Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 111

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох эрүүгийн 1830001080082 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,  Наран сумын соёлын төвийн эрхлэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сүхбаатар аймаг  Наран сумын 3 дугаар баг оршин суух, ял шийтгэлгүй, Б.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Энтой маргалдан улмаар түүний  нүүр, цээжин хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсгийг хамарсан зүсэгдсэн шарх, баруун эгэмний доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсэгт 2,3 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Наран суманд байж байхад найз залуу маань Онгон сум руу хүргээд өг, маргааш өглөө ажилтай, бэлэн байхгүй бол болохгүй гээд гуйгаад байсан.  Би найзыгаа Наран сумаас Онгон сум руу хүргэж өгөөд тэнд 1 найзтайгаа таараад нэг шил архи уусан. Тэгээд Онгон сумын Соёлын төвд ажилладаг Б гэдэг найзындаа очиж хоол идсэн. Б хамт дэлгүүр оръё гэхээр нь гарч баарны гадаа очиход баар хаасан байсан. Баарны гадаа байж байхад Б нэг залууг дуудаж машинд суулгасан. Тэр залууг Э гэдэг юм байна лээ. Машинтай отрядын байр руу явах үед Этой ам зөрсөн. Отрядын байрны гадаа ирээд Б, Э нар машинаас буугаад Бд “Нарангийн найз чинь ямар овортой залуу вэ, зодъё” гэж ярилцахыг би машины цонхоор сонсоод залуучууд юу болсон бэ гээд машинаас буухад Б намайг өшиглөж унагаагаад Б дээрээс өшиглөсөн. Би зугтаад машиндаа ороод машины хаалгыг цоожлоход машины цонхыг хагалах гээд цохиод байсан. Гэтэл хохирогч Э машины арын  хаалгаар орж ирээд  араас тэврээд, жолоочийн хажуу талын хаалгаар Б орж ирээд намайг цохиж зодсон. Б ч мөн онгорхой хаалгаар орж ирээд  намайг цохиж зодсон. Э миний хоолойг боогоод арагш татсан. Тэгээд би амиа хамгаалах гэж гарт таарсан хутгаараа айлгах гэж далайсан. Би машинаас буугаад хутга барьж дайраагүй. Хохирогчтой хамт явж байсан залуучууд буруу мэдүүлэг өгсөн. Машин дотор л энэ асуудал болсон гэв. 

 

-Хохирогч Н.Энын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 30-ны орой 00 цагийн орчимд сумын төвд байдаг Бая гэдэг баарны гадаа хамт ажилладаг Б, Б нартай тааралдсан. Тэр хоёр жижиг хар машинтай явж байсан бөгөөд Б нь намайг машинд суучих гэхээр нь би суусан чинь жолоочийн хажуу талын суудалд сууж байсан залуу эргэж хараад намайг өдсөн өнгө аясаар “яасан хөгшөөн” гэхээр нь би “яагаа ч үгүй, ямар нэг асуудал болоогүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр залуу нэлээн согтуу байсан. Тэр залуу “шаагаад байгаарай” гэж хэлээд хаалганаасаа нэг юм авах шиг болохоор нь маргаан үүсэж магадгүй гэж бодоод Бын хамт явган алхъя гэж бодоод машинаас буусан чинь Б машинд суучих гэхээр нь би суусан. Тэгээд Бгийн гэрийн гадаа ирсэн чинь нөгөө залуу машинаас буугаад миний хөл дээр гишгээд цээжээрээ мөрлөөд “яагаад байгаа юм” гэхээр нь би “чи согтуу байна, эрүүл дээрээ уулзъя” гэсэн чинь намайг цохихоор нь би бултсан. Тэгсэн чинь Б “наадах чинь хутгатай байна ш дээ” гээд түүнийг түлхээд унагасан. Ингээд тэр залуу машинд суухаар нь би араас нь очоод муухай харьцаанаас элдвийн юм болдог шүү” гэж хэлсэн чинь нүүр рүү самардаад цээж рүү цохих шиг болсон. Тэр үед миний нүүр халуу оргиод цус амтагдсан. Гэртээ очоод харсан чинь миний нүүр зүсэгдсэн, цээжний баруун хэсэгт зүсэгдсэн байсан. Би  тэр залууг цохиогүй. Энэ хүнд хутгалуулснаас болоод сэтгэлийн хүнд дарамтанд орсон. Тэр танихгүй залууг Эр гэдгийг сүүлд мэдсэн. Маш их гомдолтой байна. Энэ хүнээс эмчилгээний зардал 5.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/

 

-Хохирогч Н.Энод шүүх хуралдааны тов мэдэгдсэн тэмдэглэлд: Би Багануур дүүрэгт шинээр ажилд томилогдоод ирсэн тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна.  Эрад гомдолтой байна. Эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй тул сүүлд эмчилгээ хийлгэж байгаад хохирлоо иргэний журмаар нэхэмжилнэ гэжээ. 

 

-Гэрч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Бгийн гэрт бид хоёр тоглоом тоглонгоо 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво ууж байтал гаднаас Б гэх залуу танихгүй хоёр залуу дагуулж орж ирсэн. Тэгээд өөрөө яваад өгсөн. Уг пивийг бид дөрөв хувааж ууж дуусгаад би харья гэхэд Б сум орчихоод ирье гээд байхаар нь цуг явж Бая караокены гадаа ирэхэд хаалттай байсан, харин уг караокены гадаа Этой таараад машинд суучих хамт харья гээд суулгасан юм. Тэгтэл Эр Эыг муухай хараад хоорондоо маргалдахаар нь би Эыг авч буугаад отрядын байр руу алхаж байтал араас Б уг хоёр залуутай ирээд “машинд суучих хүргээд өгье” гэхээр нь суугаад Бгийн гэрийн гадаа буусан юм. Э Эр хоёр машинаас буугаад маргалдсан тухайн үед Эр гартаа хутга барьсан байхыг хараад би “хутгатай байна, наадах чинь”  гэхэд Б цохиж унагасан. Тэгтэл буцаж босож ирээд хутгаараа Б рүү дайраад байхаар нь би цохисон, тэгтэл машиндаа суусан. Харин Э машины ард хаалгыг нээж, уг залуутай зууралдаж байхыг хартал Эын уруулаас нь цус гоожчихсон байсан. Харин Эр гартаа хутга барьсан байсан. Тухайн үед би жолооч талын хаалгыг нээж машинд ороод Эрыг нэг өшиглөөд хаалганых нь  цоожийг нээж тойрч очоод хутгыг нь авсан”...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

- Гэрч Б.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ Бтай тоглоом тоглонгоо 2,5 литрийн сэрүүн нэртэй пиво ууж байтал гаднаас Б Эр гэх хоёр залуу танихгүй нэг залууг дагуулж орж ирээд сууж байгаад Б гараад явсан. Тэгээд уг пивийг бид дөрөв хувааж уугаад сумын төв хамт явж Бая караокены гадаа ирэхэд хаалттай байсан, харин уг караокены гадаа Этой таараад машинд суучих хамт харья гэж Б хэлж Эыг суулгасан юм. Тэгтэл Эр Эыг муухай хараад хоорондоо маргалдахад Б Э хоёр алхаад харилаа гээд машинаас буугаад явсан. Тэгээд хэсэг зогсож байгаад хөдлөхөд зам дагуу Б Э нар явж байхаар нь би “суучих, цуг харья гээд суулгаад манай гэрийн гадаа очоод буухад Э Эр хоёр хоорондоо маргалдсан. тухайн үед Эрыг гартаа хутга барьсан байна гэж Б хэлэхээр нь би очиж цохитол хутгаа бариад дайраад байсан. Найз нь машинаас гарч ирж Эрыг машинд нь суулгасан юм.  Э машины арын хаалгыг нээгээд “харьцаанаас харьцаа үүсдэг шүү” эрүүл дээр чинь уулзана” гэж байсан тэгээд машинд орчихсон зууралдаж байсан. Харин жолооч залуу намайг боль гээд хорьж байсан. Тэгтэл хатгуулчихлаа гээд Э машинаас гарч ирж байсан, тухайн үед Эрын гараас Б хутгыг нь авсан. Тэгээд Эр танихгүй залуутай хөдлөөд явсан юм”...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

- Гэрч А.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл Б Эрыг цохиж унагаагаад наадах чинь гартаа юм барьчихсан байна гэхээр нь би машинд суулгасан. Э машины  арын хаалгыг онгойлгож орж Эртай зууралдсан, харин жолооч талаар танихгүй залуу орж ирээд цохиж байсан. Эр нь гартаа хутга бариад Б болон нөгөө 2 залуу руу дайрсан юм. Би архи уугаагүй, бусад нь хэрэглэсэн байсан. Эр нэлээн согтолттой хүн хүн рүү агсраад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай  дүгнэлтэнд:   1.Н.Энын биед зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсгийг хамарсан зүсэгдсэн шарх, баруун эгэмний доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсэгт 2,3 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй”  гэх дүгнэлт /хх-ийн 31/

 

-Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3-6/

 

-Хохирогч Н.Энод 200000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны  баримт /хх-ийн 55/

-Сүхбаатар аймгийн Наран сумын  Засаг даргын Тамгын газрын 2018 оны 05-р сарын 07-ны өдрийн 3/55 дугаар тодорхойлолт /хх-ийн 47-р хуудас/

-Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын  2018 оны 05-р сарын 07-ны өдрийн 8/399 дугаар тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/

 

-Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Онгон сумын төвд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н.Энтой маргалдан улмаар түүний  нүүр, цээжин хэсэгт хутгаар зүсэж, эрүүл мэндэд нь “зүүн хацар, дээд уруулын зүүн дээд хэсгийг хамарсан зүсэгдсэн шарх, баруун эгэмний доод хэсэгт өнгөц зүсэгдсэн шарх, баруун мөрний урд хэсэгт цус хуралт, цээжний баруун хэсэгт 2,3 дугаар хавирга орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэлтэй” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Н.Эн, гэрч Н.Б, Г.Б, А.А нарын нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 201 дугаартай дүгнэлт  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.Эад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 700.000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Эад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

  Хохирогч Н.Эн нь сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч  энэ талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байх  тул энэ  шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд 5 000 000 төгрөгийн баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг  дурдах нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт  бичгийн  баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энод хохиролд 200 000 төгрөг төлсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулын зүүн гар тал нь ногоон өнгийн хуванцар, баруун гар талын бариул нь унасан цагаан өнгийн металл бариултай 4 замтай эвхдэг хутгыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эад оногдуулсан торгох ялыг 6 /зургаан/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Эад мэдэгдсүгэй. 

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Эн нь сэтгэл санааны хохирлын  5 000 000 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулын зүүн гар тал нь ногоон өнгийн хуванцар, баруун гар талын бариул нь унасан цагаан өнгийн металл бариултай 4 замтай эвхдэг хутгыг устгасугай.

 

  7. Ялтан  Б.Э нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.Энод   200 000 төгрөгийн хохирол төлсөн зэргийг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА