| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0115/э |
| Дугаар | 131 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 131
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн 1830000000108 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1990 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, интерер дизайн мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газарт слесерь ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын баривчлах ялыг мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жилийн хорих ялд буюу хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2018/ШЦТ/90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 4 километр газарт иргэн Б.Дыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д нь манай эхнэрийг байнга ийш тийшээ дагуулж яваад залуучуудтай уулзаад байдаг. Өмнө нь өглөөний 5 цаг хүртэл дагуулж яваад ирэхээр нь би уурлаад загнасан чинь миний хувцсыг ураад надад агсан тавиад байсан. Би удаа дараа эхнэр битгий уруу татаж дагуулж яваад бай гэж хэлж байсан. Тэгээд Дыг хараад уур хүрээд цохисон. Миний буруу, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1830001760113 дугаартай хэргээс:
Хохирогч Б.Дын мөрдөн байцаалтанд өгсөн: “....Би Цын уурхайд ажилладаг юм. Манай ажлын газрын ээлжийн хүмүүс 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 18 цагийн орчим аймгаас урагш байдаг “Э” амралтын газарт очиж ямаа боож идсэн. Тэгээд бид нар буцах болтол манай ажлын газрын орчуулагч У нь найз залуугаа дуудсан юм. Орой 20 цагийн үед Угийн найз залуу нь машинтайгаа ирж Ц бид хоёр машинд нь сууж аймаг руу орж байхад Цгийн нөхөр замд таарсан. Гэтэл Б нь машинаасаа ууртай бууж ирээд машины хаалга нээгээд шууд Цгийн үснээс зулгаагаад “намайг байхгүй байхад гарлаа” гээд байхаар би “болилдоо” гэтэл намайг шууд алгадаад авсан. Ц нь “би буухгүй, буувал чи намайг зодно” гээд над руу налаад байхаар нь би Цгийн араас барьж байхад Б.Б нь намайг гараараа цохиод авсан. Тэгээд би нүүрээ дараад доошоо тонгойх хооронд эхнэрийнхээ үснээс зулгаагаад буулгасан байсан. Тухайн үед миний нүд, хамар хавдаж хөхөрсөн. Миний хувьд Б.Баас нэхэмжлэх зүйл байхгүй. Би Быг гуйлгачин гөлөг гэж хэлсэн нь үнэн. Тэгэхдээ Б нь намайг алцагнаад эхнэр дагуулаад явлаа гичий гэж доромжлохоор би тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
Хохирогч Б.Дын прокурорын газарт гаргасан: “ Миний бие Б.Д нь Баас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, бид эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар ошийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 39/.
Гэрч Л.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Ц уурхайд ажилладаг юм. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ажлынхаа газрын ээлжийн хүмүүстэй “Э” гэх амралтын газар руу явж ямаа боосон юм. Тэнд байж байтал нөхөр над руу залгаад хаана байгаа талаар асуухад нь би хэлсэн. Тэгээд бид нар буцаад 20 цаг 30 минутын орчим аймаг руу ирж байтал манай нөхөр өөрийнхөө машинтай ирсэн тэгээд ажлын газрын эгч Б.Дыг хараад уурлаад байсан. Уурласан шалтгаан гэвэл өмнө нь Б.Д манай гэрт агсан согтуу тавьж байсан. Тэгээд манай нөхөр Б.Б нь намайг Б.Дтай нийлж явлаа гээд загнаад байсан. Гэтэл Б.Д нь манай нөхрийг “юу ч үгүй гуйлгачин” гэх мэтээр доромжлоод байсан. Тухайн үед намайг машинаас буулгах гээд би буухгүй гэж байтал Б намайг хүчээр буулгасан. Тэгээд машиндаа орсны дараа Б нь “танай Б.Дыг цохисон одоо асуудал болно” гэж хэлсэн. Би Б.Дыг цохиж байсныг нь хараагүй”...” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
Гэрч Б.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр манай ажлын газрын ээлжийн хүмүүс аймгаас урагш байдаг “Э” гэдэг амралтын газарт очиж ямаа боож идсэн. Тэгээд буцаад аймаг явах болж би найз залуу Ог машинтай нь дуудаж аймаг руу Л.Ц, Б.Д нарын хамт явж байтал Ц эгчийн хоёр хүүхэд нь “аав ирж байна” гэтэл манай найз залуу машинаа зогсоосон Ц эгчийн нөхөр гэх Б машинтайгаа ирээд Цг үснээс нь зулгаагаад “надад хэлэхгүйгээр явлаа” гэж уурлаж “буу пизда минь” гэсэн Ц “би буухгүй, буувал чи намайг зодно ш дээ” гээд байсан цуг явж байсан Б.Д нь Цгийн араас нь тэврээд явуулахгүй байсан. Гэтэл Б нь Б.Д эгчийн нүд рүү нь гараараа цохиод авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 327 дугаар дүгнэлтэнд “Б.Дын биед хоёр нүдний дээд, доод зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 11/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 10/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Засаг даргын 6/241 дугаар тодорхойлолт /хх-ийн 20/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний 11 дугаар тогтоол /хх-ийн 28-31/
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 03-ны 72 дугаар тогтоол /хх-ийн 32-33/
Шүүгдэгч Б.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23/
зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны орой 20 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвөөс урагш 4 километр газарт хохирогч Б.Дыг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хоёр нүдний дээд, доод зовхины болон хамрын хэсгийн зөөлөн эдийн цус хуралт, няцралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.Д, гэрч Л.Ц, Б.У нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.06.08-ний өдрийн 327 дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа Б.Дыг санаатай зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Быг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Бт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорих/ цаг нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар ялтан Б.Бт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА
Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханд хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Батболд, Х.Бадамсэрээжиднар нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулуу гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орлой овогт Дамдинсүрэнгийн Дэлгэрсайханыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Дэлгэрсайханд мэдэгдсүгэй.
4. Ялтан М.Батболд, Х.Бадамсэрээжиднар цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч Г.Батчулууд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дэлгэрсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж
заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА