| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Баттогтох |
| Хэргийн индекс | 2416000000153 |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-03-28 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
Г.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Б.Т,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Ж.Д, Б.М (цахимаар),
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, прокурор Б.Т нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, эсэргүүцлээр шүүгдэгч Г.А-д холбогдох эрүүгийн 2416000000153 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
Ч овогт Г.А нь Монгол Улсын иргэн, халх, 19** оны ** дугаар сарын **-нд төрсөн, ** настай, **** боловсролтой, ********** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Д********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А-г 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн ******** сумын төв ******** баг ********* гудамжинд байрлах гэрээс Г.Э-тай маргалдан гарч ирээд улмаар зодолдож газарт цохиж унаган хэвлийд нь өшиглөж түүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч ургийн овогт Г.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ч ургийн овогт Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тогтоож, шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Г.А-ийн урьд цагдан хоригдсон 21 хоногийг эдлэх ялд оруулан тооцож...шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Г.А-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн ар гэр гомдол санал нэхэмжлэх зүйлгүй шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Иймд Г.А-д оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөлж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А би эцэг, эхээс 4-лээ бөгөөд амь хохирогч Г.Э нь миний төрсөн ах, шүүгдэгч Г.А нь миний төрсөн дүү юм. Талийгаач Г.Э-ын хувийн байдал, зан харилцааны талаар миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай мэдүүлсэн. Миний дүү Г.А нь даруу төлөв зантай, бидний дундаас дээд боловсрол эзэмшиж мэргэжлээрээ орон нутагтаа нэр төртэй ажил алба хашиж байсан сайн дүү минь юм. Бид хоёр архины хамааралтай болсон ахынхаа аашийг дарах зөв замд нь оруулахыг хүсэж тэмүүлж ирсний дээр байнгын сэтгэлийн зовлонтой амьдардаг байсан юм. Гэхдээ түүний амь насыг хохироох өш хонзон дүү бид хоёрт байгаагүй. Архи уусан үедээ гаргадаг аашийг тэвчиж хүлээцтэй хандаж ирсэн юм. Тэр нэгэн хар бараан өдөр ах маань мөн л архи ууж, гаргадаг ааш араншингаа гаргасан байдаг бөгөөд дүү маань түүний зодуур дарамтыг эсэргүүцэж уураа барьж чадалгүй хэвлийн тус газар нь өшиглөснөөр ийм эмгэнэлт байдалд хүрч ах минь нас барж, дүү маань хорих ял эдлэхэд хүрлээ.
Гэхдээ би болон манай гэр бүлийн зүгээс сумын эмч, ажилтнуудын ажилдаа хайхрамжгүй хандсан үйлдэлд гомдолтой байдаг бөгөөд эмнэлгийн тусламж авахаар ирэхэд нь холбогдох анхан шатны үзлэг, оношлогоо хийж, яаралтай дараагийн шатны эмнэлэгт хандсан бол гарах хор уршиг нь ийм хэмжээнд хүрэхгүй байх байсан гэж боддог юм.
Миний хувьд гэр бүлээрээ Улаанбаатар хотод амьдарч, оршин суудаг бөгөөд ээж маань дүү Г.А-ийн хамт сумандаа амьдардаг байсан юм. Дүүг хорих ял авсанаас хойш тэрээр ганцаараа амьдарч байгаа бөгөөд сэтгэл санааны хувьд маш хэцүү нөхцөлд байна. Учир нь түшиж тулж байсан отгон хүү нь хорих ял аваад хоригдох болсонд сэтгэл санаагаар унаж туйлын хүнд байгаа билээ.
Иймд бидний нөхцөл байдал, хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж дүү Г.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч миний бие болон манай гэр бүлийн зүгээс хүсэж байна гэжээ.
Прокурор Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
Шүүгдэгч Г.А-ийн амь хохирогчийг зодсон үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин талийгаачийн үхлийг хүссэн, түүнийг амиа алдахад зориуд хүргэх зорилгоор хийсэн гэж дүгнэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн.
Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 40 дугаартай дүгнэлтэд “...Амь хохирогч Г.Э-ын цогцост бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3 литр/ зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, дух, баруун дээд зовхи, зүүн хацарт, хавирганы нум, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3 литр/ гэмтэл нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч Г.Э-д тухайн үед сумын эмч анх үзэхдээ хүнд хүнийг эрэмбэлэн ангилалт хийж яаралтай дараачийн шатлал буюу аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх байжээ. Хугацаа алдаагүй бол амь насыг нь аврах боломжтой байжээ. 8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна...” гэж дүгнэсэн.
Гэвч шинжээчийн энэ дүгнэлт хэт ерөнхий, үндэслэл нь тодорхойгүй, дүгнэлтэд дурдагдсан “...Хугацаа алдаагүй бол амь насыг нь аврах боломжтой байжээ. 8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна...” гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн байна.
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичив, эсэргүүцлээ дэмжиж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Прокурор нь мөрдөн шалгах ажиллагааг удирдан явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг хэргийг анхан шатны шүүхэд буцаан Шүүхийн Шинжилгээний Үндэсний төвөөр дахин гаргуулах санал гаргаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаа бол нэмэлт ажиллагаанд буцаах зохицуулалтгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч Г.А нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 19 цагийн үед Говь-Алтай аймгийн ******** сумын төв ********* баг ******** гудамжинд байрлах гэрээс өөрийн төрсөн ах болох Г.Э-тай гэрт засвар хийсэнгүй гэсэн асуудлаас болж маргалдан, зодолдож түүнийг газарт цохиж унаган хэвлийд нь өшиглөж бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, гэмтэл учруулж Г.Э нь уг гэмтлийн улмаас цуллаг эрхтэнүүдийн цус багадалт болон гялтантасаар хүндэрч амьсгал, зүрх судасны дутагдалд орж 2024 оны 07 сарын 04-ний өдөр нас баржээ.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Гэрч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 22 цагийн орчимд ажлаасаа гарч байхад эмнэлгийн үүдэнд Г.Э гэх хүн надтай зөрөөд эмнэлэг рүү орсон. Тухайн үед Г.Э ганцаараа явж байсан. Духны орчимд нь зүсэгдсэн шархтай байсан. Маргааш өглөө нь ажил дээрээ ирээд байж байхад эмнэлэгт хүнд хүн хэвтэж байгаа гэж байсан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүнд өвчтөний өрөө рүү ороход Г.Э гэх хүн царай нь цонхийж цайсан, их өвдөлттэй байх шиг байсан. Ө.А эмч аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг рүү холбогдож зөвлөгөө авч эмчилгээ хийсэн. Удалгүй аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөс бүрэлдэхүүн гарч өвчтөнг замын голд солилцохоор тохиролцож 12 цагийн орчимд сумаас их эмч Ө.А, багийн эмч Б.Х, сувилагч Г.Э нар Г.Э гэх өвчтөнг аваад хөдөлсөн. Өвчтөн Г.Э-ын царай цонхигор, нүдний склер цайсан, даралт бага, хэвлийн өвдөлттэй байсан. Г.Э-ын 2 нүд нь бага зэрэг хөхөрч хавдсан, хөмсөгний орчимд зүсэгдсэн шархтай, зүүн хавирганы орчимд зулгаралттай байсан. Г.Э-ын биед өвдөлт намдаах эмчилгээ, зүрхний үйл ажиллагаа дэмжих, шингэн сэлбэх, тайвшруулах эмчилгээ, цус тогтоох эмчилгээнүүдийг хийсэн. Цусны ерөнхий шинжилгээ, био химийн шинжилгээ, жижиг мобайл технологиор хэвлийн эхо үзлэг хийсэн. Г.Э-ын биед цус багадалт, хэвлийн хэсэг хэвийн хэмжээнээс томорсон шинж тэмдэг илэрч байсан. Өвдөлт ихтэй байсан учир өвчтөнг дотуур цус алдалттай байж магадгүй гэх таамаглал байсан. Сумын эрүүл мэндийн төвд өвчтөний оношийг бүрэн тогтоох боломжгүй. Намайг байхад ямар нэг зүйл яриагүй. Ямар шалтгааны улмаас гэмтсэн талаар нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг (хх-ийн 39-р хуудас)
5.2. Гэрч Ө.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г.А, амь хохирогч Г.Э нарыг танина. Нэг нутаг усны хүмүүс болохоор багаасаа танина. Эдгээр хүмүүстэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн орой 22 цаг 30 минутад ******** сумын Эрүүл мэндийн байгууллагад өөрийн биеэрээ ганцаараа ирж үзүүлсэн. Амь хохирогч Г.Э нь надад ирээд: Хэвлий болон цээжин хэсгээр өвдөөд байна гэсэн зовуурьтайгаар ирсэн. Тухайн үедээ Э-ыг үзээд өвчин намдаагч диклоденк булчинд тариагаар хийсэн. Би сувилагчдаа хэлээд ажиглалтад хонуулахаар өрөөнд хэвтүүлсэн байсан. Цус тогтоохоор вексол, өвчин намдахгүй бол эсмес хийгээрэй гэж зөвлөгөө өгөөд би гэр рүүгээ явах гэж байхад Э-ын дүү А нь эмнэлэг дээр найз Т-ий хамт орж ирсэн. А нь эмнэлэг дээр орж ирээд ахыгаа авч явна гэж хэлэхээр нь би А-д: Өнөөдөр ажиглалтад хонуулаадах. Биеийн байдлыг нь хянах шаардлагатай байна гэж хэлсэн. Тэгсэн чинь А нь ахыгаа авч яваад юм хийлгэнэ гэж хэлээд 23 цаг 10 минутын орчимд аваад явсан. Намайг гэртээ орж ирэхэд цаг 23 цаг 20 минут болж байсан. Өглөө намайг ажил дээрээ ирэхэд манай сувилагч У нь талийгаач Э-ыг 2024 оны 07 дугаар сарын 04-нд шилжих шөнийн 01 цагийн үед ирсэн. Би таны хэлсний дагуу вексол, эсмес хийгээд хонууллаа гэж хэлсэн. Би тэгээд Э-ыг өглөөний 07 цаг 50 минутын үед өрөөнд орж үзэхэд бөөлжөөд царай нь цонхийчихсон байсан. Би тэгээд хүмүүсээ яаралтай дуудаад яаралтай эрчимт эмчилгээний өрөө рүү оруулсан. Яаралтайгаар даралт дексометазон 8 мл/гр-р 250-тай натрит найруулж дуслаар хийсэн. Викосал булчинд, транлок 5 мл-р 250 гр натрит дуслаар, амин үзүүлэлтийг хянаж байгаад 08 цаг 30 минутад эхоны эмчийг дуудаж, хэвлийг эхогоор харсан. 09 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлэг рүү дотрын эмч Ч эмчтэй утсаар ярьж зөвлөгөө авсан. Тухайн эмч дуудлагаа өг гэж хэлсэн. Аймгийн 103 руу дуудлагыг өгсөн. Мөн гэмтлийн зөвлөх эмч Г, Б, Г эмч нараас зөвлөгөө авч эмчилгээг хийсэн. Натри 0,9 500 гр-тайг дуслаар, рингер 500 гр-тай дуслаар, өвчин намдахаар морифин 1 гр-ыг натри 0,9-г 9 гр-р шингэлж, 3 гр-г судсаар хийсэн. Витамин С-6-г натри 0,9-г 4 гр-р шингэлж судсаар хийсэн. Кокор 50 мл/гр-ын судсаар децно 2 гр-ыг натри 0,9-г 8 гр-р шингэлж судсанд хийсэн. Дексонметазон 8 мл/гр-г 250 гр-тай натрит судсаар хийсэн. Мөн холбогдох эмчилгээнүүдийг хийж, өвчний түүх дээр нарийвчлан бичсэн байгаа. Тухайн үед өвчтөний биеийн байдал хүнд, амин үзүүлэлт тогтворгүй унаад байсан учраас эмчилгээг үргэлжлүүлж хийж байгаад аймгийн төвөөс өвчтөнийг тээвэрлэ гэсэн зөвлөгөөг өгөөд 12 цаг 20 минутад аймгийн төв рүү тээвэрлэлтийг хийсэн. Аймгийн төвөөс гарсан дуудлагатай ******** сумын ******** гэх нэртэй газарт таарч өвчтөнийг шилжүүлэн өгсөн. Би тэгээд тухайн газраас буцаад сумын төв рүү ирсэн. Амь хохирогч Г.Э нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан. Тухайн үед архи үнэртэж байсан. Эрүүл мэндийн байгууллагын хяналтад ямар нэг архаг хууч өвчнөөр хяналтад байдаггүй. Э-ын баруун хөмсөгний дотор талд язарсан шархтай, хоёр хөмсөгний гол хэсэгт мөн язарсан шархтай, зүүн далны дотор хэсэгт хавирга хамарсан зулгарсан шархтай байсан. Нүүр, нүд болон зүүн шанаа хэсэг хавдсан байсан. Харин маргааш өглөө нь харахад нүүр, нүд хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Би тухайн үедээ Э-аас: Та хэнд зодуулсан юм бэ гэж асуухад Э нь: Дүү У зодуулсан гэж хэлсэн. У гэдэг нь Э-ын дүү А-г тэгж дууддаг юм. Г.Э нь ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ******** багт амьдардаг юм. Би тухайн үед шөнийн 01 цагийн үед Э-ыг буцаж ирсэн талаар мэдээгүй. Харин өглөө ажилдаа ирээд мэдсэн. Би ажилдаа ирээд амь хохирогч Э-ыг үзээд шаардлагатай холбогдох арга хэмжээг авч ажилласан гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас)
5.3. Гэрч Б.Т-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Г.А, амь хохирогч Г.Э нарыг танина. А бид хоёр найзууд байгаа юм. Харин талийгаач нь А-ийн төрсөн ах нь байгаа юм. Ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. 2024 оны 07 дугаар сарын 03-ны орой 23 цагийн орчимд эмнэлгийн гадаа би машинтай явж байхад А-тай таарсан юм. А-аас: Чи хаашаа явж байгаа юм гэхэд би хашаагаа янзалж байна гэж хэлээд миний машинд суусан юм. Бид хоёр хамт машинтай явж байгаад би машинаа буудлын гадаа үлдээгээд бид хоёр хамтдаа эмнэлэг рүү алхаж явсан. Эмнэлэг рүү бид хоёр хамт ороод А нь Э ахыг аваад гараад ирсэн. Бид гурав хамтдаа эмнэлгээс гараад хамт алхаж байгаад буудлын тэнд очоод би тэр хоёрт би машинаа аваачиж тавилаа гэж хэлээд салаад явахад тэр хоёр хашаа руугаа алхаад явсан. Би тэгээд хоолоо идчихээд буцаад шөнийн 12 цаг болж байхад ирэхэд А ганцаараа хашааныхаа гранизыг хадаад зогсож байсан. Би тэгээд хашааных нь гранизыг нь хадаж өгч дуусгаад гэр рүүгээ харьсан юм. Би дахиж тэр хоёртой таараагүй. Тэр хоёр надтай хамт явахдаа хоорондоо маргалдаж муудалцаагүй. Хоёр хөмсөгний дундаас нь цус гарчихсан байсан. Би тухайн үедээ Э ахаас эмнэлэгт яагаад очсон талаар нь асуугаагүй. Э архи уучихсан нилээд халамцуу байсан. Г.Э нь ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ********* багт амьдардаг юм. Э ахын эхнэр хүүхэд нь гадаад амьдардаг гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас)
5.4. Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн ******** суманд оршин суудаг. Говь-Алтай аймгийн ******** сумын ******* багийн эмчээр ажилладаг. 2024 оны 07 дугаар сарын 04-ний өглөө ******** сумын төвд эмнэлгийн үүдний автомашины зогсоол цутгаж байхад эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Б над руу залгаад аймаг руу хүнд өвчтэй хүн хүргэж өгөхөөр явна шүү гэж хэлсэн. 12 цагийн орчимд эрүүл мэндийн төвийн дарга Ө.А, жолооч Р.С, сувилагч Г.Э нарын хамт Г.Э гэх өвчтөнг аймаг руу авч яваад ******** сумаас 40 орчим километр зайд ******* сумын ****** гэх газарт аймгаас гарсан эмнэлгийн бүрэлдэхүүнд өвчтөнг хүлээлгэж өгөөд буцаж сумын төвд ирсэн. Г.Э гэх өвчтөний биеийн байдал хүндэвтэр байсан. Сумын их эмч аймаг руу холбогдож зөвлөгөө авч байсан. Тэгээд аймгийн нэгдсэн эмнэлэг болон сумын эрүүл мэндийн төвөөс бүрэлдэхүүн гарч өвчтөнг замын голд солилцохоор тохиролцож 12 цагийн орчимд сумаас аваад хөдөлсөн. Г.Э-ын 2 нүд нь хөхөрсөн, хөмсөгний гол хэсэгт зүсэгдсэн шарх ил харагдаж байсан. Би өөрөө тухайн хүнд эмчилгээ хийгээгүй учир биеийн бусад газарт ямар шарх байсныг сайн мэдэхгүй байна. Г.Э гэх өвчтөнд сумын их эмч Ө.А, Ж.Б нар аймгийн төв рүү холбогдож зөвлөгөө аваад эмчилгээ хийсэн. Г.Э-ын биед сумын их эмч нар эмчилгээ хийсэн болохоор би ямар эмчилгээ хийсэн талаар сайн мэдэхгүй байна. ******** сумын төвөөс аймаг руу авч явах замд Г.Э-д шингэн сэлбэх, зүрх судас дэмжих, тайвшруулах, өвдөлт намдаах, хүчилтөрөгчийн эмчилгээнүүдийг хийж яваад аймгаас гарсан эмнэлгийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Аймаг руу авч явах замд Г.Э-ын амин үзүүлэлтүүд тогтвортой байсан. Цусны ерөнхий шинжилгээ, жижиг төхөөрөмжөөр хэвлийн эхо үзлэг хийсэн гэж байсан. Г.Э-ын биед цус багадалтын шинж тэмдэг илэрч байсан. Өвдөлт ихтэй байсан учир өвчтөнг дотуур цус алдалттай байж магадгүй гэх таамаглал байсан. Г.Э-ын биеийн байдал хүнд байсан учир өөрийн биеийн байдлын талаар нь цөөн хэдэн зүйл асуусан. Хэлж ярих нь бага, дохио зангаагаар хариулж байсан. Ямар шалтгааны улмаас гэмтэж бэртсэн талаар нь тодруулж асуугаагүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас)
5.5. Гэрч Т.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 22 цаг 30 минутын үед амь хохирогч Г.Э нь ганцаараа манай эрүүл мэндийн байгууллагад орж ирсэн. Би ээлжийн сувилагчаар 16 цагийн үүргийг гүйцэтгэж байсан. Би өөрөө өвчтөнүүдийн эмчилгээг хийгээд хоёр давхарт явж байхад эмч А утсаар залгаад намайг дуудсан. Би хоёр давхраас буугаад хүлээн авахын өрөөнд ороход А эмч, амь хохирогч Г.Э-ыг үзэж байсан. Эмчийн заавраар өвдөлт намдаах тариаг булчинд хийсэн. Тухайн үед амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн байсан ба их хэмжээгээр архи үнэртэж байсан. Эмч надад эмчилгээг хэлж өгсөн. Энэ хүнийг хяналтад хонуулах хэрэгтэй байна. Энэ хүн өөрөө согтуу байгаа учраас сайн үзүүлэхгүй байна гэж хэлсэн. Эмчийг үзэх гээд биед нь ойртох үед гарыг нь түлхээд үзүүлэхгүй байсан. Эмч надад хийх эмчилгээг бичиж өгөөд өөрийнхөө өрөө рүү орсон. Г.Э нь намайг ээж рүү утсаар залгаад өг гэж хэлсэн. Би өөрийнхөө утсаар ээж Н-ийнх нь утас руу залгаж өгсөн. Ээжтэйгээ утсаар яриад ээж та эмнэлэг дээр хүрээд ир. Би эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Амь хохирогчийг хяналтад хонуулах гэж өрөөнд оруулсан. Өрөөнд оруулснаас хойш 10 минут орчим гэж бодож байна. Гаднаас дүү болох У /А/ орж ирээд ахыгаа асуухаар нь би хяналтад хонуулахаар энд өрөөнд оруулсан байна. Өвчин намдаах тариа хийсэн байгаа гэж хэлсэн. Тухайн үед А нь найз Т-ий хамт орж ирсэн. А нь ахыгаа авч явах гээд эмч бид хоёр наад хүнийг чинь хяналтад хонуулах гэж байна. Авч явж болохгүй гэхэд А нь: Бид хоёр юм хийх гэж байгаа юм гээд гараас нь татаж аваад эмнэлгээс 23 цаг 10 минутын орчим аваад гарсан. А эмч Э-ыг шөнө буцаад ирвэл өвчин намдаах смесс найруулж хийгээд юуны магад цус тогтоох вексел гарын булчинд хийгээд зовуурийг нь асуугаад хоноорой гэж хэлээд эмч гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 45-46-р хуудас)
5.6. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “...1. Амь хохирогч Г.Э-ын цогцост бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3 литр/ зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал, дух, баруун дээд зовхи, зүүн хацарт, хавирганы нум, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Амь хохирогчийн цогцост үүссэн бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /3 литр/ гэмтэл нь амь насанд аюултай тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Зүүн талын 3, 4, 5, 6, 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад зулгаралт гэмтэл нь “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 2.7.3-д зааснаар хохирлын зэрэг тогтохгүй. 4.5. Амь хохирогч нь бүдүүн гэдэсний тасрал гэмтлийн улмаас цуллаг эрхтнүүдийн цус багадалт болон гялтантасаар хүндэрч амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. 6. Амь хохирогч архины гаралтай зүрхний булчингийн эмгэгшил, архины гаралтай элэг цөсний архаг үрэвсэл, архины гаралтай нойр булчирхайн хатуурал өвчтэй байх ба уг өвчин шууд үхэлд нөлөөлөөгүй байна. 7. Амь хохирогч Г.Э-д тухайн үед сумын эмч анх үзэхдээ хүнд хүнийг эрэмбэлэн ангилалт хийж яаралтай дараачийн шатлал буюу аймгийн нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлэх байжээ. Хугацаа алдаагүй бол амь насыг нь аврах боломжтой байжээ. 8. Эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу хийсэн байна...” гэх 40 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 69-77-р хуудас) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д: “...Г.А-д оногдуулсан ял шийтгэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг хөнгөлж, өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А: “...амь хохирогч Г.Э нь миний төрсөн ах, шүүгдэгч Г.А нь миний төрсөн дүү юм. Талийгаач Г.Э-ын хувийн байдал, зан харилцааны талаар миний бие мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хангалттай мэдүүлсэн. ... Г.А-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэж,
Прокурор Б.Т: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй. Иймд Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэж тус тус гомдол, эсэргүүцэл гаргасан байна.
7. Хүнийг алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагдана.
Өөрөөр хэлбэл, хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
8. “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр байж, бусдын амь насыг хохирооход шууд чиглэсэн, хохирогчийн үхлийг хүссэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бол “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэрэг нь бусдад хүнд гэмтэл учруулах үйлдлийг санаатайгаар хийсэн боловч энэ үйлдлийн улмаас хохирогч нас барахыг тооцоолоогүй, хохирогчийн үхлийг шууд хүсээгүй байдгаараа ялгагддаг.
9. Шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохирооход шууд чиглэсэн хохирогчийн үхлийг хүсч санаатай үйлдэл хийсэн байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.
10. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно...” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр өөрчлөн зүйлчилж шийдвэрлэжээ.Шүүгдэгч Г.А нь өөрийн төрсөн ах болох амь хохирогч Г.Э-ын амь насыг хохироох субьектив санаа зорилго агуулаагүй, амь хохирогч архийг тогтмол хэтрүүлэн хэрэглэдэг нөхцөл байдал нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, дүү нь түүний үхлийг санаатай хүсч үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.
11. Г.А-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл энэ талаар гаргасан саналыг харгалзан үзэхээр зохицуулсан байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгах боломжгүй тул дээрх зохицуулалтыг хэрэглэх боломжгүй байна.
13. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
14. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, прокурор Б.Т нарын гаргасан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, прокурор Б.Т нарын гаргасан гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.А-ийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 72 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанаас нь хассугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Ш.БАТТОГТОХ