| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2018/0080/э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 95
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,
Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн яллагдагч Э.Жт холбогдох 1830001200080 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Лүн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Э.Ж
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Яллагдагч Энхбатын Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Х гэх газарт согтууруулах ундааны зүйл уусан үедээ Л.Нтай маргалдан улмаар түүний нүүр рүү нь мөргөснөөс эрүүл мэндэд нь “зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх бүхий гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Э.Ж шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 04 сарын 08-ны өдөр Мөнххаан сумаас хот руу адуугаа аваад буцах гэж байхад М ах намайг гаргаж өгнө гээд нэг юм уусан. Тэгээд Н ахыг адуугаа алдсан гэхээр нь баян байж шинэ мотоцикль аваад адуундаа явж чадахгүй гэж хэлэхэд Н ах чамд ямар хамаатай юм бэ гээд бид хоёр маргалдаж, муудсан. Би Н ахыг сум руу авч явж эм авч өгсөн гэв.
- Хохирогч Л.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Х гэх газар нутагладаг юм. Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 17 цагийн үед хонин дээрээ байж байгаад гэртээ орж ирэхэд манай хүргэн М, Ж хоёр манай гэрт архи уугаад сууж байсан.Тэгтэл Ж нь “та баян мөртлөө алга болсон адууныхаа араас ганц шинэ мотоцикль авч унаад явж чадахгүй байна уу? гэж хэлэхээр нь би “чи хэнийг хэлээд байна вэ?” гэхэд Ж “таныг хэлж байна” гэхээр би уурлаад “би яаж амьдрахаа мэдэж байна” гэхэд Ж “гадаа гараад ир” гэхээр нь би хамт араас нь гарахад гэрийн урд талд намайг 1 удаа толгой руу мөргөсөн өөр цохиж зодсон зүйл байхгүй.Би Жт гэх хүнд зодуулсны улмаас миний зүүн нүдний доод талд зүсэгдэж, 1 оёдол хийлгэсэн.надад гомдол санал байхгүй, миний хохирол болон эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг, /хх-5-6 х /
- Шүүгдэгч Э.Ж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Лүн сумаас Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Х” гэх газар отроор Лүн сумын малчин Д.М, Л.Н нарын хамт ирсэн юм. 2018 оны 04 дүгээр сарын 08-ны Төв аймгийн Лүн сум руу отрын малаа аваад буцах гэж байхад Д.М гэх хүн намайг гаргаж өгнө бид 0.75 литрийн “ерөөл” нэртэй архи 2 шилийг хувааж ууж байхад Л.Н нь хажууд байсан. Тэгээд би Л.Н гэх хүнийг “та олон адуутай хүн байж ганц шинэ мотоцикль авч унаж чадахгүй байна уу?” гэж хэлэхэд Л.Н “миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлэхэд нь би “гараад ир” гэж хэлээд түрүүлээд гарахад Л.Н араас гарч ирэхээр нь гэрийн урд талд аваачиж нэг удаа толгой руу нь мөргөсөн. Өөр зодсон зүйл байхгүй. Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, / хх-25-26 х /
- Гэрч Д.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Э.Жын хамт гэртээ “ерөөл” нэртэй 0.75 литрийн 2 шил архи хувааж уугаад байж байтал гаднаас Л.Н орж ирсэн, тэгтэл Э.Ж Л.Ныг “та олон адуутай хүн байж ганц шинэ мотоцикль авч унаж чадахгүй байна уу?” гэж хэлэхэд Л.Н “миний амьдрал чамд хамаагүй” гэж хэлэхэд нь Э.Ж “гараад ир” гэж хэлээд түрүүлээд гарахад Л.Н араас нь гарсан. Тэр хоёр гадаа маргалдаад байсан би тухайн үед гэрт дотор байсан. Тэгээд удаагүй Э.Ж, Л.Н хамт орж ирэхэд Л.Нын хацар дээрээс нь цус гарч байсан.Би “та хоёр нэг нутаг усны хүмүүс, хоорондоо яах гэж маргалдаж байгаа юм бэ?” гэж хэлсэн” гэх мэдүүлэг,/ хх-13-14 х /
- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 205 дугаартай: 1. Л.Нын биед зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчилэлээр үүсэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.4.Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, / хх-17 х /
- Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол / хх-1 х /,
- Оёдол тавьсан эмчийн магдалгаа / хх-н16 х /,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 949 тоот тодорхойлолт
- Э.Жын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 29 х /,
- Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар талаарх прокурорын санал / хх-н 40 х / зэрэг болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд хангагдсан буюу шүүгдэгч Э.Ж гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, прокуророос сонсгосон ял, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн байх тул түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг, Х гэх газарт согтууруулах ундааны зүйл уусан үедээ Л.Нтай маргалдан улмаар түүний нүүр рүү нь мөргөснөөс эрүүл мэндэд нь “зүүн хацрын хэсгийн зөөлөн эдийн язарсан шарх бүхий гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгч Э.Жын хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Л.Нын мэдүүлэг, мөрдөн байцаалтанд өгсөн гэрч Д.М нарын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 205 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Э.Жын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулах хийгээд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.
Шүүгдэгч Э.Ж нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа шилээр хохирогчийн толгой тус газар санаатай цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Э.Жт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Иймд шүүгдэгч Э.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Жт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Э.Жын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн хохирол учирсан, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг үндэслэн прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Э.Ж нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Жыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 / таван зуун тавин мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Ялтан Э.Ж энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч Л.Н нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.
4. Ялтан Э.Жт шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР