Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00247

 

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2018/00247

 

 

Эрч СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Эрч СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Д.Мөнхцэцэгт холбогдох БГД, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 давхрын 0 тоот өрөөг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, түрээсийн төлбөрт 3 346 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Насантогтох, өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болортуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхрын 0 тоот, цахилгааны зориулалттай шитний байр буюу өрөөг хариуцагч Д.Мөнхцэцэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-ний үндсэн дээр түрээслүүлж байсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж байсан бөгөөд түрээсийн гэрээний хугацаа дуусаж байраа суллаж авах нөхцөл байдал үүссэн. Иймд түрээсийн төлбөрөө нөхөн гаргуулж, түүнийг албадан гаргуулах хүсэлтэй байна. Тэрээр шит байрладаг өрөөг суллаж өгөхгүй манай холбооны үйл ажиллагаанд саад учруулж байна. Иймд дээрх байрыг Д.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 3 346 500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 1996 онд Улаанбаатар төмөр замд үйлчлэгчээр орж ажилласан бөгөөд тус газраас Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхарын 0 тоот өрөөг надад албан ёсоор өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл байр, цахилгаан, СӨХ-ны төлбөрөө цаг тухайд нь төлж байгаа билээ. Энэхүү байр нь 2003 оны Засгийн газрын тогтоолоор хувьчлагдах үед шитний тоног төхөөрөмж байгаа гэсэн үндэслэлээр хувьчлах ажил хугацаа алдсан. Иймээс 2005 онд Улаанбаатар төмөр замын барилга орон сууцны /БОС/ 2 дугаар ангийн дарга хариуцагч Д.Мөнхцэцэгт орон сууц хөлслөх эрхийн бичгийг олгож, Орон сууц эзэмших эрхийн гэрээ-г байгуулсан. Хариуцагч Д.Мөнхцэцэг нь Иргэний хуулийн 89, 90, 91, 94, 104, 105 дугаар зүйл, УИХ-ын 2003 оны 27 дугаар тогтоолд тус тус заасанчлан шударга эзэмшигч бөгөөд өмчлөгчийн адил эрхтэй. Монгол Улсын Дээд шүүхийн 2011 оны 01 дүгээр зөвлөмжөөр Орон сууцны техникийн зориулалттай зарим өрөө доод хонгил, шатны доорх зайнд түрээсийн гэрээ, эзэмших эрхийн бичиг, зарим эрх бүхий албан тушаалтны бичгийн болон аман шийдвэрээр амьдралын гачигдалтай айл болон хүн амьдарч орон сууцны зориулалтаар түүнийгээ засан сайжруулж эзэмшсээр ирсэн ба одоо ч ийм айл өрх тэнд амьдарч байна. Эдгээр хүмүүс нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т зааснаар тухайн байшинд үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ны гишүүн төдийгүй сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч мөн юм гэжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ техникийн зориулалттай цахилгааны шитний байрыг гэсэн байна. Гэтэл Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д Техникийн өрөө гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д сууцны бус зориулалттай техникийн өрөө, тоног төхөөрөмж, цахилгааны оролтын самбар... гэж дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах эд хөрөнгийг заасан. Маргаан бүхий 0 тоот сууц нь сууцны бус зориулалттай техникийн өрөө буюу дундын өмчлөлийн хөрөнгөд хамаарахгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчид өөрийн өмчлөлдөө худалдан авч, үргэлжлүүлэн амьдрах саналыг тавьж байсан тухай нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад туссанаас харахад сууцны зориулалтай болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн болох нь харагдаж байна гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсны эзэмшигч бөгөөд дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөгч, нэхэмжлэгч байгууллагын гишүүн байтал хариуцагчийн эрхэд халдсан хууль бус шаардлага гэж үзэж байна.

Нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Э.Билгүүнтэй хариуцагч Д.Мөнхцэцэг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд хариуцагч Д.Мөнхцэцэгийн үйлчилгээ эрхлэгч гэсэн байна. Гэтэл хариуцагч нь энэхүү 69 дүгээр байрны 0 тоотод амьдардаг бөгөөд ямар нэгэн хэлбэрийн үйлчилгээг огт эрхэлдэггүй, эрхэлж байгаагүй. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д тус тус заасан оршин суугч, СӨХ-ны гишүүн байтал Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн Орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилах аргаар гэрээ байгуулаагүй нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхрын 0 тоот өрөөг Д.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгө /ДӨЭХ/ ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-ний төлбөрт 3,346,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай Эрч сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,695 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-т зааснаас үзэхэд маргааны зүйл болох "0" тоот өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн хөрөнгөнд эргэлзээгүй хамаарч байгаа юм. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ дээрх хуулийн заалтыг дурьдсан хэрнээ ..."0" тоот өрөө нь орон сууцны байшингийн дундын өмчлөлд хамаарахгүй болох нь Улаанбаатар төмөр замын Барилгын хэлтсийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 23/195 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар төмөр замаас хариуцагч Д.Мөнхцэцэгт олгосон "Орон сууц хөлслөх эрхийн бичиг", Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 7/8623 тоот албан бичиг зэрэг баримтаар нотлогдож байна" гэж дүгнэжээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж тусгайлан зохицуулсан хуулиар орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах "0" тоот өрөөг үндэслэлгүйгээр дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй гэсэн дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын "эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй байна", УБТЗ-ын барилгын хэлтсийн "2004 онд хувьчлагдан, сууц өмчлөгчдийн эзэмшилд шилжсэн" гэсэн утгатай албан бичгүүдээр "0" тоот өрөөг орон сууцны байшингийн дундын өмчид хамаарахгүй болохыг хэрхэн нотолсон нь эргэлзээтэй. Нөгөөтэйгүүр аж ахуй нэгж, албан байгууллагын албан бичгийг хуулиас дээгүүр үнэлж хуулийн болон бодит үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т сууцны өмчлөгч болон тухайн сууцны оршин суугч нар нь тухайн холбооны гишүүн байхаар зохицуулсан бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг няцаах үндэслэл биш. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5-д "Эд хөрөнгө өмчлөх эрх тухайн эд хөрөнгийн бүрдэл хэсэгт нэгэн адил хамаарна" гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагчийг 143 дугаар зүйлийн 143.4-т хамааруулсан тохиолдолд Д.Мөнхцэцэгт тухайн "0" тоот өрөөний өмчлөх эрхийн гэрчилгээ байх ёстой. Дээрх өрөөнд дангаар нь өмчлөх эрхийн гэрчилгээ олгох боломжгүй бөгөөд шүүх өмчийн эрхтэй холбоотой хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэжээ.

...2004 онд 69 дүгээр байр нь хувьчлагдан, сууц өмчлөгч нарын эзэмшилд шилжсэнээр тухайн байранд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийг Сууц өмчлөгчдийн
холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын
өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Сууц өмчлөгчдийн холбоо хэрэгжүүлнэ.
"Эрч" СӨХ нь үүний дагуу хариуцагч Д.Мөнхцэцэгтэй Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээг байгуулсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 3 346 500 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд өөрийн учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрч дахин ийм асуудал гаргасан тохиолдолд гэрээг цуцлахад татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн. "Эрч" СӨХ нь хэрэгт холбогдох бүхий л нотлох баримтыг шүүхэд гаргасан боловч шүүх нэхэмжлэгчийн гаргасан баримтуудад дүгнэлт хийлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг ноцтой зөрчсөн.

Маргааны зүйл болох "0" тоот өрөө төдийгүй бусад байрны "0" тоот өрөө нь сууц өмчлөгчдийн дундын өмч болох нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нийт оршин суугчдын дундын өмч болохыг бүгд хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

 

Нэхэмжлэгч Эрч СӨХ нь хариуцагч Д.Мөнхцэцэгт холбогдуулж түрээсийн төлбөрт 3 346 500 төгрөг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 3-р хороо, 69-р байрны 3-р орцны 00 тоот өрөөг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын маргаж байгаа Баянгол дүүргийн 3-р хороо, 69-р байрны 3-р орцны 0 өрөө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1-д зааснаар цахилгааны ерөнхий щит байрладаг, сууцны бус зориулалттай техникийн өрөө /хх-ийн 26/ байхад анхан шатны шүүх орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Хэдийгээр хариуцагч Д.Мөнхцэцэг нь УБТЗамын БОС-ны 2-р ангитай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан, уг гэрээний хугацааг сунгасан баримт хэрэгт авагдсан байх боловч Баянгол дүүргийн 3-р хороонд байрладаг 69-р байр нь Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 82 дугаар тогтоолын дагуу 2004 онд хувьчлагдан сууц өмчлөгчдийн эзэмшилд шилжсэн болохыг УБТЗамын Барилгын хэлтэс 2017 оны 23/195 тоот албан бичгээр тодорхойлсон байна.

 

Улмаар хариуцагч Д.Мөнхцэцэг нь 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Эрч СӨХ-той Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ гэсэн нэртэй гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан, уг гэрээний үүргээ биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч хариуцагчийн өөрийн гараар бичсэн тодорхойлолт /хх-ийн 32/, түрээсийн төлбөр гэсэн утгаар 144 500 төгрөгийн гүйлгээ хийсэн орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний орлогын мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Талуудын хоорондын түрээсийн гэрээний 1 жилийн хугацаа 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр дууссанаас хойш түрээслэгч Д.Мөнхцэцэг гэрээний зүйлийг үргэжлүүлэн ашиглаж байгааг түрээслүүлэгч Эрч СӨХ-ноос татгалзаагүй, талууд гэрээг үргэлжлүүлсэн, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5, 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар сунгасанд тооцох үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч Эрч СӨХ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн төлбөрийг хариуцагч Д.Мөнхцэцэгээс шаардах эрхтэй.

 

Талуудын түрээсийн төлбөрийн талаар тохиролцсон гэрээний агуулга, хариуцагчийн түрээсийн төлбөр төлж байсан үйл баримтаас үзэхэд хариуцагчаас нэхэмжлэгчид сард төлөх 144 500 төгрөгийн төлбөрт Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг багтаасан гэж үзлээ.

 

Эрч СӨХ нь Д.Мөнхцэцэгийг түрээсийн гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарыг дуустал нийт 4 624 000 төгрөгийг түрээсийн төлбөр төлөх тооцоотой гэж гаргасан /хх-ийн 11/ ба хариуцагч 2014-2017 оны хооронд түрээсийн төлбөрт болон заасан засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд нийт 2 294 000 төгрөг төлсөн тул хариуцагчаас 2 330 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин талуудын хоорондох түрээсийн гэрээний харилцааг үргэлжилж байгаа гэж шүүх дүгнэсэн, хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2017/03053 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мөнхцэцэгээс 2 330 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Эрч СӨХ-нд олгож, үлдэх хэсэг 1 016 500 төгрөгт холбогдох хэсгийг болон Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэлгүй тул Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 69 дүгээр байрны 3 дугаар орц, 1 дүгээр давхрын 0 тоот өрөөг Д.Мөнхцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дах заалтын хэвээр үлдээсүгэй гэснийг хэвээр үлдээж гэж өөрчилж, хариуцагч Д.Мөнхцэцэгээс 52230 төгрөг гаргуулж Эрч СӨХ-нд олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч Эрч СӨХ-ны төлсөн 138 695 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ