2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/07649

 

2025             09              29                                            192/ШШ2025/07649

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Б-ын А /РД:ФМ******1/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн **-р хороо, ** тоотод оршин суух Х-ын Б /РД:РЭ*****6/-д холбогдох,

 

20,328,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.А нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Миний бие нь иргэн Х.Б-той танилын холбоотой бөгөөд бичгээр гэрээ байгуулан зээлийн гэрээний дагуу хэд хэдэн удаа зээл өгч байсан учраас найдвартай хүн гэж итгэл төрсний улмаас харилцан тохиролцож тухайн үед өөрийн Төгөл хотхонд байрны захиалга өгсөн байсан мөнгөө түр буцааж аваад 2014 оны 12 дугаар сарын 17,18-нд 23,140,000 төгрөгийг бэлнээр Эрдэнэт хотын хаан банкнаас авч өөрт байсан бэлэн мөнгөө нэмж нийт 25.000.000 төгрөг болгон Хаан банкны гадаа түүний унаж явсан 7** ОРХ улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн хар өнгийн автомашин дотор Х.Б-од бэлнээр өгсөн юм. Үүний дараа нэмж 2015 оны 01 дүгээр сарын 23-нд 3.500.000 төгрөг зээлдүүлсэн ба эдгээр зээлсэн мөнгөөс 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр-сарын 17-ны өдөр 3.500.000 төгрөг тус тус буцаан төлсөн. Ингээд Х.Б нь зээлээ төлөх хугацаа өгөөч гэсний дагуу харилцан тохиролцож хэд хэдэн удаа хугацаа сунгаж, 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр уулзаж төлбөр барагдуулах бичиг хийж өгснөөс хойш 2023 онд 3.500.000 төгрөг төлж, мөн 05 дугаар сард ... удахгүй эхний ээлжинд 10,000,000 төгрөг өгье... гэж хэлснээс хойш дахин зээлээ төлөхгүй, өнөө маргааш гэж худлаа ярьж цаг хугацаа өнгөрөөсөөр өдийг хүргэсэн юм. Энэхүү асуудлаа шийдвэрлүүлэхээр 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч өргөдөлд дурдсан хаягт Х.Б нь оршин суудаггүй байсан тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудан ирүүлж чадаагүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулах боломжгүй болсны улмаас өргөдлөө татан авсан болно. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл Х.Б нь иргэний үнэмлэхийн бүртгэлтэй хаягт амьдардаггүй байсан учир өөрийн оршин суугаа Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж эрэн сурвалжлах шийдвэр гарсны дагуу цагдаагийн байгууллага хаягийг тогтоох ажиллагаа зохион байгуулж оршин сууж буй хаягийг тогтоосон тул уг хаягаар нэхэмжлэл гаргаж байна. Иймээс гэрээний үүргээ биелүүлэн зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөхгүй байх тул хариуцагч Х.Б-оос зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан болон шүүхэд нэхэмжлэл гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү “гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Найз нөхдийн холбоотой байсан ба анх бол зээлийн гэрээ байгуулаад мөнгө зээлдүүлдэг байж байснаа сүүлдээ гэрээ байгуулахгүйгээр мөнгө зээлдэг болсон юм байна лээ. 2014-12 сарын 17,18 ний өдөр бэлнээр 23,140,000 төгрөгийг, дараа нь бас машинд нь гээд нийтдээ 25,000,000 төгрөг өгсөн. Нэмж дахиад 3,500,000 төгрөгийг 2015-01-23 ний өдөр зээлээд 2 удаа л буцааж мөнгө өгсөн. 2018-01-19 нд 5,000,000 төгрөг, 2023-11-17 нд 3,500,000 төгрөг өгсөн. Ингээд 2023-05-08 ний өдөр Орхон аймгийн шүүхэд хандсан ч хаягтаа байгаагүй туд шүүхээр эрэн сурвалжлуусан энэ мөнгөө нэмнэ, за ингээд зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 328,150 төгрөгөө гаргуулж авна “ гэв.

 

2. Хариуцагч Х.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Х.Б миний бие нэхэмжлэгч Б-рын А /РД:ФМ*****1/-с гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч танилцлаа. Хэдийгээр Б.А нь надад мөнгө зээлж байсан нь үнэн боловч тухайн үед миний бие өөрийн эзэмшлийн Х ХХК болон 88****8 дугаарыг тус тус түүний эзэмшилд шилжүүлж байсан. Хэрэвзээ Б.А нь Х ХХК, 88*****68 дугаарыг буцаан миний нэр дээр шилжүүлвэл Б.А-аас нэхэмжилж буй мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа болно “гэжээ. 

 

  3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн 183/ШШ2024/02922 дугаартай шийдвэр, Орхон аймгийн цагдаагийн газрын 2024.10.29-ний өдрийн 42/04-5939 дугаартай албан бичиг, Х.Б-ын иргэний үнэмлэхний хуулбар, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2023.05.24-ний өдрийн 142/ТБ2023/00032 дугаартай эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, Х.Б-ын 2018.07.05-ны өдрийн өргөдөл,депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

4. Хариуцагч талаас Б.Г-ид олгосон итгэмжлэл, Л.Х-д олгосон итгэмжлэл, Х ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 2019.01.28-ны өдрийн 01 дугаартай шийдвэр, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...2014 оны 12 дугаар сард А өөрөө байр захиалах гээд урьдчилгаанд хийсэн байсан мөнгөө байрнаасаа буцааж шилжүүлж, 2014 оны 12 дугаар сарын 17, 18-ны өдөр 23 140 000 төгрөг, мөн Эрдэнэт хотын Хаан банкнаас өөртөө байсан бэлэн мөнгөтэй нийлүүлж нийт 25 000 000 төгрөгийг хариуцагчид өгсөн байдаг. Үүний дараа хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3 500 000 төгрөг авсан, үүнээс 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 5 000 000 төгрөг буцааж өгсөн, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 3 500 000 төгрөг буцааж өгсөн...Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас хариуцагчаас үлдэгдэл 20 000 000 төгрөг болон эрэн сурвалжлуулахад гарсан улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү “гэв.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар эс хүлээн зөвшөөрдөг. Үүнд: “...Хэдийгээр Б.А нь надад мөнгө зээлж байсан нь үнэн боловч тухайн үед миний бие өөрийн эзэмшлийн Х ХХК болон 88***68 дугаарыг тус тус түүний эзэмшилд шилжүүлж байсан тул эдгээрийг буцаан өгөхгүй бол мөнгийг төлөхгүй...” гэв.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт Б овогтой Б-д гэх гарчигтай “Б.А дүүд 2018.08.01-ээс өмнө 6,000,000 төгрөг өгөхөөр тохиролцлоо. Нийт мөнгөнөөс тооцогдон 20,000,000 төгрөгнөөс тодорхойгүй хугацаагаар тохиролцон шийдэхээр тохиролцлоо “ гээд баруун доод буланд 2018.07.05 нд уулзав, Х., Б.Б гэж бичээд гарын үсэг зурсан гараар бичигдсэн баримт байна.

Хаан банкны 5*****31 дугаартай Б.А-ийн дансны хуулга авагдсан ба 2014-12-17 ний өдөр 23,140,260 төгрөг “байрны буцаалт “гэх агуулгатай орлого орж ирснээс 13,000,000 төгрөгийг тухайн өдрөө “ зар фм******21” гэсэн утгатайгаар  2014-12-18 ний өдөр “А фм8***21” гэсэн утгатайгаар 10,140,000 төгрөгийг тус тус зарлагадсан байна. Мөн Ж.Б-ын Хаан банкны 53*****9 дугаартай дансны хуулга байх ба 2015-01-23 ний өдөр Хаан банкны 50***51 дугаарын данс руу 3,500,000 төгрөгийг” Баянжав зээлдүүлэв” гэх утгатайгаар шилжүүлсэн байна. Харин 2018-01-19 ний өдөр 5,000,000 төгрөгийг “Б-оос шилжүүлэв “гэх утгатай орлого Б.А-ийн дээр дурдсан данс руу орж ирсэн бол 2023-11-17 ний өдөр 3,500,000 төгрөгийг “Б-оос А-д” гэх агуулгатайгаар Ж.Б-ын данс руу орлого хэлбэрээр шилжүүлжээ.

2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр 183/ШШ2024/02922 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.А-ийн хүсэлтээр иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Х.Б-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгч  хариуцагчид 2014-2015 оны хооронд 28,500,000 төгрөгийг зээлдүүлсэн гэх ба 2 удаагийн гүйлгээгээр 8,500,000 төгрөгийг буцаан авсан үлдэгдэл 20,000,000 төгрөгийг хохирол 328,150 төгрөгийн хамт гаргуулна гэдэг бол хариуцагч мөнгө зээлсэнтэй маргаагүй, гагцхүү зээлийн хариу төлбөрт хуулийн этгээд болон үүрэн холбооны дугаарыг шилжүүлсэн үндэслэлээр төлөхөөс татгалздаг.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн ба  зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж зааснаар Б.А нь  Х.Б-од бэлнээр 25,000,000 төгрөг,  2015-01-23 ний өдөр  Хаан банкны 50*******51 тоот дансанд 3,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, мөнгө зээлж авсан талаараа хариуцагч маргахгүй байна.

  Уг зээлээс  2018-01-19 ний өдөр 5,000,000 төгрөгийг , 2023-11-17 ний өдөр 3,500,000 төгрөгийг  тус тус Б-оос А-д шилжүүлсэн байх ба үлдэх 20,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.  Хэдийгээр хариуцагч нь уг зээлийн хариу төлбөрт өөрийн эзэмшлийн Х ХХК-н хувьцааг болон  “8****8” гэх дугаарыг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдоогүйгээс гадна энэхүү татгалзлаа хариуцагч баримтаар нотлоогүй байна.  Тодруулбал хэрэгт 2019-01-28 ний өдрийн Х ХХК-г үүсгэн байгуулагчийн  01 дугаартай шийдвэр байх ба түүнд Б.А нь тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч болох нь харагдаж байна.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь татгалзлаа өөрөө нотолж, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 т “ Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй “ гэж зааснаар аливаа гарсан зардлаа шаардах эрхтэй тул хариуцагчийг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг нэмж гаргуулах нь зүйтэй.  Учир нь нэхэмжлэгч нь эрэн сурвалжлуулах зардалд шүүхэд 328,150 төгрөг бус 70200 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 07 дугаар сарын 02-ний өдөр 183/ШШ2024/02922 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоно.

Иймд хариуцагч Х.Б-оос зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг, хохиролд 70,200 төгрөг, нийт 20,070,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 258,301 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.Б-оос 20,070,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 257,950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  258,301 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               О.ЧУЛУУНЧИМЭГ