Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 121

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Ө.Бгийн өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Ө.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Бд холбогдох эрүүгийн 1830000610104 дугаартай хавтаст хэргийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн 1987 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар аймгийн Наран суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабт тоо бүртгэлийн офицер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах,  ял шийтгэлгүй, Ө.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Ө.Б нь Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Х гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед 24-24 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн   9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  халтиргаа, гулгаа үүссэн шороон замд хурдыг зөв тохируулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс зам тээврийн осол гаргаж,  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч С.Эын эрүүл мэндэд хүнд хохирол, Ө.Г, Ц.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүгдэгч Ө.Б   шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 2018 оны 02 дугаар  сарын 17-нд буюу Цагаан сарын шинийн 2-ны өглөө эцэг, эх рүүгээ золголт хийхээр явсан. Сүхбаатар аймгаас явахад Эын гэр бүл хамт явъя гэж гуйхаар нь авч явсан. Хөдөө очоод тэндээ хоносон. Тэгээд 02 дугаар сарын 18-нд буюу Цагаан сарын шинийн 3-нд орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Наран сумаас Баруун-Уртын чиглэлд хөдөлсөн. Замдаа явж байгаад 21 цагийн үед “Х” гэх газрын орчимд машины урд дугуй буудсанаас болж машин онхолдсон. Би тухайн үед тээврийн хэрэгслийг онхолдуулахгүй байх бүх талын арга хэмжээг авсан. Энэ ослоос болж миний зүүн эгэм,  аман хүзүү хугарч, Эад хүнд гэмтэл учирсан. Осол болсноос 20-30 минутын дараа өөр машин ирж бидэнд тусламж үзүүлэн  Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж бүх талын арга хэмжээг авсан. Одоогийн байдлаар миний бие гүйцэд эмчлэгдээгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа.Хохирогч Эын шаардлагатай хохирлыг барагдуулахаар тохиролцсон.Э одоогоор гомдолгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй,  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй  гэсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

Эрүүгийн 1830000610104 дугаартай хэргээс

 

 Хохирогч С.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буюу цагаан сарын шинийн гуравны өдөр 18 цагийн үед эхнэр М, хүү Мо, охин Ба, Б түүний эхнэр А, Бгийн 2 хүүхэд, Бгийн төрсөн дүү Г нарын хамт Бенз маркийн 24-24 ЦАБ улсын дугаартай машинтай аймгийн төв рүү явсан юм. Тэр үед Б өөрөө машинаа жолоодож явсан. Тухайн жолоочийн дэргэд Бгийн эхнэр хүүхдүүд нь урд талын суудалд бүгдээрээ суугаад арын суудалд болохоор би жолоочийн ард буюу зүүн талын хаалганы дэргэд суугаад хүү Моийг өвөр дээрээ авч явсан. Баруун хаалганы дэргэд манай эхнэр М охин Баг өвөр дээрээ авч явсан. Харин эхнэр бид хоёрын голд Г хоёр сандлын голд юм тавиад сууж явсан юм. Тэгтэл 21 цагийн орчим аймгаас 70-аад км-т манай машин замын цасан дээр шарваад жолоочийн зүүн гар тал руу замаасаа гарч өнхөрч ойчсон юм. Тэр үед машины бардак  урагдаж би машинаас шидэгдэж газар нүүрээрээ шааж унасан байсан. Тэгээд босох гэхэд босож чадахгүй байсан. Манай эхнэр ирээд намайг дээш нь харуулж хэвтүүлээд замын унаа Наран сумаас ирэхэд суулгаад Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргүүлж ирсэн юм. Тухайн үед орой цаг агаарын хувьд гадаа тогтуун, цасгүй байсан. Замын нөхцөл байдлын хувьд цастай, хальтиргаа гулгаатай байсан. Ер нь бол Наран сумаас гараад осол болох хүртэл замын хальтиргаа гулгаанаас болоод замаасаа 2-3 удаа шарваж гарч байсан юм.

Ослын улмаас хүзүү хугарсан, нугас дарагдсан, хүзүүнээс доош мэдээ байхгүй, баруун гарын шуу цуурсан, баруун дунд чөмөг хугарсан гэмтэл учирсан юм. Осол болсон шөнө аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж эмнэлгийн тусламж аваад маргааш өглөө нь Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж хагалгаа хийлгэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Уг эмнэлгээс гараад үргэлжлүүлэн аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар биеийн байдал дээрдсэн юмгүй хэвээрээ байна. Зам хальтиргаа гулгаа ихтэй цастай байхад хурд хэтрүүлж шарвуулснаас болоод энэ осол гарсан гэж үзэж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...“Манай  нөхөр С.Эын эмчилгээнд одоогийн байдлаар 80 сая орчим төгрөг зарцуулаад байна. Ө.Б бидний эмчилгээнд 9.5 сая төгрөг өгсөн байгаа, Ө.Б болон бидний хооронд хохирол нөхөн төлүүлэх асуудлаар тохирсон зүйл байгаа. Тухайн үеийн нөхцөл байдлаас болж шүүх хуралдаанд оролцох эсэхээ шийдвэрлэнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мийн Цагдаагийн газарт гаргасан: “ Цэнджав овогтой М миний бие  хохирогч С.Эын хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Уг эрүүгийн хэрэгт холбогдогч Б.Бгаас  нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, бид сайн дураараа эвлэрсэн тул  түүнд холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 124/

 

Иргэний нэхэмжлэгч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Уг бенз маркийн 24-24 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь манай Цэргийн штабын эзэмшлийн машин бөгөөд манай байгууллага уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 1.389.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/

 

Гэрч  Ө.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим Наран сумаас Баруун-Урт сум орохоор Бгийн жолоодож явсан 24-24 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Аймгийн төвөөс урагш 70 орчим км зайд жарын овооны урд талд бидний машин онхолдсон. Машинд С.Э, П.А, Бгийн 2 хүүхэд С.Э болон түүний эхнэр 2 хүүхэдтэйгээ зорчиж явсан. Машины баруун талын буюу буруу талын 2 дугуй шарвалтанд хагарч машин бүтэн 1 өнхрөөд 4 дугуйн дээрээ буусан. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан.  Миний биед учирсан гэмтэл байхгүй. Б ах, Э ах 2-ын биед гэмтэл учраад эмнэлэгт байна. Э ах Бгийн яг ард талын суудал дээр зорчиж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

 

Гэрч П.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагийн орчим Наран сумаас Баруун-Урт сум орохоор манай нөхөр Б 24-24 ЦАБ улсын дугаартай Бенз маркийн машиныг жолоодоод би 2 хүүхэдтэйгээ явж байсан. Мөн Э болон түүний эхнэр Тунгалаг 2 хүүхэдтэйгээ, манай нөхрийн дүү Г явж байсан. Баруун-Урт сумын чиглэлд явж байгаад жарын  овооны урд талд бидний машин онхолдсон, юунаас болж яаж машин унасныг сайн санахгүй байна. Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б жолоодож, би хажуу талын суудал дээр 1 хүүхэдтэйгээ суугаад бусад зорчигч нь машины ард талын суудал дээр зорчиж явсан. ...Миний биед учирсан ямар нэгэн гэмтэл байхгүй. Б, Э 2- ын биед гэмтэл учирсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

 

Гэрч Ө.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Осол болсон газар түрүүлээд очиход аймгийн төвөөс урагшаа 70 км газарт бенз маркийн 24-24 ЦАБ улсын дугаартай автомашинд ямарч хүн байгаагүй, машин нь замынхаа баруун талд дөрвөн дугуйн дээрээ ертөнцийн зүгээр баруун урагшаа харсан чиглэлтэй, бардаакны бүхээг нь задарч салхинд хийссэн, нүүрний болон зарим шилнүүд нь хагарсан, баруун талын 2 дугуй хагарч хийгүй болсон харагдаж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/

 

Гэрч М.Г  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр үед машиных нь түлхүүр машиндаа байхаар нь асааж үзэхэд асаж байхаар нь дугуй үзэхэд нэг ширхэг запас дугуй машинд байсан тэрийг нь хийгээд дахиад нэг дугуй хэрэгтэй болохоор Т руу хэлж, машины дугуй хүлээгээд тэндээ айлд хоносон. Өглөө Г дугуй аймгаас авчрахаар нь тэр дугуйг хийгээд би уг машиныг жолоодоод аймаг руу явсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/ 

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 127 дугаартай: “1.С.Эын биед дөрвөн мөчний саажилт, хүзүүний С-4 нугалам, их биеийн хугарал, арагш мултрал, хүзүүний С1-н зүүн хажуугийн их биеийн хугарал, С4 нугасны хөндийн нүх доод хэсгийн хугарал , арын сэртэнгийн хугарал, С-5 хөндлөн сэртэн, арын сэртэнгийн хугарал, их биеийн хугарал, С7-н их биеийн хугарал, баруун талын дунд чөмөгт ясны диафиз хэсгээр хөндлөн бага зэрэг зөрөөтэй хугарал, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн тавхайд зулгарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх хавсарсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 3.1.4, 3.1.5-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 85/,

         Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 130 дугаартай: 1.Ө.Бгийн биед тархин доргилт, хүзүүний С2, СЗ-н зүүн талд их биеийн хугарал, 2 талын эгэмний хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 54/,

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 132 дугаартай:1. Ц.Мийн  биед тархи доргилт, толгойн хуйх, эрүүний зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 71/,

          Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 129 дугаартай: 1.Ө.Гын биед тархин доргилт, L4- нугаламын их биеийн цууралт, гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох тухай журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 44/

         Техникийн шинжээчийн 31 дугаартай: “1.24-24 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ө.Б нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. 2.Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад жолооч Ө.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Жолооч Ө.Б нь хальтиргаа,гулгаа үүссэн шороон замд хурдыг зөв тохируулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс зам тээврийн гэмт хэрэг осол гарах шалтгаан болсон байна гэж үзлээ” гэх дүгнэлт /хх-ийн 75 / 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-8/

 

Шүүгдэгч Ө.Бгийн   хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 61-р хуудас/     

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 125-р хуудас/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Ө.Бгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-р хуудас/ зэрэг баримтууд болно.

 

Шүүгдэгч Ө.Б нь Сүхбаатар аймгийн Халзан сумын нутаг Х гэх газарт 2018 оны 02 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед 24-24 ЦАБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”   9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас  хальтиргаа, гулгаа үүссэн шороон замд хурдыг зөв тохируулж хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж яваагүйгээс зам тээврийн осол гаргаж,  тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч С.Эын эрүүл мэндэд хүнд хохирол, Ө.Г, Ц.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Бгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч С.Э, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М, гэрч  Ө.Г, П.А, Ө.Т, М.Г нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 127, 130,132,129, дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн 31 дугаартай дүгнэлтүүд болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

  

Шүүгдэгч Ө.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг  Ө.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ө.Бд ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд  6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ө.Б нь өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч А.Б нь хохирогч С.Эад эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг төлсөн,  энэ талаар хохирогч болон шүүгдэгч хэн аль нь илэрхийлсэн, хохирол төлбөрийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Ө.Бгийн үйлдсэн хэрэг нотлогдсон,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Прокурорын гаргасан саналын хүрээнд буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1  жил 6 сарын  хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь  зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ө.Б цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогч Ц.Эад эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бичгийн баримтаар хураагдаж ирсэн Ө.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 387618 дугаартай В ангиллын жолооны  үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг  тус тус  дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Ө.Бг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ө.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын  хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7,3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар Ө.Б нь хорих ял оногдуулахгүйгээр  01 /нэг/ 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоолын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад даалгасугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Ө.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Ө.Бгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 387618 дугаартай В ангиллын үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одонтуяад үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Ө.Бд  мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ө.Б цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  хохирогч С..Эад эмчилгээний зардалд 10 000 000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Бд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА