Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 311/ШШ2025/00595

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын..... багт оршин суух, А.Г......н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ........ сумын .......д холбогдох,

Завхан аймгийн ........ сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улиастай хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г......., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А......, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Н......, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Г.......шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Г....... 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн ......сумын хот тохижилт үйлчилгээний албаны даргаар томилогдсон. Түүнээс хойш 5 сарын хугацаанд ажлаа чин шударгаар хийж байсан. Өмнөх жилүүдээс ажил сайжирсан. Яагаад албан тушаал буруулсныг ойлгохгүй байна. Ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэл болон цалин хөлсийг нөхөн төлүүлэх болон ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Надад гаргасан зөрчил, дутагдал байхгүй. Манай байгууллага аудитын байгууллагаар байнга шалгагддаг. Аудитын дүгнэлт гардаг. 2023 оноос хойших жилүүдийг харахаар ажил үйлчилгээ сайжирч явсан. Ажил сайжруулна гэж яриад байх юм. Менежер байсан хүнийг миний дарга болгоод ажил сайжирна гэсэн ойлголт байхгүй гэж бодож байгаа юм. Тухайн томилсон хүн нь менежер байх хугацаандаа ажлаа хийдэггүй байсан. Хот тохижилтын менежерийн албан тушаалд томилох хүнийг тухайн байгууллагын дарга нь томилдог. Засаг дарга томилох эрхгүй албан тушаалтан юм. Иймд 2025 оны 07 сарын 01-ны өдрийн Б/01 тоот "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улиастай хот тохижилт үйлчилгээний алба орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгалын шитгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.Н..... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Г.......ийг ажлаас чөлөөлөх болсон шалтгаан нь ажлын байранд ажилчидтайгаа ёс зүйгүй харилцдаг, санхүүгийн хэд хэдэн зөрчил гаргасан учир албан тушаалыг нь бууруулсан. Тэрнээс биш ажлаас чөлөөлсөн зүйл байхгүй. Менежер гэх албан тушаалд томилогдсон байгаа. Иймд ямар нэгэн байдлаар нийгмийн даатгал болон цалингийн зөрүү гарахгүй. Ажил, албан тушаалд томилсон байхад захирамжийг биелүүлэхгүйгээр ажилдаа очихгүй байна. Энэ байдал өөрөөс нь шууд хамаарч байгаа асуудал юм. Ийм учраас энэ хүний цалин болон нийгмийн даатгал зэргийг төлөх шаардлага байхгүй, төлөх үндэслэл байхгүй. ...Засаг дарга нь томилох, чөлөөлөх, шаардах эрхтэй.

...Улиастай сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 сарын 25-ны өдрийн хуралдаанаар А.Г.....ийн ажлыг хангалтгүй гэж дүгнэж, ажлаа сайжруулах үүрэг өгч, 2024 оны 12 сарын 30-ны өдөр албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн баталж өгсөн.

...гэтэл ажил байдлын тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж ажил сайжруулах тайлангаа дахин тавих талаар чиглэлийг өгөхөд удаа дараа ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлэхгүй байсан тул түүнд 2025 оны 01 сарын 08-нд 01 дугаартай албан бичгээр хугацаатай үүрэгт өгсөн. Гэтэл уг албан бичгийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үүрэг даалгаврын тайлан ирүүлээгүй улмаас дахин 2025 оны 06 сарын 20-ны өдөр албан бичиг өгсөн. Мөн адил албан бичгийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, үүрэг даалгаврын тайлан ирүүлээгүйн улмаас 2025 оны 07 сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

...нэхэмжлэгч Баянхонгор явсан хойгуур шийдвэр гаргасан гэж ярьж байна. Баянхонгор явахдаа Улиастай сумын засаг даргаас чөлөө авах ёстой бөгөөд надаас чөлөө авсан зүйл байхгүй байсан тул би Баянхонгор явсныг нь мэдээгүй. Тухайн үед шийдвэрээ гаргасан. Мөн туршлага судлах нэрийн дор нарийн бичиг, жолооч гэх мэтчилэн хүмүүстэй төсвөөс мөнгө гаргаж явсан. Явахдаа надаас чөлөө, зөвшөөрөл аваагүй. Залуу хүн гээд санхүүгийн зөрчил гаргаад байж болно гэсэн ойлголт байхгүй. Энэ Г.......ийн байгууллага биш, энэ бол төрийн байгууллага. Би ажлаас чөлөөлөөгүй, албан тушаал буруулсан. Хот тохижилтын дарга таныг мөн менежерээр томилсон тушаал гаргасан. Байсан. Танд хэд хэдэн удаа танилцуулсан байна. Та цалингаа авч байсан. Ажлын байрандаа үндэслэлгүйгээр ирэхгүй байвал мөн чөлөөлөх асуудал яригдана. Хөдөлмөрийн тухай хуульд албан тушаал бууруулах гэсэн заалтыг сонгон хэрэглэсэн. Даргын доод талын албан тушаал нь менежер юм. Миний гаргасан захирамж үндэслэл бүхий учир миний шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Г.......т 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Сахилгын шийтгэл нь сахилгын шинж байдалдаа тохирч байх ёстой. Сахилгын шийтгэл нь албан тушаалд тохирсон байх ёстой. Ажлын байрны зорилго, зорилт биелүүлээгүй зүйлийн талаар ярьж байна. Ажил олгогчийн зүгээс зорилт зорилгыг биелүүлэхийг шаардах нь зүйн хэрэг. Ажил олгогчийн эрхийн асуудал. Улиастай сумын Засаг даргын эрх хэмжээ нь Улиастай сумын Засаг даргын тамгын газар бөгөөд удирдах албан тушаалтныг томилж чөлөөлнө. Нэхэмжлэгчийн зүгээс буруу ярьсан байж болно. Менежерээр томилох эрхгүй, чөлөөлөх эрхтэй гэж байна. Томилж л байгаа юм чинь чөлөөлөх эрхтэй. Энэ дээр хариуцагч талтай санал нэг байна. Сахилгын хэд хэдэн шийтгэл байдаг, нээлттэй, хаалттай сануулах, цалинг 20 хувиар 3 сар хасах, албан тушаал бууруулах, ажлаас халах гэсэн сахилгын шийтгэлүүдээс сонгох боломжтой. Хариуцагч халах ч боломжтой. Албан тушаал буруулах сахилгын шийтгэлийн хувьд засаг даргын бүрэн эрхийн хэмжээ хүрэхгүй. Засаг дарга хот тохижилтын менежерийг томилж чөлөөлж байгаа юм бол бүх ажилтныг нь томилж чөлөөлөх асуудал яригдана. Иймд буруу сахилгын шийтгэл оногдуулсан байна гэж үзэж байна. Сахилгын шийтгэлийг буруулах боломжтой байхаар байх ёстой. Тохиромжтой сахилгын шийтгэлийг сонгоогүй байна. Ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийг биелүүлээгүй гэдэг нь чухам ямар ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргийг нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй юм бэ гэдгийг баримтаар нотлох ёстой.

...нэхэмжлэгч ажил албан тушаалд буруу шилжүүлсэн байх бөгөөд хуульд заасан хугацаанд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсан байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад гурван талт хороонд яг хэдний өдөр хандсан болох нь тодорхойгүй байна. Гэхдээ гурван талд хорооны хурал 07 дугаар сарын 30-нд хуралдсан байгаа учир 07 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө хандсан гэж үзэж байна. Гурван талд хорооны шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй гэсэн байдаг. 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл байдаг. Тэгээд ажлын 9 дэх өдрөө нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, .....сумын Засаг даргын 2025 оны 07 сарын 01-ний өдрийн Б/01, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай захирамжууд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Завхан аймгийн ...... сумын хот тохижилт үйлчилгээний албаны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2025 оны 07 сарын 07-ны өдрийн ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл, ....... сумын хот тохижилт үйлчилгээний албанаас ..... сумын Засаг даргад Ч.Н.....д хандаж хүргүүлж байсан тухай 2025 оны 01 сарын 22-ны өдрийн 12 албан бичиг, замын цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой тоног төхөөрөмжийн бэлэн байдлын судалгаа, албан бичгийн стандартын хэрэгжилт, хүний нөөцийг чадавхжуулах талаар хүний нөөцийн судалгаа, хот үйлчилгээний газрын цэвэрлэгээ үйлчилгээний төлөвлөөгөө, ажлын тайлан зэргийг баримтаар ирүүлсэн байна.

Хариуцагч нараас нотлох баримтаар: Нэхэмжлэлд хариу тайлбарыг ирүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Г......нь хариуцагч Завхан аймгийн ......сумын Засаг даргад холбогдуулан, Завхан аймгийн ....... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Улиастай хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч тал ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй ажилласан нь тогтоогдсон. үүрэг даалгаврын тайлан ирүүлээгүй, мөн санхүүтэй холбоотой асуудал байгаа учраас албан тушаал бууруулах арга хэмжээ авагдсан. энэ нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. гэж тайлбарлан маргасан.

Шүүх хэрэгт авагдсан, тодорхойлох хэсэгт дурдагдсан, зохигчдын гарган өгсөн нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.Г........ийг Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын даргаар томилсон болох нь Завхан аймгийн ......... сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/02 дугаартай А.Г.......йг томилох тухай захирамжаар тогтоогдож байна.

Улмаар Завхан аймгийн ....... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай тушаалаар нэхэмжлэгч А.Г......ийг дээрх албан тушаалаас нь чөлөөлж, менежерийн албан тушаалд шилжүүлэн томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Нэхэмжлэгч А.Г........нь дээрх У....... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг эс зөвшөөрч Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч маргалдагч талууд эвлэрч тохиролцоонд хүрээгүй, хуралдаан дуусгавар болсон байна.

Түүнчлэн Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг хүлээн авч дээрх тушаалыг үндэслэлгүй гэж үзэн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, уг олговроос нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хариуцагч байгууллагад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Ажилтны ажлаас чөлөөлсөн шийдвэр нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирсон байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд ажил олгогчийн санаачилгаар тухайн зүйл, хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож ногдуулахаар тус тус заажээ.

Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч буюу ажил олгогчоос А.Г....... нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчиж сахилгын зөрчил гаргасныг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Иймд Завхан аймгийн Улиастай сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байсан А.Г......ийг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжаар албан тушаалын тодорхойлолт заасан зорилго, зорилтоо биелүүлж ажиллаагүй, ...Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, хангалтгүй ажилласан нь тогтоогдсон. үүрэг даалгаврын тайлан ирүүлээгүй, мөн санхүүтэй холбоотой асуудал байгаа гэсэн үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийг зөрчиж хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн төрлийг оновчтой сонгож, хэрэглэж чадаагүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-123.2.3, 123.2.5 дахь заалтад заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу ногдуулах бүрэн эрхтэй боловч сумын Хот тохижилт үйлчилгээний алба ОНӨТҮГ-ын даргыг тухайн төвийн бүтэц, бүрэлдэхүүнд харьяалах албан тушаалд бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нь хууль зүйн боломжгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад заасан албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл гэж хөдөлмөрийн сахилгын шийтгэл гаргасан нь тогтоогдсон ажилтны ажиллаж байгаа ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, албан тушаалыг ажиллах нөхцөл, хангамж, бүрэн эрхийн хувьд дордуулж, ажлын байрыг нь ажил олгогчийн санаачилгаар өөрчлөх буюу бууруулахыг ойлгох бөгөөд ажилтны буурч байгаа ажил, албан тушаал нь тухайн ажилтны ажиллаж байгаа байгууллага дотор, эсхүл түүний харьяа нэгжид харьяалагдахаас гадна ажил олгогч ажилтныг ажиллаж байгаа байгууллага болон түүний харьяа нэгжээс өөр байгууллагад албан тушаал бууруулан томилж байгаа бол тухайн бууруулж байгаа ажлын байранд ажил олгогч томилох хуульд заасан бүрэн эрхтэй байх шаардлагатай.

Гэтэл Завхан аймгийн .......сумын Засаг дарга нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай захирамжаар Улиастай Хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дарга А.Г.......т албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал буурсан А.Г........ийг менежерийн ажилд томилж ажиллуулж байгаа нь дээрх хуульд заасан шалгуурыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл ...... Хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын менежерээр ажилд томилж ажиллуулах эрхийг хуулиар олгоогүй бөгөөд сумын Засаг дарга нь ...Хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргад албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах нэрийдлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авахаар заасан байх ба хариуцагчийн зүгээс албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгдээгүй бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймээс нэхэмжлэгч А.Г......ийн гомдлыг хангаж, Завхан аймгийн ....... сумын Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, А.Г.....ийг ..... хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилж шийдвэрлэсэн тул ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тооцоход нэг сарын дундаж цалин хөлсийг түүний 2025 оны 5 дугаар сард 2,961,880 төгрөгийн, 6 дугаар сард 3,467,280 төгрөгийн, 7 дугаар сард 2,810,760 төгрөгийн авсан цалингийн дунджаар тооцож, 3,079,973 төгрөг гарсан. Нэхэмжлэгч нь 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 103 хоног ажилгүй байсан байна. Ажилтны 1 өдрийн дундаж цалин хөлс 3,079,973/21,5 гээд 143,254 төгрөг байх тул 103 хоногт тооцохоор 14,755,162 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин олговорт гаргуулж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн ...... сумын Засаг даргад холбогдох, тус Засаг даргын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/01 дугаартай "Албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалыг хүчингүй болгож, ...... овогт А..... Г.....ийг урьд эрхэлж байсан Улиастай хот тохижилт үйлчилгээний алба, орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 14,755,162 /арван дөрвөн сая долоон зуун тавин тав нэг зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Г.......т олгож, уг олговроос эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагч Завхан аймгийн ......... сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ