Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01521

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/01521

 

 

 

Т ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01618 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Т ХХК хариуцагч Р.М, Х.М нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 46 561 999 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхбулган, шүүх хуралдааны нарын бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ...Р.М, Х.М нар нь тус банк бус санхүүгийн байгууллагаас 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 1948 тоот зээлийн болон барьцааны гэрээгээр 14 000 000 төгрөгийн зээлийг сарын 5.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, барилгын ажлын зориулалттай авч, зээлийн барьцаанд Хөшигийн уулс ирээдүй хоршооны эзэмшлийн газар, өмчлөлийн хашаа, байшин, агүулахуудыг тавьж, нотариат болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраар баталгаажуулсан юм. Гэвч зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлөлт хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж байна. Иймд Р.М, Х.М нараас үндсэн зээл 14 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 27 255 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 306 000 төгрөг, нийт 46 561 999 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Р.М нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр барилгын ажлын хэрэгцээний зориулалтаар Т ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, 14 000 000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Үйл ажиллагаа ашиг орлогогүй алдагдалтай байсны улмаас зээлээ төлж чадаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 46 569 999 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зээлийн гэрээ 1 жилийн хугацаатай бөгөөд талууд зээлийн гэрээг сунгаагүй учир зээлийн гэрээ дууссанаас хойш хугацаанд зээлийн хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зээл болон 1 жилийн хугацааны хүү, 20 хувиар тооцож нэмэгдүүлсэн хүү төлөхөд татгалзахгүй. Төв аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг эс зөвшөөрч, шүүхээр шийдвэрлүүлэх тайлбар гаргаснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон, эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулсан зүйл байхгүй. Барьцаа хөрөнгийн өмчлөгч Хөшигийн уулс ирээдүй хоршоог хариуцагчаар татаагүй учир барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.М, Х.М нараас 28 222 343.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 339 655.70 төгрөгт холбогдох хэсэг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460 959 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Р.М, Х.М нараас 299 062 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч Р.М, Х.М нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсөн шийдвэрийг гаргажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарын давж заалдах гомдолд: Шүүх Иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн төлбөл зохих зээлийн төлбөрийн тооцоог үндэслэлгүйгээр бууруулсан. Нэхэмжлэгч Т ХХК, хариуцагч Р.М, Х.М нарын хооронд байгуулагдсан 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1948 тоот зээлийн гэрээний 1.3-д Зээлдэгч авсан зээлийг гэрээгээр тогтоосон графикт хугацаанд нь төлөлгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоногт тооцогдох хүүг нэмж төлөхөөс гадна уг хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон.

Шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1,2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэг, мөн зээлийн гэрээний 1.3-д зааснаар Р.М, Х.М нарыг хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж үндэслэх хэсэгтээ дүгнэсэн атлаа хугацаа хэтэрсэн зээлийн хүүг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл тооцсон нь хуульд нийцээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, тодорхой тайлбарлаагүй байна. Гэрээний үндсэн хугацаагаар хүүг тооцон бодож 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон. Шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.2 дах заалтыг үндэслэн хариуцагч Р Мөнхбатыг Хөшигийн уулс ирээдүй" хоршоог төлөөлж зээлийн барьцааны гэрээг байгуулж, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн мэтээр тайлбарласан. Хоршоог хариуцагч нарт барьцаагаар зээлийн гэрээний үүргийг хангуулах эрх олгоогүй гэж дүгнэн улмаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй гэж Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэж тайлбарласан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дах заалтад өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль буруу хэрэглэсний улмаас үндэслэл бүхий болоогүй тул өөрчлөлт оруулах нь шаардлагатай.

Нэхэмжлэгч Т ХХК-ийн хариуцагч Р.М, Х.М нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 14 000 000 төгрөг, төлөгдөөгүй зээлийн хүү 27 255 999 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 306 000 төгрөг, нийт 46 561 999 төгрөгийг гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн гэрээг сунгаагүй тул хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэж маргажээ.

Талууд 2016 оны 09 сарын 16-ны өдөр, нэг жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн бол үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гарын үсэг зурж зээлийн гэрээг бичгээр байгуулсан байна. /хх 7/ Нэхэмжлэгч байгууллага нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох нь хэрэгт авагдсан №1/33 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх 5/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч шүүхэд хандаж, эвлэрүүлэх ажиллагаа явагдсан байх боловч уг асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр захирамж гарч баталгаажаагүй талаар нэхэмжлэгч тайлбар гаргасныг хариуцагч тал няцаагаагүй. /хх 25/

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг 2016 оны 10 сарын 24-нд 700 000, 02 сарын 06-нд 800 000 нийт 1 500 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарлан, зээлийн эргэн төлөлтийн хуваарь бүхий хүснэгтийг шүүхэд ирүүлсэн. /хх 9/ Зээлдэгч нарын зүгээс үүнээс илүү хэмжээгээр зээл төлсөн болохоо баримтаар нотлоогүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарыг няцаагаагүй.

Иймд хариуцагч нар буюу зээлдэгч нарын хувьд үндсэн зээл 14 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 8 400 000 төгрөг төлөх үүргээс төлсөн гэх 1 500 000 төгрөгийг хасахад зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн 14 000 000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 6 900 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх талаар заасан бол зээлдэгч нь хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 1.3-т зээлдэгч авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй хугацаа хэтрүүлбэл хэтрүүлсэн хоногт тооцогдох хүүг нэмж төлөхөөс гадна уг хүүний 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр заасан байна.

Иймд нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүүг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцон шаардах эрхтэй. Анхан шатны шүүхээс Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана. гэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ. Хуулийн уг заалт нь хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг талууд гэрээгээр тохиролцон тогтоох дээд хязгаарыг тогтоосон агуулгатай болохоос зээлдэгчийн төлбөл зохих нийт хэтэрсэн хугацааны хүүгийн дээд хязгаарыг тогтоосон агуулгатай биш юм.

Хариуцагч талын гаргасан хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй гэх тайлбар нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгтэй нийцэхгүй. Учир нь тэрээр хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн хэмжээгээр хүү төлөх тухай заалт бүхий зээлийн гэрээг зөвшөөрөн гарын үсэг зурсан байна. /хх 7/

Иймд хариуцагч нар гэрээний хугацаа хэтэрснээс хойш шүүхэд хандах хүртэл хэтэрсэн хугацааны хүүд 18 900 000, нэмэгдүүлсэн хүүд 3 780 000 төгрөг төлөх үүрэгтэй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас нийт 43 580 000 төгрөг (үндсэн зээл 14 000 000, үндсэн хүүгийн үлдэгдэл 6 900 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 18 900 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 780 000) гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Харин үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд Р.М, Х.М нар нь Хөшигийн уулс ирээдүй хоршооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар барьцааны гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан уг хоршооны тэргүүлэгчдийн хурлын тогтоол, барьцааны гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 8,12,13/ Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.

Барьцааны зүйлийн өмчлөгч буюу барьцаалуулагч нь Хөшигийн уулс ирээдүй хоршоо /хх 10/ байх бөгөөд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасан барьцааны зүйлийн үүргээс шаардлагаа хангуулах нэхэмжлэлийг хариуцах этгээд нь өмчлөгч буюу барьцаалуулагч байна. Иймд анхан шатны шүүх барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2020/01618 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 28,222,343.30 төгрөг гэснийг 43 580 000 төгрөг, 18,339,655.70 төгрөг гэснийг 2 981 999 төгрөг гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын 299,062 төгрөг гэснийг 375 850 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Т ХХК-ийн төлсөн 249 648 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ