| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 2408000001527 |
| Дугаар | 2025/ДШМ/356 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 24.8.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/356
2025 03 20 2025/ДШМ/356
Э.Ч-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Анхбаяр,
шүүгдэгч Э.Ч-, түүний өмгөөлөгч Г.Цолмонгэрэл,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ч-ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.Ч-од холбогдох эрүүгийн 2408000001527 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч-,
Шүүгдэгч Э.Ч- нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан 88.8 кг самрыг худалдан авч, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Баруун туруун” шалган нэвтрүүлэх цэг хүртэл “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн байгаль экологи, ургамлын аймагт 8.782.320 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Ч-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ч-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэж, торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Э.Ч- нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар Э.Ч-оос 33.911.600 (гучин гурван сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Таван богд финанс ” ББСБ-д олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 19.600.000 (арван есөн сая зургаан зуун мянга) төгрөгийг шүүгдэгч Э.Ч-оос гаргуулан улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 88.8 кг цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Э.Ч-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Ч-ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Ч- нь хуулийн мэдлэггүйгээсээ болоод зөвшөөрөлгүй этгээдүүдээс цайруулсан самар худалдан авч тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг барагдуулахаа илэрхийлсэн. Анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоолын хохирол төлбөр төлүүлэхээр талаар шийдвэрлэсэн тогтоох хэсгийн 5 ба 6 дах хэсэгт Байгаль хамгаалах тухай хуулийн 40.4 дэх хэсгийн 3 дах заалтад зааснаар Э.Ч-оос 33.911.600 төгрөг гаргуулан Байгаль орчны уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 дансанд олгох,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Таван богд финанс” ББСБ-д олгож, уг тээврийн хэрэгслийн 19.600.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ч-оос гаргуулан улсын орлогод оруулсугай” гэжээ.
Энэхүү хохирол төлбөртэй холбоотой шийдвэрийг гаргах үндэслэл нь:
2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3064 дүгээр шинжээчийн дүгнэлт байх бөгөөд Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2022 оны А/603 дугаартай Ховор, нэн ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцох журам, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.3 дах хэсэг,
Байгаль орчны сайдын 2019 оны А/146 дугаартай журмын 8.2, Засгийн газрын сангийн тухай хуулийн 12.1.5 Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсан орлого зэрэг хууль дэд актыг үндэслэжээ.
Самарны үнэлгээг тооцохдоо хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухай. Самар нь Сибирийн хуш модны үр бөгөөд Ойн тухай хуулийн 3.1.12 зааснаар дагалдах баялаг байна. Дагалдах баялаг болохыг 3064 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дах хэсэгт тодорхойлсон. Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлд Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай зохицуулалтыг тусгайлан зохицуулсан байна. 42.1.3 дах хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ойн дагалдах баялаг түүсэн, бэлтгэсэн бол учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө. Мөн хуулийн 42.4 дэх хэсэгт 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи, эдийн засгийн үнэлгээгээр тооцно гэж хуульчилжээ. Э.Ч-ын худалдан авч тээвэрлэж явсан 2 шуудай самрыг зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн гэж үзвэл зах зээлийн үнэлгээгээр тооцон хохирлыг тооцох байсан. Засгийн газрын 1995 оны 153-р тогтоол Ховор ургамлын жагсаалтын 355 дахь хэсэгт самар ордог боловч Байгаль орчны сайдын 2022 оны А/603 дугаар тогтоол Ховор, нэн ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээ 348 дугаар хэсэгт байгаа Сибирийн хуш (самар) гэдэг нь самрын модыг хугалж гэмтээсэн, тайрч огтолсон бол экологи, эдийн засгийн үнэлгээг ойлгож байна. Самарыг түүж бэлтгэхийг зөвшөөрдөг бөгөөд Хуш модны самар түүх аргачлалыг Ойн газрын даргын 2023 оны А/176 дугаар тушаалаар баталсан байдаг. Байгаль орчны сайдын 2023 оны А/155 дугаартай (хэрэг болох үед мөрдөгдөж байсан журам) Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу ахуйн зориулалтаар 10 дугаар сарын 20-с 2 дугаар сарын 01-ний хооронд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу50 кг хүртэл түүж бэлтгэхийг журамласан байна. Сүүлд 2024 оны 10 дугаар сард батлагдан журмаар бол ахуйн зориулалтаар самар түүхэд зөвшөөрөл авахгүй байж болохоор зохицуулсан бөгөөд самар түүх хугацааг тусгайлан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл самар нь ойн дагалт баялаг бөгөөд түүнийг түүж ашиглахыг зөвшөөрдөг, зөвшөөрсөн хэмжээнээс буюу 50 кг дээш бол зөвшөөрөлгүй гэж үзэхээр бөгөөд зөвшөөрөлгүй түүсэн тохиолдолд зах зээлийн үнээр тооцон хохирол гаргуулах байсан. Харин модыг сүйтгэсэн, тайрч огтолсон тохиолдолд экологи, эдийн засгийн үнэлгээ тооцохоор зохицуулсан. Мөн самар нь ойн дагалт баялаг юм бол ойн санд хамаарагдах бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-д заасан ойн санд учруулсан хохирлыг экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцно. Гэтэл шүүх Ойн тухай хуулийг хэрэглэх ёстой байтал хэрэглэх ёсгүй хууль эрхийн акт буюу Байгаль орчны сайдын 2022 оны А/603 дугаар тогтоол Ховор, нэн ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ 348 дугаар хэсэгт байгаа Сибирийн хуш гэсэн ангилалд хамааруулан 88.8 кг самарт 8.782.320 төгрөгийн хохирол тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Мөн ургамлын санд хамааруулан Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т заасныг хэрэглэсэн нь ангиллын хувьд хуульд нийцэхгүй байхаас гадна Ойн тухай хуулиар дагалдах баялгийн хувьд экологи эдийн засгийн үнэлгээ тооцогдохгүй тул түүнийг үржүүлж тооцох үндэслэлгүй юм. Иймд Э.Ч-ын хохирлын хэмжээг самарны зах зээлийн үнэлгээ буюу Сэлэнгэ аймгаас худалдан авсан 1 кг тутмын үнэ 8000 төгрөгөөр тооцох, хохирлын хэмжээг тооцохдоо Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасан зөвшөөрөгдөх хэмжээ 50 кг-ээс дээш давсан тутамд нь тооцож шийтгэх тогтоолын 5 дахь хэсгийг өөрчилж өгнө үү.
Тээврийн хэрэгслийг хураан авч улсын орлого болгосон үндэслэл нь хуульд нийцэхгүй байх бөгөөд хэрэглэх ёсгүй хууль эрхийн актыг хэрэглэсэн тухай;
Шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6-д Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг удирдлага болгожээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дах хэсгийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” 4. Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө хураах албадлага хэрэглэхдээ хохирол нөхөн төлүүлэх зорилготой, хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, гэм буруутай этгээдийн өмчлөлд байхыг шаардаж байна. Эрүүгийн хуулийн 24.8 дах хэсэгт заасан Байгалын ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ялтай байхаар хуульчлаагүй. Тодорхойлох хэсэгт дурдагдсан нэр нь тодорхойгүй Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 сарын 17-ны өдрийн А/146 гэдэг тушаал legalinfo.mn эрх зүйн нэгдсэн мэдээллийн санд байхгүй, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 12.1.5, 12.1.6 зүйл заалт байдаггүй байна. Иймд хохирол төлбөрт тооцолгүй бүхэлд нь эд хөрөнгийг хураасан, хуульд заасан журам байхгүй байхад Э.Ч-ын унаж явсан тээврийн хэрэгслийг хураан авч, үнэлгээгээр тооцон улсын орлого болгосон нь хууль бус байна.
Э.Ч- нь 2024 оны 9 сард үл таних 2 хүнээс Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт 88.8 кг самар худалдан авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад самар түүсэн этгээдүүдийг олж тогтоогоогүй бөгөөд шинжээчийн дүгнэлтэд зааснаар самрыг хэзээ түүсэн болохыг тогтоох боломжгүй гэсэн. Мөн 2024 онд нийслэлийн ногоон бүсэд самар бэлтгэхийг хориглосон болохоос Сэлэнгэ аймагт ахуйн зориулалтаар самар бэлтгэхийг хориглоогүй. Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь захиргааны хэм хэмжээний журам, түүнийг зөрчсөн эсэхийг тогтоон бүрэлдэхүүний шинж хангагдах зохицуулалттай.
Хэрэг болох үед мөрдөгдөж байсан захиргааны хэм хэмжээний акт болох Байгаль орчны сайдын 2023 оны А/155 дугаартай (хэрэг болох үед мөрдөгдөж байсан журам) Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд заасны дагуу ахуйн зориулалтаар самрыг 10 дугаар сарын 20-с 02 дугаар сарын 01-ний хооронд Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу 50кг хүртэл түүж бэлтгэхийг журамласан. Хожим шүүхээс шийтгэх тогтоол гарахаас өмнө 2024 оны 10 сарын 08-ны өдрийн А/737 дугаартай тушаалаар батлагдсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмаар ахуйн зориулалтаар түүж бэлтгэх хэмжээ 50 кг бөгөөд хугацаа заагаагүй, зөвхөн үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэхэд зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээ авахаар шинэчлэн зохицуулсан. Хэргийн байдлаас харвал Э.Ч- нь 2 хүнээс тус бүр 1 нэг шуудай самар (тус бүрдээ 50 кг хүрэхгүй) худалдан авсан байна. Хэдийгээр тухайн үед мөрдөгдөж байсан журмын 3.1-т зааснаар Засаг даргатай гэрээ байгуулна гэсэн зохицуулалт байсан боловч шүүхээр хэргийг шийдвэрлэх үед тус зохицуулалт хүчингүй болсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дах хэсэг гэм буруугүйд тооцох 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Иймд Э.Ч- нь Сэлэнгэ аймгийн нутгаас ахуйн зориулалтаар түүж бэлтгэсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнд багтах самрыг үл таних 2 хүнээс худалдан авсан нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байх тул цагаатгаж өгнө үү. Э.Ч- нь анхан шатны шүүх хуралдааны үеэр өмгөөлөгчгүй, эрх зүйн туслалцаа аваагүй орсон бөгөөд гэм буруугийн хурлын дараа завсарлага авч 10.000.000 төгрөгийг төлсөн байгаа. Хэрэв гомдлыг хангаж цагаатгах, хохирол төлбөр хасагдах тохиолдолд тус төлсөн төлбөрийг шүүгдэгчид буцаан олгоно уу. ...” гэв.
Шүүгдэгч Э.Ч- тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын яллах баримтуудыг үгүйсгэсэн шинжтэй, гэмт хэргийн шинжийг буруу тайлбарлаж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт самар нь Засгийн газрын 1995 оны тогтоолоор ховор ургамалд тооцогдсон. Тухайн ховор ургамлын үр, тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэхэд заавал тухайн шатны зохих албан тушаалтнаас зөвшөөрөл авсан байх ёстой. Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл авч, энэ хүрээнд тухайн аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний ажилд зохих хэмжээгээр олгохыг хуульчилсан. Үүнийг зөвшөөрөл авахгүйгээр хэн, нэгэн этгээдийн гар дээрээс, хууль бусаар худалдаж авахыг хуулиар хориглосон. Өөрөөр хэлбэл, иргэн аливаа нэг ховор ургамал, нэн ховор ургамлыг түүх, бэлтгэх, тээвэрлэх асуудлыг хуулиар зохицуулсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч нь Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс самар худалдаж авсан. Тухайн зохицуулалт нь Нийслэлийн ногоон бүсийн хэмжээнд хамаарна гэх зүйлийг ярьсан. Байгаль орчны сайдын тушаалаар тухайн зохицуулалт нь Монгол Улсын бүх нутгийн дэвсгэрт хамаарна. Самрыг түүж бэлтгэхэд тухайн оны 10 сараас, мөн оны 2 сарын хугацаанд түүж бэлтгэх зөвшөөрлийг Зөвшөөрлийн хуульд заасны дагуу тухайн нэгжийн засаг дарга болон эрх бүхий албан тушаалтан олгохоор хуульчилсан. Хувь хүнээс самар худалдаж авсан тохиолдолд хуульд зааснаас өөр зорилгоор хэмээн тодорхойлсон. Шүүгдэгч хууль бусаар худалдаж авсан самрыг тээвэрлэсэн. Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч “Таван богд финанс ” ББСБ-д олгож, уг тээврийн хэрэгслийн үнэ 19.600.000 төгрөгийг шүүгдэгч Э.Ч-оос гаргуулан улсын орлогод оруулж, эд мөрийн баримтаар хураагдсан 88.8 кг цайруулсан самрыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Ч-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.Ч- нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан 88.8 кг самрыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс худалдан авч, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах “Баруун туруун” шалган нэвтрүүлэх цэг хүртэл “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Оргилын “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. ...Байгалын ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самар-ны үнэлгээг 2022 оны 12 сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн. Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ, тийм болохоор 43.911.600 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /хх 39-41/,
Э.Ч-ын яллагдагчаар өгсөн “...би Сэлэнгэ аймгийн төвөөс үл таних морь унасан хоёр хүнээс 2 шуудай цайруулсан самрыг 1 кг-г нь 8000 төгрөгөөр бодож нийт 80 кг самар гэж тохироод 640.000 төгрөгөөр худалдаж аваад Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хот руу хөдөлж Баруун туруу хяналтын цэг дээр намайг цагдаагийн албан хаагч нар зогсоосон. ...” гэсэн мэдүүлгүүд /хх 46-48/,
“...Сибирь нарс хуш-Pinus sibirica Du Тuor-ны цайруулсан самар байна. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Тuor нь Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”- д орсон ургамал. Сибирь нарс (хуш)- Pinus sibirica Du Тuor-ийн үр буюу самар нь Ойн дагалт баялагт ордог.
...Шинжилгээнд ирсэн самрын чийг нь 23.5 хувь байх тул нойтон байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 88,8 кг самрын экологи-эдийн үнэлгээг тооцвол 98,900 х 88,8 кг =8,782,320 төгрөг байна.
Хуш модны самрын “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-р заалтад зааснаар ойн санд учирсан хохирлыг нөхөн төлбөрийг тооцвол 8,782,320 х 3 = 26,346,960 төгрөг байна. Мөн “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-р заалтад зааснаар Ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцвол 8,782,320 х 5 =43,911,600 төгрөг байна... “ гэсэн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2996 дугаар дүгнэлт /хх 51-54/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 07-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 22-28/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Э.Ч-од гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Э.Ч-ыг 88.8 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд заасан өөр зорилгоор худалдан авч, тээвэрлэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Э.Ч-ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэл “...самрыг үл таних 2 хүнээс худалдан авсан нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосон үндэслэлгүй, экологи эдийн засгийн үнэлгээг буруу тооцсон. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Э.Ч- нь 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 88.8 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт явж байхдаа бусдаас худалдан авч, улмаар 2024 оны 09 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай автомашинаар тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үл таних хоёр хүнээс самар худалдан авсан гэх мэдүүлэг болон шүүгдэгчийн самар тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг анх саатуулж үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цагдаагийн газарт 94878476 дугаарын утаснаас өгсөн дуудлагын хуудас, энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилогдсон Байгаль орчин, уур амьсгалын сангийн мэргэжилтэн Б.Оргилын өгсөн мэдүүлэг, тээврийн хэрэгсэл, хураагдсан самарт үзлэг хийсэн тэмдэглэл, хуш модны 88.8 кг нойтон самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 98.900 х 88 = 8,782,320 төгрөгөөр тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2996 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
Хууль тогтоогч энэ төрлийн гэмт хэргийн объектив талын шинжийг “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээн хэлбэрийн бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан тул шүүгдэгч Э.Ч-ын хувьд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох хуш модны самрыг худалдан авсан, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Ч-ын бусдаас худалдан авч, тээвэрлэж явсан хуш модны 88,8 кг самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан хүнийг мөрдөн шалгаж, хураагдсан самрын эх үүсвэрийг тогтоосон эсэх нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ч-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 5.400.000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Тоуоta prius 41” загварын ****УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, хохиролд шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.
Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.
Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ 88.8 кг цайруулсан самрын зах зээлийн үнэлгээ болох 8.782.320 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи–эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасныг баримтлан шүүгдэгчээс 8.782.320х5=43.911.600 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.
Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.
Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.
Байгалийн ургамлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.
Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:
3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;
3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;
3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;
3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна.
Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож улмаар тус бүcчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ.
Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98.900 төгрөгөөр тогтоосон байна.
Анхан шатны шүүхийн тогтоосон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Э.Ч- нь 88.8 килограмм Сибирь хушны үр идээ /самар/-ыг ойгоос хууль бусаар түүж бэлтгэсэн үйл баримт тогтоогдоогүй, харин Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс самар зарж буй хүмүүсээс худалдан авч, тээвэрлэсэн үйлдэлд гэм буруутайд тооцогдсон байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг хууль бусаар ойгоос самар түүж бэлтгэсэн үйлдэлтэй адилтган үзэж түүний дээрх үйлдлийн улмаас ойн санд 43.911.600 төгрөгийн хохирол учирсан гэж экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин өсгөн нэмэгдүүлж дүгнэсэн хэсэг нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.
Хууль тогтоогч Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж хуульчлан заасан бол “Байгаль орчныг хамгаалах тухай хууль” болон ховор ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх, улмаар тухайн ургамлыг худалдан авсан хүнээс уг ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр нөхөн төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Э.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 88.8х98.900=8.782.320 төгрөгөөр тооцож, шүүгдэгч нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд 10.000.000 төгрөг төлсөн байх тул илүү төлөгдсөн 1.217.680 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар гаргуулсан тээврийн хэрэгслийн үнэ болох 19.600.000 төгрөгөөс хасаж тооцон, шүүгдэгч Э.Ч-ын өмгөөлөгч Г.Цолмонгэрэлийн гаргасан давж заалдах гомдлын “...экологи-эдийн засгийн үнэлгээг буруу тооцсон. ...” гэсэн хэсгийг хүлээн авч, харин “...самрыг үл таних 2 хүнээс худалдан авсан нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй, тээврийн хэрэгслийг хураан авч, улсын орлого болгосон үндэслэлгүй. ...” гэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЦТ/2225 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ч-оос 8.782.320 /найман сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун хорь/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд шилжүүлсүгэй. ...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Э.Ч- нь Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд 10.000.000 /арван сая/ төгрөг төлсөн болохыг дурдаж, илүү төлсөн 1.217.680 /нэг сая хоёр зуун арван долоон мянга зургаан зуун наян мянга/ төгрөгийг тээврийн хэрэгслийн үнэ 19.600.000 /арван есөн сая зургаан зуун мянга/ төгрөгөөс хасаж тооцохыг тус тус дурдсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН