчлөлт” гэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн МС/Е0702 дугаар хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийн 5 дугаар зүйлийн “Ажил амралтын горим, цаг” хэсгийн “уртын ээлжээр буюу 14/14 хуваарийн дагуу 11 цагаар ажиллана” гэж заасан заалтыг дагаж мөрдүүлэхийг ажил олгогчид даалгасугай.
2.Нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, хариуцагч “******* *******” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***