Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 102

 

 

 

 

Д.Ганбатад холбогдох эрүүгийн

хэргийн талаар

 

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж шийдвэрлэсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогч С.Бадамцэцэгийн давж заалдсан гомдлоор Д.Ганбатад холбогдох эрүүгийн 201611000223 дугаартай хэргийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Хэрлэнгийн 2-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Баягад овогт Дуламжавын Ганбат /РД- ЖЯ76020312/.         

Д.Ганбат нь 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Цэцэг" төвийн баруун хойд талд "Тоёото-спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-1.5-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5/в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2-5/а/ "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч С.Бадамцэцэгийн жолоодон явсан "Ниссан санни" маркийн 5828 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж  140000   төгрөгийн  хохирол  учруулж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолоор: Дуламжавын Ганбатыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар шүүгдэгч Д.Ганбатыг 1 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Ганбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, ялтан нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүхийн шатанд хохирогч С.Бадамцэцэгт 390000 төгрөг төлснийг дурдаж хохирогч нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар нэхэмжлэлийн зөрүү 1220200 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар ялтан Д.Ганбатад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан Д.Ганбатын эзэмшлээс "Тоёота спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2016 оны 06 сарын 14-ний өдрийн мөрдөн байцаагчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол"-ыг хүчингүй болгож, энэ хэрэгт баримт бичгээр хураагдаж ирсэн ялтны 427412 дугаартай "В" ангиллын жолоочийн үнэмлэх, 00905382 дугаартай тээврийн гэрчилгээ зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтанд буцаан олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, тэнсэж хянан харгалзсан хугацааг 2016 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Бадамцэцэг давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2-т заасан гэмт хэрэгт Д.Ганбатад 1 жилийн хорих ял оногдуулж, ялыг тэнсэж, хохирол төлсөн засварын хөлсийг иргэний журмаар төлүүлэхээр шийдсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг буруу дутуу шалгасан, бодит байдал тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр шалгуулах хүсэлтэй байна. Уг хэргийг хийхдээ жолооч шал согтуу, хэл яриа, алхаа гишгээ нь хэн ч харсан согтуу байсан. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн хэргийн бүрэлдэхүүнгүй болохоор гол аваар хийсэн гэм буруугийн асуудалдаа ямар ч хариуцлага хүлээхгүй, хохирогч надыг хуурч, хэл амаар доромжлон явж байхад хуулийн байгууллага согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочид ямар ч хариуцлага хүлээлгэхгүй орхиж байна. Цагдаа өөрсдийн хийх зүйлээ бүрэн хийхгүй, согтуу жолоочийн арганд орж, гэртээ очоод архи уусан болгож өнгөрөөсөн. Тэнд байсан олон гэрч байхад асуугаагүй. Тэгээд хээв нэг машиныг минь мод мөргүүлчихээд хаяад явсан. Ийм хүнд туйлын хариуцлагагүй байдлаар хандаж шийдсэн. Согтуу осол гаргаад түүнийгээ нуун далдлах зорилгоор зугатаасан. Тэрэндээ ч үр дүнд хүрч чадлаа. Ингэж хариуцлагаас мултрах нь зөв үү. Цагдаа миний машины хохирлыг дутуу шалгаж тогтоосон. Радиотор эвдэрснийг минь ч тоогоогүй. Одоо засварын газар наалт хийж байна. Хэргийн улмаас учруулсан хохирол өнөөдөр ч барагдаагүй. үнэлгээ буруу байсан. Ер нь согтуу машин барьж осол хийгээд хэргийн газраас зугатаасан жолоочид ялыг биеэр эдлүүлээгүй нь улам л ийм хэргийг ихэсгэх даамжруулах үндэс болж байна. Хүний саалийн үнээг нь хулгайлсан хулгайчийг амьжиргааны эх үүсвэрээс нь салгасан гэж ял хүндрүүлдэг атлаа, амьжиргааны орлогын цорын ганц эх үүсвэр болсон машиныг нь эвдээд бүтэн 3 сар засаж өгөхгүй талхнаас тасалсан, ажилгүй болсон хохирогчид ядаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хэмжээгээр төлбөр орлого, олох ёстой орлогыг төлүүлэхгүй байгаад нь гомдолтой байна гэжээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

Д.Ганбат нь 2015 оны 05 сарын 18-ны өдрийн 11 цагийн орчим согтуугаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг "Цэцэг" төвийн баруун хойд талд "Тоёото-спринтер" маркийн 6330 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-1.5-д зааснаар "Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 9.2-д заасан "жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", 2.5/в/-д заасан "зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх", 2-5/а/ "тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хохирогч С.Бадамцэцэгийн жолоодон явсан "Ниссан санни" маркийн 5828 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 140000   төгрөгийн  хохирол  учруулж осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн нь Д.Ганбатын “Би гэртээ харих гээд төв замаар буюу Хэрлэн сумын 7 дугаар баг Цэцэг төвийн хойд талд явж байхад миний урд талд явж байсан "ниссан санни" маркийн хар хөх өнгийн авто машин дохио өгөхгүй хойш эргэх гэхэд нь би тэр машиныг дохио өгөөгүй тул чигээрээ явна гэж бодоод араас нь явж байгаад мөргөсөн” гэх мэдүүлэг /хх 73-74/, хохирогч С.Бадамцэцэгийн “Төв замаар баруун тийшээ явж байтал ардаас хурдтай явж байсан  машин ирээд мөргөсөн…Миний машиныг замын хажуу тал руу орж, хашлага давуулж ургаа модыг  мөргөтөл ардаас хүчтэй мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч А.Сумъяабазар /хх-ийн 30-31/, Н.Насанбаатар /хх-ийн 32-33/, Б.Одгэрэл /хх-ийн 36-37/ нарын мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт, схем зураг /хх-ийн 6-8/, зам тээврийн осол, хэрэгт холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9-10/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 11 тоот дүгнэлт /хх-ийн 47-48/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэл зөв,  ялтанд оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ялтны хувийн байдалд тохирсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх ялтан Д.Ганбатын үйлдсэн хэргийг түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцэж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг нь ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1-д зааснаар нэхэмжлэлийн зөрүү болох 1220200 төгрөгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэсэн нь хуульд нийцэх бөгөөд ялтан Д.Ганбат нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах шатанд хохирогч С.Бадамцэцэгт 1340000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд С.Бадамцэцэгийн “Хэргийг дахин шалгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн 82 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Бадамцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Ялтан Д.Ганбат нь давж заалдах шатанд хохирогч С.Бадамцэцэгт 1340000 /нэг сая гурван зуун дөчин мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай. 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч нар хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                       

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Л.НАРАНБАЯР                        

                      ШҮҮГЧИД                                      О.БААТАРСҮХ

                                                                                      А.ЭНХБААТАР