Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01794

 

 

 

 

 

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2019/01794

 

 

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01942 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С- ББСБ ХХК-д холбогдох

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 605 019 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл

нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхсайхан

хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.О-ь нь С ББСБ ХХК-ийн өмчлөлд фидуцийн гэрээгээр шилжсэн Тоёота Эстима маркийн 09-52 УБУ улсын дугаартай, саарал өнгийн автомашиныг 10 000 000 төгрөгөөр худалдаж авахаар Д.Нандинбаяртай 2018 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хэлцэл хийсэн. Зээлийн ихэнх хэсгийг төлбөл автомашиныг Л.О-ь руу шилжүүлнэ гэсэн итгэл үнэмшил төрүүлсэн тул 4 удаагийн үйлдлээр 5 605 019 төгрөгийг шилжүүлсэн. Л.О-ь нь Д.Нандинбаяр алга болчихоор С ББСБ ХХК-тай уулзаж, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөөд автомашины нэрийг шилжүүлж аваад төлье гэхэд зөвшөөрөөгүй. Хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үзэхэд Д.Нандинбаярын зээлээс төлбөр хасагдсан байдаг. Хариуцагч тал энэ мөнгөн дүн дээр маргадаггүй. Зохигчдын хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй. Гүйлгээний утга дээрээ 09-52 УБУ гэж бичсэн байгаа нь Д.Нандинбаярын зээлийг төлсөн гэдэг агуулга биш. Иймд С ББСБ ХХК-ийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байна. Л.О-ь болон С ББСБ ХХК-ийн хооронд ямар нэг үүргийн харилцаа үүсээгүй тул буцаан шаардаж байна. Д.Нандинбаяр нь автомашин хураалгадаг өдөр С ББСБ ХХК-д очиж өргөдөл өгсөн гэж байгаа ч Л.О-ийг очих үед байгаагүй, түүнтэй уулзахгүй байгаа гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Нандинбаяр нь 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 143 тоот зээл болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /Фидуцигэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээл авсан бөгөөд, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2004 оны мөнгөлөг өнгөтэй 09-52 УБУ улсын дугаартай Тоёота Эстима маркийн автомашиныг барьцаалсан. 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4 418 936 төгрөг, үндсэн хүү 2 415 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285 040 төгрөг, нийт 7 119 818 төгрөгийн өр төлбөртэй байна. Зээлдэгч Д.Нандинбаяр нь өнөөдрийн байдлаар зээл, хүүгийн төлөлт хийгээгүй 366 хоног, зээлийн гэрээний хугацаа дуусаад 218 хоног хэтэрсэн тул фидуцийн гэрээний 2.4.3 дахь заалтын хүрээнд эд хөрөнгийг хураан авах шаардлага тавихад Л.О-ь автомашиныг эзэмшиж байсан нь тогтоогдож, тэрээр зээлийг бүрэн төлнө, хөдөө явж байна гэх мэт шалтаг тоочин явсаар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр С ББСБ ХХК-ийн оффис дээр зээлдэгчтэй хамт ирж, тухайн автомашиныг хүлээлгэж өгсөн. Д.Нандинбаяр нь зээлийг төлж барагдуулах боломжгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг бичгээр хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан. Уг автомашиныг хүлээн авах үед авто тээврийн хэрэгслийг оношилгоонд ороогүй, татвар, даатгал төлөгдөөгүй нь тогтоогдсон. Л.О-ь, Д.Нандинбаяр нарын хооронд ямар хэлцэл байгуулагдсаныг С ББСБ ХХК мэдээгүй, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Л.О-ь нь автомашин байгууллагын нэр дээр байгааг мэдсээр байж, мөн тус байгууллагатай гэрээ хийгээгүй байж 2018 оны 9 дүгээр сард автомашиныг барьж байсан. Бусдын автомашиныг зөвшөөрөлгүй унаж байгааг эзэмшиж байна гэж ойлгож болохгүй. Зээлийн гэрээний 2.2.1-д зааснаар хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү нэхнэ гэсэн байгаа. 4 400 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Тус байгууллагын зөвшөөрөлгүй бусдад фидуцийн зүйлийг шилжүүлэхийг хориглоно гэж заасан байхад Л.О-ьд шилжүүлсэн байсан. Л.О-ь, Д.Нандинбаяр нарын хооронд хуулийн хүрээнд хэлцэл хийсэн, бусдын өмнөөс төлсөн эсэх нь манайд хамаагүй. Хэний нэр дээр байгаа гэрээ вэ гэдгийг Л.О-ь мэдэж байсан. Ирж харсан. Уг автомашин фидуцийн гэрээний дагуу шилжсэн, уг мөнгийг төлж болохгүй юм байна гэдгээ мэдэж байсан. Зээлдэгч Д.Нандинбаяр зээлийн төлбөрөө ээж, эгч, найзаараа хэнээр төлүүлэх нь хамаагүй. Энэ төлсөн мөнгөө Д.Нандинбаяраас нэхэх хэрэгтэй. Зээлийн гэрээний үүрэг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш зөрчигдөж эхэлсэн. Л.О-ь хэзээнээс Д.Нандинбаярын өмнөөс төлбөр төлж эхэлснийг мэдэхгүй, мэдэх боломжгүй. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс өөр хүн төлж байгааг мэдсэн. Төлбөр төлөхийг Л.О-иас утсаар шаардсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ББСБ ХХК-иас 5 605 019 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-ьд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 104 630 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 104 630 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

Хариуцагчийн С ББСБ ХХК-ийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: С ББСБ ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 143 тоот зээлийн гэрээний дагуу нийт төлөх 10 000 000 төгрөгөөс зээлдэгч Д.Нандинбаяр нь 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 4 418 936 төгрөг, үндсэн хүү 2 415 842 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 285 040 төгрөг, нийт 7 119 818 төгрөгийн өр төлбөртэй байна. Гэтэл манай байгууллагатай гэрээ хийгээгүй, манайхтай ямар ч хамааралгүй Л.О-ь нь Д.Нандинбаярын барьцаанд байгаа Тоёота Эстима маркийн 09 52 УБУ маркийн автомашиныг худалдан авахаар тохиролцсоныг манай байгууллагатай холбон Л.О-ьд 5 605 019 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн дагуу шийдвэрлэсэнгүй гэж үзлээ. Мөн Л.О-ь нь манай байгууллагатай ямар ч гэрээ хийгээгүй ба Д.Нандинбаяртай юу гэж тохиролцсон нь манайд хамаагүй ба Д.Нандинбаяраас нэхэмжлэх нь зөв болов уу гэж үзэж байна. Манай С ББСБ ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зүйл огт байхгүй, гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлээ хангаж мөнгийг Д.Нандинбаяр Л.О-иар төлүүлсэн гэж үзэхгүй байна. Төлбөрийг хэн ч хийж болно. Д.Нандинбаяр Л.О-иар дамжуулан хийсэн мөнгө гэж ойлгож байгаа, одоо ч төлбөр дутуу манай байгууллагыг хохироож байна. Хэнээр мөнгийг төлүүлэх, хэн төлбөр төлөх манайд хамаагүй. Д.Нандинбаяртай хийсэн гэрээний дагуу төлсөн төлбөр байтал шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон нотлох баримт бүрдүүлэх журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй, Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.О-ь нь хариуцагч С ББСБ ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5 605 019 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ... Л.О-ь зээл төлнө гэдгээ мэдэж байсан ..., ... бусдаар үүрэг гүйцэтгүүлж болно ... гэх үндэслэл заан маргажээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, талуудын тайлбар зэрэг баримтаар С ББСБ ХХК нь иргэн Д.Нандинбаяртай 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зээлийн болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай гэрээг тус тус байгуулан түүнд 10 000 000 төгрөгийг сарын 4.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Тоёота Эстима маркийн УБУ0952 улсын дугаартай автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх20-23/ Мөн Л.О-ь, Д.Нандинбаяр нар өөрсдийн хүсэл зоригийн үндсэн дээр аман хэлбэрээр хэлцэл хийж, Л.О-ь нь дээрх автомашиныг 10 000 000 төгрөгөөр Д.Нандинбаяраас худалдан авч, түүний зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэх замаар худалдан авсан хөрөнгийн үнийг төлж дуусган, автомашиныг эзэмшилдээ шилжүүлж авах үүрэг хүлээж, улмаар хариуцагч компанид 5 605 019 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, ХААН банкны депозит дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогджээ. /хх-1, 6-8,17, 20-23, 34, 53-54/

 

Энэ үйл баримтад зохигчид маргаангүй, харин шаардах эрхийн үндэслэлийн талаар маргаж байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагад гаргаж болохооргүй үлэмж маргаантай тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримт, зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Л.О-ь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч Д.Нандинбаярын өмнөөс зээлийн үүрэг гүйцэтгэж, барьцаанд тавьсан автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авах үүрэг хүлээсэн байх тул түүнийг хариуцагчид хууль зүйн үндэслэлгүйгээр үүрэг гүйцэтгэсэн гэж үзэхгүйн гадна уг үүрэг нь дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байна.

 

Нэхэмжлэгч нь иргэн Д.Нандинбаяртай байгуулсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж буй тохиолдолд түүний үр дагаврыг гэрээний тал болох этгээдээс шаардах эрхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгээр зохицуулжээ. Иймээс нэхэмжлэгч Л.О-ь нь хариуцагч С ББСБ ХХК-аас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр зээлийн үүрэгт төлсөн 5 605 019 төгрөгийг буцаан шаардах эрхгүй юм.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэхдээ хариуцагч С ББСБ ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцээгүй байна.

 

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2019/01942 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.О-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 630 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД