Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/349

 

 

 

 

 

      2025           03            20                                          2025/ДШМ/349

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Марал,

яллагдагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2357 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Маралын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцэлд үндэслэн Б.Бд холбогдох 2403006420870 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.       

Яллаглагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Нисэхийн “Сод монгол” Шатахуун түгээх станцын хойд замд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Lexus RX-450 загварын 60-99 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө;”, 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Toyota Prius-30 загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж “Lexus RX-450” загварын 60-99 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Хулан хуульд заасны дагуу мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Улмаар тухайн хэрэгт мөрдөгчийн магадалгааг мөн гаргасан, уг магадалгааг оролцогч эс зөвшөөрч шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан бөгөөд мөрдөгчийн уг магадалгаанд Тоёота приүс 30 загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно” а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн байна гэснээс өөрөөр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн эсэх, зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар мөрдөгч хууль зүйн талаас үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар огт дурдаагүй орхигдуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь замын хөдөлгөөнд оролцохдоо согтуугаар тээврийн хэрэгслийг жолоодсоноос гадна хурд хэтрүүлсэн, эсхүл зогсоох арга хэмжээ аваагүй болон бусад нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар мөрдөгчийн магадалгаанд дурдаагүй нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болохоос гадна шүүхээс гарах шийдвэрт энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхэд учир дутагдалтай байна.

Мөрдөгчийн магадалгаа нь үндэслэл бүхий болж чадаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах хууль зүйн үндэслэл бүрдэх тул яллагдагч Б.Бд холбогдох хэрэгт шинжилгээний байгууллагыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж шүүхээс дүгнэв.

Мөн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад яллагдагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Нисэхийн “Сод Монгол” шатахуун түгээх станцын хойд замд 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр “Лексус Ар экс 450” загварын 60-99 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 1.3 дахь заалтуудад заасныг зөрчсөний улмаас “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн, “Лексус Ар экс 450” загварын 60-99 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдох бөгөөд энэ хэрэгт Б.Бийг хохирогчоор тогтоож хэрэг хянан шийдвэрлэж ажиллагаанд оролцуулсан байна.

Хэрэв “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М эрүүгийн энэ хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй (иргэний нэхэмжлэгч, эсхүл хариуцагч), оролцох этгээдээр татагдахгүй бол “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг хэн хэрхэн яаж хариуцаж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Хавтаст хэргийн 92-93 дахь талд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2816 дугаартай шийтгэврийн хуулбар авагдсан бөгөөд тухайн шийтгэврээр Д.Мт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан байх бөгөөд тухайн шийтгэврээр тээврийн хэрэгслийн хохирол, төлбөрийн асуудлыг дурдаагүй, бичээгүй, шийдвэрлэгдээгүй байх тул энэ гэмт хэрэг гарахад мөргөлдсөн “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг хэн хэрхэн, ямар байдлаар хариуцсан нь тодорхойгүй, ойлгомжгүй, энэ талаар мөрдөгч, прокурор үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй орхигдуулсан байна.

Иймд мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор А.Марал бичсэн эсэргүүцэлдээ: “...Мөрдөгчийн магадалгаанд “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Мыг Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/. тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөн байна гэснээс өөрөөр ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, өөрөөр хэлбэл тухайн жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүүлсэн эсэх, зогсоох арга хэмжээ авсан эсэх талаар мөрдөгч хууль зүйн талаас үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, энэ талаар огт дурдаагүй орхигдуулсан нь үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, яллагдагч Б.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” мөн дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой... гэж үзвэл магадалгаа гаргаж болно. ...” гэж заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж мөрдөгч магадалгаа гарсан.

Учир нь, шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодоод зүүн гар тийш эргэхдээ чигээрээ явж буй тээврийн хэрэгсэл буюу “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.Мт зам тавьж өгөөгүйн улмаас шалтгаалж гарсан бөгөөд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно. Давуу эрх нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьтан хийх үйлдэл бөгөөд хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөний чиг огтлолцох бол нэг нь давуу эрхтэй байж, нөгөө оролцогч нь зам тавьж өгөх үүрэгтэй. Энэ үүргээ Б.Б нь эс биелүүлж давуу эрхтэй орох Б.Мг харсан атлаа хөдөлгөөнөө үргэлжлүүлэн хийснээрээ Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг шууд зөрсөн үйлдэл болно. Энэ тохиолдолд давуу эрхтэй гэрч Б.Мн тээврийн хэрэгсэл хурд хэтрүүлсэн гэх асуудал яригдахгүй бөгөөд жишээлбэл Б.Б хөдөлгөөн эхлээгүй буюу эргэхээр дохио өгөөд зогсож байсан бол харин “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр магадгүй хурд хэтрүүлж явсан Б.М нь нэг бол чигээрээ өнгөрнө, эсхүл өөр нэгэн осол гаргасан байж болох бөгөөд энэ хэрэг гарахгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, давуу эрхтэй оролцогчид зам тавьж өгөөгүйгээс гэмт хэрэг гарах шууд шалтгаан болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар энэ нь нотлогдсон, мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлтийг хийх бүрэн боломжтой байхад заавал шинжээчээр дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд шинжээчийн тусгай мэдлэг энд шаардлагагүй гэж үзэж байна.

Мөн Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл нь тодорхой хурдтай явах бөгөөд энэхүү осол үйлдсэний дараа тээврийн хэрэгсэл нь хэдэн километр цагийн хурдтай зорчиж явсан бэ гэдгийг тогтоох ажиллагааг хэргийн газар дээр үлдсэн тээврийн хэрэгслийн бүрэн зогсолт буюу тоормосны мөр, эсхүл техникийн үзүүлэлт хангасан дүрс бичлэгт тулгуурлан тогтоолгох боломжтой байсан боловч осол гарсан өдөр гадаад орчин бороо орсон зам нойтон, зам дээр тоормосны ул мөр үлдээгүй, мөн тухайн зам хяналтын камергүйгээс дүрс бичлэг байхгүй зэрэг нөхцөл байдал нь хурдыг тогтоох боломжгүйд хүргэсэн байна. Хэрэв хурдыг тогтоох боломжтой байгаад түүнийг тогтоосны дараа дүрмээр хязгаарласан хурднаас хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нөхцөл бүрдэх байтал анхан шатны шүүх захирамждаа “хурд хэтрүүлсэн байдлыг шалгаагүй’’ гэж шууд дүгнэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Хэрэгт “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “...Нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах ба хэрэв бичгээр гаргасан бол хавтас хэрэгт хавсарган. ...” гэсэн заалтын дагуу Д.М нь өөрийн гараар бичиж өгсөн “Тухайн машиныг би бүрэн засварласан, надад машинтай холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, эвдрэлийн үнэлгээ хийлгэхгүй” гэх хүсэлт хавтаст хэргийн 75 дугаар талд авагдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Мөн “Тоёота приүс 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Мыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад “Жолооч согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчилд нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2816 дугаартай шийтгэвэр 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй энэ талаар эрүүгийн хэрэгт хавсаргасан болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.           

Яллагдагч Б.Б “Хэлэх тайлбаргүй” гэв.

Яллагдагч Б.Бгийн өмгөөлөгч Б.Намнансүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийн материал, мөрдөгчийн магадалгаатай танилцахад бүрэн бус, эргэлзээтэй зүйл байсан учраас хяналт тавьж байгаа прокурорт хүсэлт гаргасан. Хүсэлтийг хангахаас татгалзсан учраас дээд шатны прокурорт гомдол гаргасан боловч мөн гомдлыг хангахаас татгалзсан. Хэргийг шүүхэд шилжүүлсний дараа хүсэлт гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, шүүгчийн захирамж гарсан. Шүүгчийн захирамжид нэмж тусгуулах үндэслэлгүй, дэмжиж байна. Прокурорын эсэргүүцэлдээ “Тоёота приус 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслээр магадгүй хурд хэтрүүлж явсан Б.М нь нэг бол чигээрээ өнгөрнө, эсхүл өөр нэгэн осол гаргасан байж болох бөгөөд энэ хэрэг гарахгүй байх байсан” гэж дүгнэлт гаргасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Б.Бтай мөргөлдөөгүй ч гэсэн өөр осол гаргах боломжтой байсан гэдэг дүгнэлт хийсэн. Б.Мын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү. Прокурорын гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...”  гэв.     

              

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Тээврийн прокурорын газраас яллагдагч Б.Бг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, “...бусад нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэх талаар мөрдөгчийн магадалгаанд дурдаагүй нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл болохоос гадна шүүхээс гарах шийдвэрт энэ талаар хууль зүйн дүгнэлт хийхэд учир дутагдалтай. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлох боломжтой болдог.

Яллагдагч Б.Б замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тухайн зүйл, заалтыг зөрчсөний улмаас “Тоёота приус 30” загварын 40-21 УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар “Лексус Ар экс 450” загварын 60-99 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Б.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлыг хэн, хэрхэн, ямар байдлаар хариуцсан нь тодорхойгүй ойлгомжгүй, энэ талаар мөрдөгч, прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй орхигдуулсан эсэхийг шалгаж, гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн, хэрэгт тээврийн прокурорын газарт яллагдагчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн “шинжээч томилуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тухай хариу хэрэгт авагдсан байна.

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...мөрдөгчийн магадлагааг үндэслэлгүй гэж үзвэл ...оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно. ...” гэж хуульчилжээ.

Тухайлбал энэ хэргийн нөхцөл байдлаас үзвэл тусгай мэдлэг эзэмшсэн хөндлөнгийн шинжээчээр дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай байсан гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 Өөрөөр хэлбэл, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг бүрэн гүйцэт шалгаж тогтоосны эцэст хэргийг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэмэлт мөрдөн байцаалт хийлгүүлэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж,  прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШЗ/2357 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Маралын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ