Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

Д.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Т,

Хохирогч Л.Д,

Яллагдагч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг прокурор Б.Т эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр Д.Б-д холбогдох эрүүгийн 2416001950298 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Яллагдагчийн хувийн мэдээлэл: Б овгийн Д.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, ******* , боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ***, аав, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ********* сумын ******** багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Говь-Алтай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 296 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж эдлүүлж байсан, Д********** регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 7 хонь, 2 ямааг, И.Б-ийн 2 хонийг алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Л.Д-д 2.750.000 төгрөг, И.Б-д 750.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Д.Б-д холбогдох эрүүгийн 2416001950298 дугаартай хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Д.Б-ийг даруй албадан ирүүлж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, яллагдагч Д.Б-ийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Т би, тус аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

Яллагдагч Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 7 хонь, 2 ямааг, И.Б-ийн 2 хонийг алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж Л.Д-д 2.750.000 төгрөг, И.Б-д 750.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/51 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлүүдээр прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг хүлээн авч дараах эсэргүүцлийг гаргаж байна. Анхан шатны шүүх захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдлыг огт шалгаж тогтоогоогүй” гэж дүгнэжээ.

Эрүүгийн 2416001950298 дугаартай хэргийн тухайд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан, нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-үүд хуульчлагдсан. Энэ гэмт хэргүүдийн нийтлэг шинж нь гэмт этгээдийн хувьд бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлт зорилготойгоор өөрийн эзэмшил ашиглалтдаа авч захиран зарцуулах боломжтой болсноор төгсөхөөр хуульчилжээ.

Гэтэл анхан шатны шүүхээс Д.Б-ийг хохирогч нарын 11 тооны бог малыг хэрхэн яаж завшсан, шамшигдуулсан (бусдад зарсан, нядалсан, бусдыг, эм тамгыг нь өөрчилсөн) эсэх, бог малууд алдуул малд хамаарах эсэх нөхцөл байдлыг огт шалгаагүй гэх байдлаар хуульд шаардаагүй буюу “Алдуул мал завших” гэмт хэргийн шинжээс хэтийдсэн дүгнэлтийг хийжээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал “...Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 7 хонь, 2 ямааг, И.Б-ийн 2 хонийг алдуул мал бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан...”,

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 гэмт хэргийг яллагдагч Д.Б үйлдсэн болох нь нотлох баримтууд болон өөрийнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээр тогтоогдсон.

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр яллагдагч Д.Б нь шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор, гэм буруугийн санаатай хэлбэрээр уг малыг бусдын өмчлөл, эзэмшлийн мал өөрийнх нь малд нийлсэн байгааг мэдсээр байж авсан нөхцөл байдал нотлох баримтуудаар тогтоогджээ.

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хэр хэмжээ

Гэмт хэргийн улмаас Л.Д-ийн 7 хонь, 2 ямааг, И.Б-ийн 2 хонийг авч Л.Д-д 2.750.000 төгрөг, И.Б-д 750.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан.

16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл хохирогч Л.Д-ийн мал яллагдагч Д.Б-ийн малтай нийлснээр энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь болсон байна.

Эдгээр нөхцөл байдлуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” бүрэн шалгагдсан болох нь тогтоогдож байна.

Д.Б-ийг хохирогч нарын 11 тооны бог малыг хэрхэн яаж завшсан, шамшигдуулсан (бусдад зарсан, нядалсан, бусдыг, эм тамгыг нь өөрчилсөн), 3 тооны малыг хэн хүлсэн гэх нөхцөл байдлыг шалгаагүй яллагдагчаас энэ талаар мэдүүлэг авахдаа тодруулаагүй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа биш бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс мэдүүлэг авах болон асуулт асуух байдлаар тодруулж болохоор хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал”-ыг огт шалгаж тогтоогоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг, хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Прокуророос  яллагдагч Д.Б-ийг 2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* сумын ******* багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн Л.Д, И.Б нарын малаас Л.Д-ийн 7 хонь, 2 ямаа, И.Б-ийн 2 хонийг алдуул мал, бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завшиж Л.Д-д 2,750,000 төгрөг, И.Б-д 750,000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулан, улмаар мөн зүйлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан алдуул мал завших, 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргүүдийн шинжийн ялгаатай байдлын талаар дурдаж, хохирогч нарын хотноос 11 хонь алдагдсан талаар дүгнэж, яллагдагч Д.Б нь гэм буруугаа хүлээж байна гэж мэдүүлсэн хэдий ч уг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй тул уг мэдүүлэг нь түүнийг яллах нотлох баримт болохгүй, шүүгдэгч Д.Б нь хохирогчдын 11 тооны бог малыг хэрхэн яаж завшсан, шамшигдуулсан, эдгээр бог малууд нь алдуул малд хамаарах эсэх нөхцөл байдлуудыг буюу хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч прокурор гүйцэтгээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

4. Анхан шатны шүүх гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй байхад “Хохирогчийн хотноос 11 хонь алдагдаж, хохирогч нарт хохирол учирсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна.” гэж яллах дүгнэлтэд бичигдсэн үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтад тулгуурлан ийм дүгнэлтэд хүрсэн болохоо тайлбарлаагүй байна.

5. Мөн прокуророос яллагдагч Д.Б-ийг “2024 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн нутагт өөрийнх нь малтай нийлсэн хохирогч нарын 9 хонь 2 ямааг, алдуул мал бөгөөд бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсан” үйлдэлд буруутган яллагдагчаар татаж, ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх зэрэг эрхийг нь тайлбарлан өгсний дараа яллагдагч Д.Б нь “Би энэ тогтоолтой танилцлаа. Би энэ тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн барагдуулна.” гэж мэдүүлсэн /хх 72/ байхад анхан шатны шүүх яллагдагч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй учраас уг мэдүүлэг нь түүнийг яллах нотлох баримт болохгүй, Д.Б нь хохирогчдын 11 тооны бог малыг хэрхэн яаж завшсан байдлыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

6. Учир нь яллагдагч Д.Б нь прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд өөрийн хийсэн үйлдлийг буюу өөрийнх нь хонинд нийлсэн хохирогчдын 11 тооны хонийг завшсанаа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд түүнийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг албадах боломжгүй.

7. Мөн мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгодог бөгөөд шүүгдэгч нь прокуророос яллаж байгаа уг гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн тохиолдолд түүнийг мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй гэж дүгнэх боломжгүй юм.  

8. Харин яллагдагчийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.

9. Мөн бог мал нь алдуул малд хамаарах эсэх нь хууль зүйн ойлголт бөгөөд бог мал нь алдуул малд хамаарах эсэхийг тогтоох нь хэргийг прокурорт буцаах үндэслэл болохгүй.

10. Түүнчлэн анхан шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа хийгдвэл зохих ажиллагааг хэт ерөнхий байдлаар тусгаж, үндэслэл бүхий дүгнээгүй байна.

11. Цаашид эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэрийг тодорхойлох хэсгийг дугаарлаж, шүүхээс хийж байгаа дүгнэлт бүрийг шинэ мөрнөөс үргэлжлүүлэн дугаарлаж байх нь зүйтэй.

12. Шүүхийн аливаа шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд эргэлзээгүй байх ёстой бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэрэг, уг гэмт хэргийг үйлдэх болсон сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг прокурор өөрийн эрх, үүргийн хүрээнд яллах дүгнэлтдээ нотлон тогтоож, хэргийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчимтай.

13. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж дахь дээрх дүгнэлтүүд нь бодит баримтад тулгуурлаагүй хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлд хамаарахгүй байх тул уг шүүгчийн захирамжийг хүчингүй болгох талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаахаар шийдвэрлэв.

14. Яллагдагч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж,  уг асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцэх хүртэл яллагдагч Д.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/51 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  прокурорын эсэргүүцлийг хангасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧИД                             Ш.БАТТОГТОХ

                                                    Ч.ЭНХТӨР