Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/350

 

 

 

 

    2025                 03              20                                        2025/ДШМ/350

 

                                               Г.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, 

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2406000004012 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорьх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, .......... байрны ... тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цусны хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Гийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Г.Гт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах; оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Г давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх нь намайг хууль мэдэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд өмгөөлөгч ч авахгүйгээр орж байхад надад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсонгүй гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Би гэр бүлээ хүчирхийлээгүй, харин манай эхнэр хүнтэй зурвасаар харилцаад байхаар “чи энийгээ хар” гээд таблетийг нь шидсэн харин эхнэр үгүй гэж байснаа чамаар хардуулах гэсэн юм гээд бид маргалдсан. Би эхнэрээ хардаж зодсон нь үнэн, энэ тухай би маргаагүй, эхнэр ч гэсэн хардаж зодсон гэдгийг хэлдэг бөгөөд бид хувийн таарамжгүй харьцаанаас болж гэмт хэрэгт холбогдсондоо туйлийн ихээр гэмшиж байна.

Миний бие нь эхнэртэйгээ 14 жил амьдарч 3 хүүхдийн эцэг, эх болсон. Мөн би чихрийн шинжин өвчний улмаас 1 нүд хараагүй болж улмаар 2024 оны 04 дүгээр сараас “Хөдөлмөрийн чадвар алдалтын” 50 хувиар 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл группд орсон. Одоогийн байдлаар Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сүрьеэгийн диспансерт “уушгины нэвчдэст сүрьеэ” гэсэн оношоор эмчүүлж хяналтад байна. Иймд миний хувийн болон эрүүл мэндийн байдал мөн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харьцаа буюу эхнэрээ хардаж зодож хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг минь харгалзан үзэж Г.Г надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.Гийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.Н нь “манай нөхөр намайг хардаж зодсон” гэж мэдүүлсэн байдаг.  Мөн шүүгдэгч Г.Г нь “манай эхнэр намайг хардуулах гэсэн юм” гэсэн мессежүүд байдаг. Үүнээс харахад шүүгдэгч Г.Гийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл гэж хүндрүүлж зүйлчлэх нь буруу юм. Шүүгдэгч Г.Г, хохирогч Б.Н нар нь 3 хүүхдийн эцэг, эх болсон бөгөөд одоог хүртэл хамт амьдардаг. Мөн хоорондын хувийн таарамжгүй харилцаанаас болж өөрийн эхнэрийг зодож түүнд хөнгөн хохирол учруулсан. Иймд шүүгдэгч Г.Гт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Г.Гт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзаж үзээд дээрх ял шийтгэлийг оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн прокурорын зүгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг санал гаргасан. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Г нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Өгөөмөр хотхоны 74а байрны 66 тоот гэртээ хамтран амьдрагч Б.Нн эрүүл мэндэд зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цусны хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Нн “...2024 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ...нөхөр намайг хардаад хэл амаар доромжлоод намайг нүүр, нүд хэсэгт гараараа олон удаа цохисон. Миний нүүр, нүд хөхөрч хавдсан. ...2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “айл руу хүргээд өг” гээд байхаар нь би хүргэж өгчихөөд “айл руугаа ор оо, би гэртээ харилаа” гэхэд шууд миний нүүр хэсэгт гараараа нэлээн хэдэн удаа цохиод, үсдээд, хувцаснаас зуураад байсан. Тэгээд арай гэж би тэндээс зугтаад машинаас нь буугаад явсан. Хамар өвдөөд байхаар нь 07 дугаар сарын 02-ны орой би гэмтэлд очиж үзүүлсэн. Тэр үеэс одоог хүртэл зодож, цохисон. Ер нь бол ихэнхдээ эрүү рүү цохидог. Эрүү байнга л хөхөрчихсөн явдаг. 2019 оны 09 дүгээр сард манай том хүү нэгдүгээр ангид ороод би хүүхдээ орой нь авах болохоор 16 цагийн үед хоолоо хийчихээд хүүхдээ авчихаад гэртээ ирээд унтаж байсан чинь шууд толгойн дээр дэвслээд “хоол ундаа хийгээгүй юм уу” гээд дэвсэж байсан. Тэр үед нь би удахгүй төрөх гээд том гэдэстэй болчихсон байж байсан...” /хх 7-8, 11-12, 14-15/,

гэрч Ц.С “...Гэрт нь ороход манай охин болох Нн хувцас битүү цус болчихсон, аймар болчихсон байсан. Нөхөр нь орилоод байж байсан. Би уурлаад нөхөртэй нь хэрэлдээд “хүүхдээ аваад гарна” гэхэд над руу нөхөр нь үсчээд “намайг тэгвэл чи ал, чи тэгээд шорондоо яв” гэхэд манай охин дээрээс уйлж бууж ирээд нөхрөөсөө уучлалт гуйж байгаад заазуурыг нь авсан. ...Зодуулчихсан байдалтай байсан. Энгэр, ам, өмд нь цус үсэрчихсэн байдалтай, духнаас нь цус урсчихсан, духан дээрээ сантиметр орчим язарчихсан байдалтай байсан. Манай охиноос болсон гээд л яаж ийгээд шалтаг шалтгаан гаргаж ирээд зодчихдог хүн. ...Суугаад удаагүй байхдаа л нүүр ам нь хөхөрчихсөн байдаг байсан. Нодлин байхаа Г нэг газар уучихсан байж байгаад Нг ирээд ав гэсэн юм байна лээ. Очоод авсан чинь манай охиныг зодоод манай охин зодуулж байгаад машинаасаа буугаад хаана байгаагаа ч мэдэхгүй байсан гэсэн. Ер нь л их ууртай хүн. Манай охиныг яг л гарын дороо байлгаж байж санаа нь амардаг. Бие дээр нь жижиг, жижиг хөхрөлтүүд бол байнга л байж байдаг....” /хх 28-29/,

Г.Гийн яллагдагчаар өгсөн “...Тэр үед би уурлаад “хөөе сэр” гээд эхнэрээ дуудсан чинь босоод суучихсан намайг “яасан” гэхээр нь би “май энийгээ унш” гээд таблетийг нь шидсэн чинь Нгийн тархи хэсэгт нь оночихсон. Манай эхнэр “би бичээгүй, би наадхыг чинь бичиж мэдэхгүй” гэж байснаа сүүлдээ “би чамд хардуулах гэж бичсэн юм аа” гэхээр нь “битгий худлаа яриад бай зөндөө бичсэн байна” гэсэн чинь “би чамаас сална эсвэл үхнэ, чамтай амьдрах сонирхол байхгүй, хоёулаа ярилцья доошоо бууя” гээд доошоо буусан чинь “энэ олон жил би хүүхдүүдээ бодож амьдарч байна, би чамд хэлсэн биздээ одоо бол би чамтай амьдрахгүй, эсвэл үхнэ” гээд цаана байсан хайчийг аваад зүүн гарын шуу хэсэгт хурдан 4, 5 удаа хатгаад гэдэс рүүгээ бас 5 удаа хатгасан. Тэр үед би хайчийг нь булааж аваад гар хүрэхгүй газар луу шидчихээд “сэргээчээ чи” гээд баруун гараараа зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан, тэр үед ширээн дээр байсан шилэн аягыг аваад хөмсөгний дээд хэсэгт өөрийгөө цохиод дахиад цохих гэж байхад нь би гарыг нь бариад аягыг нь булааж авчихаад ариун цэврийн өрөөнөөс алчуур авч гарч ирээд толгойг нь боож өгсөн. ...” /хх 57-58/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14187 дугаартай “...Б.Нн биед дух, зүүн зулайд шарх, зүүн нүдний дээд, доод зовхи, ооч, эрүү, хүзүү, зүүн бугалга, шуунд цус хуралт, зүүн зулайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхи, оочинд зөөлөн эдийн няцрал, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. ...” гэх шинжээчийн /хх 19-20/ гэх дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ /хх 62/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Гийн хохирогч Б.Нн зүүн нүдний дээд, доод зовхи, оочны цусны хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Г.Г “...миний хувийн болон эрүүл мэндийн байдал мөн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харьцаа буюу эхнэрээ хардаж зодсоноо хүлээн зөвшөөрч байгаа зэргийг минь харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Хэдийгээр, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Гийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж шийтгэсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх агуулгад нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Харин шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгчдэгч Г.Гт ял оногдуулж, хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн ба оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон боловч үүрэг хүлээлгэсэн шийтгэх тогтоолын заалтаас  “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзэж шийтгэх тогтоолын 4 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулав.

Иймд шүүгдэгч Г.Гийн “ял шийтгэлийг хөнгөрүүлэх”-ээр гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Г.Гт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг тус тус хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх хугацаанд тогтоож, биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. ...” гэж өөрчилсүгэй.

 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

ШҮҮГЧ                                                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ