Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2017/00266

 

                                              Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэр,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Капитал банк ХХК

Хариуцагч : Б.Батчимэг

Нэхэмжлэлийн шаардлага : 266.999.540 төгрөг гаргуулах тухай

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболдын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дүүрэнбилэг, хариуцагч Б.Батчимэг, нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Иргэн Б.Батчимэг нь 2015.4.06-ны өдөр тус банкнаас 220.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж авсан.  Б.Батчимэг зээлийн төлбөрт 482.604 төгрөг, хүүд 34.337.436 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 328.779 төгрөг нийт 35.148.820 төгрөг төлсөн. Иймд 2016.10.15-ны өдрөөс 2016.10.21-ний өдрийн байдлаар хариуцагчаас үндсэн зээл 219.517.395 төгрөг, зээлийн хүү 46.136.489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.345.655 төгрөг, нийт 266.999.540 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /хх 1, 46/

Хариуцагч Б.Батчимэг  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Капитал банкнаас 2015.4.13-ны өдөр 220.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэйгээр зээлсэн.   Үндсэн зээл 472.175 төгрөг,  хүү 34.347.864 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328.833 төгрөг төлсөн байна. Зээлийн барьцаанд Хьюндай экспресс маркийн 45 хүний суудалтай автобусыг 20 сая төгрөгт тооцон барьцаалсан. Банкны нэр дээр шилжсэн байгаа тул зээлээс  20 сая төгрөгийн  үүргийн гүйцэтгэл хангагдсанд тооцуулах хүсэлтэй байна. Капитал банкинд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны үндсэн зээл 219.527.824 төгрөг, зээлийн хүү 32.617.245 төгрөг нэмэгдүүлсэн хүү 685.410 төгрөг, нийт 252.830.479 төгрөгийг төлөх ёстойгоос өмчлөлд нь шилжүүлсэн автобусны үнэлгээ 20.000.000 төгрөгийг хасуулан 232.830.479 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх 32, 49/

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан  2015.4.13-ны өдрийн ЗГ-2042000094 тоот зээлийн гэрээг цуцалж, Б.Батчимэгээс  нийт 266.999.540 төгрөг гаргуулж Капитал банкны Сүхбаатар салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.521.906 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, Б.Батчимэгээс улсын тэмдэгтийн хураамжинд 1.521.906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банкны Сүхбаатар салбарт олгож шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлал гаргаж, Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 377 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Капитал банкны зүгээс нэхэмжлэл гаргахдаа Б.Батчимэгийн зээл болон барьцааны гэрээ, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл зэргийг тодорхой гаргаж өгсөн. Мөн 2016.10.20-нд  шаардлагаа нэмэгдүүлсэн. Б.Батчимэгт  гэрээний үүргээ биелүүлэх, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай мэдэгдлийг сар бүр өгч байсан ба тухайн мэдэгдэлд төлөх үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тодорхой тусгаж өгсөн байдаг. Эдгээр мэдэгдэл нь нотлох баримтаар хавтас хэрэгт байсаар байтал шүүхээс тодорхой бус хэмээн үзсэн бөгөөд эндээс нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй нь харагдаж байна.  Мөн  шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтууд, хариуцагчийн тайлбарууд зэрэгт хангалттай дүгнэлт хийгээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Батчимэгээс үндсэн зээл 219.517.395 төгрөг, зээлийн хүү 46.136.489 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.345.655 төгрөг нийт 266.999.540 төгрөг гаргуулахыг шаардсан байна.  

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Капитал банк зээлдэгчээс нийт 266.999.540 төгрөг нэхэмжилсэн боловч уг шаардлагатай холбоотой гэх “зээлийн дансны хуулга” /хх 35/ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх ба өөр баримт хэрэгт байхгүй тул нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Тодруулбал,  Капитал  банкнаас гаргаж өгсөн гэх 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хоорондох хугацааны зээлийн дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т нийцээгүй баримт тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. Хариуцагч  зээлийн төлбөрт нийт 35.148.820 төгрөг төлсөн гэж нэхэмжлэлд дурдагдсан боловч уг мөнгийг ямар хугацаанд төлсөн нь тодорхойгүй, банкны зээлийг буцаан төлөх хуваарь /хх 20/ нь Б.Батчимэг зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээж байсныг нотлох ч  нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлох баримт биш байна. 

Түүнчлэн, Капитал банк шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.486.524 төгрөг төлсөн /хх22/ гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй  байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-г зөрчжээ. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 116 дугаар зүйлийн 116.3-г буруу тайлбарлан хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгч А.Ариунболдын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 1.492.948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ