Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 126

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Х.Санжидмаа даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ                                                                                                                       

Улсын яллагч С.Сугар 

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарын өмгөөлөгч  Ж.Цээсүрэн

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б,  Ж.Э нарт  холбогдох эрүүгийн 1830001050088 дугаартай  хэргийг  2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 Монгол Улсын иргэн 1989 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 5,  эцэг, эх, дүү нарын хамт амьдрах,  ял шийтгэлгүй, Н.Б. 

 

 Монгол Улсын иргэн 1989 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2,  эхийн хамт амьдрах,  ял шийтгэлгүй, Ж.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

          Шүүгдэгч Н.Б, Ж.Э нар  нь бүлэглэн  2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр  Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газар байх иргэн Ц.Тийн өвөлжөөн дээрээс түүний эзэмшлийн пронтер маркийн тээврийн хэрэгслийн моторыг  машин механизм ашиглан , хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгт   холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 13-нд Сүхбаатар аймгийн Наран суманд байдаг манай найз шарил ачаад яваад өгөөч  гэж гуйсан. Тэгээд 03 дугаар сарын 13-ны өглөө аймгийн төвөөс гараад, өдөр нь наашаа буцаж ирэхдээ Дарьганга сумаас хүн тээвэрлэх гэтэл хүн олдохгүй байсан. Тухайн үед гадаа нартай, дулаахан байсан учраас шавар ус ихтэй байсан. Тэгэхээр нь Онгон сум руу ирээд 12 цаг хүртэл хүн хүлээж байгаад хүн олдохгүй болохоор нь аймгийн төв рүү гарсан. Тэнд байсан сумын машинууд хүнээ олоод гарахаар нь дагаад гарсан. Тэгээд говьд явж байтал миний нойр хүрээд  Эд машинаа бариулсан. Жаахан унтаж байгаад сэрэхэд өөр замаар явж байсан.   Би машинаа бариад  айлын өвөлжөө харагдахаар нь зам асуух гээд очиход хүнгүй байсан. Тэр өвөлжөө замаас 300-400 метр зайтай, шавар, шавхай их байсан. Машин халтираад сайн явахгүй болохоор нь машинаа хүндэрүүлэх гээд  өвөлжөөн дээр байсан хуучин машины моторыг  авсан гэв.

 

Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 03 дугаар сарын 12-нд Б над руу ирээд маргааш өглөө Дарьганга сум руу хамт яваад өгөөч гэхээр хамт явсан. Буцаад аймаг явахад Дарьганга сумаас хүн олдохгүй болохоор нь Онгон суманд ирж хүн харж байгаад 12 цаг өнгөрөөгөөд гарсан. Замдаа Бын нойр  хүрээд байна гэхээр нь би машиныг  барьсан. Би зам сайн мэдэхгүй. Тэгсэн Б буруу зам руу орсон байна гээд машинаа барьсан. Өвөлжөө харагдахаар нь зам асуух гэж очсон. Тэнд очиход мотоцикль байсан боловч хүн байгаагүй. Тиймээс машиныхаа арыг хүндрүүлэх зорилгоор машины мотор байхаар нь авсан гэв. 

 

Хохирогч Ц.Тийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манайх Онгон сумын 2 дугаар багийн нутаг Х гэх газарт өвөлжиж байгаад 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хаваржаандаа буух гээд нүүдэл хийсэн юм. Тэгээд гэрээ ачаад 10 цаг өнгөрөөгөөд хаваржаа руугаа хөдөлсөн юм. Манай өвөлжөөнөөс хаваржаа хүртэл 12 км зайтай. Өвөлжөөнөөс явахдаа машинд багтаагүй зарим зүйлсээ орхиод явсан. Тэгээд буцаад 16 цагийн орчим өвөлжөөн дээрээ ирэхэд миний пронтер маркийн тээврийн хэрэгслийн сольж тавьсан байсан хуучин мотор байхгүй байсан. Би 2017 оны 12 дугаар сард өөрийнхөө пронтер маркийн машиндаа бүтэн хайрцгийн мотор авч сольж тавьсан. Тэгээд хуучин мотороо гэрийнхээ гадаа хучаад орхисон байсан. Миний машины хуучин мотор нь гар бие нь чангараад түрж юмуу чирч асаадаг байсан. Тэгээд өвөл болоод асахгүй болно гэж бодоод шинэ мотор авч тавьсан. Би машиныхаа моторыг олоод авсан болохоор надад гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

 

         Гэрч Ч.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Н.Б, Ж.Э нарыг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Би Хурд авто засварын газрын засварчнаар ажилладаг юм. 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр намайг ажил дээрээ байхад Онгон сумын хэсгийн төлөөлөгч нэг машины мотор авчраад үзээд өгөөч “ дутуу юм байна уу “гэсэн. Тэгээд би тэр моторыг үзэхэд Пронтер маркийн машины мотор байсан. Тэр моторыг Онгон сумын хэсгийн төлөөлөгч хулгайн мотор байгаа юм гэж байсан. Цуг манай найзууд болох Б, Э нар ирсэн. Тэгээд би тэр хоёроос учрыг асуухад тэр моторыг айлын өвөлжөөн дээрээс ачаад ирсэн юм гэж байсан. Манай авто засварын газарт  үзүүлэх гэж л ачиж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/

 

Гэрч П.Бийн мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр орой 22 цагийн орчим Э, Б нар Истана машинтай ирээд манай хашаа эзэнгүй байна,  танайд машины мотор түр үлдээчихье гээд нэг машины мотор  манай хашаанд тавьсан. Ямар машины мотор байсныг сайн анзаараагүй, дизель тэрэгний л мотор байсан. Маргааш нь би хөдөө гэр рүүгээ явсны дараа манай хүүхэд над  руу утсаар яриад нөгөө моторыг чинь Э ах найзтайгаа ирж авч явсан гэж ярьсан. Ж.Э, Н.Б нар манай хашаанд анх ирж мотор тавихдаа хөдөө явах гэж байгаа юм, манай хашаа эзэнгүй болохоор алга болох байх гэж бодоод байна, танай хашаанд тавьчихъя, маргааш ирээд авна” гэхээр нь би зөвшөөрсөн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Би тэр моторыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 17-18/

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 45/

Ж.Эгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5-р багийн  Засаг даргын 2018.05.14-ний өдрийн 5/437 дугаар тодорхойлолт /хх-ийн 37/

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3-р багийн  Засаг даргын 2018.05.14-ний өдрийн 3/259 дугаар тодорхойлолт /хх-ийн 41/

Н.Бын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Э, Н.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Ж.Э, Н.Б нар  нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр  Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг “Х” гэх газар  оршин суух хохирогч  Ц.Тийн өвөлжөөн дээрээс түүний эзэмшлийн пронтер маркийн тээврийн хэрэгслийн моторыг   хулгайлан  авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Т,  гэрч Ч.У,  П.Б нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б, Ж.Э нарын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,  хууль бусаар авсан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нар нь хулгайлсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор автомашин ашигласныг учрах саадыг арилгах зорилгоор автомашин ашигласан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Иймд Н.Б,  Ж.Э нарыг бүлэглэн,  хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарт ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсэн тул шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн зэргийг харгалзан Н.Б, Ж.Э нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг / жилийн  хугацаагаар тэнссэн болно.

Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Ц.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Сүхбаатар аймгийн Прокуророос шүүгдэгч  Н.Б, Ж.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2.Шүүгдэгч Н.Б, Ж.Э нарыг бүлэглэн хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн  17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Э нарт   хорих ял оногдуулахгүйгээр тус бүр  1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6,8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б, Ж.Э нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Н.Б, Ж.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Н.Б,  Ж.Э нар  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч  Ц.Т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА