| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Есөн-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2209022520697 |
| Дугаар | 2025/ДШМ/351 |
| Огноо | 2025-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Хурмандах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/351
2025 03 20 2025/ДШМ/351
Ч.Хад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Хурмандах,
шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Х болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ч.Хад холбогдох 2209022520697 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э Хан-Уул дүүргийн ....... дугаар хороо, ........... дугаар гудамжны ........... тоот гэртээ байхад нь “Дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан” хэмээн хуурч, хуурамч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын зураг чатаар явуулан Д.Э шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Хын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Хг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хыг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хад оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалтын бүсийг тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Хад мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х нь хохирогч Д.Э 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Х болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Ч.Загдсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид нэг гэмт хэрэгт, нэг удаа ял шийтгэл оногдуулах зарчимтай. Үргэжилсэн гэмт хэргийг нэг гэмт хэрэг гэж мөн үздэг зарчимтай. Шүүгдэгч Ч.Хын үргэлжилсэн үйлдэл гэж хэргийн цаг хугацаанд хамаарах гэмт хэргийг, тухайн үед нэгтгэн шалгаж шийдвэрлээгүйн улмаас Ч.Хыг залилах гэмт хэргийг дахин үйлдсэн мэтээр хууль зүйн дүгнэлт үйлдэж, 8 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулж байгаад гомдолтой байна.
Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн амьдралдаа анх удаа алдаа хийсэн он цагт хамаарах гэмт хэргийг тухайн үед нь нэгтгэн шалгаж, шийдвэрлээгүй, мөн энэ хэргийг шалгасан мөрдөгч нь “та төлчихсөн юм байна, хохирогч нь гомдолгүй саналгүй, энэ хэргийг хаах санал гаргасан, та энэ хэргээ нэгтгүүлэх шаардлагагүй болж байгаа” гэж, тухайн үед анхан шатны шүүхэд энэ талаар ярилгүй өнгөрөөсөн. Мөн ял эдлээд хугацаанаас өмнө суллагдсаны дараагаар Хан-Уул дүүргийн прокурор дээр дуудаж, хэргийн материалтай танилцаж, яллах дүгнэлтээ гардаж авахад, энэ хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдсэн прокурор Төгсжаргал “энэ хэрэг дээр мөрдөгч чинь хаах, санал гаргаж байсан юм байна, таны эрх зүйн байдлыг дордуулахгүй ялаас чөлөөлөх саналтай оролцоно” гэж хэлж байсан. Томилолтоор оролцсон прокурор Г.Хурмандах хэргийн үйл баримтад ундэслэлтэй дүгнэлт хийлгүй 8 сарын зорчих эрх хязгаарлах ялын санал гаргасан, түүний ялын саналын хүрээнд анхан шатны шүүх 8 сарын зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь хууль ёсны зарчимд нийцэхгүй байна гэж үзэж байна. Нэг гэмт хэрэгт 2 удаа ял оногдуулах, 2 удаа залилах гэмт хэргээр ял шийтгэгдсэн намтар түүхтэй болж, эрх зүйн байдал нь дордож байна.
Хохирогчид учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлыг тухайн үед нь төлсөн, хохирогч мэдүүлгээрээ гомдолгүй тухай мэдүүлдэг. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 8 сарын зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Ч.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг хорих 461 дүгээр ангид хоригдож байх үед мөрдөгч ирээд “таны энэ хэргийг хэрэгсэхгүй болгох санал оруулна” гэж хэлсэн. Үүнээс хойш надтай ирж уулзаагүй. Мөн би хууль зүйн мэдлэг дутмаг байсан учраас энэ хэргийг нэгтгэж болдог талаар огт мэдлэггүй. Энэ хэрэг болон өмнөх хэрэг нь нэг үйлдэлтэй нэг хэрэг юм. Мөн би бие муутай, эмчийн хяналтад байдаг, манай ээж 83 настай бөгөөд Баянгол дүүргийн “Ачтан” эмнэлэг, Хан-Уул дүүрэгт нөхөн сэргээх эмчилгээнд явдаг бөгөөд би ганц хүү нь учир асарч сувилдаг. Мөн би тэтгэвэрт гарсан тул надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Хурмандах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ч.Хад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж анхан шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 244 дугаартай шийтгэх тогтоолоор 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан. Мөн шүүгдэгчийн хувийн байдалд зэргийг харгалзан улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд дээрх эрүүгийн хариуцлагын саналыг гаргасан. Энэ нь Эрүүгийн хуулийн зорилт, Эрүүгийн хариуцлагын зарчимд нийцүүлж гаргасан. Мөн шүүдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөгч надад хэргийг хаах санал оруулна гэж ойлгуулсан, мөн торгох ял оногдуулж өгнө үү, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн бөгөөд шүүгдэгч болон өмгөөлөгчийнх нь байр суурь харилцан адилгүй өөр байна. Шүүгдэгчийн зүгээс өмнөх гэмт хэргээр шалгуулж байх хугацаандаа дээрх үйлдлээ хэлээгүй нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ч.Хыг 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э Хан-Уул дүүргийн ..... дугаар хороо, .......гудамжны ....... тоот гэртээ байхад нь “Дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан” хэмээн хуурч, хуурамч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалын зураг чатаар явуулан Д.Э шилжүүлсэн 2.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .......... тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг хянан хэлэлцээд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалтын бүсийг тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Ч.Хад мэдэгдэж шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х холбогдох дээрх хэргийг шийдвэрлэхдээ түүний 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Дүнжингарав гудамжны 45 дугаар байрны 01 тоотод Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаартай тушаал гарч “Богдхан Уул”-ын аман дахь газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож, газрын чөлөөлөхөөр шийдвэрлэснийг Д.Б мэдэгдэлгүйгээр уг газрын түүнд зарна гэж урьдчилгаа 147.631.800 төгрөгийг авч залилан түүнд их хэмжээний хохирол учруулж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 сар 10 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялыг нэмж нэгтгэх хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Хыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг ноцтой зөрчсөн, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Х нь өөрийн холбогдсон хэргийн талаар мэдүүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэх явцдаа дээрх 2022 оны үйлдлийг хамтад шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч өмнөх шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болж ял эдэлж байх үедээ 2022 оны үйлдэлдээ дахин шийтгүүлсэн нөхцөл байдал үүсчээ.
Өөрөөр хэлбэл шүүх аливаа хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээ эрх олгосон, эсхүл үүрэг болгосон шинжтэй заалтуудыг хэрэглэх, үнэлж дүгнэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон заалт тул шүүх тухайн хэм хэмжээг заавал хэрэглэнэ.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Х болон түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.Хад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ