2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09503

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09503

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Золзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* овогт *******ын ******* /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  ******* алтайн ******* ХХК /РД: *******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, нар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Гэрч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь ******* Алтайн Зам" ХХК-тай №323 хөдөлмөрийн гэрээг 2024.04.23-ны өдөр байгуулсан. Тус компанид 2024.04.15- ны өдрөөс үйл ажиллагааны менежерээр ажиллаж эхэлсэн. 2024 оны 7-р сард захирал н.Бурмаа хяналтын ажилтан түр хугацаанд хийгээд өгөөч, урьд нь хийж байсан туршлагатай учир ажиллаад өгөөч гэсэн. Би хяналтын ажилтан хийлээ гээд цалин багасгахгүй бие гэхэд цалинг багасгахгүй гэсэн. Манай төсөл 2025 ондоо багтаад дуусах байх тэр хугацаанд хийгээд өгөөч гэсэн. Хяналтын ажилтан хийж байх хугацаанд давхардуулж хяналтын ажилтан хийж байсан. Хяналтын ажилтан тэнд болж байгаа асуудлыг гаргаж ирдэг ажил учир захирлуудтай холбоотой асуудал гарч иртэл захирлууд дургүйцэж үл ойлголцол үүссэн. Тэгээд хяналтын ажилтан гэдэг орон тоог Тал нутгийн хөгжлийн ******* ХХК-руу шилжүүлээд "******* Алтайн Зам" XXK-аac 2025.02.24-ны өдрийн дугаар Б-10/25 тушаалаар ажлаас халагдсан. Намайг үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхад дотоод хяналтын ажилтнаар давхар ажиллаач гэсэн тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд цаашид дотоод хяналтын ажилтан шаардлагагүй энэ орон тоог захиалагч компани хариуцна манайх гүйцэтгэгч компани тул цаашид чиний эрхэлж байсан ажлын байрыг байхгүй болгосон гэж тайлбарлах боловч үйл ажиллагааны менежерийн ажлын орон тоо хэвээр байсан. Байгууллага миний цалингаас нийгмийн даатгалын шитгэлийг суутгаж байсан боловч нийгмийн даатгалд огт төлдөггүй байсныг ажлаас халагдсаны дараа мэдсэн. Иймд миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.*******гийн 2024 оны 04 дугаар сарын 22-ний өдөр тус шүүхэд гаргасан "******* Алтайн Зам" ХХК-аас ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа "..."******* Алтайн Зам" ХХК-тай №323 хөдөлмөрийн гэрээг 2024.04.23-ны өдөр байгуулсан. Тус компанид 2024.04.15-ны өдрөөс үйл ажиллагааны менежерээр ажиллаж эхэлсэн. "******* Алтайн Зам" ХХК-аас 2025.02.24-ны өдрийн дугаар Б-10/25 тушаалаас ажлаас халагдсан. Намайг үйл ажиллагааны менежерээр ажиллаж байхад дотоод хяналтын ажилтнаар давхар ажиллаач гэсэн тэгээд хэсэг хугацаа өнгөрөхөд цаашид дотоод хяналтын ажилтан шаардлагагүй энэ орон тоог захиалагч компани хариуцна манайх гүйцэтгэгч компани тул цаашид чиний эрхэлж байсан ажлын байрыг байхгүй болгосон гэж тайлбарлах боловч үйл ажиллагааны менежерийн ажлын орон тоо хэвээр байсан. Байгууллага миний цалингаас нийгмийн даатгалын шимтгэлийг суутгаж байсан боловч нийгмийн даатгалд огт төлдөггүй байсныг ажлаас халагдсаны дараа мэдсэн. Иймд миний биеийг урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн байна. Нэхэмжлэгч нь 2024.04.12-ний өдрийн №323 тоот Хөдөлмөрийн гэрээ"-ний үндсэн дээр "******* Алтайн Зам ХХК-д Үйл ажиллагааны менежер албан тушаалд ажиллаж эхэлсэн ба ажил олгогч болон нэхэмжлэгч ******* овогтой ******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр "Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" гэрээ байгуулж тус гэрээгээр албан тушаалыг "Дотоод хяналтын ажилтан" болгон 2024.06.01-ний өдрөөс эхлэн өөрчилсөн байдаг. Улмаар "******* Алтайн Зам" ХХК нь нэхэмжлэгч Б.*******д хандан 2025.01.21-ний өдрийн 06/25 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичигтээ Гүйцэтгэх захирлын 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн А-01/25 тоот тушаалаар компанийн бүтэц, орон тоо буюу ажлын байрны жагсаалтаар Дотоод хяналтын ажилтны орон тоо хасагдсан. Иймд "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн тантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2025 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачилгаар цуцлах болсон талаар мэдэгдсэн байдаг. Дээр дурдсан 2025.01.21-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ажилтанд хүргүүлж мэдэгдсэнээс хойш 33 хоногийн дараа буюу 2025.02.24-ний өдрийн дугаар Б-10/25 тоот "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай" Гүйцэтгэх захирлын тушаал гарсан. Өөрөөр хэлбэл ажил олгогч буюу "******* Алтайн Зам" ХХК-ийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн" гэж заасны дагуу ажилтны ажлын байр хасагдсан үндэслэл бүхий нөхцөл байдал бий болсны улмаас хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай "Хөдөлмөрийн тухай хууль"-ийн 80.4 дэх хэсэгт "Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй." Гэж заасны дагуу 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэн байх тул ямар нэгэн хууль зөрчиж ажилтны эрх ашгийг зөрчөөгүй ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. гэв.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж /хх-2/, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б-10/25 дугаар Тушаал /хх-3/, Б.*******гийн нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-4/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-6/, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №46 дугаар хуралдааны тэмдэглэл /хх-7-9/, №323 дугаартай Хөдөлмөрийн гэрээ /хх-10-12/, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-13/, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээ /хх-14/, Ажлын байрны тодорхойлолт /хх-15-16/, 2021-2025 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-49/, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-64/,

3.2 Хариуцагчаас нотлох баримтаар: 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 99/25 дугаартай Итгэмжлэл /хх-21/, хариу тайлбар /хх-27-28/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-29/, ******* ******* ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 319/24 тоот албан бичиг /хх-65/, Тал нутгийн хөгжлийн ******* ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 50/24-1 тоот албан бичиг /хх-66/, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №01/21-04 дугаартай Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто *******ын барилгын ажил гүйцэтгэх гэрээний нэмэлт, өөрчлөлт /хх-67/, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн №01/21-03 дугаартай Тавантолгой-гашуун сухайт чиглэлийн хатуу хучилттай авто *******ын барилгын ажил гүйцэтгэх гэрээ (01/21 болон 01/21-02 тоот)-ний нэмэлт гэрээ /хх-68/, ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-01/25 дугаартай Тушаал /хх-69-72/, ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 06/25 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх-73/, ******* ******* ******* ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б-10/25 дугаартай Тушаал /хх-74/, №323 дугаар хөдөлмөрийн гэрээ /хх-75-79/, ажлын байрны тодорхойлолт /хх-80-81/, №323 дугаар Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /хх-82-84/, ******* ******* ******* ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц /хх-85/, ******* ******* ******* ХХК-ийн ерөнхий зохион байгуулалтын бүдүүвч /хх-104/, ******* ******* ******* ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А-03/22 дугаар Тушаал /хх-105/, ******* ******* ******* ХХК-ийн дотоод журам /хх-106-119/,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.*******гаас, хариуцагч *******-Алтайн ******* ХХК-нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-д зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүсжээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасан.

 

Тодруулбал, энэ хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо дараах бүрэн эрхтэй гээд 155.1.3-т хуулиар харьяалуулсан хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг авах гэж, 156 дугаар зүйлийн 156.1-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах орон тооны бус байнгын ажиллагаатай комиссыг 20 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагад байгуулна гэж, түүнчлэн 156.5-д Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж тус тус зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд юуны түрүүнд тухайн байгууллагын маргаан таслах комисст, хэрэв байхгүй бол сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн 46 тоот хурлын шийдвэрээр Б.*******гийн гомдолтой *******-Алтайн ******* ХХК-нд холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн ба зохигчид тус Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны үйл ажиллагаа нь зохих ёсоор явагдсан эсэх талаар маргаагүй /х.х-ийн 7-9 дүгээр тал/.

 

2. Талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 323 тоот хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, Байгууллагын нууц, мэдээллийн аюулгүй байдлыг хангах тухай гэрээг хариуцагч *******-Алтайн ******* ХХК-тай тус тус байгуулж үйл ажиллагааны менежер ажил, албан тушаалд 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс ажиллаж эхэлжээ./х.х-ийн 10-15 дугаар тал/.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 4.1.15-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр болон бусад үндэслэлээр үүсэж, ажил олгогчийн зүгээс ажилтанд цалин хөлс олгох, бусад шаардлагатай нөхцөлөөр хангах, ажилтан Б.******* нь хөдөлмөрийн гэрээ, үйл ажиллагааны менежер ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэхээр тус тус тохиролцсон байна./х.х-ийн 15, 16 дугаар тал/

 

Улмаар 2024 оны 07 дугаар сарын 30-ний өдрийн 323 тоот Хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр нэхэмжлэгч Б.*******г 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс Тавантолгой-Гашуун сухайт чиглэлтийн хүнд даацын хатуу хучилттай авто *******ын барилгын угсралтын ажил дуусах хүртэлх хугацаанд дотоод хяналтын ажилтан албан тушаалд үндсэн цалинг бууруулахгүйгээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан эсэх үйл баримттай талууд маргаагүй./х.х-ийн 75-77 82, 83 дугаар тал/

 

Гэвч нэхэмжлэгч Б.******* уг хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг үйл ажиллагааны менежер ажил албан тушаалтай хавсран гүйцэтгэх уг нөхцөлийг хүлээн авахгүй нөхцөлд хөдөлмөрийн харилцааг үргэлжлүүлэх боломжгүй гэх ажил олгогчийн шаардлагыг арга буюу хүлээн зөвшөөрсөн гэж маргасан.

 

Дээрх үйл баримтаас дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* хариуцагч *******-Алтайн ******* ХХК-нд өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан үйл баримтын талаар маргаагүй тул тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.*******г хариуцагч *******-Алтайн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Б-10/25 тоот тушаалаар ажлын байр хасагдсан үндэслэлээр, дотоод хяналтын ажил албан тушаалаас 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна /х.х-ийн 5 дугаар тал/.

 

Нэхэмжлэгч Б.******* дотоод хяналтын ажлын байрны орон тоо хасагдсан боловч өмнө ажиллаж байсан үйл ажиллагааны менежер ажлын байр хэвээр хадгалагдаж байгаа үндэслэлээр үйл ажиллагааны менежер ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргасан.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Б.******* нь 2021 оны 09 дүгээр сараас, хариуцагч *******-Алтайн ******* ХХК-нд үйл ажиллагааны менежер албан тушаалыг 2023 оны 03 дугаар хүртэлх хугацаанд эрхэлж байсан, 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр *******-Алтайн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын санал болгосноор өмнө эрхэлж байсан албан тушаалд буцаж ажиллаж эхэлсэн үйл баримттай талууд маргаагүй.

 

Улмаар үйл ажиллагааны менежер ажлын байранд ажиллаж байх хугацаанд Тавантолгой-Гашуун сухайт чиглэлтийн хүнд даацын хатуу хучилттай авто *******ын барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний захиалагч тал болох Тал нутгийн хөгжлийн ******* ХХК-аас гүйцэтгэгч *******-Алтайн ******* ХХК-нд дотоод хяналтыг давхар хэрэгжүүлэх шаардлагаас үүдэн нэхэмжлэгч Б.*******г үйл ажиллагааны менежер албан тушаал эрхэлж байхдаа дотоод хяналтын ажлыг давхар гүйцэтгүүлэхээр түүнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулжээ.

 

Учир нь хариуцагч *******-Алтайн ******* ХХК нь, нэхэмжлэгч Б.*******тай дотоод хяналтын ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгүүлэхээр хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэх боловч түүнийг үйл ажиллагааны менежер албан тушаалаас чөлөөлсөн, мөн дотоод хяналтын албан тушаалд томилсон тушаал шийдвэр гаргаагүй ба гэрч Б.Сэргэлэнгийн мэдүүлэгт ... үйл ажиллагааны менежер ажлын байранд ажиллаж байхдаа дотоод хяналтын албан тушаалыг давхар хашдаг байсан, миний бие харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг байсан тул хэн ямар албан тушаал хашиж байгааг мэддэг байсан гэх мэдүүлгээр нэхэмжлэгчийг дотоод хяналтын ажил үүргийг үйл ажиллагааны менежер ажил үүрэг гүйцэтгэхдээ хавсран гүйцэтгэж байсан гэж шүүх дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно. гэж зааснаар ажилтныг ажил хослон гүйцэтгүүлэхээр ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцсон байх ёстой.

 

Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.2-т Хөдөлмөрийн гэрээ байгуулах нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэж, 369.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ гэж тус тус зааснаас үзвэл Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой харилцааг тусгайлан хуулиар зохицуулах боловч тухайн гэрээ нь гэрээний тусгай төрөл болохын хувьд Иргэний хуулийн ерөнхий үндэслэл мөн адил хэрэглэгдэнэ.

 

Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу дуусгавар болгох, өөрчлөх, гэрээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг тохиолдолд хуульд нөгөө талтай тохиролцох, санал авах, харгалзахаар зохицуулсан бол Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдэх учиртай.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн болон талуудын гаргасан тайлбараар хариуцагч буюу ажил олгогч нь ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэхтэй холбоотой зөвшилцсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдсонгүй.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч *******-Алтайн ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А-01/25 тушаалаар компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн батлахад дотоод хяналтын ажилтан албан тушаал хасагдаж, нэхэмжлэгч Б.*******гийн урьд эрхэлж байсан үйл ажиллагааны менежер албан тушаалын орон тоо хэвээр байгаа ажээ./х.х-ийн 69-72 дугаар тал/.

 

Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан бөгөөд энэхүү тайлбарын 15 дугаар зүйлийн 15.1.1-д:

 

Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино. Энэ тохиолдолд ажил олгогч зөвхөн хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцална гэж, түүнчлэн 15.1.2-т Мөн хэсэгт заасан орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгоно гэж тус тус тайлбарлажээ.

 

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх хуулийн зохицуулалт нь зэрэгцэн гүйцэтгэж буй ажлын байр хасагдсан нь түүнийг өмнө эрхэлж байсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш юм.

 

Тодруулбал, хариуцагч *******-Алтайн ******* ХХК нь, нэхэмжлэгч Б.*******г хавсран гүйцэтгэсэн дотоод хяналтын ажлын байрыг хасагдсан үндэслэлээр, түүний хөдөлмөрийн харилцааг бүхэлд нь дуусгавар болгож, үйл ажиллагааны менежер албан тушаалаас чөлөөлсөн тухай шийдвэр гаргаагүй атлаа ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй бол шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх, ажилтны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгохоор шийдвэрлэх учиртай.

 

Иймд, шүүхээс дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******г урьд өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны менежер ажил, албан тушаалд буцаан томилох нь зүйтэй.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж, 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тус хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажил олгогч нь тухайн ажилтанд ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна уг хугацаанд олговол зохих орлогоос Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар шимтгэл төлөх үүргийг хүлээнэ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөгдөхөөс өмнөх 3 /гурав/ сарын хугацаанд 13,067,225.00 төгрөгийн цалин хөлс авсан ба нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1 дүгээр зүйлийн 1.6, 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар тодорхойлбол 1 /нэг/ өдрийн цалин хөлс 50,794.00 төгрөг болж байна /13,067,225:3=4,355,741:21,5=202,592/.

 

Үүний дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон буюу ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн түүнийг ажилгүй байсанд тооцох ба ажилгүй байсан хугацааг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл тоолоход 173 ажлын өдөр байгааг үндэслэн 1 /нэг/ өдрийн цалин хөлс 202,592.00 төгрөгт үржүүлэхэд нийт 35,048,416.00 төгрөг болж байх тул үүнийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй

 

Иймд, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35,048,416.00 төгрөгийг нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлд хамаарах тул нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг учир түүний төлсөн 70,200.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийг тус тус үндэслэн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 333,192.08 төгрөгийг гаргуулж улсын орлогод төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.*******г урьд эрхэлж байсан буюу үйл ажиллагааны менежер ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч *******-Алтайн ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35,048,416.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагчаас 333,192.08 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЗОЛЗАЯА