Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 150/шш2025/00363

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2025/00363

Сэлэнгэ аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

     Нэхэмжлэгч: * аймаг * сум * хаяг байрлах, “*” ТӨХК (РД:*)-ын нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: * аймаг * сум *-р баг * гэх газар байрлах * нөхөрлөл (РД:*)-д холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 8,747,400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.

 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * /цахимаар/, хариуцагч * нөхөрлөлийн дарга *, түүний өмгөөлөгч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... * нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, өр авлагыг *эрх залгамжилж авсан. Хариуцагч нь *тай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2015/181 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Тус гэрээний үнэ нийт 7,435,290 төгрөг. Үүнээс урьдчилгаа 1,60, 690 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5,831,600 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлөх үүрэг хүлээсэн. Уг гэрээний 3.3-д төлбөр төлөөгүй хоног тутамд 0,3%-ийн алданги авна гэж заасан. Алданги тооцоход нийт үнийн дүнгийн 50%-аас хэтэрч байгаа учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлаад алдангийг бол 2,915,800 төгрөг 50%-аар тооцоод, нийт гэрээний үүргийн үндсэн дүн болох 5,831,600 төгрөг, нийт 8,747,400 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Уг зээлийн гэрээний барьцаанд хариуцагч өөрийн нэр дээрх газрыг барьцаалсан байдаг. Иймд уг барьцаа хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлага болох 8,747,400 төгрөгийг хангуулж өгнө үү ....” гэжээ.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “…2015  онд тариалан эрхлэх сангаас төмс хураагчийг авсан. Тухайн үед мөнгө төгрөгөө гэрээний дагуу төлсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ...” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулан 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн хооронд 4 жилийн хугацаатай санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Анх 7,435,290 төгрөгийн гэрээ байгуулагдаж 1,690,000 төгрөгийг тухайн үед төлсөн байдаг. Хариуцагч олон жил болсон учир хаана ямар банкны дансанд хийсэн талаар санахгүй байна гэж байна. Тэгэхээр хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй байгаа. Харин гэрээний үүргийг хариуцагч төлсөн гээд байгаа. Зээл төлөгдөөгүй тохиолдолд шаардах эрх үүссэн байх ёстой. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ огт шаардаагүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульчилж өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 28-ний өдөр энэхүү Санхүүгийн түрээсийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2023 онд дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

“*” ТӨХК нь хариуцагч * нөхөрлөлд холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 8,747,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх *йн * нөхөрлөлд холбогдуулан гаргасан 8,747,400 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

“*” ТӨХК буюу 2015 оны нэршлээр * болон * нөхөрлөлийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Санхүүгийн түрээсийн /лизинг/ ТТТ-2015/181 дугаартай гэрээг  байгуулсан байдаг ба үндсэн үнэ 7,435,290 төгрөг, урьдчилгаа 1,603,690 төгрөг, үлдэх 5,831,600 төгрөгийг 4 жилийн хугацаанд төлж дуусгах нөхцөлтэй гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 17-18 хуудас/

 

Хариуцагчийн төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Уг нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлчихсөн. Зээл бүрэн төлж дууссан тул холбогдох баримт нь байхгүй болчхоод байгаа...” гэж,

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч * шүүх хуралдаанд: ... Анх 7,435,290 төгрөгийн гэрээ байгуулагдаж 1,690,000 төгрөгийг тухайн үед төлсөн байдаг. Хариуцагч олон жил болсон учир хаана ямар банкны дансанд хийсэн талаар санахгүй байна гэж байна. Тэгэхээр хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан эсэхэд маргахгүй байгаа. Зээл төлөгдөөгүй тохиолдолд шаардах эрх үүссэн байх ёстой. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн түрээсийн гэрээний үүргээ огт шаардаагүй. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульчилж өгсөн. 2019 оны 07 дугаар сарын 28-ний өдөр энэхүү Санхүүгийн түрээсийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2023 онд дууссан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүх хуралдаанд: “...Талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан гэрээний 6.1-д зааснаар “гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно” гэсэн заалттай. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд гэрээний чөлөөт байдлын зарчимыг хангаж гэрээ байгуулсан. Хавтас хэрэгт төлбөр төлсөн баримт байхгүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн үндэслэлээр өмгөөлөгчийн тайлбарыг няцааж байна....” гэх тайлбарыг гаргаж тус тус мэтгэлцэж байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан ба энэ талаар маргаагүй бөгөөд гэрээг биелүүлсэн эсэх, гэрээ дуусгавар болох нөхцөл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байдлын талаар маргаж байна.

 

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.2-т Гэрээнд гэрээний нийт үнэ, түрээсийн төлбөр, түүнийг төлөх журам, хугацаа, гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болох тохиолдолд гэрээний үнийг төлж дуусах журмыг заана... гэж заасан бөгөөд гэрээнд зааснаар төмс, хүнсний ногоо хураагч 1 ширхэгийг 7,435,290 төгрөгөөр авч урьдчилгаа 20% буюу 1,603,690 төгрөгийг урьдчилгаанд төлж, үлдэх 5,831,600 төгрөгийг 2016 оны 07 сарын 28, 2017 оны 07 сарын 28, 2018 оны 07 сарын 28, 2019 оны 07 сарын 28-ны өдөр төлж дуусгахаар хугацаатай гэрээ байгуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дурьдаж байгаагаар Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй… гэж заасан байх хэдий ч гэрээнд нэг бол тохирсон хугацаанд үүргийн гүйцэтгэлийг төлж барагдуулах, нөгөө нь гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно... гэсэн хоёрдмол утгатайгаар байгуулагдсан гэж үзэхээр байна.  

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.4-т Хоорондоо зөрчилтэй буюу олон утга санааг агуулсан үг хэллэг байвал гэрээний агуулгад илүү тохирсон утга санаагаар тайлбарлана…. гэж заасан байх ба Санхүүгийн түрээсийн гэрээг Иргэний хуульд зааснаар хугацаатай байгуулахаар, төлбөр төлж дуусгах журмыг тодорхой зохицуулахаар тусгасан байх тул нэхэмжлэгчйн итгэмжлэгдсэн төлөөлөгч *ийн “гэрээнд заасан үүрэг биелэгдэж, түрээслэгч хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлснээр гэрээ дуусгавар болно... гэж зааснаар хариуцагч төлбөрөө төлж барагдуулаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж мэтгэлцэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр хариуцагчийн төлөөлөгч * гэрээний үүргээ биелүүлээд төлбөрийг төлсөн, харин олон жил болсон учраас ямар дансанд тушааснаа санахгүй байна... гэх боловч гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч *гийн “гэрээний хугацаа 2019 онд дууссан үүнээс хойш үүргийн гүйцэтгэлийг биелүүлээгүй гэж үзвэл нэхэмжлэгч байгууллага үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргах эрх нь нээлттэй байхад ямар нэгэн шаардлага гаргаагүй, 2023 онд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”... гэж тайлбарлаж байгаа нь хуулийн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Талууд хөөн хэлэлцэх хугацаан дээр маргаж байх бөгөөд хуульд заасан гэрээний шаардага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хариуцагч талын татгалзлыг үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна” гэж,

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна... гэж,

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж тус тус хуульчилсан.

 

Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн гэрээнд заасан хугацаа дууссан үеэс хойш буюу /2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр/ эрх нь зөрчигдөж байгааг мэдсэн үеэс 3 жилийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй байжээ. Өөрөөр хэлбэл 2022 оны 07 дугаар сарын 28-ны дотор шаардлага гаргах эрхтэй байжээ.

 

Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй... гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлтэй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр “*” ТӨХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч * нөхөрлөлд холбогдох 8,747,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

            1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-т зааснаар “*” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч * нөхөрлөлд холбогдох 8,747,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага болох * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ДЭЛГЭРСАЙХАН