Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2020/01712

 

 

 

 

 

 

 

 

 

Х.П нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01191 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.П хариуцагч П.С , П.Э нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.П , түүний өмгөөлөгч Р.П , хариуцагч П.С , хариуцагч нарын өмгөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагч нарын төрсөн эцэг. Орхон аймаг дахь сум дундын иргэний шүүхийн 1999 оны 07 сарын 08-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр Х.Пүрэвдорж, Г.Оюуннаран нарын гэрлэлтийг цуцалсан. Тухайн үед П.С 6 нас, П.Э 3 настай байсан ба хүүхдүүдийг эх Г.Оюуннарангийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож, сар бүр тэжээн тэтгүүлэхээр заасан. Х.Пүрэвдорж хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлж байгаад 2003 оны 05 сарын 26-ны өдөр БНСУ-д гэрээгээр ажиллахаар явсан. Үүнээс хойш шаардлагатай гэсэн мөнгийг шилжүүлж, хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төлж эцэг хүний үүргээ нэр төртэй биелүүлсэн.

2015 оны 07 сарын 21-ний өдөр Монгол улсад ирээд маргаан бүхий орон сууцыг худалдан авах гэсэн боловч иргэний үнэмлэх байхгүй байсан учраас хүү П.Э ийн нэр дээр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Иргэний үнэмлэхээ авч ирээд өмнөх өмчлөгч н.Баттөр, хүү П.Э нарыг бүртгэлээс хасуулах гэхэд П.Э өөс гадна охин П.С мөн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан.

Ингээд талуудын хооронд маргаан үүсэхэд хариуцагч нарын зүгээс гадаад улсад виз мэдүүлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байхад ач холбогдолтой байдаг тул бүртгэлийг хэвээр байлгая, та байраа захиран зарцуулах эрх чинь нээлттэй учир санаа зовох хэрэггүй, бид гадагш явах үед угаасаа хасагдана гэхээр нь хүлээсэн. Гэтэл Орхон аймгаас ирэхэд цоожны гол сольж, зөвшөөрөлгүй бусдад хөлслүүлэн мөнгийг нь завших зэргээр дур зоргоор аашилсан. Х.Пүрэвдорж нь өөрийн хөлс хүчээр олж авсан үл хөдлөх эд хөрөнгөө дангаар эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Иймд хуульд заасны дагуу Баянзүрх дүүргийн 2-р хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 12/5 байрны 14 тоот эрхийн бүртгэлийн Ү-2204073783 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс П.С , П.Э нарыг хасаж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар хариу тайлбартаа: Маргаан бүхий орон сууцыг Х.Пүрэвдорж нь П.С 22 настай, П.Э 19 настай байхад Улаанбаатар хотод их сургуульд сурах үед оюутны байранд бус өөрсдийн гэсэн орон сууцанд байх хэрэгтэй гэж худалдан авч өгсөн. Үүнээс хойш хариуцагч нар ашиглалтын зардлыг өөрсдөө төлж, урсгал засвар мөн хийдэг байсан. Иймд тухайн орон сууц нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын дундын өмчлөлийн эд хөрөнгө тул нэхэмжлэгчид ногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Харин өмчлөгчийн эрхэнд халдсан үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 489 дүгээр зүйлийн 489.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч П.С , П.Э нарыг Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/, Б.Доржийн гудамж, 12/5 байрны 14 тоот хаягт байршилтай, эрхийн бүртгэлийн Ү-2204073783 дугаарт бүртгэлтэй нэг өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэгч Х.П нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл, 38.9 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байхад шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулан нотлох баримтыг Ариун-очир ХХК болон Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсээс шаардан гаргуулж маргааныг нэг мөр эцэслэн шийдвэрлэх үүрэгтэй байсан. Нэхэмжлэгч 2015 оны 07 сарын 21-ний өдөр Монгол улсад ирсэн, 2015 оны 07 сарын 25-ны өдөр маргаан бүхий орон сууцны анхны захиалагч н.Баттөр гэх иргэнд гэрээг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай 47 500 000 төгрөгийг хэрхэн ямар дансаар дамжуулан н.Баттөрийн дансанд шилжүүлсэн гэх мэт маргаанд ач холбогдолтой нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад энэ тухай шүүх огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагч нар орон сууц авахад зориулж 1 ч төгрөг өгөөгүй, олон жилээр Монгол улсад оршин суугаагүй, мөн нэхэмжлэгчийг өөрийн хөрөнгөөр авсан орон сууцаа захиран зарцуулах, эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж ирсэн гэдгээ үгүйсгэдэггүй хүлээн зөвшөөрдөг, түүгээр ч зогсохгүй хариуцагч П.С өмчлөгчөөс хасагдахад бэлэн гэдгээ илэрхийлж нэхэмжлэгчийн өөрт ногдох хэсгийг зөвшөөрдөг.

Мөн шүүх маргаан бүхий хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг гэрчилсэн гэрч Б.Эрдэнэчимэгийн мэдүүлгийг гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдоогүй, зохигчийн тайлбаруудаас зөрүүтэй байх тул үнэн зөв эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь БНСУ-аас 2015 оны 07 сарын 21-ний өдөр Монгол улсад ирсэн нь нэхэмжлэгчийн гадаад паспортын хилээр орсон гарсан тухай шалган нэвтрүүлсэн тэмдэглэгээгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь нотлох баримтын шаардлага хангасан баримт юм. Мөн нэхэмжлэгч талын 2015 оны 07 сарын 25-ны өдрийн орон сууцны гэрээг өмнөх захиалагчийн гэрээг шилжүүлэн авахад тухайн өдрөө иргэний үнэмлэхээ Орхон аймгаас авч ирэх боломжгүй байсан нь нотлогдоно. Гэтэл шүүх энэ талаар зөрүүтэй дүгнэлт хийсэн байдаг. Шүүх нэг талд илэрхий үйлчилж дан ганц хариуцагч нарын тайлбарыг үндэстэй гэж үзсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хрээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь хариуцагч П.С , П.Э нарт холбогдуулан орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /хх 1-6, 30/

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд орон сууцыг хамтран өмчлөх эрх үүсээгүй гэсэн нэхэмжлэгч Х.П нэхэмжлэлийн үндэслэл нотлогдоогүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Тодруулбал, хэрэгт авагдсан 2015 оны 07 сарын 24-ний өдрийн Барилга орон сууц захиалан бариулах гэрээ /хх 40-41/, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 31/, зохигчдын тайлбараас үзвэл, маргаан бүхий орон сууцны өмчлөх эрх Ариун-Очир ХХК болон нэхэмжлэгчийн хүү П.Э нарын хооронд байгуулсан гэрээнд үндэслэн, улсын бүртгэлийн байгууллагаас 2015 оны 08 сарын 27-ны өдөр Х.Пүрэвдорж, П.Э , П.С нарыг бүртгэсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлтэй холбоотой гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нар нь түүний төрсөн хүүхдүүд бөгөөд гэрлэлт цуцлагдаж, эхийн асрамжид байсан үед тэжээн тэтгэх үүргээ бүрэн биелүүлсэн, маргаан бүхий орон сууцыг худалдан авах үед иргэний үнэмлэхгүй байсан учраас П.Э ийн иргэний үнэмлэхийг ашигласан, өөр байдлаар тэдгээрийг өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэл зориг байгаагүй гэж тайлбарлажээ.

 

Зүй нь, нэхэмжлэгч Х.Пүрэвдорж нь хүүхдүүдийн тэтгэлэг, сургалтын төлбөр, бусад шаардлагатай зардлыг төлж байсан явдал нь маргаан бүхий орон сууцыг дангаар өмчлөх эрхтэй болохыг нотлохгүйгээс гадна хамтран өмчлөгч нарын өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

 

Тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх үед талуудын хүсэл зориг юу байсан, хожим үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хасагдах тохиролцоо байсан эсэх нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар ийнхүү тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах зохицуулалт нь шүүхийн үүрэг бус харин эрх байх тул уг зохицуулалтыг хэрэглээгүй гэж шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн этгээд нь нэхэмжлэгчийн төрсөн дүү бөгөөд түүний өгсөн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй байгаа тул гэрчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар давж заалдах гомдол мөн үндэслэлгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01191 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316 284 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.НЯМБАЗАР