Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 137

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                       

Улсын яллагч Э.Хосбаяр

Шүүгдэгч С.Тгийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч С.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тд холбогдох эрүүгийн 1830001480115 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тракторьчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт амьдрах,  ял шийтгэлгүй, С.Т.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч С.Т нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 7 дугаар цэцэрлэгийн арын зам  дээр 16-86 УБЕ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн  8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 50-43 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Приус-10  маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Эы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч С.Т  шүүхийн хэлэлцүүлэгт: Мэдүүлэг өгөхгүй гэв. 

 

  Эрүүгийн 1830001480115 дугаартай хэргээс

 

 Яллагдагч С.Тгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар  сарын 02-ны өглөө Одкон хорооллын хойд талд Королла маркийн 16-86 УБЕ улсын дугаартай машинаа тавьж байрлуулсан Тэгээд Өийн хойд талд байх гэртээ ганцаараа 0.75 литрийн ерөөл архи уучихаад орой 20 цагийн орчимд машинаа очиж аваад гэр рүүгээ явахдаа 7 дугаар цэцэрлэгийн хойд талын асфальтан зам дээр Приус-10 маркийн машиныг урсгал сөрөөд мөргөчихсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/ 

 

 Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Нгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед манай нөхөр А өөрийнхөө эзэмшлийн 50-43 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Приус-10 маркийн машинаа жолоодоод урд талын суудал дээр би 7 сартай охин Эыг тэврээд ... тоотод байдаг гэрээсээ гараад “Н” худалдааны төв орох гээд 7 дугаар цэцэрлэгийн арын засмал зам дээр баруунаасаа зүүн тийшээ явж байтал зүүн талаас эсрэг урсгалаар явж байсан машин  өөдөөс ирээд мөргөчихсөн. Тэрнээс хойш болсон асуудлыг мэдэхгүй байна. Тэгээд нэг харахад охин ямар нэгэн дуу гаргахгүй байхаар нь шууд  эмнэлэг рүү явсан. Эмнэлэгт очоод үзүүлэхэд миний биед учирсан гэмтэл байгаагүй.  Харин манай охиныг эмч үзээд толгойн ясны хугаралтай байна гэж хэлсэн. Тэгээд эмнэлэгт байж байгаад 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хот руу яваад гэмтлийн эмнэлэгт хэвтээд 2018 оны 05 дугаар сарын 14-ний  өдөр гарсан. Одоо манай охины биеийн байдал хэвийн эм ууж байгаа. Охиноо үзүүлэхээр явсан болон хотод очоод эмнэлэгт үзүүлсэн мөнгийг манай машиныг мөргөсөн Т  ах өгсөн. Ойролцоогоор 700.000 төгрөг өгсөн. Надад ямар нэгэн баримт байхгүй байна. Цаашдаа гарах зардлыг өгнө гэсэн байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/

Хохирогчийн хууль  ёсны төлөөлөгч  Э.Н  Цагдаагийн газарт гаргасан хүсэлтэндээ: Миний бие эрүүгийн хэрэгт холбогдсон С.Тд гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тул түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. гэх /хх-ийн 76,83/

 

Иргэний нэхэмжлэгч Х.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 7 дугаар цэцэрлэгийн арын замаар зүүн тийшээ явж байхад миний өөдөөс ирж байсан машин урсгал сөрж орж ирээд урдаас мөргөж машинд гэмтэл учруулсан. Үнэлгээг хийлгэхэд нийт зардал 1.935.000 төгрөг болсон байгаа Гэхдээ уг мөнгийг авахгүй машинаа бүтэн болгож авмаар байна. Миний машиныг мөргөдөг Т ах яг ижилхэн онтой машин авч өгнө гээд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 18/

Иргэний нэхэмжлэгч Х.А Цагдаагийн газарт гаргасан хүсэлтэндээ: Миний бие эрүүгийн хэрэгт холбогдсон С.Тд ямар нэгэн гомдол санал байхгүй. Машины эвдрэлийн мөнгийг барагдуулсан учир нэхэмжлэх зүйл байхгүй. Түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү ...гэх /хх-ийн 75/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Чийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Королла маркийн 16-86 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн машин бөгөөд миний зүгээс уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 567.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэх шаардлагагүй. С.Т нь миний хадам аав учир ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 254 дүгээр дүгнэлтэнд: “...А.Эы биед толгойн суман заадаснаас зүүн зулай яс руу үргэлжилсэн, заадсыг дамнан дагзны яс руу үргэлжилсэн зөрөө ихтэй шугаман хугарал, хугарлын харалдаа цусан хураа, тархины няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх  /хх-ийн 85/,

 

Шүүх шинжилгээний шүүх химийн шинжилгээний шинжээчийн 56 дугаартай: “С.Тгээс авсан гэх цусанд 2.6 промиль этилийн спирт илэрсэн. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35/,

         

         Техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны 48 дугаартай дүгнэлтэнд Жолооч С.Т нь 16-86 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн Кролла маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 

Жолооч С.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэд түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

Тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч нар Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Жолооч С.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон эсрэг урсгалд орсноос зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрүүлээгүй болно” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд хавсралт хэрэгт авагджээ.     

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9/

А.Эы эмчилгээ хийлгэсэн өвчний түүх /хх-ийн 41-49/

Ашид билгүүн ХХК-д Автомашин техникийн үнэлгээ, гэрэл зураг  /хх-ийн 56-61/

Шүүгдэгч С.Тгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84-р хуудас/    

Сүхбаатар аймгийн  Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 8/105 дугаар тодорхойлолт /хх-ийн 71/

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

С.Тгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч С.Т нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 7 дугаар цэцэрлэгийн арын зам  дээр  16-86 УБЕ улсын дугаартай Королла маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7 а-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн  8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 50-43 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Приус-10  маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч А.Эы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.Тгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, иргэний нэхэмжлэгч Х.А, Б.Ч нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 254, 56 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 48 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч С.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Тгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас согтуугаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Тд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн,  учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч С.Т нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т  заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1  жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, иргэний нэхэмжлэгч Х.А, Б.Ч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, бичгийн баримтаар хураагдаж ирсэн С.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 927201 дугаартай В ангиллын жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч С.Тг согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч С.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7,3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар С.Т нь хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар С.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, С.Тгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 927201  дугаартай В ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч С.Тд  мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.Т нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Н, иргэний нэхэмжлэгч Х.А, Б.Ч нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Тд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА