Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/01421

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:............. У-н  Ч ,

Хариуцагч: ...............  Х-н  М ,

Нэхэмжлэлийн шаардлага:  7 тооны адууны 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/00138/и инэдекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

Нэхэмжлэгч: У.Ч , түүний өмгөөлөгч Б.Баасанжав (цахимаар)

Хариуцагч: Х.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Ч  би найз Б-н  ах Д.Ц  гэх хүнтэй 2019 оны 06 дугаар сараас эхлэн танилцсан, Д.Ц  миний адуу малыг хараад чи адуу мал сайтай юм байна, Хөвсгөл тийшээ адуу зарвал ах нь чамд туслаж болно шүү гэж хэлсэн. Д.Ц  ахад би 1 адуу, 3 бухан бяруу өгч мөнгө төгрөгийг нь аваад явж байсан, мөн өөрийгөө морь сайн уядаг гэж ярьж байсан юм. 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би Д.Ц  ахад зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага, зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн морь (соёолон морь) зэргийг би Д.Ц  ахаар уяа сойлгыг нь тааруулж, наадамд уралдуулах гэж өгсөн юм. Тухайн үед ковидын улмаас баяр наадам болохгүй байсан бөгөөд тухайн үед .......... сумын сургуулийн ой болно, би даагыг чинь уралдуулаад өгье гэхээр нь би морьдоо уралдуулах гэж өгч явуулсан. Хүрэн гүүний эцэг азарга нь манай ахын унаган азарга бөгөөд Сэлэнгэ аймгийн наадамд 3 удаа айрагдсан, сумдын наадамд 10 удаа айрагдсан нийтдээ 13 айрагдсан хурдан удамтай азарга байгаа юм, энэ азарганы үр төл учир би хүрэн гүүг 6,000,000 төгрөгөөр үнэлнэ. Харин хүрэн гүүний төл болох тухайн үед даага байсан одоо соёолон насны хонгор морийг мөн хурдан удамтай ..........  сумын сургуулийн ойд 2020 оны 09 сарын 01-нд уралдаж 8-д давхисан гэж би Д.Ц  ахаас сонсож байсан тул 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. 9 тоотой тамгатай хүрэн соёолон бол Төв аймгийн ..........  сумын ..........  гэх хүний унаган адуу бөгөөд мөн хурдан удамтай, уг адууны төрсөн дүү нь улс аймгийн наадамд их сайн давхиж айрагдаж байсан тул би хурдан удамтай сайн давхих байх гэж бодоод 2020 онд аймгийн алдарт уяач Ц.С  гэх хүнээс худалдаж авч байсан тул одоо энэ морийг 12,000,000 төгрөгөөр үнэлнэ. Би тухайн үед Д.Ц т энэ гурван морийг худалдаагүй бөгөөд уяа сойлгыг нь тааруулгуулж наадамд уралдуулах гэж өгсөн байсан. Д.Ц  ах 2021 оны 01 дүгээр сарын 23-ны үед надад худалдах морь байна уу гээд ирэхээр нь би буурал духтай хүрэн үрээ зөв гуяндаа хурээтэй алхан тамгатай, хонгор эр сарваа, сартай хээр эр сарваа, саргүй хээр эр сарваа, хээр халзан эр сарваа нийт 5 тооны адууг үнэ хүргээд худалдаж өг гэж өгсөн юм. Буурал духтай хүрэн азарган үрээ бол миний унаган адуу бөгөөд эцэг нь сумын наадамд 2 удаа айрагдсан азарганы үр төл тул хурдан удамтай иймд би 3.000,000 төгрөгөөр үнэлнэ, хонгор эр сарваа бол миний унаган адууны төл бөгөөд мөн хурдан удамтай, Д.Ц т өгсөний дараа сумын наадамд 1 удаа айрагдсан тул би 8,000,000 төгрөгөөр үнэлнэ, сартай хээр сарваа, саргүй хээр сарваанууд нь (одоо хязаалан морьд болсон) Хишигсүрэн гэдэг хүний цэвэр орос азарганы төл бөгөөд 50 хувийн эрлийз адуу тул тус бүрийг нь 8,000,000 төгрөгөөр үнэлнэ. Д.Ц  ах ..........  сумын харьяат М , Б  нартай хамт ..........  манай ах Г.Т-д  ирээд хэд хоносон тэгэхдээ надтай уулзаад М  нь хээр халзан сарвааг 700,000 төгрөгөөр авахаар болж надад мөнгийг нь өгсөн юм. Д.Ц  ахтай би морьдоо өгсөний дараа уулзах холбогдох гээд чадаагүй удсан, надад охины гуйлга ирнэ надад мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж хэлдэг байсан, би ойр тойрны хүмүүсээр дамжуулан холбогдох гэж их оролдсон боловч надад мөнгө төгрөг өгөөгүй байж байгаад 2021 оны 8 дугаар сарын үед миний Д  Ч  гэсэн хаяг руу Д.Ц  гэсэн хаягнаас адуугаа тоо ёсоор, зүсээр нь ирж аваарай" гэж мессеж бичсэн байсан. Би тэгээд удалгүй очиж адуунуудаа авья гэж байтал Д.Ц  ах 2021 оны 10 дугаар сард нас барсан. Миний хувьд Д.Ц тай очиж уулзаж чадалгүй явж байгаад Д.Ц  ахын эхнэр Х.М  эгчтэй 2022 оны 7 дугаар сарын 01-ны үед гар утсаар ярьж адуугаа авмаар байна гэдгээ хэлэхэд Х.М  эгч чи намар энд ирээд явахдаа уулзахгүй яасан юм бэ гэхээр нь би тухайн үед дүү нь очиж чадсангүй гэхэд Х.М  би адууг нь сайн мэдэхгүй байна гэхээр нь би та Б-с  хонгор дааганы өртөг гэж хэлээд бэлэн мөнгө авсан байна лээ би хүнээс сонссон юм гэхэд Х.М  эгч би морины үнэ гэж ойлгоогүй юм аа хүүхдийн хуримын асуудал гараад мөнгө авч байгаа гэж ойлгосон гэж хэлсэн юм. Уг нь бол Х.М  эгч, Д.Ц  ах хоёр хамт Б-с  хонгор эр дааганы үнэ гэж хэлээд мөнгө аваад Х.М  эгч цүнхэндээ мөнгөө хийгээд гарсан гэж би Б-с  сонссон юм. 2022 оны сумын наадмаар хүрэн морь маань айргийн 3-т давхисан гэсэн, Б-н  худалдаж авсан хонгор даага буюу одоо хязаалан морь айргийн 5-т давхисан гэсэн. Би Д.Ц , Х.М  нарт өгсөн морьдоо буцааж авмаар байна, би өөрийнхөө адууг хэн нэгэн хүнд зүгээр өгөх үүрэг байхгүй, тэгэхээр би Д.Ц ын эхнэр Х.М гаас дээр дурдсан 7 тооны адуугаа бүгдийг нь буцааж шаардах эрхтэй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Д.Ц т өгсөн адууг зарж үрээд олсон ашиг нь тэдний гэр бүлийн хэрэгцээнд зарцуулагдсан гэдэг нь тодорхой байх тул гэр бүлийн гишүүн болох Х.М  адуунуудыг буцааж өгөх үүрэгтэй.

Иймд Х.М гаас зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч У.Ч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүрэн морь, хонгор даага, хүрэн гүү буюу 3 тооны адууг талийгаачид авчирч өгсөн. Тухайн үед над руу утсаар холбогдоод манай суманд сургуулийн ой болох гэж байна. Даага уралдана гэсний дагуу би дээрх 3 тооны адууг өгөхөөр тохирсон юм. 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр талийгаач, н.М , н.Б  нартай хамт 5 тооны адууг ирж манайхаас ачиж явсан. Түүнээс н.М  мөнгөөр нь нэг адууг худалдаж авсан. Талийгаач тэгэхэд 4 тооны адууг зарж өгье гээд авч явсан. Түүнээс хойш талийгаач надтай ярихаа больсон. Тэгж байгаад нэг ярихдаа адуу чинь тоогоороо байгаа ирж аваарай гэсэн. Дараа нь 2021 оны 6 дугаар сард манай охины гуйлга ирэх гэж байгаа ах нь хэсэг байж байгаад мөнгийг чинь өгье түр байж байгаарай гэсэн. Тэгээд удалгүй намар нь бурхан болсон байсан. Би 7 адууны мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадаагүй. 2022 онд ..........  суманд очсон бөгөөд Х.М тай уулзаж амжилгүй буцсан. Дараа нь утсаар холбогдож яриад нөхцөл байдлаа хэлэхэд тэр үед нь хэлэхгүй яасан юм бэ? би мэдэхгүй гээд миний адуу хаана байна гэж хэлэхэд нь би гайхсан ба мэдэхгүй би өөрийнхөө өгсөн адууг авмаар байна гэж хэлсэн. Би талийгаач, Х.М  нарын гэрт очин хоол идэж, цай ууж байсан. Х.М гийн хамтран амьдардаг байсан гэр бүл байгаагүй гэж тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Тэр үед талийгаач миний эхнэр, миний хүүхдүүд гэж хэлж байсан. Гэтэл одоо гэр бүл байгаагүй, хамтран амьдарч байсан гэж тайлбарлаад байна. Миний адууг зарсан зүс, үнээр нь нутгийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Тиймээс би 7 адууг зарсан мөнгөө авахаар нэхэмжлэл гаргасан. Би илүү өндөр үнэ нэхэмжлээгүй. Тухайн үеийн үнэ ханшаар нь нэхэмжилж байгаа. Миний явуулсан хүрэн соёолон 6 удаа түрүүлж, хонгор даага 2 удаа айрагдсан гэсэн. Х.М  нь адууг зарж мөнгийг нь захиран зарцуулахад оролцсон. Бэр гуйх, төрсөн өдөр, үсний найр гэх мэт бүх зүйлсээ миний адууг зарсан мөнгөөр хийсэн. Гэтэл Х.М  нь би мэдэхгүй, зүгээр л хамтран амьдарч байсан гэж надад хэлсэн. Тиймээс 7 адууны мөнгийг нэхэмжилж байна. Хүрэн гүү 2,000,000 төгрөг, алхан тамгатай хонгор даага 1,500,000 төгрөг, хүрэн соёолонг 3,500,000 төгрөг, буурал духтай хүрэн хязааланг 3,000,000 төгрөг, хонгор соёолонг 1,500,000, сартай хээр сарвай 1,500,000 төгрөг, саргүй хээр сарвайг 1,500,000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Нийт 14,500,000 төгрөг нэхэмжилсэн. Хөвсгөл аймгийн ..........  суманд 2020 онд дээрх ямар үнэтэй байгааг үнэлсэн дүнгийн хэмжээнд нэхэмжилсэн гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч У.Ч  нь 5 тооны адуу өгч н.Ц-г  адууг худалдах худалдан борлуулах харилцааг бий болгосон. 3 тооны адууг уяж уралдуулах зорилгоор өгсөн. 5 тооны адуунаас нэг даагыг н.М  гэх хүн худалдаж авсан ба үлдсэн 4 адууг н.Ц  гэх хүн зарж өгөхөөр ачиж явсан байдаг. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээний харилцааг зохицуулсан. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг шилжүүлэхээр заасан байдаг. Нэхэмжлэгч нь н.Ц т гарал үүслийн бичгийг нь гаргаж, ямар нэгэн доголдолгүй 5 адууг хүлээлгэж өгсөн. Хүлээж авсан хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Хариуцагч Х.М  нь н.Э  гэх хүнээс 900,000 төгрөгийг авч байсан талаараа тайлбартаа хэлсэн. Мөн талийгаач нь хүүхдийн үсний найрт очиж даага бэлэглэсэн, хэсгийн төлөөлөгч н.Б  гэх хүнд нэг тооны адууг худалдсан байдаг. н.Ц ын хүсэл зоригоор нэхэмжлэгчийн 7 адуу нь гэр бүлийн хэрэгцээнд нь захиран зарцуулагдсан байна. Нэхэмжлэгч У.Ч оос 7 тооны адууг авсны дараа түүнд адуу зарсан төлбөр, мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээж байсан ба н.Ц  нь нас барсан. Нас барахаасаа өмнө миний үйлчлүүлэгчийн 7 адууны төлбөр, мөнгийг төлж барагдуулаагүй. Тухайн 7 адуу нь н.Ц ын хүсэл зоригоор бусдын эзэмшилд шилжсэн. Иргэний хуулийн 247 дугаар зүйлийн 247.1-д д эд хөрөнгийг ашигласны үр дүнд олсон үр шим болон уг эд хөрөнгө тохиолдлоор устаж, гэмтсэний эрсдэл худалдан авагчид шилжинэ гэж заасан. н.Ц  нь тухайн эд хөрөнгийг зарж, үрж, бусдад бэлэглэж, гэр бүлийн хэрэгцээнд захиран зарцуулсан байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно гэж заасан. н.Б , н.М  нартай машинд ачиж явсан нь тодорхой үйлдэл бөгөөд эд хөрөнгө хүлээн авснаар худалдах-худалдан авах харилцаа үүссэн. Тиймээс н.Ц  төлбөрийг буцаан өгөх үүрэг хүлээсэн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эхийг өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасан. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж заасан. н.Ц  нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан. Талийгаачийн нас барснаас хойш Х.М гаас өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад хүсэлт гаргаагүй нь өвийг хүлээн авсанд тооцогдоно. Тухайн нас барагчийн өвийг хүлээн авсан Х.М  нь талийгаачтай албан ёсоор гэрлэлтээ батлуулсан, хууль ёсны эхнэр нь учир нэхэмжлэлээ түүнд холбогдуулан гаргасан. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4-т гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, гэрлэлтийн талаар тодорхой заасан. Х.М  нь өв хүлээн авахаас татгалзаагүй нь өв хүлээн авсанд тооцох үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгчийн 7 адууг зарж борлуулж гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь үнэлгээчний дагуу гаргасан үнэлгээний дагуу 14,500,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд уг мөнгийг Х.М гаас гаргуулах үндэслэлтэй байна. н.Ц , Х.М  нарын гэр бүлийн харилцаа 2008 оноос эхэлсэн ба гэрлэгчдийн дундаас 3 хүүхэд төрж, мэндэлсэн нь гэр бүлийн харилцаатай гэрлэгчид гэдгийг баталж байна. Хариуцагч нь бид гэрлэлтээ батлуулсан ч талийгаач нь манайд хааяа ирдэг байсан гэж тайлбарлах боловч уг тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Х.М  нь дээрх тайлбарыг хэлж хохирлыг төлж барагдуулахаас зайлсхийж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэж өөрийн байр суурийг илэрхийлсэн.

Хариуцагч Х.М  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус шүүхэд ирүүлсэн У.Ч ийн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Уг нэхэмжлэлийн ...нийт 7 тооны адуу гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би уг адуунуудыг мэдэхгүй, хараа ч үгүй. Д.Ц  гэдэг хүнтэй 1999 оноос гэр бүл болсон хэдий ч тогтвор суурьшилтай амьдраагүй, салж нийлж явсаар 2021 онд нас барсан. Бид хамт байх хугацаанд надад ийм адууны талаар ярьж байгаагүй, ер нь нэг их нээлттэй хүн биш, юмаа яриад байдаггүй, гэртээ байхаас байхгүй нь их. Аймаг аймгаар нутаг нутгаар их явдаг байсан. Хаана юу хийж явсан, хэнтэй ямар наймаа, яриа хөөрөө хийсэн талаар би мэдэхгүй учир энэ нэхэмжлэлийн шаардлага надад огт хамаагүй. Тиймээс би хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжпэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би иргэн У.Ч оос хэдэн тооны адуу хаанаас авсныг өөрийн нүдээр хараагүй. Энэ талаар мэдэхгүй. Талийгаач гэрт байхаасаа байхгүй нь их, ийш тийш яваад өгдөг байсан. Гэртээ байдаггүй байсныг ах дүү, хамаатан садан нь бүгд мэддэг. У.Ч  талийгаачийн эрэгтэй болон эмэгтэй дүү нартай өөрөө холбогдож байсан. Дүү нь дээр ирээд шүүх хуралдаанд суух гэсэн боловч У.Ч  ирээгүй. Мөн нэхэмжлэгч худал зүйл хэлж байна. Би н.Б-д  (н.Э ынд) очиж цүнхэндээ мөнгө хийж авч яваагүй. Хэнээс юу сонсоод намайг худал гүтгээд байгаа юм бэ? Манай суманд У.Ч  ирсэн гэдгийг талийгаачийн хамаатны залуу надад хэлж байсан. Дараа нь У.Ч  надтай утсаар холбогдож ярьсан. Чи ирэх үедээ адуу мал нь байсан юм бол авахгүй яасан юм бэ? гэж хэлсэн болохоос биш тухайн үедээ хэлээд авахгүй яасан юм бэ? миний адууг өг гэж хэлээгүй. Нэхэмжлэгч илт худал хэлж байна. Яагаад ингэж худал ярьж намайг гүтгээд байгаа юм бэ? н.Б-с  асуугаарай би тэдний гэрт очиж мөнгө авсан удаа байхгүй. Н.Б  өөрөө талийгаачтай гэрт ирж, талийгаач надад мөнгө өгөх нь өгсөн. Тухайн үед манай хүүхдийн хадагны найр болох гэж байсан ба би өөрөө бүх зүйлийг нь бэлдчихсэн байсан. Мөн корона цар тахлын үе байсан учир тийм их зүйл бэлдэх шаардлага ч байгаагүй. Би хүүхдийнхээ хадагны найрыг хийх зүйлс бэлдэхдээ талийгаачаас нэг ч төгрөг аваагүй. Энэ талаар талийгаачийн ээж болон ах дүү нар бүгд мэднэ. Би хүүхдийнхээ амьдралд хар буруу мөр үлдээхийг хүсэхгүй байна. Би талийгаачид У.Ч  холбогдоод ярь гээд байна. Өгцөө авцаа байгаа, та холбоод өгөөч гэж ярьсан гэж хэлэхэд тэр хүнд би өгцөө авцаа байхгүй. Өгөх зүйлээ өгч дууссан. Хэрэв дахиж ярих юм бол тэгж хэлээрэй, миний хэнтэй юу ярих чамд ч хамаагүй гэж хэлсэн. Надад авч ирж өгөөгүй учраас хаана юу зарсан, хаанаас юу авч ирснийг мэдэхгүй байна. Тиймээс би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэгч У.Ч ийн иргэний үнэмлэхний хуулбар, өмгөөлөгч Б.Баасанжавыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулах тухай хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, (хх-ийн 1-6 дугаар хуудас), нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжаваас шүүх хуралдааныг хойшуулах хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хамт 3 хуудас, нэхэмжлэгч У.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав нараас гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, морьдын үнэлгээ хийлгэх хүсэлт 8 хуудас, зэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримт гаргуулах, гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг тус тус гаргасан,

Хариуцагчаас: Хариуцагч Х.М гийн иргэний үнэмлэхний хуулбар, хариу тайлбар зэргийг ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэгч У.Ч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарын хүсэлтээр Л.М , Э.Б , Б.Э , М........... , Б.Г , Д.Э  нарыг гэрчээр асууж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д  овогтой Ц-н  нас барсны бүртгэлийн лавлагаа, Д  овогтой Ц , Х  овогтой М  нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Ц , Х.М  нарын өмчлөлд эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг, Монголын нотариатчдын танхимын Өвийн нэгдсэн бүртгэлээс Д.Ц ын өвлөгдөх хөрөнгөд Хөвсгөл аймгийн ..........  сумын засаг даргын Тамгын газраас нас барагч Д.Ц , хариуцагч Х.М  нарын нэр дээр 2018-2023 онд тоологдсон мал бий эсэх талаар тодруулсан албан бичиг, ..........  сумын 2020 оны улсын баяр наадамд шөвгөрсөн морьдын цуваа, ..........  сумын 2023 оны улсын баяр наадамд айрагдсан морины бай шагнал жагсаалт болон шагнал тараасан жагсаалт, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар Хөвсгөл аймгийн ..........  суманд 2020, 2021 оны үед эр, эм даага (сарваа), (хурдан удамтай гэх) хурдан удмын үрээ, хязаалан, соёолон насны бол он хурдан удмын угшилтай гүү зэрэг морьд ямар үнэ ханштай байсан талаарх үнэлгээг гаргуулах тухай хүсэлт, Д.Ц , Х.М  нар нь арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг эсэх, хэрэв эзэмшдэг бол 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацааны дансны хуулга, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Д  овогтой Ц , Х  овогтой М  нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа гаргуулах, Монголын нотариатчдын танхимд Д  овогтой Ц-н  нэр дээрх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг өвлөх талаар хүсэлт гаргасан эсэх, хэрэв гаргасан бол тухайн өвлөх эрхийн гэрчилгээтэй холбогдох бүх баримтуудыг гаргуулах, 5896077704, 5502039929, 5911011682, 5890310169 дугаар данс эзэмшигчийн овог, нэр, гэрийн хаяг, утасны дугаарын мэдээлэл зэргийг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч У.Ч  нь хариуцагч Х.М д холбогдуулан тус шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 7 тооны адууг зүсээр гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулахаар тодруулсан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг хариуцагч Х.М гаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Нас барагч Д.Ц т 2020 оны 8 сард 3 тооны адууг, 2021 оны 01 дүгээр сард 5 тооны адууг, нийт 8 тооны адуу өгснөөс нэг тооны адууны үнийг тухайн үед Д.Ц тай хамт явсан н.М  худалдан авч мөнгөө төлсөн. Харин Д. Ц  нь 7-н тооны адууны үнийг өгөөгүй, 2021 оны 10 дугаар сард нас барсан. Миний 7 тооны адууг нас барагч Д.Ц  түүний эхнэр Х.М  нар нь зарж борлуулж, гэр бүлийн хэрэгцээндээ захиран зарцуулсан тул адууны үнийг эхнэр Х.М гаас гаргуулна. Адууны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтэд ..........  суманд 2020 оны байдлаар даага /эр, эм/ 1,500,000 төгрөг, шүдлэн насны морь 2,000,000 төгрөг, хязаалан насны морь 3,000,000 төгрөг, соёолон насны морь 3,500,000 төгрөг, гүү 2,000,000 төгрөг, азарга 1,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд үндэслэж нэхэмжилж байгаа ба нийт үнийн дүнд зөрүү гарч байгааг азаргыг үнэлсэн үнэлгээнээс 500,000 төгрөгийг хасаж тооцон 14,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

3. Хариуцагч Х.М  нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргасан.

Маргаж буй үндэслэлээ У.Ч оос манай талийгч нөхөр Д.Ц  нь хэдэн тооны адуу хаанаас авсныг өөрийн нүдээр хараагүй. Энэ талаар мэдэхгүй. Би ээжтэйгээ амьдарч байгаад ээжийгээ нас барахад гэрт нь амьдарч байсан ба ээжийн маань гэрт талийгаач нөхөр орж суусан. Надад талийгаач нөхрөөс өвлөж авсан хөрөнгө гэж байхгүй. Адуу малын наймааг У.Ч  надтай хийгээгүй, би ийм зүйлд оролцдоггүй, талийгаач нөхөр маань надад мэдүүлдэг ч хүн байгаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан Гэрлэсний бүртгэлийн лавлагаа Нас барсны бүртгэлийн лавлагаа гэрч Э.Б , Б.Э , Л.М , М........... , Д.Э , Б.Г  нараас хуульд заасан журмын дагуу авсан гэрчийн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 30/359 дугаар албан бичгээр ирүүлсэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа-нууд, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаар албан бичиг, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банк, Хас банк, Голомт банк, Ариг банк, Төрийн банк, Хаан банк зэргээс ирүүлсэн албан бичиг, дансны хуулга, Хөрөнгийн үнэлгээний төв хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гаргасан шинжээчийн дүгнэлт, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Хариуцагч Х.М  нь нас барагч .............  Д ийн Ц тай 2008 оны 5 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болсон, Д.Ц  нь 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нас барсан ба Д.Ц ын нас барсны бүртгэл 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын бүртгэлийн иргэний бүртгэлд хийгдсэнээр мөн өдрөөр нас барагч Д.Ц , хариуцагч Х.М  нарын гэрлэлт дуусгавар болжээ.

Энэ нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас гаргасан 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан CVL2467010001002587 дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, мөн өдрийн CVL2467010001002586 дугаартай Нас барсны бүртгэлийн лавлагаагаар тус тус нотлогдож байна. (хавтаст хэргийн 88-89 дүгээр хуудас)

Нэхэмжлэгч У.Ч  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.М гаас зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай хүрэн зүсний гүү (соёолон гүү), энэ гүүний унага буюу зүүн гуяндаа хүрээтэй алхан тамгатай эр хонгор даага (одоо соёолон морь), зүүн гуяндаа 9 тоо тамгатай хүрэн соёолон (одоо их насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг 6 настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), сартай хээр эр сарваа ( одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь) нийт 7 тооны адууг гаргуулж өгнө үү гэсэн бөгөөд хэрэгт авагдсан

Гэрч Э.Б гийн ...би Булган аймгийн .............  сум .............  тосгон руу короногийн үед цагаан сарын дараахан У.Ч ийнд Д.Ц  ахын гуйлтаар морь ачихаар хөлсөөр өөрийн машинаар Л.М , Д.Ц  нарын хамт явсан. ...Миний санаж байгаагаар тухайн үед би буурал духтай хүрэн азарган үрээ, мэлхий халзан даага, хул даага, хоёр хээр даага гээд нийт 1 том, 4 жижиг морь ачсан. ...гэх мэдүүлэг,

Гэрч Л.М ын ...надтай явахад сартай хээр эр сарваа (одоо хязаалан насны морь), саргүй хээр эр даага (одоо хязаалан насны морь), зөв гуяндаа хүрээтэй алхан тамгатай буурал духтай хүрэн азарган үрээ (одоо хавчиг настай), хонгор эр сарваа (одоо хязаалан насны морь), хээр халзан сарваа зэрэг нийтдээ таван адуу ачиж ирсэн юм. Үүнээс би хээр халзан сарваа одоо соёолон настай даагыг авсан. Үнийг би У.Ч  руу өөрт нь шилжүүлж өгсөн. 700,000 билүү 800,000 төгрөгөөр авсан. Бидний авчирсан буурал духтай хүрэн азарга Б  гэж хүнд байгаа. Э  гэж манай нутгийн залуу хул даагыг нь авсан. Хэдээр авсныг мэдэхгүй. Сартай хээр даагыг манай хэсгийн төлөөлөгч Б  гэж залуу Ц аас худалдаж аваад алдсан. Нэг даагыг нь манай сумын Э  гэж хүний хүүхдийн толгойг мялаагаад өгсөн байсан. ...Ч  овогтой Б  хонгор даага өмнө нь Д.Ц аас авсан юм билээ Одоо хонгор соёолон үрээ байгаа. С  овогтой Г  Д.Ц аас зүүн уяндаа 9-ын тоо тамгатай хүрэн морийг өмнө нь л авсан юм билээ. Үнэ өртөгийн талаар мэдэхгүй. Ш  гэж хүнд зарагдсан том хүрэн гүү өнгөрсөн хавар үхсэн хэдэн төгрөгөөр зарагдсаныг мэдэхгүй ... гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч У.Ч  нь нас барагч Д.Ц т 7 тооны адууг өгсөн болох нь нас барагч Д.Ц ын бусдад зарж худалдсан цаг хугацааны хувьд болоод адууны зүс, нас, тоотой тохирч байх тул энэ үйл баримтыг шүүх тогтоогдож байна гэж үзлээ. (хавтаст хэргийн 147-156 дугаар хуудас)

Түүнчлэн нас барагч Д.Ц  нас барснаар түүний хууль ёсны өв залгамжлагчид шилжсэн, шилжих биет эд хөрөнгө болон арилжааны банкуудын харилцах болон хадгаламжийн дансанд үлдэгдэл мөнгө байхгүй, хариуцагч Х.М  нь нөхөр Д.Ц ын өвийг хүлээн авахаас татгалзах, өвлөх эрхийн гэрчилгээг олгох талаар эрх бүхий байгууллагад хүсэлтийг гаргаагүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 30/359 дугаар албан бичгээр ирүүлсэн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа-нууд, Монголын нотариатчдын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргалын 2025 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 243 дугаар албан бичиг, Капитрон банк, Худалдаа хөгжлийн банк, Богд банк, Хас банк, Голомт банк, Ариг банк, Төрийн банк, Хаан банк зэргээс ирүүлсэн албан бичиг, дансны хуулга зэргээр нотлогдож байна.

5. Нэхэмжлэгч тал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.2, 3.1.4-т гэр бүлийн гишүүд, гэрлэгчид, гэрлэлтийн талаар тодорхой заасан. Х.М  нь өв хүлээн авахаас татгалзаагүй нь өв хүлээн авсанд тооцох үндэслэл болж байна. Мөн нэхэмжлэгчийн 7 адууг зарж борлуулж гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан нь тогтоогдож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь үнэлгээчний дагуу гаргасан үнэлгээний дагуу 14,500,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд уг мөнгийг Х.М гаас гаргуулах үндэслэлтэй байна. н.Ц , Х.М  нарын гэр бүлийн харилцаа 2008 оноос эхэлсэн ба гэрлэгчдийн дундаас 3 хүүхэд төрж, мэндэлсэн нь гэр бүлийн харилцаатай гэрлэгчид гэдгийг баталж байна. Хариуцагч нь бид гэрлэлтээ батлуулсан ч талийгаач нь манайд хааяа ирдэг байсан гэж тайлбарлах боловч уг тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй байна. Х.М  нь дээрх тайлбарыг хэлж хохирлыг төлж барагдуулахаас зайлсхийж байна гэж,

Хариуцагч Х.М  нь талийгаач гэрт байхаасаа байхгүй нь их, ийш тийш яваад өгдөг байсан. Гэртээ байдаггүй байсныг ах дүү, хамаатан садан нь бүгд мэддэг. Манай талийгч нөхөр Д.Ц  нь хэдэн тооны адуу хаанаас авсныг өөрийн нүдээр хараагүй. Энэ талаар мэдэхгүй. Би ээжтэйгээ амьдарч байгаад ээжийгээ нас барахад гэрт нь амьдарч байсан ба ээжийн маань гэрт талийгаач нөхөр орж суусан. Надад талийгаач нөхрөөс өвлөж авсан хөрөнгө гэж байхгүй. Адуу малын наймааг У.Ч  надтай хийгээгүй, би ийм зүйлд оролцдоггүй, талийгаач нөхөр маань надад мэдүүлдэг ч хүн байгаагүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.

Тодруулбал, нэхэмжлэгч тал нь хариуцагч Х.М  нь нас барагч Д.Ц тай хууль ёсны гэр бүл бөгөөд нэхэмжлэгчээс авсан 7 тооны адууг зарж мөнгийг нь нэхэмжлэгчид өгөлгүй гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан, өв хүлээн авахаас татгалзаагүй тул Х.М  нас барагч нөхрийнхөө бусдад өгөх өрийг төлөх ёстой гэж, нэхэмжлэгч Х.М  нь надад талийгч нөхрөөс өвлөгдөж ирсэн өв хөрөнгө байхгүй, амьд байх үед нь энэ өр төлбөрөө нэхэхгүй яасан юм бэ гэж хууль зүйн үндэслэл болоод үйл баримтын хувьд маргаж байна гэж шүүх үзэв.

6. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.

520.1.1.нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж,

Мөн хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж,

528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж,

528.3.Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус хуульчилсан байна.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар хариуцагч Х.М  нь нас барагч Д.Ц ын хууль ёсны өв залгамжлагч мөн бөгөөд тэрээр өвийг хүлээн авахаас татгалзсан, өв хүлээн авах хүсэлтийг холбогдох байгууллага албан тушаалтанд гаргасан зүйлгүй байна.

 

7. Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж хуульчилжээ.

Эдгээрээс үзвэл өвлөгч нь өвийг хүлээн авсан байх, өв хүлээн авагчийн өвлүүлэгчээс өвлөн авсан эд хөрөнгө, түүний хэмжээ тодорхой байснаар өвлүүлэгчийн бусдын өмнө хүлээх хариуцлагыг өвлөгч хариуцахаар хуулинд зохицуулагдсан байна.

Нэхэмжлэгч У.Ч  нь хариуцагч Х.М гийн нөхөр Д.Ц ын тодорхой эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсантай холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагч Х.М  нь нас барагч Д.Ц аас өвлөн авсан хөрөнгө байгаа болох нь тогтоогдоогүй тул хариуцагч Х.М д өвлүүлэгчийн үүргийг хариуцан бусдад төлөх үүрэг үүсээгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч тал гэр бүлийн хэрэгцээнд хамтран зарцуулсан гэсэн үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч У.Ч , хариуцагч Х.М  нарын хооронд гэрээний болон хуулиар үүсэх үүргийн харилцаа үүсээгүй, хариуцагч Х.М гийн эзэмшилд дээрх адуу болон түүний үнэ шилжсэн болох нь нотлогдоогүй учир нэхэмжлэгч У.Ч  нь Х.М гаас 7-н тооны адууны үнэ 14,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч У.Ч ийн хариуцагч Х.М гаас 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

8.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 447,950 ( дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 520 дугаар зүйлийн 520.1, 535.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.М гаас 7 тооны адууны үнэ 14,500,000 (арван дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч У.Ч ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 447,950 (дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН