Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ДШМ/69

 

 

 

 

 

Э.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ө.Эрдэнэмөнх,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/700 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ө.Эрдэнэмөнх 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Э.Б-т холбогдох эрүүгийн 2306029283048 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

Э.Б .......... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:

Э.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Голомт банк мэдээллийн сүлжээгээр дамжуулагдах иргэн С.М-гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй ..........@уаhоо.соm мэйл хаягийг нь ..................@gmail.соm болгож, бүртгэлтэй 991ххххххх утасны дугаарыг 991ххххх болгон тус тус өөрчилсөн,

мөн иргэн С.М-гийн Голомт банкны 1201хххххххх тоот харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг Голомт банкны 120хххххххх тоот А.Б, Хаан банкны 5169хххххххх тоот Ч.П дансаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь 413ххххххххх тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан,

2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Али пэй цэнэглэнэ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х-г 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З-ийн Хаан банкны 58ххххххххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э-гаас фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар “Ю” гэж Хаан банкны 513ххххххххх тоот дансанд Хаан банкны 509ххххххххх тоот данснаас 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг 96хххххххх” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан Э.Б-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, үндэслэлгүйгээр яллагдагчаар татагдсаны улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, учирсан хохирлоо төрөөс нэхэмжлэх бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болгохыг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2306029283048 дугаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж, Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хохирогч С.М-, Э.Э-, Х.Х- нарт учирсан хохирлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцээгүй орхисныг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ө.Эрдэнэмөнх эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...1. Шүүх шүүгдэгчийг цагаатгасан үндэслэлээ “...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримтаар Э.Б- нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хөтөлбөргүй нотлогдож тогтоогдохгүй байна.

Э.Б- нь С.М-гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй ..........@уаhоо.соm мэйл хаягийг нь ..................@gmail.соm болгож, бүртгэлтэй 991ххххххх утасны дугаарыг 991ххххх болгон тус тус өөрчилсөн, мөн иргэн С.М-гийн Голомт банкны 1201хххххххх харилцах данснаас 2023 оны 5 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг Голомт банкны 120хххххххх А.Б, Хаан банкны 5169хххххххх Ч.П данснуудаар дамжуулан Худалдаа хөгжлийн банк дахь 413ххххххххх тоот өөрийн дансанд нууцаар, хууль бусаар шилжүүлэн авсан гэх боловч банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрсэн болох нь хангалттай нотлогдохгүй.

Өөрөөр хэлбэл прокуророос Э.Б-ыг С.М-гийн арилжааны банкны мэдээлэлд хууль бусаар нэвтэрч мэдээллийг өөрчилсөн, 7 удаагийн гүйлгээгээр нийт 15,890,000 төгрөгийг хууль бусаар шилжүүлэн авсан гэх үйлдлийг хохирогч болон насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Эрүүгийн мөрдөгчийн цахим орчинд 89РКR нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 52-56/ зэргээр нотлогдсон гэж дүгнэн яллаж байгаа нь дээрх гэмт хэргийг хангалттай нотолж байна гэж үзэх боломжгүй, дээрх хохирогч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заагаагүй, зөвхөн өөрт учирсан хохирлын талаар мэдүүлжээ. Мөн мөрдөгчийн 89РКР нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь эх сурвалж нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлох шууд нотлох баримтаар тооцох боломжгүй, хууль зөрчиж цуглуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн, Э.Б- нь 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд “Али пэй цэнэглэнэ” гэсэн утга бүхий зар байршуулж, зарын дагуу холбогдсон хохирогч Х.Х-г 4,868,000 төгрөгийг юань болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Х.Х-г Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны хорооны нутаг дэвсгэрт байхад нь иргэн Н.З-ийн Хаан банкны 58ххххххххх дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан, мөн шунахай сэдэлтээр, хуурч, бодит байдлыг зориудаар нуун төөрөгдүүлж 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Компьютер ланд худалдааны төвд байсан Э.Э-гаас фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягаар “Ю” гэж Хаан банкны 513ххххххххх тоот дансанд Хаан банкны 509ххххххххх тоот данснаас 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг 96хххххххх” гэсэн утгаар шилжүүлэн авч залилсан гэх үйлдлүүд нь эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байна.

Тухайлбал, 1-р хавтаст хэргийн 143-152, 2-р хавтас хэргийн 48-53 дугаар талуудад авагдсан таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7-д заасан журмыг зөрчиж хийгдсэн. ...хохирогч Х.Х-, Э.Э-, гэрч Г.З, Д.Г нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга, АТМ-ээс мөнгө авч буй гэх хяналтын камерын бичлэгүүдийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүдийг шинжлэн судлахад Э.Б- болох нь эргэлзээгүй танигдахгүй байгаа зэрэг нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн болохыг хангалттай нотлохгүй, эх сурвалж нь тодорхойгүй эргэлзээтэй байна” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан цагаатгах болон яллах талын нотлох баримтуудаас хэргийн үйл баримтын нэг хэсэг болох цагаатгах талын ямар нотлох баримтыг үнэлж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болгосон нотлох баримтын агуулга нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ биш юм.

Нотлох баримтыг шалгах, үнэлэх нь хийсвэр таамаглал, субьектив хүсэл зориг, үзэмжийн асуудал биш шүүхээс нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн эргэлзээ бүхий нөхцөл байдлыг даван туулахын тулд рациональ сэтгэлгээ, логикийн болон шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан туршилтын хуулиуд, шинжлэх ухаан-танин мэдэхүйн дүрэм, арга зүйг ашиглах, тэдгээрт тулгуурлан дүгнэлт хийсэн байх шаардлагатай.

Гэтэл шүүх хууль зүйн дүгнэлт хийхэд ач холбогдолтой боловч нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн нотлох баримтуудад дүгнэлт хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдал гэж үзэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нотлох баримт, үндэслэл мэтээр дүгнэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй юм. Тухайлбал:

Таньж олуулах ажиллагаанд оролцсон гэрч Б.С, Д.Г нар нь ямар байдлаар таниулж буй этгээдийг таньж байгаа талаараа гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Дэнжийн мянга худалдааны төвийн Хүчит шонхор захаас 20-25 орчим насны дундаж өндөртэй туранхай бор царайтай залуу суугаад 100 айл орсон. Тэр залуу машин дотор явж байхдаа нэг хүнтэй карт алга байна, таксины жолоочийн карт руу хийгээд өгчих тэгээд материалаа авъя гээд утсаар яриад байсан. Надаас хямд мод хаагуур байдаг билээ гэж асуугаад би Цайз захаар байгаа байх гэсэн яриа өрнүүлээд миний Хаан банкны 501хххххххх тоот данс руу хүнээр 4,800,000 төгрөг шилжүүлүүлж хийгээд 100 айлын Хаан банкны АТМ-аас 4,790,000 төгрөгийг би бэлнээр картаасаа авч өгсөн. Тэгээд тэр залуу зам гараад яваад өгсөн. Тэр залуу надтай хамт 15 цаг 48 минутад АТМ-рүү хамт ороод хажууд хүлээж байгаад мөнгөө аваад явсан. Дансанд үлдсэн 10,000 төгрөг нь миний таксины мөнгө байсан. Одоо тэр залууг дахин харах юм бол танина...” гэж,

гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би Хаан банканд 503ххххххх тоот данс эзэмшдэг 2010 оноос хойш хэрэглэж байгаа. 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 4,750,000 төгрөг орлого гэсэн утгаар орсон нь өөрийн 0000 УАА улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхад 12 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Содон хорооллын арын засмал зам дээр саарал өнгийн куртик өмссөн 170 орчим өндөртэй бордуу царайтай жижиг халимаг үстэй, туранхай 30 гаран насны залуу гар өргөөд зогсож байсныг авахад хотын төв орно гэж хэлээд суусан. Тэгээд утсаар ярьж байгаад Дэнжийн мянга орохоор боллоо танд банкны карт байна уу би картаа орхиод гараад ирсэн байна мөнгө хийгээд авчих уу гэж хэлсэн. Би тэг тэг гээд Хаан банкны картаа өгөөд 503ххххххх тоот дансаа өгсөн. Тэр залуу утсаар ярьж байгаад миний дансанд 2,000,000 төгрөг хийсэн. Бид 2 Дэнжийн мянгын Хүчит шонхор зах дээр ирсэн. Тэгээд дансанд чинь дахиад мөнгө хийе гэсэн. Би тэг гэхэд миний дансанд 2,750,000 төгрөг хийсэн. Би АТМ ороод данснаасаа 2,700,000 төгрөг аваад өөрт байсан 50,000 төгрөгийг нэмээд 2,750,000 төгрөг болгож болгож өгсөн. Тухайн залуу надад таксины мөнгө бэлэн 5000 төгрөг өгсөн. Тэр залуу надад хэлэхдээ 2 сар ажил хийсэн цалингаа авсан гэж хэлсэн. Тэр залууг одоо харах юм бол танина гэж бодож байна. Мөн 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр дахин өгсөн мэдүүлэгтээ тэр залууг харах юм бол танина...” гэж тус тус мэдүүлсэн, улмаар тэдний мэдүүлэгт үндэслэн таньж олуулах ажиллагааг хийж гүйцэтгэсэн,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Энэ зүйлийн 7, 8 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулах боломжгүй дараах тохиолдолд гэрэл зураг, эсхүл дууны, эсхүл дүрсний, эсхүл дуу-дүрсний бичлэг ашиглан таньж олуулж болно”, тус хэсгийн 3 дахь заалтад “таньж олох хүнийг биеэр ирүүлэх боломжгүй” гэж хуульчилсны дагуу Э.Б-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө буюу түүний хаана байгаа газар нь тодорхой болохоос өмнө таньж олуулах ажиллагааг гэрэл зураг ашиглан хийж гүйцэтгэсэн, гэрч Б.С, Д.Г нар Э.Б-ыг шууд таньж тус тус зааж таньсан байхад тухайн ажиллагааг хууль зөрчиж явуулсан мөрдөн шалгах ажиллагаа гэж шүүх үзсэн нь үндэслэлгүй болно.

Мөн хохирогч нарын зүгээс хэзээ, хэрхэн, ямар байдлаар хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг зэрэг нь цогц байдлаараа гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн үйлдлийн арга, хэрэгсэл, гэмт хэрэг гарсан цаг хугацаа, хохирол уршиг зэргийг нотолсон нотолгоо мөн байтал эдгээр нотлох баримтуудыг шүүх цогц байдлаар бүхэлд нь үнэлэхгүйгээр, дан дангаар авч үзэж, эх сурвалж тодорхой, нотлох баримт хангалтгүй, хүрэлцээгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэг нь нөгөөгөө харилцан үгүйсгэсэн нотлох баримтуудыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан цогц байдлаар шинжпэн судалж, логик оюун дүгнэлтэд үндэслэн үнэлж, тайлбар хийхгүйгээр шууд эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн гэж шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн, цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэж шүүх дүгнэв” гэсэн атлаа мөрдөгчийн 89РКR нэртэй хэрэглэгчтэй зурвасаар харилцсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд нь эх сурвалж нь тодорхойгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлох шууд нотлох баримтаар тооцох боломжгүй, хууль зөрчиж цуглуулсан гэж үзэхээр байна гэж, мөн хэрэгт авагдсан таньж олуулах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж хийгдсэн гэх зэргээр дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн дүгнэлт нь өөр хоорондоо зөрүүтэй, ойлгомжгүй болсон байх ба шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/700 дугаар цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан буюу шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдах”, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргүүдэд холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Э.Б-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн зорилгод хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго ордог.

2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр фейсбүүк цахим орчинд байршсан “Али пэй цэнэглэнэ” гэсэн утга бүхий зараас шалтгаантайгаар иргэн Х.Х-г 4,868,000 төгрөгийг иргэн Н.З-ийн Хаан банкны 58ххххххххх дугаарын дансанд шилжүүлж хохирсон, ,

2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр иргэн Э.Э- нь фейсбүүк дэх “Б.Н” гэх хаягийн “Ю” гэсэн зараар Хаан банкны 513ххххххххх тоот дансанд 4,797,000 төгрөгийг “Юанийн шилжүүлэг 96хххххххх” гэсэн утгаар шилжүүлж хохирсон байна.

Уг үйл явдалд мөрдөн шалгах ажиллагаа явуулаад иргэн Х.Х-гийн мөнгийг хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэн Б.С-ын дансыг ашиглаж, иргэн Э.Э-гийн мөнгийг мөн хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэн Д.Г-ын дансыг ашиглаж авч бэлнээр авсан үйлдлийн холбогдогчоор иргэн Х.С, Д.Г нарын таньснаар Э.Б-ыг яллагдагчаар татжээ.

Таньж олуулах ажиллагааг гэрч Х.С, Д.Г нараар хийлгэхдээ мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлд заасан “...аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньсан тухай тайлбарлуулж, тэмдэглэлд тусгана. ...” гэсэн ажиллагааг хийгээгүй /2-р хх-ийн 53-56 тал/ нь нотлох баримтыг үнэлэх боломжгүй болгосон байна. Энэхүү ажиллагааг дахин явуулж, нэмж мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгэх боломжтой байхад хийлгэлгүй тухайн гэрч нарын мэдүүлгийг эх сурвалжгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Мөн хэрэгт, ХААН банкны камерийн бичлэгийг хэсэгчлэн ирүүлсэн байх ба /хэрэгт хавсаргасан СД/ уг хэсэгчлэн ирүүлсэн камерийн бичлэгийг гэрэл зураг болгон буулгаж тэмдэглэлд хавсаргажээ. Тус камерийн бичлэгийн цаасан дээр хэвлэгчээр хэвлэн буулгасан гэрэл зургуудыг /2-р хх 36-39 тал/ шинжлэн судалж “эргэлзээгүй танигдахгүй байна” гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Бичлэгийг тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт гаргуулах, эсхүл бичлэгийг бүтнээр нь ХААН банкнаас гаргуулан авах зэрэг шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэсний эцэст шүүх үнэлэх боломжтой байжээ.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж, эрүүгийн хэрэг хянан шалгах ажиллагааны зөрчлийг арилгах, нотлох баримтыг эргэлзээгүй үнэлэхүйц байдлыг эцэслэлгүйгээр иргэн Х.Х-, Э.Э- нарын хохирсон гэмт хэрэгт Э.Б-ыг цагаатгаж, түүнийг уг үйлдэлд холбогдуулан шалгах хууль зүйн үндэслэлийг байхгүй болгосон байна гэж үзэв.  

2. Цагаатгагдсан этгээд Э.Б- нь шүүх хуралдаанд “..Хохирогч гэх Э.М-гийн тухайд би покер тоглосон. Ихэнх мөнгийг намайг авсан гэж цагдаад мэдүүлсэн байна. Нийт 15,800,000 орчим төгрөг дурдагдаж байгаа юм. Түүнээс би 6,900,000 төгрөгийг нь хүлээн зөвшөөрч байгаа. Үлдсэнг нь би хаашаа орсныг мэдэхгүй. ...”/2 хх 201 тал/, “...Над руу 6,000,000 төгрөг орсон. ...”/2 хх 230 тал/ гэж мэдүүлжээ. Гэтэл шүүгдэгчийн уг мэдүүлгийг, мэдүүлгийг эх сурвалжийг нягталж үнэлэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Мөн Э.М-гийн хохирсон гэх үйлдэлтэй холбогдуулан прокурор цахим орчинд 89РКR гэх нэртэй хэрэглэгчтэй харилцсан гэх тэмдэглэл, гэрэл зургуудыг хавсаргасан байна. Энэ нотлох баримтуудын эх сурвалжийг нягтлах, эдгээр харилцсан гэх этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчоор оролцуулсан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэлгүйгээр дутуу нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлууд бүрэн нотлогдоогүй байхад Э.Б-т холбогдуулсан “Хулгайлах”, “Залилах”, “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.  

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах талаар хуульчилсан байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүйгээр Э.Б-т холбогдуулсан хэргүүдийг хэрэгсэхгүй болгосон байх байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг зөрчжээ.

Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй, эдгээрээс аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заалгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлуудыг тогтоолгох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 2024/ШЦТ/700 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ