| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2428002850269 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-03-12 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
Т.*******д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд
Прокурор О.Батнасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Володя даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолтой, Т.*******д холбогдох 2428002850269 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан давж заалдах гомдлоор 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дахь километрт “Toyota Prius Alpha” загварын ******* УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Т.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
Шүүгдэгч Т.*******г зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.*******гээс сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 16 500 000 төгрөг эмчилгээ болон шатахууны төлбөр 384 956 төгрөг, нийт 16 884 956 (арван зургаан сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгож, түүний нэхэмжлэлээс 658 782 (зургаан зуун тавин найман мянга долоон зуун наян хоёр) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацааны цалин болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлаж,
Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т 3 421 000 (гурван сая дөрвөн зуун хорин нэгэн мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоолын тогтоохын хэсгийн 2, 3, 5, 6 дахь хэсэгт заасан заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. Анхан шатны шүүхээс Т.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг 1 жилийн хугацаа болгон хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.
2. Цаашлаад түүнд оногдуулсан ял шийтгэлийн хугацааг багасгахаас гадна тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг гаргуулахдаа шүүхээс 16 500 000 төгрөгийг Т.*******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл бодитойгоор тогтоогдоогүй, үндэслэлгүй байгаа талаар маргаж мэтгэлцсэн боловч шүүхээс өмгөөлөгчийн санал дүгнэлтийг анхааран үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг заавал нотолсон байхыг хууль шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг холбогдох хууль, журмын талаар холбон тайлбарлаж маргаж мэтгэлцсэн боловч анхан шатны шүүхээс хууль эрх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж чадаагүй тул Т.*******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн 16 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хяналтын прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн дүгнэлтийг хийж тухайн эрүүгийн хариуцлагыг оногдуулсан гэж үзэж байна. Өмгөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 16 500 000 төгрөгийг Т.*******гээс гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлгүй. Түүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлын тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт шүүхээс 16 500 000 төгрөг, эмчилгээ болон шатахууны төлбөрт 384 956 төгрөг, нийт 16 884 956 төгрөгийг шүүгдэгч Т.*******гээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******т олгож, түүний нэхэмжлэлээс 685 782 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг хэлэлцэхгүй орхиж, ажилгүй байсан хугацаанд цалин болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандах эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгийн заалтад нийцсэн, хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцаад хэрэгт цуглуулж учирсан бүхий л нотлох баримтыг шүүхээр хэлэлцүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгч нь хохирогч биш, шинжлүүлэгч биш гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/269 дүгээр тушаалын хавсралтаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загварыг танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргах үүргийг мөрдөгч биелүүлж, уг хүснэгтийн үндэслэлтэй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлээр тогтоосон маягтыг хохирогч Б.*******т танилцуулахад хохирлыг зөвшөөрсөн бөгөөд зэрэглэлийг хүлээн зөвшөөрөхгүй шинжилгээг шинжилгээний байгууллагаар хийлгэх талаар хохирогчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болохыг дурдъя. Шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон баримтыг хэрхэн уншсан талаар шүүхийн шийдвэрт тодорхой зааж дүгнэсэн. Тухайлбал шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар маргаагүй байхад өмгөөлөгч маргаж, шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулахаар гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн. Мөн шүүх шийдвэртээ Өмгөөллийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн 15.1.4-т заасныг үндэслэн өмгөөлөгч үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурийг илэрхийлсэн гэж дүгнэж, хүсэлтийг нь хүлээн аваагүй нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Шүүхээс Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалт болон хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 12 дугаар тогтоолыг тус тус баримтлан хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг 16 500 000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь зүй ёсны гэж үзэж байна. Хэдий хэмжээгээр тогтоох нь дээр дурдсан журмуудаар тодорхой зохицуулагдсан. Үүнийг шүүх харгалзан үзэж тогтоосон гэж үзэж байна. Мөн хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан гэмтлийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргах журмын 2.1-д тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү гэсэн байр суурийг гаргаж байна. Мөн гэм хорын хохиролтой холбоотойгоор хохирогчийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гараагүй болохыг дахин дурдъя. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч миний бие сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлт гаргаж холбогдох шүүх шинжилгээний ерөнхий газраар нь буюу мэргэшсэн мэргэжилтэн, шинжээч нараар нь гаргуулж өгнө үү гэдэг хүсэлтийг удаа дараалан гаргаж байсан боловч шат шатны эрх бүхий албан тушаалтнууд хүсэлтийг хангахаас татгалзсугай гэсэн ганц үг, өгүүлбэр бүхий нөхцөл байдлаар энэ хэрэг шүүхэд шилжиж ирээд тухайн шүүх хуралдаан дээр мөн энэ хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн талаар миний үйлчлүүлэгч маргахгүй. Гагцхүү сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү. Шүүхээс хийж байгаа эрх зүйн дүгнэлтийн хувьд миний үйлчлүүлэгч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэдэг хүсэлтийг бичгээр гаргаж байсан гэдэг. Энэ хүсэлтийг гаргаж байсан. Хавтаст хэргийн 151 дүгээр тал дээр бичгээр 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргадаг. 12 дугаар сарын 03-ны өдөр сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй. Нэхэмжилж байгаа хохирлын мөнгөн дүн гаргачихсан. Өөр ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй байсан учраас хохирогчийн нэхэж байгаа хохирол төлбөрийг тодорхой хэмжээнд төлсөн. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээтэй холбогдсон нотлох баримт өгөөд түүнийгээ нөхөн төлөхөө илэрхийлээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэдэг хүсэлтийг гаргаж байсан. Шүүгч тухайн хэргийг шийдвэрлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт дээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу 1 650 000 төгрөгийн эмчилгээний зардлыг төлчихсөн. 1 630 000 төгрөгийг дансаар шилжүүлчихсэн. Тэгэхээр нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр ямар нэгэн байдлаар маргахгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй, мөрдөгчийн зүгээс ямар нэгэн байдлаар прокурорт хүсэлтийг гаргаж өгөөгүй нөхцөл байдлаар энэ мөрдөн шалгах ажиллагааг дуусгасан байдаг. Үүнийг шүүхээс анхаарч үзсэнгүй. Шүүх хуралдааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн талаар дахин дүгнэлт гаргуулах, энэ нөхцөл байдлаа миний зүгээс тайлбарлаж дүгнэлтээ шүүхэд гаргасан. Энэ хохирлыг тодорхой хэмжээнд тогтоогоод өгнө үү гэдэг байдлаар явж байгаад шүүх хуралдаан дуусахын өмнө шүүгч асуудаг. Тийм учраас Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар энэ хүсэлтийг гаргасан байдаг. Мөн тодорхой хэмжээнд прокурорын шатанд хүсэлтийг гаргаж өгсөн байдаг. Хүсэлтийг хангахаас татгалзсан нь миний үйлчлүүлэгчийн эрх ашигт нөлөөлөх нөхцөл байдал байгаа учраас тал бүрээс нь энэ хэргийг харж шийдвэрлэсэнгүй. Шүүхээс хохирлыг тооцохдоо тухайн 1 630 000 буюу 3 250 000 төгрөгийн хохирлын баримтаас бодитойгоор өөрийнх нь дансанд шилжүүлсэн 1 630 000 төгрөгийг хасах нөхцөл байдал байдаг. Өөрөөр хэлбэл шатахуун болоод шүүхээс тогтоосон мөнгөн дүнгийн хохирол байдаг. Энэ дээр 384 956 төгрөгийн хохирлыг тооцчихсон байдаг. Тэгэхээр 1 630 000 төгрөгөөс 384 956 төгрөг суутгагдаж хохирол төлсөн байдлаар шийдвэрлэх атал шүүх энэ дээр ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Хасаж тооцоогүй. Эмчилгээний төлбөр дээр илүү төлбөр байгааг шүүхээс ямар нэгэн байдлаар бодитойгоор эрх зүйн дүгнэлт хийгээгүйг анхаарч үзнэ үү. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл гэдэг 6 500 000 төгрөгөөр гаргах ёстой юм бол шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь хохирогчид сэтгэцийн түр зуурын юм у, эсвэл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт байсан юм уу гэдэг нь хэргийн хүрээнд тодорхойгүй. Дээрээс нь хэвийн амьдрал алдагдсан юм уу, тухайн эмчилгээний дундаж хугацаа хөдөлмөр чадвар алдалтын зэрэг шалгуур үзүүлэлтийг энэ талын баримт байвал тухайн хүснэгтчилсэн баримтаар сэтгэцэд өртсөн хор уршгийн зэрэглэлийг адилтгах, шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэх нөхцөл байдал байдаг. Гэтэл энэ хэргийн хүрээнд хохирогчийн энэ талаар байсан нөхцөл байдлууд ямар нэгэн байдлаар эмчилгээнд хамрагдсан, эмчид үзүүлсэн талаарх баримтууд учир дутагдалтай байхад шүүхээс түр зуурын юм уу, байнгын шинжтэй юм уу, амьдралд нь ямар нэгэн хэвийн өөрчлөлт орсон юм уу гэдэг ямар нэгэн баримт байхгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 16 500 000 төгрөгийн хохирлын нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн үндэслэлгүй. Мэргэжлийн байгууллага буюу мэргэшсэн шинжээчээр гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт шүүх шинжилгээний байгууллага нь гээд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн гэмт хэргийн улмаас учирсан, хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэсэн байдаг. Гэтэл дүгнэлтийг ямар нэгэн байдлаар гаргаагүй. Мөрдөгч энэ чиглэлийн мэргэшсэн хүн мөн гэдгээ нотолсон баримт хэргийн хүрээнд авагдаагүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн. Мөн үндэслэлгүйгээр хохирлыг гаргуулсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна. Эдгээр нөхцөл байдлыг нэг анхаарч үзнэ үү гэж шүүгч та бүхнээс хүсэж байна. Дөрөвдүгээр зэрэглэл гээд хүснэгтээр тогтоогдчихсон байдаг. Шинжээчийн дүгнэлт гаргахад дөрөвдүгээр зэрэглэл гэдэг бол доошоо шатлал буурч, зэрэглэл буурах боломжтой гэдэг байдлыг мөн журамд заагаад өгчихсөн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Оногдуулсан ял дээр өмгөөлөгчийн зүгээс гомдлоо гаргасан. Оногдуулсан ял дээр хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдаг. Энэ хэрэг болсон нөхцөл байдлыг тал бүрээс нь анхаарч үзнэ үү. Тухайн хүмүүс нь найз нөхдийн харилцаатай байдаг. Шалтаг шалтгаангүйгээр архидалт гэдэг юман дээрээс энэ гэмт хэрэг гарах болсон үндсэн шалтгаан нөхцөл бүрдсэн байдаг. Хохирогч согтууруулах ундааны зүйл маш их хэмжээгээр хэрэглэсэн. Тухайн машин нь эвдрээд гэдэг юм уу, асахгүй байх хугацаанд машинаа орхиод явчихсан учраас Т.*******гийн машинд суугаад хөдлөөд явж байгаад энэ осолд орсон нөхцөл байдал байдаг. Хохирогч болоод миний үйлчлүүлэгч нарын гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг 1 жил болгон бууруулж өгнө үү гэсэн гомдлыг шүүх бүрэлдэхүүн та бүхэн анхааран үзнэ үү гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч Т.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2024 оны 10 дугаар сарын 06-ны орой 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Нарийн сухайт Шивээ хүрэн хилийн боомт чиглэлийн хатуу хучилттай авто замын 19 дэх километрт “Toyota Prius Alpha” загварын ******* УКО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж осол гаргасны улмаас иргэн Б.*******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Батнасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Т.*******гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь “хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг анхан шатны шүүхээс хууль эрх үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж чадаагүй, Т.*******д оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэснийг 1 жилийн хугацаа болгон хөнгөрүүлэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах ” агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд сахих бөгөөд зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон хүснэгтийг хүлээн зөвшөөрөөгүй тухай хүсэлт /хх-94/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай /хх-151/ хүсэлтийг гаргасан байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх эсэх талаар эрх бүхий этгээд нь шийдвэрлэж хариу өгөөгүй байна.
Мөн яллагдагч, түүний өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилох /хх-148/ тухай хүсэлт гаргасныг мөрдөгч хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн үндэслэлээ заагаагүй байх тул тухайн тогтоол үндэслэлгүй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд “Шинжээчийн дүгнэлтийг гаргуулъя, шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү” /хх-194/ гэх хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь оролцогчийн эрхийг зөрчсөн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага... Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/-т заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж, 40.2 дахь хэсэгт “Шинжилгээний байгууллага сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргахдаа дараах нөхцөлийг харгалзан үзнэ: энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон байх; 40.2.3.хохирогчийн сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон байх.” гэснээс дүгнэхэд тусгай мэдлэг, мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоохоор хуульчилжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.*******ын сэтгэцэд түр зуурын, эсхүл байнгын шинжтэй өөрчлөлт орсон эсэх талаарх нотлох баримт болон сэтгэцэд учирсан хямрал, эмгэгийг сэтгэцийн шинжилгээгээр тогтоосон шинжилгээний байгууллагын дүгнэлт хэрэгт авагдаагүй, энэ талаар тогтоох ажиллагааг хийгээгүй, шүүгдэгч энэ талаарх мөрдөгчийн зэрэглэл тогтоосон шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн нотлоогүй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна”, мөн зүйлийн 6 дахь хэсэгт “шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаруулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж заасан байна.
Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үнэлэн анхан шатны шүүхийн гаргасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Т.*******д холбогдох хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах агуулга бүхий давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.
2. Шүүгдэгч Т.*******д холбогдох 2428002850269 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хүргүүлсүгэй.
3. Шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР