| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0342/э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2019-12-26 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Дамдинсүрэн |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 17
Г.Сад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдиндорж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 391 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 918 дугаар магадлалтай, Г.Сад холбогдох 1811015740522 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний эрүүл ахуйн шинжээч мэргэжилтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 430 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 8 сар хорих ял шийтгүүлж, 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 5 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Боржигон овогт Г С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэх авах”, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Сыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Г.Сыг 3 жилийн хорих ялаас чөлөөлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа ханалт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаяр гаргасан гомдолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан байдаг. Шүүгдэгч Г.С нь мөрдөн шалгах ажиллагаа эхлэх үеэс өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байсан бөгөөд гэм буруугийн тал дээр огт маргаж байгаагүй. Энэ нь түүний хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Мөн шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан ялаас чөлөөлөгдөх үндэслэлийг бүрэн хангасан гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулалгүй, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх хэсгээс “2 жилийн хугацаагаар тэнсэж” гэснийг хасаж, шүүгдэгч Г.Сад оногдуулсан 3 жилийн хорих ялаас чөлөөлж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.С нь бусдын эд зүйлийг залилсан, завшсан гэх хоёр хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх уг хоёр зүйлээр ял оногдуулж, нийт 3 жил хорих ял шийтгэсэн атлаа тэнсэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн Г.Сад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Г.С нь өөрийгөө Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтны үр, хүүхэд гэж үнэнч шударга байдалд итгүүлэн төөрөлдүүлж зохиомол байдлыг зориудаар бий болгон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 31-408Б тоотод хохирогч Н.Алтанцэцэгээс түүний дүү Чингантигийг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, мөн Н.Алтанцэцэгээр дамжуулан “хохирогч Х.Уранжаргалын хүү Төрбат, түүний бүл дүү Дөлгөөнтамир нарыг “Оюу толгой” ХХК-д ажилд оруулж өгнө” гэж 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, хохирогч А.Бадамыг “Оюу толгой” ХХК-д нягтлан бодогчоор ажилд оруулж өгнө гэж 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөг буюу нийт 2,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 57 дугаар гудамжны 1198 тоотод хохирогч Х.Амартуяагийн барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавиад нүүрс аваад ир гэж итгэмжлэн хариуцуулсан алтан бөгжний эрхийг завшиж 297,000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Сын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Сад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг гэсэн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд биечлэн эдлүүлэхээр бодитой оногдуулсан ялаас өөр, гэмт хэргийн ангилалтай холбоотой ойлголт атал Г.Сад Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулж нэмж нэгтгэсэн нийт эдлэх 3 жилийн ялын хугацааг хорих ялын дээд хэмжээнд хамааруулан буруу тайлбарлаж улмаар 3 жилийн хорих ялаас чөлөөлж хууль хэрэлээний алдаа гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээ гэсэн ойлголт нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн бүх хэрэгт нь оногдуулах хорих дээд хэмжээгээр тодорхойлогдох бөгөөд Г.Сын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас гурван жил, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зургаан сараас гурван жил хүртэл хорих ял шийтгэхээр зааснаас үзэхэд түүнд оногдуулж болох хорих ялын дээд хэмжээ 6 жил байж болохоор гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл дээрх хоёр зүйл, хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээ болох 3 жил хорих ялыг тус тусдаа оногдуулах боломжтой бөгөөд ингэхдээ ялыг нэмж нэгтгэхэд нийт эдлэх хорих ял 6 жил хорих ял болж хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх тухай зохицуулалтыг хэрэглэхээр заасан ялын дээд хэмжээнээс давсан талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 918 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Анхбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН