| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2018/0113/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 128
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эт холбогдох эрүүгийн 1830001760113 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, ял шийтгэлгүй Б.Э.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед согтуугаар хохирогч П.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө согтуугаар Оюунзулыг зодсон нь үнэн. Миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Эрүүгийн 1830001760113 дугаартай хэргээс:
Хохирогч П.Оын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим ажил дээрээ байхад танил Э над руу утсаар ярьж ажил дээрээс аваад гэр рүү нь хамт явсан. Тэр шөнө Э бид хоёр 0.75 граммын ерөөл архийг хувааж уугаад шөнийн 02 цагт унтсан. Өглөө нь буюу 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед сэрээд гэр рүүгээ явах гэтэл явуулахгүй гэж байсан. Гэтэл гэнэт гаднаас 50 см урттай хар өнгийн нарийн төмөр оруулж ирээд шууд намайг цохиж зодоод байсан. Юунаас болж зодуулснаа би ойлгоогүй. Бид 2 маргалдаж муудсан зүйл байхгүй. Миний хамар хугарсан, баруун гарын шуу, хөлийн шилбэ хөхөрч няцарсан. Миний зүгээс гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 3/
-Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 314 дүгээр дүгнэлтэнд “1. П.Оын биед 2 нүдний доод зовхи, хамар, баруун гарын бугалга, зүүн тохой, зүүн шууны гадна хэсэг, баруун дал, зүүн өгзөг , зүүн хөлийн шилбэний гадна хэсгийн олон тооны зөөлөн эдийн няцралт, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй ” гэх /хх-ийн 11-р хуудас/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 9/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 3/240 дугаар тодорхойлолт /хх-ийн 22/
Шүүгдэгч Б.Эын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20/
зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Э нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг ... тоотод 2018 оны 06 дугаар сарын 01-ний өглөө 08 цагийн үед согтуугаар хохирогч П.Оыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Эын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.О мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018.06.04-ний өдрийн 314 дүгээр дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Эт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа П.Оыг санаатай зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулсан байна.
Шүүгдэгч Б.Эын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул Б.Эыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Эт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээнд торгох ял шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эыг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Эт мэдэгдсүгэй.
5. Ялтан Б.Э нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА