Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********* сумын иргэн *******ийн нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Говь-Алтай аймгийн Засаг даргад холбогдох аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58  дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, гэнэт халагдсаны мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намайг ээлжийн амралттай байх хугацаанд 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 дугаар захирамжаар ажлаас чөлөөлсөн. Миний бие 7-8 сартай нялх хүүхэдтэй. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтуудыг зөрчиж байгаа. Ажилд томилогдох үедээ 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 тоот аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон. Ажил үүргээ гүйцэтгээд явж байгаад 2016 оны 08 сарын 30-ны өдрийн Б/58 тоот захирамжаар ажлаас чөлөөлсөн. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын  тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйл заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлжээ. Энэ хугацаанд би 2016 оны 07 сарын 08-ны Б/47 тоот захирамжаар ээлжийн амралттай байсан мөн 7 сартай хүүхэдтэй байсан. Ажилд томилох үед хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Намайг ажилд томилох тушаал дээр түр томилсугай гэсэн үг байгаагүй сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл гэж томилсон. Энэхүү ажил үүргийг гүйцэтгэж байгаад сонгон шалгаруулалт зарлагдах үед заавал оролцох ёстой гэсэн ойлголттой байсан. Байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд 0-3 настай хүүхэдтэй эхийг ажлаас халахыг хориглосон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөд байна. Ажлаас чөлөөлсөн захирамж дээр баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар

 зүйлийн 36.1.2 гэдэг заалт нь шүүхийн шийдвэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг ажилд нь эгүүлэн авах тухай зүйл заалт байгаа. Гэтэл намайг ажлаас чөлөөлөх талаар заалт огт байхгүй. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл заалтыг заавал баримтлах ёстой. Гэтэл нэг ч заалт дурдаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл зэргийг уг захирамжид заавал оруулж өгөх ёстой байсан. Энэ захирамжид тухайн хүнийг ажилд томилох зүйл заалттай байгаа боловч нөгөө хүнийг ажлаас нь чөлөөлөх тухай зүйл заалт огт байхгүй. Ээлжийн амралттай байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах нь ажил олгогчийн үүрэг байдаг. Надад ямар нэгэн байдлаар мэдэгдэх хуудас өгөөгүй. Хэрэв мэдэгдэх хуудас ирсэн бол дараагийн ажлын байраа хайж олоод нийгмийн даатгал маань завсардаж хохирохгүй байсан. Уг захирамж нь Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн нэлээд олон зүйл зөрчигдөж байна. Ээлжийн амралттай байх үеэр ажилгүй болж хохирсон тул шүүхэд хандсан. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат энд төрж өссөн. Өмнө нь 53-р сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан. Сургуулийн захирал юм уу сургалтын менежерээр ажиллахад боловсролын салбарт 5 буюу түүнээс дээш жил ажилласан байх ёстой гэсэн шаардлага байдаг би түүнийг хангасан. Сургуулийн захирлаар ажиллахад удирдах албан тушаалд ажиллах ёстой гэсэн байдаг би сургалтын менежерийг 3 жил хийсэн тул энэ шаардлагыг мөн хангаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58 тоот захирамж гарсан. Уг захирамж гарсан үндэслэл нь ******* гэдэг хүний талаар Захиргааны хэргийн шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол гарч үндэслэлгүй халагдсан гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас асуудал тавьж ******* ажилдаа орсон. ******* төрийн албаны сонгон шалгаруулалтад орж байж сургуулийн захирлын ажлын байранд тэнцсэн тохиолдолд ажиллах талаар Боловсролын тухай хуульд заасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалтын дагуу эрх ашгийн зөрчилтэй харагдаж байна. Сургуулийн захирлаар томилогдсон *******ийн хадам ээж тухайн сумын төрийн сангийн албаны даргаар ажилладаг эрх ашгийн ойлголт гарч ирээд Хөдөлмөрийн хууль зөрчигдөж байна. Хөдөлмөрийн гэрээг *******тэй биш *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна гэдэг нь энэ гэрээг хэзээ ч цуцалж болно гэсэн санаа агуулагдаж байдаг юм. ******* гадагшаа сургуульд явах гэж байгаа гэсэн мэдээлэл ард иргэд болон сургуулийн багш нараас ирсэн. Сургуулийн захирал нь шат дараалан ахин дэвших байдлаар явдаг Ж.Буянэмэх нь Говь-Алтай аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаагүй гэсэн томоохон шалгууруудаар шийдвэр гарсан.

 *******ийн тухайд анх томилогдох үедээ хууль зөрчиж ажилд томилсон байна. Аймаг орон нутагтаа ажиллаад танигдсан байсан бол захирамж гарах үед нөлөөлөх байсан. Уг захирамж гарах нь тодорхой байсан.

Амрахаас нь өмнө гарах ёстой байсан. Салбартаа хамтран ажиллах санал ирүүлсэн тохиолдолд бид цаашдаа хүлээж авахад бэлэн байгаа. Энэ хүний эрх энэ захирамж хүчинтэй байгаа гээд хаагдахгүй. Мэргэжлийн чиглэлээрээ ажиллах боломжууд нь нээлттэй байгаа. Сонгон шалгаруулалтад орох бүртгэх боломжгүй байна энэ байдлаас болж сонгон шалгаруулалт зарлагдах боломжгүй байна. Энэ захирамж хуулийн дагуу гарсан. Хуулийн дагуу хийгдсэн зүйлийг үгүйсгэж 2 захирал томилох боломж байхгүй. Тухайн үед бид бүхэнд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардлага ирж байсан үүний дагуу энэ захирамж гарсан. Монгол улсын шүүхийн шийдвэр гарсан захирамж хүчинтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

    Гуравдагч этгээд *******  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие *******ийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие боловсролын салбарт 34 жил удирдах албан тушаалд 15 дахь жилдээ ажиллаж байгаад 2014 онд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн түүнээс  хойш намайг ажилд томилсон шүүхийн шийдвэр гарсан хамгийн сүүлд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гарч ажилдаа орж чадахгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар албадан гүйцэтгүүлж 2016 оны 08 дугаар сарын 30-нд ажилдаа орсон. Миний ажлын байр болох сургуулийн захирлын ажил дээр сонгон шалгаруулалт зарлагдаагүй ба ******* сонгон шалгаруулалтанд ороогүй юмаа. *******ийг захирлын сонгон шалгаруулалт явагдах хүртэлх хугацаанд түр томилж байсан. Миний бие ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг 3 шатны шүүх тогтоож, түүний шийдвэрээр ажилдаа орсон. ******* нь намайг ажлаа хүлээж авахад өө ашгүй миний Солонгос явах виз гарсан 10 дугаар сарын 01-ээс  Солонгос явна гэж байсан. Надад ямар нэгэн ажлын санал шаардлага тавиагүй. Хэрэв санал тавьсан бол өөр ажил санал болгон тухайн үед ажилд авах боломж байсан. Иймд *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* гэдэг хүнийг 2016 оны 08 сарын 30-ны өдрийн Б/58 дугаар аймгийн Засаг даргын захирамжаар ажилд нь томилсон. Учир нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр ******* ажлаас үндэслэлгүй халагдсан тул ажилд нь буцааж томилсон байдаг. Энэ шийдвэр нь хууль ёсны шийдвэр гэж үзэж байгаа. Жүгдэрнамжилыг ажилд томилсон захирамжийг хүчингүй болгож хууль бус гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн хуулийн заалт барих ёстой байсан гээд байна. Захирамжилсан захиргааны актад хөдөлмөрийн хуулийн заалт баримтлах шаардлага байхгүй. Хавтаст хэргийг харахаар нэхэмжлэгч нь төрийн албан хаагч мөн эсэх тал нь эргэлзээтэй. Хөдөлмөрийн хууль бариагүй нь Засаг даргын захирамж хууль бус гэж үзэх асуудал биш. Тухайн үедээ ******* намайг өөр ажилд оруулж өгнө үү гэсэн байдлаар хандаагүй байна. Одоо энэ байдлаар хандаад явах боломжтой байна. Мөн сонгон шалгаруулалтад ороод тэнцээд намайг ажиллуулж өгнө үү гэж шаардах боломжтой байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх нэхэмжлэгч Ж.Буянэмэхийн Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58  дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, гэнэт халагдсаны мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58  дугаар захирамжаар Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 122 дугаар тогтоолыг үндэслэн тус аймгийн Чандмань сумын сургуулийн захирлын ажлаас нэхэмжлэгч Ж.Буянэмэхийг чөлөөлж, *******ыг томилжээ.

         Өмнө нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирал *******ыг Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Б/61 дүгээр захирамжаар захирлын ажлаас чөлөөлж нэхэмжлэгч Ж.Буянэмэхийг томилсон захирамжтай ******* маргаан үүсгэж уг захиргааны хэргийг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 172 дугаар тогтоолоор шийдвэрлэж, тухайн маргаант харилцааг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

         Маргааныг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 38 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт ... *******ын хөдөлмөрлөх эрхэд хуульд заасан үндэслэлгүйгээр халдсан захиргааны акт үйлдсэн байгаа ба ...Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй захирамж үйлдсэн байх тул Говь-Алтай аймгийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн б/61 дүгээр / Ж.Буянэмэхийг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлаар томилсон/ захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэжээ. Уг маргааныг шийдвэрлэх явцад одоогийн нэхэмжлэгч ******* гуравдагч этгээдээр хэргийг шийдвэрлэх ажиллагаанд оролцож байжээ.

         Дээрхи шүүхийн шийдвэрээр *******ыг үндэслэлгүйгээр халагдсан  төрийн албан хаагч тул ажилд нь эгүүлэн тогтоожээ. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар заавал биелүүлэх үүргээ хэрэгжүүлж *******ыг Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд томилсон Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58  дугаар захирамж хуульд нийцсэн байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан ******* өөрийн хөдөлмөрлөх, төрийн албанд ажиллах эрх зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

         Нэхэмжлэгч  Ж.Буянэмэх нь төрд ажиллаж байсны хувьд намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн хэд хэдэн зүйлийг зөрчсөн, ээлжийн амралттай ажилтан миний ажлын байр хадгалагдана, байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдана, намайг томилсон тушаалд түр гэсэн үг байхгүй, намайг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн хуулийн зүйл заалт баримтлаагүй нь хууль зөрчсөн, нялх хүүхэдтэй хүнийг ажлаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээр маргажээ.

         Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т зааснаар ” Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ. “ гэснээс үзэхэд нэхэмжлэгч Ж.Буянэмэх тодорхой хугацаанд уг шаардлагыг биелүүлж төрийн алба хашсан боловч шүүх *******ын нэхэмжлэлээр өмнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлын ажилд *******,  Ж.Буянэмэх нарын хэн нь ажиллах ёстой талаарх маргааныг шийдвэрлэхдээ *******ын тухайд зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг нь сэргээн тогтоож, Ж.Буянэмэхийн хувьд маргаант харилцааг шүүхийн шийдвэрээр дуусгавар болгох нь зөв гэж маргааныг шийджээ.

        Шүүхийн шийдвэрийн утга нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын 12 жилийн сургуулийн захирлын албан тушаалд Ж.Буянэмэхийг томилсон нь үндэслэлгүй буюу  томилогдох ёсгүй гэж үзжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн маргасан дээрх заалтууд хуульчлагдсан байх боловч эрх зүйн байдлын хувьд хамаарах эрхтэй этгээдийн хувьд хязгаарлагдмал байхаар байна. Өөрөөр хэлбэл Төрийн албаны хууль, Хөдөлмөрийн хуулийн дагуу томилогдсон этгээдүүдэд уг заалт хамааралтай ба Төр өөрийн албандаа албан хаагч сонгон авахдаа сонгон шалгаруулалт зарлах буюу эсхүл туршилтын хугацаагаар болзол нөхцөлтэйгээр төрийн албан хаагчийг хуульд зааснаар томилж, хуулийн дагуу томилогдсон уг албан хаагчаа тоочиж буй хуульчлагдсан баталгаа нөхцлөөр хангах ёстой учир нэхэмжлэгч Ж.Буянэмэхийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүх шийдвэрээрээ эрх зүйн харилцааг өөрчлөх буюу дуусгавар болгох байдлаар төрийн албаны маргааныг шийджээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т  заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/58  дугаар захирамжийг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, гэнэт халагдсаны мөнгө, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ш.БАТТОГТОХ