| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2416000000245 |
| Дугаар | 2025/ДШМ/06 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/06
Б.В, Ц.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Б.В-ийн өмгөөлөгч О.А,
Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч М.Э,
Хохирогч Б.З, түүний өмгөөлөгч Ж.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолыг хохирогч Б.З эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.В, Ц.Б нарт холбогдох эрүүгийн 2416000000245 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:
У ургийн овгийн Б.В нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ** -ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******* сум, ****** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д********* регистрийн дугаартай,
Н ургийн овгийн Ц.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ****** боловсролтой, ******** мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ***, эхнэр *** хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сум, ******* багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Б, Б.В нар нь бүлэглэн согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******** сумын төвд гэртээ амарч байсан Б.З-ыг архи аваад буцаж очсонгүй гэж шалтаглан гэрээс нь татан гаргаж Б.В нь толгой, нүүр рүү нь цохиж, Ц.Б нь нуруу руу нь өшиглөж биед нь баруун шанаа ясны зөрөөтэй далд хугарал, бүсэлхийн нурууны 3, 4-р нугаламын баруун хажуу сэртэнгийн зөрөө багатай хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Шүүгдэгч Н ургийн овогт Ц.Б, шүүгдэгч У ургийн овогт Б.В нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, шүүгдэгч Б.В, Ц.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.В, Ц.Б нарт тус тус мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.В, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.В, Ц.Б нараас тус бүрээс 1,970,994 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ..... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Хохирогч Б.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Б.З миний бие Б.В, Ц.Б нарт зодуулсны улмаас биедээ баруун шанаа ясны зөрөөтэй далд хугарал, бүсэлхий нурууны 3, 4-р нугаламын баруун хажуу сэртэнгийн зөрөө багатай хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл авсан. Говь-Алтай аймагт эмнэлэгт хэвтэж шанаа ясны цөмөрсөн хугаралын мэс засалд орсон. Улаанбаатар хот явж эмчлүүлээд ирсэн. Миний хохирлыг шүүхээс бүрэн гаргуулаагүй тул гомдол гаргаж байна. Миний Улаанбаатар хот руу явсан эмчилгээний зардалыг Б.В, Ц.Б нар төлж барагдуулахаа шүүхэд илэрхийлсэн байхад гаргаж шийдвэрлэхгүй байгаад гомдолтой байна. Хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт.
4.1. Ц.Б, Б.В нар нь бүлэглэн 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн ******* сумын төвд гэртээ амарч байсан хохирогч Б.З-ыг архи авч ирсэнгүй гэх шалтгаанаар гэрээс нь татан гаргаж Б.В нь толгой, нүүр рүү нь цохиж, Ц.Б нь нуруу руу нь өшиглөж биед нь баруун шанаа ясны зөрөөтэй далд хугарал, бүсэлхийн нурууны 3, 4-р нугаламын баруун хажуу сэртэнгийн зөрөө багатай хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан байна.
4.2. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-ын сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хохирол учирсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Дээр дурдсан үйл баримтууд нь хохирогч Б.З-ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “2024 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гэртээ амарч байхад Ц.Б, Б.В нар архи авчирч өгсөнгүй гэх шалтгаанаар зодсон. Тухайн үедээ гайгүй болчих болов уу гэж хэд хоног хүлээсэн боловч босч чадахгүй, болохгүй болохоор нь аймаг дээр ирж, эмнэлэгт үзүүлсэн чинь шанааны яс хугаралттай. 3, 4-р нугалмын 2 яс зөрүүтэй байна гэсэн тул эмнэлэгт хэвтэж хагалгаанд орж, Ц.Б, Б.В нар эмнэлгийн зардал, эм тариа, хагалгааны мөнгө зэргийг тухайн үед нь төлсөн.
Сэтгэл санааны хохирол гэж 3,500,000 төгрөг өгч сэтгэл санааны хохирлыг барагдуулсан. Саяхан хот явж эмчилгээ хийлгэсний зардлыг төлүүлвэл өөр гомдол санал байхгүй.” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
5.2. Гэрч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө гэрийнх нь хаалгыг цохиод хаалга нээж өгсөн нөхрийг нь шууд татаж гаргаад араас нь гарч очиход нөхөр болох Б.З нь гэрийн гадаа газарт унасан, нүд нь хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Хоёр хоногийн дараа аймагт ирж, эмнэлэгт үзүүлэхэд нүүрний шанааны яс нь цөмөрч, нурууны 2 сэртэн яс нь хугарсан байсан тул нүүрний хагалгаанд орсон. З-ын толгой руу нь В гараа цохиж, Б ууц руу нь өшиглөсөн.” тухай мэдүүлэг, /1 хх 55-57/
5.3. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “З эхнэртэйгээ нөхрийнх нь мотоциклийг унаад гэрээс очиж архи авч ирэхээр явсан боловч ирэхгүй болохоор нь В, Б нар араас нь мотоциклоо аваад ирье гэж хэлээд явсан. Хүүхдүүдээ унтуулчихаад З.А-ын хамт араас нь З-нд очиход тэр 3 хашаан дотор маргалдаад зогсож байсан. Тэгээд нөхрөө аваад явсан. Нөхөр нь З-ын эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгсөн.” тухай мэдүүлэг /1 хх 64-65/,
5.4. Гэрч З.А-ын “З Б-ын мотоциклийг унаж яваад ирэхгүй болохоор нь В, Б нар араас нь мотоциклоо авахаар явсан. Хүүхдүүдээ унтуулчихаад Д.Б-ийн хамт араас нь З-нд очиход тэр 3 тэдний гадаа маргалдаад зогсож байсан. Тэгээд нөхрөө аваад явсан. Нөхөр нь З-ын эмчилгээний зардалд 1.500.000 төгрөгийг өгч эмнэлэгт хэвтэж байхад нь хоол ундыг нь зөөсөн.” тухай мэдүүлэг, /1 хх 60-61/,
5.5. Говь-Алтай аймаг шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Д-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Б.З-ын биед баруун шанаа ясны зөрөөтэй далд хугарал, бүсэлхийн нурууны 3, 4-р нугаламын баруун хажуу сэртэнгийн зөрөө багатай хугарал, баруун шанаанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл бөгөөд дээрх гэмтлүүдээс баруун шанаа ясны хугарал, бүсэлхийн нурууны 3, 4-р нугаламын хажуу сэртэнгийн хугарал гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн 245 дугаарт шинжээчийн дүгнэлт, /1 хх 68-69/,
5.6. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч, Цагдаагийн дэслэгч Х.Б, Х.Х нарын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “1. Б.З-ын сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байгаа нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын хоёрдугаар зэрэглэлд хамаарах бөгөөд цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” тухай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
5.7. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.8. Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч мэдүүлсэн ямар нэгэн эргэлзээгүй, тодорхой, хэрэгт авагдсан хохирогч гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна.
Тиймээс шүүгдэгч нарын мэдүүлэг нь тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотлож байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгч нар нь нэг цаг хугацаанд, нэгдсэн үйлдэл санаа зорилгоор хохирогчийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгч нарын үйлдэл хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шууд шалтгаант холбоотой байна.
Тиймээс шүүгдэгч нарын үйлдэл нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
6.2. Шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохирсон байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй боловч шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогчийг зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Тиймээс прокурор нь шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг мөн зүйл хэсэгт заасан гэмт хэрэг буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр 9 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан нь нэг талаас гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр нөгөө талаас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо заримыг төлж барагдуулсан, заримыг төлж барагдуулахаа илэрхийлсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх боломжтой хувийн байдал зэрэгт тохирсон байна.
6.3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийн талаар шүүгдэгч нарт тодорхой болзол тухайлбал “Улаанбаатар хот явж эмчлүүлсэн зардлыг төлчихвөл шүүгдэгч нараас өөр нэхэмжлэх зүйл, гомдолгүй” гэсэн агуулга бүхий мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдаад иргэний нэхэмжлэлийн талаар шийтгэх тогтоолд тусгаагүй байна.
6.4. Хохирогч Б.З нь “Миний Улаанбаатар хотод эмчлүүлсний зардлыг шүүгдэгч нар төлж барагдуулахаа илэрхийлсэн байхад гаргуулж шийдвэрлээгүйд гомдолтой байна” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.
6.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар зохицуулжээ.
Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг хийж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолын 7 дахь заалтын “шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй” гэсэн хэсгийг хасч, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.З нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР