Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
Хэргийн индекс | 174/2018/0122/э |
Дугаар | 137 |
Огноо | 2018-07-05 |
Зүйл хэсэг | 27.10.3., |
Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 137
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаярын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Бад холбогдох эрүүгийн 1830001780117 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар эдлээгүй үлдсэн ялаас өршөөн хэлтрүүлсэн Л.Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Д гэх газарт өөрийн эзэмшлийн 34-50 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Агийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1830001460106 дугаартай хэргээс
Яллагдагч Л.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар 02-ны өглөө 09 цагийн орчимд манай гэрээс баруун тийш 3 километрт байх худаг руу талийгаач хүү Б.Агийн хамт өөрийн эзэмшлийн 34-50 СҮА улсын дугаартай цагаан өнгийн Портер маркийн машиныг би өөрөө жолоодон явсан. Тэгж явахдаа хүүгээ хажуу талын суудал дээр суулгаад худаг дээр очиж адуугаа услаад гэртээ харих гээд мөн хүүгээ хажуу талын суудал дээр суулгаад худгаас зүүн тийш хөдлөөд 100 метр орчим явж байхад хуй салхи дайрах шиг болсон гэнэтхэн машин маань баруун тийш харж жолооч талаараа налж унасан. Би машиныхаа цонхоор гарч хүүгээ машин дотор хайгаад байхгүй байхаар нь гадагшаа харахад хүү маань машины арын дугуйны хажууд хэвтэж байсан. Хүүгээ өргөөд нэрээр нь дуудахад ямар ч хөдөлгөөнгүй, харахад ямар нэгэн гэмтэл анзаарагдахгүй байсан. Би худаг дээрээс дөнгөж хөдөлж байсан болохоор хурд авч амжаагүй, ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай явж байсан байх. Тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй өмнө өдөр нь хэрэглэсэн байсан. Тухайн өдөр салхитай, заримдаа хүчтэй хуй дайраад байсан. Зам тээврийн осол юунаас болсон гэдгийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37/
Хохирогч Ч.Дгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар 02-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд манай нөхөр Л.Б адуугаа усална гээд өөрийн эзэмшлийн 34-50 СҮА дугаартай Портер маркийн машинтайгаа худагруу хөдөлсөн юм. Манай талийгаач хүү Б.А аавтайгаа цуг машинд хажууд нь суугаад явсан. Манайх хөдөө ганц гэрээрээ нөхөр хүү бид гурав л байдаг юм. Би тухайн үед гарах гээд хүү маань аавтайгаа явсан. Тэгээд хоёр цаг гаруй хугацаа өнгөрсний дараа манай баруун талд ойролцоо нутагладаг манай нөхрийн ах Б ирж болсон асуудлын талаар хэлсэн. Осол болсон газар дээр очиход эмч ирчихсэн, манай хүү Б.А нас барсан байсан. Манай гэрээс худаг хүртэл ойролцоогоор 3-4 км орчим зайтай байдаг. 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шороон шуургатай байсан болохоор гэрээс худаг харагдахгүй байсан. Осол болсон газар нь худгаас ойрхон 100 метр хүрэхгүй газар байсан. Манай нөхөр тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Талийгаач хүү маань хажууд нь сууж явсан. Түүний машинд өөр хэн нэгэн байгаагүй. ...Миний хувьд болсон явдлыг золгүй явдал болсон гэж бодож байна. Надад ямар нэгэн гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
Гэрч А.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 08 цагийн орчимд би худаг дээр хонио услах гэж очсон. Тэр үед Б ах худаг дээрээс адуугаа усалчихаад өөрийнхөө 34-50 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр хүү Б.Агээ хажуудаа суулгаад зөрөөд хөдөлж байхсан. Би худаг дээр хонио усалж байхад ойролцоогоор 5 орчим минутын дараа худаг дээгүүр хуй, салхи дайрч өнгөрсөн. Тэгээд би эргэж харахад Б ахын машин худгаас ойролцоогоор 50 орчим метрийн зайтай хажуулдаад очсон байсан. Тэгээд би очиход Б ахын машин зүүн гар талруугаа хажуулдаад унасан байсан. Талийгаач Б.А ухаангүй, зүүн талын чихнээс нь цус гарчихсан Б ах машиныхаа хажууд суугаад хүү Б.Агээ тэврээд уйлаад байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудсан. Бын биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй. Тухайн үед Бын машинд өөр хэн нэгэн байгаагүй, архи дарс уусан байдал мэдэгдээгүй. Би яг зам тээврийн осол болсон үеийг хараагүй, Юунаас болж машин унасан талаар мэдэхгүй, нэг эргээд харахад унасан байсан. Дөнгөж худаг дээрээс хөдлөөд 50 метр орчим зайд явж байсан тул хурд авч амжаагүй байх гэж бодож байна...” гэх /хх-ийн 12-13/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 74 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Агийн цогцост гавал тархины битүү гэмтэл, гавал ясны дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцрал, толгойн дагзгны хэсгийн хуйхан доорх цус хуралт, нүүрний баруун хэсгийн болон цээж хэвлийн хэсгийн олон тооны зөөлөн эдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь амьддаа авсан гэмтлүүд байна. Б.А нь гавал тархины битүү гэмтэл, гавал ясны дагзны болон суурь ясны шугаман хугарал, тархины эдийн няцралын улмаас үүссэн төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан байна. Б.Агийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна ” гэх /хх-ийн 23/,
Техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 50 дугаартай дүгнэлтэнд: 34-50 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Л.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. Жолооч Л.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл , осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчсөн байна” гэх /хх-ийн 29/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-9/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 17-20/
Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 45-53/
Шүүгдэгч Л.Бын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 60-р хуудас/
Хохирогч Ч.Дгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн Засаг даргын тамгын газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8/27 дугаар тодорхойлолт /хх-ийн 39/
Л.Бын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 06 дугаар сарын 02-ны өглөөний 09 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Д гэх газарт өөрийн эзэмшлийн 34-50 СҮА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Б.Агийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Бын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 74 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 50 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Бад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.Бад ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.Бын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бичгийн баримтаар хураагдаж ирсэн Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 807421 дугаартай В ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Быг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7,3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар Л.Б нь хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Л.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 807421 дугаартай В ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Бад мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА