Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01010

 

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01010

 

 

 

Цэншижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00561 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Болорчимэгт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 399 684 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Болорчимэг нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 8 000 000 төгрөгийг нэг сарын 4.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлж, үндсэн зээлээс 810 000 төгрөг, үндсэн хүү 3 427 923 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 352 077 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан ба зээлдэгч гэрээний хугацааг сунгах талаар хүсэлт тавьж 2 удаа ирж уулзсан боловч үндсэн хүүгийн үлдэгдэлгүй байх зээл сунгах болзлыг хангаагүй тул сунгаагүй. Иймд Л.Болорчимэгээс үндсэн зээл 7 190 000 төгрөг, үндсэн хүү 3 474 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 537 төгрөг, нийт 11 399 684 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Цэншижир ББСБ-аас 8 000 000 төгрөгийг 4.5 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн хүүд 3 780 000 төгрөг төлсөн. Миний бие удаа дараа төлбөрийн чадваргүй болсноо мэдэгдэж, тохирч зээлийг төлөх хүсэлтэй байсан ч өнөөдрийг хүртэл шүүхэд хандаагүйг хүүг өгсөх хүсэлтэй байсан гэж үзэж байна. Би үндсэн зээл 7 090 000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй бөгөөд хүү 3 474 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 735 537 төгрөгийг төлөх үндэслэлгүй үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Л.Болорчимэгээс 9 905 210 /есэн сая есэн зуун таван мянга хоёр зуун арван/ төгрөг гаргуулж, Цэншижир ББСБ ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 494 474 /нэг сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан дөрвөн/ төгрөгийн хасч хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Болорчимэгээс 173 433 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цэншижир ББСБ ББСБ-ХХКомпанид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Эрдэнэсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөлтийн тооцооллыг хийхдээ Л.Болорчимэг 3 780 000 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн байхад 4 890 000 төгрөгийн хүү төлсөн мэтээр 1 110 000 /4 890 000 3 780 000/ төгрөгийг илүү хасаж алдаа гарган шүүхийн шийдвэр гаргасан. Мөн хүүг илүү тооцож хассанаас шалтгаалан нэмэгдүүлсэн хүүг 222 000 төгрөгөөр дутуу тооцсон байгаа тул гомдол гаргаж байна. Иймд үндэслэлгүй хассан зээлийн хүү 1 110 000 төгрөг, дутуу тооцсон нэмэгдүүлсэн хүү 222 000 төгрөг, бүгд 1 332 000 төгрөгийг Л.Болорчимэгээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Цэншижир ББСБ ХХК нь хариуцагч Л.Болорчимэгт холбогдуулж зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэрэгт нийт 11 399 684 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээл 7 190 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Цэншижир ББСБ ХХК нь 8 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4,5 хувийн хүүтэй зээлдэгч Л.Болорчимэгт зээлдүүлэх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тус тус тохиролцсон ба зээлийн барьцаанд Тоёото эстима маркийн автомашин барьцаалжээ.

 

Хариуцагч нь зээлийн хүүд 3 780 000 төгрөг төлсөн гэж, нэхэмжлэгч 810 000 төгрөгийг үндсэн зээлээс хасч бусдыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд тооцсон гэж тус тус тайлбарласан болон зээл, зээлийн хүү төлсөн бүртгэл /хх-ийн 9/ гэсэн бичгийн нотлох баримтаар хариуцагч нийт 4 590 000 төгрөг төлсөн нь тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаанд 1 010 000 төгрөг, хугацаа хэтрүүлж 3 580 000 төгрөг, нийт 4 590 000 төгрөг төлсөн болох нь зээл, зээлийн хүү төлсөн бүртгэл /хх-ийн 9/ гэсэн бичгийн нотлох баримтад тусгагдсан байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь зөв боловч хариуцагчийн төлсөн төлбөрийн дүнг буруу тооцоолсон байна.

 

Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар зээлдэгчийн төлсөн мөнгөнөөс эхлээд үндсэн үүрэг, дараа нь хүүг тооцох ба зээлийн гэрээний үндсэн үүрэг нь зээл, гэрээний хугацааны хүүгийн нийлбэрээс бүрдэнэ гэж зөв дүгнэсэн атлаа гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдсөн төлбөрийг үндсэн үүргээс хасч тооцоогүй байна.

 

Гэрээний хугацаанд 1 440 000 төгрөгийн хүү төлөхөөс 2015.07.10-нд 180 000 төгрөг, 2015.07.16-нд 180 000 төгрөг, 2015.09.03-нд 350 000 төгрөг, 2015.09.04-нд 300 000 төгрөг нийт 1 010 000 төгрөгийг төлж, 430 000 төгрөгийн зээлийн хүү төлөгдөөгүй ба 2015 оны 10 сарын 13-нд төлсөн 1 300 000 төгрөгөөс төлөгдөөгүй 430 000 төгрөгийг хасах үндэслэлтэй ба гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагчийн төлсөн нийт 3 150 000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 8 000 000 төгрөгөөс хасахад үндсэн зээл 4 850 000 төгрөг үлдэж байна.

 

Гэрээний хугацаа дууссан 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс нэхэмжлэл гаргах хүртэл 15 сар, 15 хоногийн хэтэрсэн хугацааны хүү 3 382 875 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 676575 төгрөг, нийт 4 059 450 төгрөг байна.

 

Дээрх тооцооноос үзэхэд хариуцагчаас зээлд 4 850 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү 4 059 450 нийт 8 909 450 төгрөг гаргуулах үндэстэй хэдий ч хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэрлэсэн 9 905 210 төгрөгийн зээлийн төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч маргаагүй нь диспозитив зарчимд нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлгүй зээлийн хүү хассан, нэмэгдүүлсэн хүү дутуу тооцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

Харин шүүх нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо найруулгын алдаа гаргасан, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж илүү төлснийг буцаан олгоогүй зэрэг алдаа гаргасныг зөвтгөн шийдвэрлэх боломжтой байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183/ШШ2017/00561 дүгээр шийдвэрийн Удиртгал, Тодорхойлох, Үндэслэх хэсэгт болон Тогтоох хэсгийн 2 дугаар заалтад Цэншижир ББСБ ББСБ-ХХКомпани гэснийг Цэншижир ББСБ ХХК гэж, мөн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын төгрөгийн хасч гэснийг төгрөгт холбогдох хэсгийг гэж, 2 дугаар заалтын гаргуулж гэсний өмнө улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 80 805 төгрөгийг тус тус гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Цэншижир ББСБ ХХК-иас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ