Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00983

 

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2017/00983

 

 

 Д.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00612 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ангармөрөнд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэл

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг

Хариуцагч Д.Ангармөрөн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ангармөрөнтэй 2002 оноос хамтран амьдарч 2009 онд гэрлэлтээ батлуулсан бөгөөд хамтран амьдарч байх хугацаанд 2006 оны 02 дугаар сарын 15ы өдөр хүү А.Долгион, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Хонгор нар мэндэлсэн. Сүүлийн жилүүдэд Д.Ангармөрөнгийн зан байдал, бусад зүйл таарч тохирохгүй болсон тул бид 2013 оны 3 дугаар сараас тусдаа амьдарч байсан. Би Д.Ангармөрөнд итгээд хоёр хүүхдээ бодоод сайхан амьдрахаар тохиролцоод дахин хамт амьдарсан. Энэ хугацаанд 2016 оны 6 дугаар сард машин авъя гэхэд нь би хамтран зээлдэгчээр орсон. Д.Ангармөрөн нь гэртээ хонодог болсон боловч хүүхдүүдийн хажууд архи ууж, намайг зодож надад хөнгөн гэмтэл учруулан цагдаагийн байгууллагад шалгагдсан. Би хүүхдүүдийн минь эцэг гэж бодоод гомдолгүй гэж мэдүүлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Д.Ангармөрөн намайг хүүхдүүдийн дэргэд зодож, араас минь заазуур шидэх болтлоо дургүйцэж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгийг ойлгосон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү А.Долгион, А.Хонгор нарыг миний асрамжид үлдээн, хүүхдийн тэтгэлэг тогтоож, орон сууцнаас хоёр хүүхдэд ногдох хэсгийг, автомашинаас хүү А.Долгион, А.Хонгор бид гуравт ногдох хэсгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Д.Мөнхгэрэл бид ялимгүй зүйлээс болж байнга хэрэлдэн муудалцаж, Д.Мөнхгэрэл намайг байнга хардаж доромжилдог тул тэсвэрлэхгүйгээр эцэст нь түүнийг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсандаа их харамсаж байна. Бид хамт амьдарснаас хойш Д.Мөнхгэрэл байнга л саллаа гээд явчихдаг, би гуйж байж л эргэж нийлдэг байсан. Бид хоёр 2016 онд хүүхдүүдээ салхинд гаргаж байхаар ярилцаад автомашин зээлээр авсан бөгөөд зээлийг би төлж байгаа. Би хүүхдүүд болон эхнэр Д.Мөнхгэрэлийг байнга харж ханддаг байсан хүүхдүүдээ өвдөх, зовох үед нь байнга тусалж байсан. Нэгэнт Д.Мөнхгэрэл гэрлэлтээ цуцлуулна гэж байгаа тул би гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна, хоёр хүүхдээ эхэд нь өгч хүүхдийн тэтгэлэг төлнө, харин автомашин болон орон сууц миний нэр дээр байдаг миний өмч тул тэдэнд ногдох хувийг өгөхгүй. Миний ээж надад 1999 оны 1 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 44-22 тоот байрыг худалдан авч өгсөн, дараа нь би ажилдаа ойртохоор одоогийн сууж байгаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58-07 тоот, 1 өрөө байрыг худалдан авсан энэ орон сууц миний хувиарт өмч тул тэдэнд өгөх боломжгүй юм гэжээ.   

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1,14.4-т заасныг баримтлан Д.Ангармөрөн, Д.Мөнхгэрэл нарын гэрлэлтийг цуцалж,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-т заасныг баримтлан 2006 оны 02 дугаар сарын 15ы өдөр хүү А.Долгион, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Хонгор нарыг эх Д.Мөнхгэрэлийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан тэтгэлэгийг, 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү 2006 оны 02 дугаар сарын 15ы өдөр хүү А.Долгион, 2011 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү А.Хонгор нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, эцэг Д.Ангармөрөнгөөс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүлийн 26.1, 26.2, 26.6-д заасныг баримтлан Д.Ангармөрөн, Д.Мөнхгэрэл нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдаж,

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58-07 тоот 1 өрөө орон сууц болон TOYOTA ALION маркийн УНӨ 44-12 дугаартай суудлын автомашиныг хариуцагч Д.Ангармөрөнд үлдээж, хариуцагч Д.Ангармөрөнгөөс 59.520.000 төгрөг /орон сууцны үнийн дүнгээс ногдох хэсэг/, 9.375.000 төгрөг /автомашины үнийн дүнгээс ногдох хэсэг/ нийт 68.895.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Мөнхгэрэлд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ангармөрөнгөөс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мөнхгэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.Ангармөрөнгөөс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 50.546 төгрөгийг гаргуулж улсын төсвийн дансанд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.2. дах хэсэгт зааснаар шинжээчийн ажлын хөлс 270 000 төгрөгийн 135.000 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 135.000 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулж Хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-д олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Будрагчаад хариуцуулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би эхнэр хүүхдээ салхинд гаргах, бусдын адил ажил амьдралаа сайжруулах зорилгоор cap бүр цалингаасаа 532 000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулан цалингийн зээл авч TOYOTA ALLION маркийн машин худалдаж авсан. Одоогоор би цалингаасаа зээлийн 3 000 000 төгрөгийг төлөөд байна. Гэтэл шүүх гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид, тэдний үүрэг адил тэнцүү гэж дүгнэсэн боловч би cap бүр цалингаасаа /ХААН банкинд 2019 он болтол/ зээл төлж байгаа. Банктай багуулсан гэрээгээ дуусгаагүй байхад 4 хуваан 9 375 000 төгрөгийг надаар төлүүлэхээр давхар өр болгон шийдвэрлэж хэтэрхий хохироож байгаа тул энэхүү асуудлыг дахин хянаж зөвтгөн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэл нь хариуцагч Д.Ангармөрөнд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хувааж, ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрч, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахад маргажээ.

Нэхэмжлэгч Д.Мөнхгэрэл нь гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...Д.Ангармөрөн нь СБД-ийн 1 хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 58 дугаар байрны 07 тоот 44.64 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч тул уг орон сууцнаас 2 хүүхдэд ногдох хувийг, Тоёото алион маркийн УНӨ 44-12 дугаартай автомашинаас гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулна гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ орон сууц бол хуваарьт хөрөнгө, автомашиныг зээлээр авсан бөгөөд сар бүр 532 000 төгрөг төлөөд явж байгаа гэж тайлбарлажээ.

Зохигчдын хоорондын маргааны зүйл болсон орон сууц, түүнтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдсан байна. Харин маргааны нэг зүйл болох автомашин, түүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүйгээс гадна автомашиныг лизингийн зээлээр авсантай холбоотой баримт хэрэгт байхгүй байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.7-д заасан гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох зарчмыг үндэслэн гэр бүлийн гишүүдэд зээлийн үүргийг хуваарилах ёстой ба гэрлэгчид Хаан банкнаас хэдэн төгрөгийн зээл авсан, автомашин барьцаалагдсан эсэх, төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл байгаа эсэхийг тус тус нотлох баримт байхгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2017/00612 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.Ангармөрөн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 164 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

Н.БАТЗОРИГ