Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 113

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон                                                                                                                      

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ат холбогдох эрүүгийн 1830000480102 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн 1990 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Жаргалан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Жи Си Ар Монголиа ХХК-д мужаан ажилтай, ам бүл 2  эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,  Ц.А.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  2 дугаар баг У зочид буудлын гадна талд  2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн  04 цагийн орчимд  хохирогч  Д.Хийг зодож эрүүл мэндэд нь  дээд эрүүний үүдэн 2 шүдний цөмрөлт,  доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх, баруун гарын сарвууны язарсан шарх бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  - Шүүгдэгч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 01  дүгээр сарын 30-ны шөнийн 04 цагийн орчимд У гэдэг зочид буудлын гадаа Д.Хтэй маргалдаж, нэг удаа цохисон гэв. 

 

-Хохирогч Д.Х  мөрдөн байцаалтанд гаргасан  мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд гэртээ байхад манай цэргийн ангийн Г, А нар намайг дуудаж бүгдээрээ У зочид буудал руу явсан. Тэндээ 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхдаа би Атай маргалдсан. Шөнө 04 цагийн орчим А бид 2 буудлын өрөөнөөс гараад гадаа юм яриад зогсож байтал А гэнэт  миний үүдэн шүд рүү гараараа нэг удаа цохисон.  Би зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохиод. Аын хамраас цус гарсан. Харин миний үүдэн 4 шүд хөдөлж цөмөрсөн... А  надад хохирлын мөнгө  500000 төгрөгийг бэлнээр төлсөн. А бид 2 эвлэрсэн, надад гомдол,санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх  /хх-ийн 10-11-р хуудас/

 

- Гэрч М.Г мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэгтээ: “...А бид 2 цэргийн ангиар явж байгаад 23 цагийн орчимд Д.Хийг гэрээс нь дуудаж гаргаж ирээд бид 3 У зочид буудлын өрөөнд орж  Аын найз гэх 2 залуутай 2 шил архи хувааж уусан. Би тэр 2 залуугийн нэрийг мэдэхгүй. Тэгээд шөнө 3 цаг өнгөрөөгөөд А, Д.Х 2 цуг гараад удалгүй эргэж орж ирэхдээ Д.Хий амнаас цус гарчихсан харин Аын өмсөж явсан майк нь урагдчихсан орж ирсэн. Тэр 2 дахиад муудалцах гээд  байхаар нь би салгаад Д.Хийг гэрт нь хүргэж өгсөн...” гэх /хх-ийн 13-р хуудас/  

 

-Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 86 дугаар дүгнэлтэнд:  Д.Хий биед гэмтлийн гаралтай дээд эрүүний үүдэн 2 шүдний цөмрөлт, доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 20-р  хуудас/

 

Ц.Аын оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 36-р хуудас/

 

Шүүгдэгч Ц.Аын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 72/

 

Хохирогч Д.Хий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 73/

 

Ц.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ц.А нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын  2 дугаар багийн нутагт байрлах У зочид буудлын гадна талд  2018 оны 01 дүгээр сарын 30-ны шөнийн 04 цагийн орчимд  хохирогч  Д.Хийг зодож эрүүл мэндэд нь дээд эрүүний үүдэн 2 шүдний цөмрөлт,  доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, доод уруулын язарсан шарх, баруун гарын сарвууны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Х, гэрч М.Г нарын мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 86 дугаартай дүгнэлт  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Ц.Ат холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,  хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ц.Аын  үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ат ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл  байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдоогүй болно.

 

 Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Хд 500000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Аыг 650 /зургаан зуун тавь / нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ат оногдуулсан торгох ялыг 5 /таван/  сарын  дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Ц.Ат мэдэгдсүгэй. 

 

5. Ялтан  Ц.А нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй хохирогч Д.Хд 500000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ат  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА