| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 102/2024/08121/И |
| Дугаар | 192/ШШ2025/07688 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/07688
2025 09 30 192/ШШ2025/07688
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Чулуунчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух У-ын Ц /РД:ЦГ******3/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ** дугаар хороо, ***** тоотод байрлах Т ХХК /РД:5*******1/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 47,775,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч У.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: У.Ц миний бие 2024 оны 06-р сарын 24-ний өдөр Т ХХК-тай Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Kawaski,115 ZV Маркийн Ногоон өнгийн авто замын индүүг 35,000,000 төгрөгөөр борлуулсан. Уг авто замын индүүний төлбөрт 2024 оны 06-р сарын 24-ний өдрөөс, 06-р сарын 30-ны өдрийн хооронд 50 тн цемент, 2024 оны 07-р сард багтаан үлдэгдэл төлбөрт цемент өгөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Миний бие гэрээ байгуулагдсан өдөр авто замын индүүг хүлээлгэн өгсөн байдаг. Гэрээний хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тал 2024 оны 08-р сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж төлбөрийг 2024 оны 10-р сарын 01-ний өдөр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцож хугацаандаа төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги худалдан авагч тал төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч тал төлбөрөөс өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч төлөөгүй байна. Иймд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 35,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги болох төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги болох 1хоногийн алданги 75,000 төгрөг буюу шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртлэх 73 хоногийн алданги 12,775,000 төгрөг, нийт 47,775,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2024-06-24 ний өдөр Т ХХК-тай гэрээ байгуулж, авто замын индүүг 35,000,000 төгрөгөөр борлуулахаар, цементээр төлөх байсан . Гэрээ байгуулсан авто замын индүүгээ хүлээлгэн өгсөн ба цементээ нийлүүлээгүй, хамгийн сүүлд 2024-10-01 ний өдөр төлөхөөр тохирсон ч төлөөгүй, 2025-02-18 ний өдөр эвдэрсэн байдалтай индүүг манай эзэмшлийн хашаанд оруулж тавиад алга болсон, тэгээд ч баталгаат хугацааны дотор гомдлын шаардлага гаргаагүй өөрсдөө ашиглаж байгаад эвдлээд тэгээд одоо эрсдлээ хариуцах ёстой байх. Алдангийн тухайд нэг хоногийнх нь 175,000 төгрөг ба 73 хоногийн алдангид 12,775,000 төгрөг, нийт 474,775,000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэв.
2. Хариуцагч Т ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “У.Ц нэхэмжлэгчтэй манай компани нь 2024 оны 6-р сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Kawaski,115 маркийн ногоон өнгөтэй авто замын хучилтын ажлын индүүг худалдан авсан. Тус индүүг Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь төслийн талбай руу тээвэрлэн ажиллуулж үзэхэд мотор доголдолтой ажиллах боломжгүй техник байсан тул буцаан өгсөн тул У.Ц нэхэмжлэгчид өр төлбөрийн үлдэгдэлгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г 2025-09-09 ний шүүх хуралдааныг өөр шүүх хурал давхцсан гэх шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, хэрэг хэлэлцэх хуралдааныг 2025-09-30 ний өдөр товлосон ба тэрээр хуралдааны товыг мэдсэн байгаа нь тов мэдэгдэх хуудас дээр гарын үсэг зурсан байдлаар тогтоогдох боловч хуралдаандаа ирж оролцоогүй байна.
3. Нэхэмжлэгч талаас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Kawaski,115 ZV автомашины гэрчилгээний хуулбар, У.Ц, Т ХХК нарын хооронд байгуулагдсан 2024.08.16-ны өдрийн худалдах, худалдан авах нэмэлт гэрээ, 2024.06.24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэрэг баримтыг шүүхэд ирүүлжээ.
4. Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2023/02/028 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, БУ12-543/18 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, П.Г олгосон итгэмжлэл, хариу тайлбар зэргийг шүүхэд ирүүлсэн.
5. Шүүхээс У.Ц-ын эзэмшлийн I phone 15 pro маркийн гар утасны 2025 оны 02-р сарын 18-ны өдөр хийсэн бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “У.Ц миний бие 2024 оны 06-р сарын 24-ний өдөр Т ХХК-тай Худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу Kawaski,115 ZV Маркийн Ногоон өнгийн авто замын индүүг 35,000,000 төгрөгөөр борлуулсан ба цементээр хариу төлбөрийг хийх байсан. Гэрээ байгуулагдсан өдөр авто замын индүүг хүлээлгэн өгсөн байдаг ч огт төлбөр төлөөгүй тул үндсэн төлбөр 35,000,000 төгрөг, 73 хоногийн алданги 12,775,000 төгрөг, нийт 47,775,000 төгрөгийг гаргуулж өгнө үү “ гэжээ.
Хариуцагчаас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн. Үүнд: “У.Ц нэхэмжлэгчтэй манай компани нь 2024 оны 6-р сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулан Kawaski,115 маркийн ногоон өнгөтэй авто замын хучилтын ажлын индүүг худалдан авсан. Тус индүүг Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь төслийн талбай руу тээвэрлэн ажиллуулж үзэхэд мотор доголдолтой ажиллах боломжгүй техник байсан тул буцаан өгсөн тул төлөхгүй “ гэжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр У.Ц болон Т ХХК нарын хооронд Kawasski 115 маркын авто замын индүүг 35,500,000 төгрөгөөр худалдахаар, уг гэрээний хариу төлбөрт худалдан авагч Т ХХК нь 2024-06-24 ний өдрөөс 2024-06-30 нийг хүртэлх хугацаанд урьдчилгаанд 50 тн цемент нийлүүлэхээр, үлдэх цементийг 2024 оны 07 дугаар сард багтаан нийлүүлэхээр тус тус тохирч, тухайн өдрөө гэрээний зүйлийг хүлээлцжээ. Талууд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр уг гэрээндээ өөрчлөлт оруулсан байх ба тухайн гэрээний нэмэлтээр цемент нийлүүлэх байршил Улаанбаатар хот 22-н товчоо Мак цемент агуулах, цементийг тухайн үеийн ханшаар тооцон үнэлэх, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлбөрийг барагдуулах, гэрээний төлбөрт бэлэн мөнгө болон бартерын цемент тооцон өгөхөөр, тохирсон хугацаанд төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцохоор, техникийг буцаахгүй байхаар тус тус тохиролцжээ.
Шүүхээс У.Ц-ын эзэмшлийн I phone 15 pro маркийн гар утасны 2025 оны 02-р сарын 18-ны өдөр хийсэн бичлэгт үзлэг хийж баталгаажуулсан ба тухайн бичлэгээр гэрээний зүйл болох индүүдэгчийг 2025-02-18 ний өдөр хариуцагч талаас нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаа бүхий газарт зөөж авчирсан талаар дүрс бичигджээ.
4. Нэхэмжлэгч нь “гэрээний үндсэн үүргийг мөнгөн хэлбэрээр, анзын хамт шаарддаг” бол хариуцагч нь “ Хөвсгөл аймаг руу төслийн талбай руу зөөвөрлөх үед мотор доголдолтой, ажиллах боломжгүй эрхийн зөрчилтэй биет байдлын доголдолтой хөрөнгө” гэдэг үндэслэлээр татгалздаг.
Энэхүү тохиролцооноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх“ худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Хүлээн авсан техник бюу автозамын индүүдэгч нь доголдолтой эсэх нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй, зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн хуулийн 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илэрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасаг шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэжээ.
Худалдан авагч буюу нэхэмжлэгч эд хөрөнгийг 2024.06.24 -ны өдөр хүлээн авч, үүнээс хойш 2 сарын дараа буюу 2024-08-16 ний өдөр төлбөр төлөх хугацааг 2024-10-01 болгож, техникийг буцаахгүй гэх өөрчлөлтийг оруулж, 2025-01-22 ний өдөр шүүхэд мэдэгдэл гэх баримтаар мотор доголдолтой байсан талаар дурдаж, гэрээний зүйлийг 2025-02-18 ний өдөр буцаан хүргүүлсэн байх тул хуульд заасан хугацаанд доголдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч Т ХХК нь техникийг шалган авах үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй тул шүүх нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Алдангийн тухайд талууд үндсэн болон нэмэлт гэрээндээ тусгасан байх ба нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр төлбөр төлөх сүүлийн хугацааг 2024-10-01 гэж тохирсон тул тухайн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 20241-12-12 нийг хүртэл 73 хоног болж байх тул / 1 хоногийн алданги 175,000 төгрөг/ 12,775,000 төгрөг нэхэмжилж байгааг гэрээний үндсэн төлбөр болох 35,000,000 төгрөг дээр нэмж гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 -д нийцнэ.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 396,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 396,825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК-аас 47,775,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У.Ц-ад олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 396,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас 396,825 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Ц-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ