| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 2329003580037 |
| Дугаар | 2025/ДШМ/21 |
| Огноо | 2025-03-19 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/21
2025 оны 03 сарын 19 өдөр Дугаар 2025/ДШМ/21 Даланзадгад сум
Б.*******од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /цахим/,
Шүүгдэгч Б.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөр
Хохирогч Э.******* /цахим/,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал /цахим/,
Иргэний нэхэмжлэгч “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.*******,
Нарийн бичгийн дарга А.Ариунаа нарыг оролцуулан
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/455 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хяналтын прокурор В.Төгсбаярын гаргасан эсэргүүцлийг үндэслэн Б.*******од холбогдох 2329003580037 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Ханбогд сумын *******, нүүрс тээврийн авто Замын 119 дэх километрт ******* улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.12 заалтад заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, мөн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан ******* улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн Э.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Б.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатигин овгийн
Бэгзсүрэнгийн *******од холбогдох 2329003580037 дугаартай 2 /хоёр/ хавтас
эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газарт
буцааж,
Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.*******од авсан хувийн баталгаа
гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн
эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:
1. Анхан шатны шүүх шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн байна. Учир нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тодорхойлон заасан, энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг зөрчиж, шийдвэртээ шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ямар ажиллагаа хийлгэх, эсхүл мөрдөн шалгах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн аль заалтыг, хэрхэн зөрчсөн эсэхийг огт дурдаагүй.
Мөн өмгөөлөгч О.Буянтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин шинжээч томилуулах талаар гаргасан хүсэлтийн дагуу Монгол улсад авто тээврийн чиглэлээр дүгнэлт гаргах эрх бүхий бүх байгууллагад шинжээч томилсон тэд бүгд дүгнэлт гаргах боломжгүй тухайгаа илэрхийлж ирүүлсэн албан бичгийг хэрэгт хавсаргасан.
Түүнчлэн шинжээчийн дүгнэлт гаргах эрх олгогдсон албан ёсны гэрчилгээ буюу сертификаттай мөрдөгчөөр магадалгааг гаргуулсан бөгөөд гэрчилгээг шүүх хуралдааны шатанд гаргаж өгч хэрэгт хавсаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Мөрдөгчийн магадалгааг үндэслэлгүй гэж үзвэл прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэн шинжээч томилж болно”. гэж заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд дээрх мөрдөгчийн гаргасан магадалгааг үндэслэлгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн хуулийн уг заалт нь заавал шинжээч томилохоор зохицуулсан зохицуулалт биш юм.
Хуулийн энэхүү заалтыг прокурор зөрчиж, өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад заасан эрхийг эдлүүлээгүй байна.” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “....эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна.” гэж заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаас татгалзсан, хориглосон шийдвэрийг прокуророос гаргаагүй.
Хүсэлт, гомдлыг хангаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн ажиллагаа болон бусад ажиллагааны үед хүсэлт, гомдол дахин гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд өмгөөлөгч О.Буянтөр нь хүсэлтийг хангаагүй талаарх гомдлоо дээд шатны бүх прокурорууд болон шүүхэд гаргаж эрхээ эдлэн оролцож байгаа болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах, нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан бөгөөд өмгөөлөгч уг эрхийнхээ дагуу шинжээчийн дүгнэлттэй танилцсан, өөрийнхөө зардлаар хуулбарлаж, хувилж авах талаар хүсэлт гаргаагүй, нэмэлт ба дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргах эрхээ эдэлсэн, уг эрхүүдээ эдлэхэд нь прокурорын зүгээс хориглосон шийдвэр гаргаагүй, хүсэлтийг хангахаас татгалзсан хариуг хуульд заасан журмын дагуу мэдэгдэн тэрээр прокурорын шийдвэрт гомдол гаргах эрхээ эдэлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад "өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах” эрхтэй гэж заасан бөгөөд энэ хэрэгт О.Буянтөр өмгөөлөгчийн үйлчлүүлэгч болон түүний хүсэлтээр хийгдсэн ажиллагаа байхгүй бөгөөд түүнийг мөрдөн шалгах ажиллагаанд байлцах, аль ч үе шатанд асуулт тавих, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан хориглосон шийдвэр прокурор гаргаагүй, тэр талаарх баримт хэрэгт байхгүй байхад өмгөөлөгчийн эрхийг прокурор зөрчсөн мэтээр дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт: “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасныг болон мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1-6.17 дахь хэсгийн заалтуудыг ноцтой зөрчсөн.
Учир нь захирамжид заагдсан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагаа байгаа, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ямар журмыг хэрхэн зөрчсөн, хэргийн оролцогчийн ямар эрхийг, хэрхэн, яаж хууль бусаар хязгаарласан гэж дүгнэсэн талаар захирамждаа шүүх тодорхойлж дурдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.21 дүгээр зүйлд “Шинжээчийн дүгнэлтийг шинжлэн судлах, шинжээчээс мэдүүлэг авах, нэмэлт шинжилгээ хийлгэх” талаар хуульчилсан, энэхүү ажиллагаа нь гэм буруугийн шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлгийн үе шат дахь ажиллагаанд хамаарах ажиллагаа байтал шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/455 захирамжийг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэгдүгээрт шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой асуудал байдаг. Шинжээчийн дүгнэлтийг бид нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргавал зохих эрх бүхий албан тушаалтнуудаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилж өгнө үү гэдэг албан тоотыг явуулсан боловч шинжээч томилох боломжгүй гэдэг хариуг албан ёсоор өгсөн. Уг хариуг хэрэгтээ авч хийгээд арга буюу мөрдөгчөөр дүгнэлт гаргуулсан. Тухайн мөрдөгч нь зохих сургалтад нь хамрагдаж гэрчилгээгээ авчихсан мөрдөгч байсан. Давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын дагуу би шүүх хуралдаанд оролцохдоо мөрдөгчийнхөө гэрчилгээг нь нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ хүн нь тусгай мэдлэггүй хүн биш, сургалтад нь хамрагдаж, гэрчилгээ, сертификаттай хүн. Баримт нь энэ байна. Үүнийг хэрэгт нотлох баримтаар өгье гээд шүүх хуралдаан явагдсан. Ингээд энэ дүгнэлт эрх бүхий албан тушаалтны мэргэжлийн сургалтад хамрагдсан гэрчилгээтэй хүний шинжээчийн дүгнэлт байсан гэдэг нь тогтоогдоод хэрэг шүүхээр хэлэлцэгдсэн.
Яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тогтоол хүчингүй болоогүй байдаг. Тэгээд урьдчилсан хэлэлцүүлгээрээ хэлэлцээд буцаачихаж байгаа юм чинь хууль зөрчөөд байна гэж харна. Шинжээчийн дүгнэлт гэдэг юм чинь хэрвээ үнэхээр эргэлзээтэй байх юм бол шүүхэд шинжээч томилох эрх нь байгаа. Шинжээч томилъё, эргэлзээтэй байна гэх юм бол шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулаад шинжээчээ томилуулж болно. Шүүгчийн захирамжид нөгөө хүмүүс нь ямар хариу өгөхийг нь мэдэхгүй. Гэхдээ шүүхийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй газрууд нь шинжээчийн дүгнэлтээ гаргах л ёстой. Ингээд хэргээ шийдэх боломжтой. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш, боломжтой ажиллагаа байна. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад буцааж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.
Эсэргүүцлээ бүрэн дүүрэн дэмжиж байна. Гол үндэслэл нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тогтоол хүчин төгөлдөр байхад урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад байгаа нь буруу байна. Өөрөөр хэлбэл хурал эхлээд шийтгэх тогтоол гарчихсан. Нөгөө талдаа шинжээч томилохтой холбоотой асуудлыг 60 хүртэл хоногоор хойшлуулах юм бол шинжээч томилох бүрэн эрх нь шүүхэд байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.
Хохирогч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэхүү эсэргүүцлийг дэмжиж байна. Миний биеийн байдлын хувьд өвдгөндөө асуудалтай болсон. 05 дугаар сард хагалгаанд орох заалттай байгаа. Гэр орны маань санхүүгийн байдал маш хүнд нөхцөлд байна. Энэхүү хэрэг удаашралтай байгаа тул гомдолтой байна. Хэргийг шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Буянтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлтийг миний бие өмгөөлөгчийнхөө хувьд мөрдөн шалгах ажиллагааны хэрэг бүртгэлтийн шатанд ч тэр мөрдөн байцаалтын шатанд ч тэр, шат шатанд нь шинжээч томилуулъя гэдэг хүсэлтийг гаргасаар ирсэн. Гэтэл прокуророос миний хүсэлтийг хүлээж авахдаа татгалзаж шийдвэрлэсэн. Эрхийг нь зөрчөөгүй гэдэг байдлаар тайлбарлаад байх шиг байна. Гэтэл энэ шинжээчийн дүгнэлтийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагууд руу албан бичиг явуулсан гэж яриад байх шиг байна. Гэтэл шинжилгээ хийлгэх эрх бүхий байгууллагаас нь энэ хэрэгт авагдсан баримтын чинь хүрээнд шинжилгээ хийлгэх боломжгүй гэдэг. Яагаад гэхээр тухайн үед гарсан зам тээврийн осолтой холбоотойгоор хэргийн хамгийн чухал үйл баримт буюу тэр цэгээ өөрсдөө буруу тогтоочихоод, буруу тогтоосон А цэгийг үндэслэж мөрдөгч нь аль хохирол бага учирсан талд нь хэргийг шийдвэрлэх, дотоод итгэл төрөөд анхнаасаа хэргийг шийдвэрлээд явчихсан байдаг. Гэтэл тухайн хэрэгтэй холбоотойгоор анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа явуулсан этгээд нь өөрөө мөрдөгчийн магадалгааг гаргаад байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн газарт үзлэгийг хийсэн мөрдөгч нь өөрөө магадалгаагаа гаргадаг. Гэтэл магадалгаа гэдэг зүйлийг чинь хэн гаргах юм бэ гэхээр хэрэгт хувийн ашиг сонирхолгүй хөндлөнгийн этгээд гаргана гэдэг. Энэ журмаа хүртэл зөрччихсөн гэж үзэж байна. Прокурор магадалгаа гаргах эрхтэй буюу сертификаттай мөрдөгч магадалгаа гаргасан гээд байна. Гэтэл тухайн магадалгаа чинь 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн магадалгаа байдаг. Энэ сертификатыг чинь мөрдөгч хэзээ авсан юм бэ? гэхээр хэргээс хагас жил гарны дараа буюу 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр энэ чиглэлээр сургалтад суусан нь үнэн болно гэсэн сертификатыг прокурор шүүх хуралдаан дээр авчраад ийм сертификаттай ийм хүн магадалгаа гаргасан шүү гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхээс шийтгэх тогтоолыг гаргасан. Шийтгэх тогтоол гарахаас өмнө өмгөөлөгчийн зүгээс шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаа явуулъя. Урьдчилсан хэлэлцүүлэг товлоод өгөөч гэдэг хүсэлтээ хуулийнхаа хугацаанд гаргасан байдаг. Гэтэл шүүхээс эцсийн хугацаа дуусахаас өмнө буюу нэг дэх өдөр нь дуусахаар байтал тав дахь өдөр нь яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамжаа гаргачихсан. Таны хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэдэг зүйлийг шүүхээс тайлбарласан. Нэгэнт шүүхэд шилжүүлчихсэн учраас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолыг гардаж авснаасаа хойш миний хувьд процесс ажиллагааг зөрчсөн ийм ийм юм байна гээд урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж аваагүй гээд давж заалдах шатны шүүхэд миний зүгээс шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөөд гомдол гаргасан. Давж заалдах шатны шүүхээс өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг гаргасан байтал энэ талаар хэрэгт яаж шийдвэрлэсэн тухайгаа шийдээгүй байна гэдэг байдлаар магадлалаа гаргаад явсан. Тэрний дараа урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг миний хувьд өмнө нь гаргасан үндэслэлээ шийтгэх тогтоолыг хүчингүй болгосны дараа дахин гаргасан. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.14, 6.15-ыг үндэслэж хүсэлтээ гаргасан. Яагаад ингэж гаргасан юм бэ гэхээр тухайн А цэг гэдгийг чинь нэгэнт буруу тогтоочихсон учраас энэ бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж байгаа миний хувьд гэв.
Хохирогч гээд байгаа Э.******* гэдэг этгээдийн буюу хохирогчийн буруутай үйлдлийн улмаас энэ зам тээврийн осол гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс анхнаасаа маргаж ирсэн. Гэтэл яг тэр үйл баримттай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа нэг ч хийгдээгүй. Тухайн хэрэгтэй холбоотойгоор миний хүсэлтийг анхнаас нь хүлээж аваа, хангаад, шийдвэрлээд явсан бол өнөөдөр энд байх хохирогч нь миний үйлчлүүлэгч Б.******* байх ёстой. Гэтэл урсгалаараа өөрийнхөө замаар явж байсан этгээдийг эсрэг урсгалаас дайрч орж ирчхээд илүү хохирол учирсан тал нь хохирогч болдог. Хохирол учраагүй тал нь яллагдагч болдог байдлаар асуудлыг шийдвэрлэж болохгүй гэдэг зүйлийг анхан шатны шүүх дээр тайлбарлаад явсан. Ийм л процесс болсон гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцэлтэй санал нэг байна. Гэхдээ тодруулж хэлэх нэг зүйл байна. Гурван асуудлыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс тавьдаг. Магадалгаа, шинжээч томилох ёстой. Мөн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй гэдэг. 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг явуулчихсан. Мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар шинжилгээний байгууллагаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй гэх. Эхнээс нь хэлэхэд эхний мөрдөгчийн магадалгааг хүлээн зөвшөөрсөн. Нэгдүгээр хавтаст хэргийн 127-129 дүгээр талд 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр оролцогчид танилцуулсан байдлаар байдаг. Энэ магадалгаа нь дээр маргадаггүй. Дараа нь шинжээч томилуулах тал дээр шүүгдэгчийн өмгөөлөгч удаа дараа хүсэлтүүдээ гаргаад явж байсан. Хүсэлтийг нь хүлээж аваагүй биш, бүгдийг нь хүлээж аваад шинжилгээ хийх боломжгүй гэдэг үндэслэлээр татгалзсан байдаг. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 109-114 дүгээр тал дээр 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийсэн шинжээчийн дүгнэлтээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д шинжилгээний цар хүрээ, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултад шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнээс хэтэрсэн, эсвэл тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй гээд мөн хуулийнхаа 49 дүгээр зүйлийн 49.1.7-д өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргана гээд шинжээчийн байгууллага хэлээд байгаа нь энэхүү зам тээврийн осол дээр заавал шинжээч томилуулах шаардлагагүй байна. Уг осол нь өөрөө 3809ӨМҮ гэсэн улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.******* гэх хүн бол өөрөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчжээ. Үүнийг хууль дүрмээрээ зохицуулаад шийдэх боломжтой учраас шинжээчийн дүгнэлт хийхээс татгалзсан гэж би ойлгоод байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан зэрэглэлийг тогтоохдоо хууль зүйн дотоод хэргийн сайд, мөн эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн акт байгаа. Энэ актыг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ. Энэ акт дээр оролцогч танилцаад гарын үсэг зурчихсан, маргах юм байхгүй учраас миний хүсэлт гэвэл шүүх хуралдааныг хойшлуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх ч юм уу, туршилт хийлгэх газар орон, байрт үзлэг хийх, талууд харилцан зөвшөөрсөн, мөн хуулийнхаа 33.1 дүгээр зүйлийн 6.14-т хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа бол шүүхээс 60 хүртэл хоногоор хойшлуулаад хэргийг яаралтай түргэн шуурхай шийдэх боломжоор хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргээс үүдэлтэй манай “Хаппи Өлзийт Зам” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болон мөн жолооч Э.*******ийн эрүүл мэнд болон сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хяналтын прокурор В.Төгсбаярын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн эсэргүүцлийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Өмнөговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасныг тус шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийж, Б.*******од холбогдох 2329003580037 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын прокурор В.Төгсбаяр нь “анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” агуулга бүхий эсэргүүцэл гаргажээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Б.*******ын өмгөөлөгч О.Буянтөр нь зам тээврийн осол болсон гэх газарт дахин үзлэг хийлгэх, А цэгийг зөв тогтоолгох, тусгай мэдлэгийн шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулах агуулга бүхий хүсэлтийг гаргасан ба энэхүү хүсэлтийг давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 60 дугаартай магадлалаар үндэслэл бүхий байгаа талаар дүгнэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор В.Төгсбаяр нь гаргасан эсэргүүцлээ дэмжиж “...Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа биш, боломжтой ажиллагаа байна. Хэргийг урьдчилсан хэлэлцүүлэг зарлаад буцааж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна.” гэх тайлбарыг гаргаж байх боловч Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, хянан шалгах нь мөрдөгч, прокурорт хуулиар хүлээлгэсэн үүрэг юм.
Мөрдөгч, прокурор дээрх үүргээ хангалттай гүйцэтгээгүй болох нь гэм буруугийн шүүх хуралдааны үед талуудын мэтгэлцээн, нотлох баримтыг шинжлэн судлах явцад тогтоогдож, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасантай холбоотой гомдол байвал шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж болох бөгөөд мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг хийлгэхийг прокурорт даалгаж, прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр хуульчилжээ.
Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч О.Буянтөрийн “1. Зам тээврийн осол болсон гэх газарт дахин үзлэг хийлгэж А цэгийг зөв тогтоолгох, 2. Тусгай мэдлэгийн шинжээч томилж дахин дүгнэлт гаргуулах, 3.Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулах хүсэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанд нэмэлт шинжилгээ хийлгэх, туршилт хийх, газар, орон байранд үзлэг хийхийг талууд харилцан зөвшөөрсөн”, мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасанчлан ” 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдол” буюу нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдолд хамаарч байна гэж дүгнэв.
Давж заалдах шатны шүүх 60 дугаартай магадлалдаа өмгөөлөгч О.Буянтөрийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлтийг анхан шатны шүүх шийвэрлээгүй орхигдуулсан зөрчил байгаа талаар дүгнэсэн бөгөөд өмгөөлөгчийн дээрх хүсэлт, хүсэлтэд дурдагдсан асуудлуудыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, улмаар хүсэлт үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэх эрх анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байна.
Иймд анхан шатны шүүх “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/455 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгчдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/455 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурор В.Төгсбаярын 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бичсэн эсэргүүцлийг хангасугай.
2. Шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА
ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА
Л.УГТАХБАЯР