Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/70

 

 

 

 

З.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор 2409020351155,

шүүгдэгч З.М-гийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/974 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нь давж заалдах гомдол гаргасныг үндэслэн З.М-д холбогдох эрүүгийн 2409020351155 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

З.М ................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч З.М- нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Д-тай маргалдаж, улмаар газар унагааж цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, хоёр өвдөгт зулгаралт, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас:

З.М-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч З.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар 3,300,000 төгрөгийг гаргуулан хохирогч Х овогт Э-ийн Д-д олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хүснэгтээр хоёр дугаар зэрэглэлээр тогтоож, хохирогч Э.Д-т 3,300,000 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч байгаа. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын дагуу хүснэгтээр тогтоох болсон заалт нь 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл М-ийн үйлдсэн хэрэг нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр буюу тухайн тушаал хэрэгжихээс өмнө байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалтыг зөрчиж 3,300,000 мянган төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хэргийн 45 дахь талд мөрдөгч маягт бөглөсөн ч хэзээ бөглөсөн огноо нь байдаггүй. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор П.Отгонбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан А/268, А/275 дугаар тушаалаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох журам” нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд тухайлсан 5 төрлийн гэмт хэргийн хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, хохирогч зөвшөөрсөн тохиолдолд түүнийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр зохицуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүлээн зөвшөөрсөн маягтыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны А/67 дугаар тушаалаар хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Шүүгдэгч З.М-д холбогдох эрүүгийн 2409020351155 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

1. Шүүгдэгч З.М- нь 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Д-тай маргалдаж, улмаар газар унагааж цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь дух, хоёр өвдөгт зулгаралт, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Э.Д-ын “...Манай эхнэр Зу баарны зүүн талд байрлах Си юү дэлгүүрийн нойл орсон ба дэлгүүр дотор нэг эмэгтэйтэй маргалдсан гэж хэлсэн. Эхнэрийг аваад гарсан чинь эхнэрийн маргалдсан гэх эмэгтэй араас дагаж гарч ирсэн ба эхнэр болон нөгөө маргалдсан эмэгтэй хоёрын асуудлыг зохицуулж байтал нэг үл таних эрэгтэй дундуур орж ирээд эхнэрийн нүүр, баруун хацар руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би тэр эрэгтэйг “чи яаж байгаа юм бэ” гээд түлхсэн ба нөгөө эрэгтэй намайг зодсон. Хэрхэн, яаж зодуулсан гэдгээ санахгүй байна. Нэг мэдэхэд би газар уначихсан, тэр эрэгтэй намайг 2-3 удаа өшиглөсөн...  /хх-ийн 7-8/,

гэрч З-ын “...Түүний найз залуу гэх эрэгтэй “чи манай эхнэрийг зодлоо” гээд шууд нүүр лүү нь цохиод эхэлсэн. Манай дүү биеэ хамгаалахын тулд харилцан зодолдсон. Тэгээд зодолдоод байхад нь 2 талаас хүмүүс ирж салгаад, би дүүгээ хол очоод зогсож бай” гэж хэлсэн. ...” /хх-ийн 15-16/,

гэрч Ц.А-ийн “...Үл таних хоёр эмэгтэйтэй маргалдаад гарч ирсэн. Тэгсэн араас нөгөө хоёр эмэгтэй гарч ирээд маргалдаад, зогсож байсан машинаас нэг залуу бууж ирээд миний зүүн талын хацар луу алгадаж, газар унагасан. Намайг унасан байхыг манай нөхөр хараад “яаж байгаа юм бэ эмэгтэй хүнийг” гээд маргалдаад эхэлсэн. Нэг харсан манай нөхрийг газар унагаасан дээрээс нь дэвсээд өшиглөж байсан. Тэгээд манай нөхөр босоод ирсэн нүүр ам нь цус болсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх-ийн 28-29/ гэх мэдүүлгүүд,

Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 8540 дугаартай “...Э.Д-ын биед дух, хоёр өвдөг зулгаралт, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/,

камерын бичлэг: “...Бичлэгийн эхэнд 2024.06.20 04:55:05 гэсэн бичиглэл байх ба Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Си Юү” сүлжээ дэлгүүрийн гадна талын хяналтын камерт цагаан өнгийн өмдтэй, хөх цэнхэр өнгийн футболктой, хар өнгийн пүүзтэй, 22 орчим насны, 176 см өндөртэй эрэгтэй, эрээн цамцтай, хар өнгийн хантаазтай, цэнхэр жинсэн өмдтэй, 30 орчим насны эрэгтэйг нүүр тус газарт нь баруун гараараа хоёр удаа цохиж байна. ... Бичлэгийн 04:55:06 гэсэн хэсэгт цагаан өнгийн өмдтэй, хөх цэнхэр өнгийн футболктой, хар өнгийн пүүзтэй, 22 орчим насны, 176 см өндөртэй эрэгтэй, эрээн цамцтай, хар өнгийн хантаазтай, цэнхэр жинсэн өмдтэй 30 орчим насны эрэгтэйг газарт унагааж байна. ...” /хх-ийн 40-42/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна. 

2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

3. Шүүгдэгч З.М-гийн хохирогч Э.Д-тай маргалдаж, улмаар газар унагааж цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд нь дух, хоёр өвдөгт зулгаралт, хоёр нүдний зовхи, нүдний алимын салстад цус хуралт, баруун зовхи, хацар, шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан төдийгүй анхан шатны шүүхээс З.М-гийн үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. 

4. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас торгох ялыг З.М-д сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, анх удаа ял шийтгүүлж байгаа хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Анхан шатны шүүх нь З.М-д холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Д-т учирсан хохирол, түүний сэтгэцэд учирсан хор уршгийн талаар хууль үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

Хохирогчоос гаргаж өгсөн болон мөрдөгчөөс сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтоосон баримтад тулгуурлан “...шүүгдэгч З.М-гээс хохирогч Э.Д-ын сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн...” нь хэргийн үйл баримт, хохирогчид учирсан хохирлын хэр хэмжээ зэрэгт тохирсон байна.

Шүүхийн шинжилгээний тухай хууль 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдаж, тухайн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан. 

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлээр гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох үнэлгээ тогтоохоор хуульчилж өгсөнд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох журам”-ыг баталсан бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдсөн.  

Түүнчлэн, Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан ба тус аргачлалд “...хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлд тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр нөхөн төлбөрийг тогтоосон. ...” байх ба хохирогч Э.Д-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон, хөнгөн гэмтлийн улмаас үүсэх сэтгэцийн эмгэгийг хоёрдугаар зэрэглэлд тооцох талаар заасан байна.

Иймд анхан шатны шүүх хөнгөн гэмтэл учирсан хохирогч Э.Д-т олгох нөхөн төлбөрийг гэмт хэрэг үйлдэгдсэн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлснээр буюу нөхөн төлбөрийн хамгийн доод хэмжээгээр тогтоосон нь хууль, журам, тогтоолд тус тус нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 2024/ШЦТ/974 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ