| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0109/э |
| Дугаар | 123 |
| Огноо | 2018-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Роза |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 123
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч Ц.Роза
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн
Хохирогч Т.А
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Розагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 1830000000101 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1987 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болох Т.Атай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд баруун гарын ядам хурууны 3-р шивнүүрийн цууралт, дунд хурууны зөөлөн эдийн няцралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр архи уусан байсан юм. Эхнэртэйгээ хууч хөөрөх гээд очиход хадам ээж болох С бид хоёрыг юм яриулахгүй дундуур орж ирээд байсан. Би эхнэрийнхээ гарнаас барьж байгаад хажуу тийш болгохдоо мушгисан байсан. Түүнээс болоод эхнэрийн гар нь бэртсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Хохирогч Т.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр гэрлэлтээ цуцлуулахад хүүхдийг минь надтай байхаар шүүх тогтоож өгсөн боловч, Б.Б нь архи уусан үедээ байнга аваад явчихдаг. Өдөр болгон архи уудаг. Архи уусан үедээ шөнө орж ирээд хүүхэд аваад явчихдаг. Хаалга нээхгүй бол цонхоор орж ирдэг. Энэ талаар би ярихад ч хэцүү байна. Би 4 удаа цагдаад хэлсэн. Хүүхдийн минь эцэг, засрах байх гээд тэр болгон хэлээд байдаггүй ч аргаа барсандаа цагдаад хэлдэг. Миний ээж, аавыг янз бүрээр загнаж, хэл амаар доромжилдог. Намайг мөн байнга дарамталдаг. Саяхан “И”-ын тахилганы уралдаанаар олон хүний дэргэд намайг заамдаж аваад алгадсан. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би гэртээ угаалга хийгээд сууж байхад гаднаас Б.Б архи ууж орж ирээд намайг явъя гэхээр нь би явахгүй гэсэн чинь ээж бид хоёрыг хэл амаар доромжилж, миний гарыг мушгисан. Өдөр болгон манай руу ирж, намайг дарамталдаг. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш ирж дарамталж байгаагүй гэж худал хэлж байна гэв.
Эрүүгийн 1830000000101 дугаартай хэргээс:
- Хохирогч Т.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би Сүхбаатар аймгийн Асгат сумын Тамгын газарт ажилдаг ба 2014 оны 08 дугаар сард Б.Б гэх залуутай гэр бүл болсон юм. Манай нөхөр болох Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үг хэлээр доромжилж цохиж зоддог ба энэ үйлдэл нь 2017 оноос хойш эхэлсэн юм. Гэхдээ Б.Б нь дандаа архи дарс уугаад байдаггүй ба хааяа архи уухаараа тийм үйлдэл гаргадаг 2017 оны 10 дугаар сарын сүүлээр шүүхийн шийдвэрээр салсан юм. Тэгсэн 2017 оны 11 сарын эхээр байх би сайн санахгүй байна, өөрийн аав Түвшинбаярынд 22 цагийн үед байж байтал гаднаас Б нь согтуу орж ирээд үг хэлээр доромжилж гараараа хөл гар болон толгой руу нэгээс 2 удаа цохисон, би цагдаа дуудах гэтэл миний утсыг аваад хөрөгчинд цохиж эвдсэн, мөн цонх хагалсан юм тэгж байтал 23 цагийн үед цагдаа ирээд Б.Бг авч явсан юм. Тэгээд шүүхээс 7 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл авч байсан юм. Тэрнээс хойш Б.Б нь 2017 оны 12 дугаар сард 2-3 удаа ирж хэл амаар доромжилсон 2018 он гаргаад мөн хэл амаар доромжилдог байсан ба 02 дугаар сард мөн аавындаа байж байтал согтуу орж ирээд хэл амаар доромжилж гараараа толгой руу цохисон. Тэрнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэртээ 15 цагийн үед хувцас угааж байж байхад Б.Б согтуу орж ирээд гарнаас бариад гэр рүүгээ харъя гэхээр нь үгүй гэж хэлсэн. Гэтэл аав гаднаас орж ирээд наад хүүхдийн гарыг нь тавиад ажил хийлгэ гэж хэлэхэд таньд хамаагүй, та дуугүй бай дундуур орж ирлээ гээд хувцас угааж байсан түмпэнг өшиглөж та нар юу хүсээд байгаа юм бэ намайг яах гээд байгаа юм гэж хэлсэн.Дараа нь хашгирч намайг гэр рүүгээ чирээд хумсаа будлаа гээд гар мушгиж гэмтээж гарт байсан бөгжийг авсан юм.Тэгээд манай ээж болох С цагдаа дуудсан юм”.... гэх мэдүүлэг, / хх-ийн 4-6-р хуудас /
- Гэрч Р.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “..Манай охин Г.Адьяа нь 2015 онд Б.Бтай гэр болсон.Үүнээс хойш Б нь архи уусан үедээ байнга зодож, цохидог болсон бөгөөд 2017 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл мөн л архи уусан үедээ ирж хэрүүл, маргаан хийж намайг хүртэл хэл амаар доромжилж хаалга, цонх эвдэх шахдаг. 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Адьяаг гэртээ байхад нь орж ирээд хувцас угааж байсан түмпэнг өшиглөж хагалаад гарыг нь мушгиж гэмтээгээд намайг үхэх болоогүй юу гэж хараасан. Б нь шөнийн цагаар ч хамаагүй хаалга нүдэж байгаад хүүгээ аваад явчихдаг. Тиймээс энэ хүнд хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна”... гэх мэдүүлэг / хх-11-р хуудас /
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 281 дугаартай дүгнэлтэнд: Т.Агийн биед баруун гарын ядам хурууны 3 дугаар шивнүүрийн цууралт, дунд хурууны зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид эрүүл, мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт
- Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 127 дугаартай тодорхойлолт, / хх-ийн 28-р хуудас /
- Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоол,
- Б.Бгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг дэвсгэрт 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хохирогч Т.Аг зодож, түүний эрүүл мэндэд баруун гарын ядам хурууны 3-р шивнүүрийн цууралт, дунд хурууны зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.Адьяагийн мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 281 дугаартай дүгнэлт хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт гэр бүлээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах субьект болно гэж зааж тодорхойлсон бөгөөд энэ хэргийн шүүгдэгч Б.Б, хохирогч Т.Адьяа нар нь гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэн гэр бүлийн амьдралаар амьдарч байсан, дундаасаа үр хүүхэдтэй, гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр болохын хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдэд тооцогдох юм.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлсон.
Шүүгдэгч Б.Б 2018 оны 05 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу гэрлэлтээ цуцлуулсан эхнэр болох Т.Атай маргалдан зодож, түүний эрүүл мэндэд баруун гарын ядам хурууны 3-р шивнүүрийн цууралт, дунд хурууны зөөлөн эдийн няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэх зүйлчлэх өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Бд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Адьяа нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Бг 600 / зургаан зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Бд оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Бд мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Адьяа нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА